Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01060

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01060

 

2023 05 22 210/МА2023/01060

 

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/00582 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц-гийн, хариуцагч НШШГГ-т холбогдуулан

Үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ц-, түүний өмгөөлөгч Б.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Д- ХХК-аас 1,104,820,173 төгрөг гаргуулж С- ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн. Тус газраас барьцаа хөрөнгө болох 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж болон Д- ХХК-ийн бусад 83 нэр төрлийн хөдлөх эд хөрөнгүүдийг олж тогтоон, битүүмжлэн хурааж, шинжээч томилон үнэлгээ тогтоон, үнэ хаялцуулах 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагааг хийж, дуудлага худалдаагаар 8 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгө нийт 22,382,000 төгрөгөөр худалдсаныг төлбөрт суутган шилжүүлсэн.

Би Д- ХХК-ийн 33 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд С- ББСБ ХХК-д төлсөн дээрх хөрөнгүүд дунд миний 33 хувийн эзэмшлийн хувьцаанд ногдох хөрөнгө багтсан. Барьцааны гэрээнд тусгагдсан нэг ширхэг Самсунг Эдисон гэсэн ЭХО аппаратыг 21,000,000 төгрөгөөр худалдсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 05 сарын 02-ны өдөр 7654 тоот мэдэгдлээр миний Хас банкнаас лизингээр авсан, барьцааны гэрээнд тусгагдаагүй, хувийн хөрөнгө болох Алоха брэндийн ЭХО-ны аппаратыг хурааж, үнэлгээ тогтоон дуудлага худалдаанд оруулсан. Тус аппарат нь компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлгүй тул компанийн хөрөнгөөс зааглагдсан хувийн хөрөнгө юм.

Мөн хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр Д- ХХК-аас 86,893,900 төгрөг гаргуулахаар заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Д.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ гудамж, 0001А тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс нь зааглагдаагүй бол хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахаар заасан. Д.Ц-гийн хувийн эд хөрөнгө нь Д- ХХК-ийн эд хөрөнгөөс зааглагдсан, хувийн хөрөнгө нь юм. Иймд Д- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээж, хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахгүй байхыг НШШГГ-т даалгаж өгнө үү. Данснуудын зарлагын хөдөлгөөнийг хаасныг нээлгэх тухай шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Д- ХХК-аас 1,104,820,173 төгрөгийг гаргуулж С- ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох 2017 оны 08 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Д- ХХК-ийн барьцааны гэрээний 54-д заасан хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай 20291056/138 дугаар тогтоолоор хураасан. Барьцааны гэрээний хавсралтад брэнд заагаагүй ЭХО-ны аппарат гэж бичигдсэн бөгөөд Алоха брэндийн ЭХО-ны аппаратыг худалдсан. Маргаж буй эхо аппаратын хувьд мэдэгдэл өгөөд, хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Иймд Улсын бүртгэлийн байгууллагаас шалгахад төлбөр төлөгч компанид хөрөнгө байгаагүй. Төлбөр төлөгч Д- ХХК-ийн 67 хувийн хувьцаа эзэмшигч н.Ууганбаяр нь төлбөр авагч Нью яармаг хаусинг прожект ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, С- ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул төлбөрийг харилцан тохиролцоод, түүнтэй холбоотой хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн учир үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц-гийн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч нь хувийн эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэж байгаа ч компанийн хөрөнгөөс зааглагдсан хөрөнгө гэдгээ нотлоогүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 болон 9.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 111111дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ гудамж, 0001А тоот хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээж, түүний өмчлөлийн Алоха брэндийн эмэгтэйчүүдийн ЭХО-ны аппаратыг барьцаалж, хураан авсан ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0000 дугаар шийдвэрээр "Д- ХХК-аас 1,104,820,173 төгрөгийг гаргуулж "С-" ХХК олгож, барьцаа хөрөнгө болох 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч "Д-" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны гэрээний 54-д заасан хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай 20291056/138 дугаар тогтоолоор хураасан.

Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3008 дугаар шийдвэрээр Д.Ц-гоос 49,899,380 төгрөгийг гаргуулж "Д-" ХХК, Ц.У- нарт олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 147/22250571 дүгээр тогтоолоор Д.Ц-гийн банк дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн.

Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн 8754 дүгээр захирамжаар Д.Ц-гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 525,280,350 төгрөгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан тул Д.Ц-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ гудамжны 0001а тоот үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн үндэслэл бүхий шийдвэр үндэслэл бүхий гарсан. Хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн аль хэсэгт, ямар гомдол гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснийг сэргээлгэх, дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэх, эд хөрөнгөөс төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дансны зарлагын хөдөлгөөнийг нээлгэх тухай шаардлагаас татгалзсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр хариуцагч Д- ХХК-аас 1,104,720,173 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С- ББСБ ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол 2017 оны 08 сарын 07-ны өдрийн барьцааны гэрээний хавсралт 1-д заасан 59 төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

3.1. Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх шийдвэрийг үндэслэн 2020 оны 09 сарын 02-ны өдөр Д- ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-д заасан ажиллагааг явуулж шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн үлдэгдлийг 2022 оны 04 сарын 18-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдэж, дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулахыг мэдэгджээ.

Дурдсан хугацаанд төлбөр төлөгч Д- ХХК төлбөрийг барагдуулаагүй байна.

3.2. Улмаар хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.9-д заасны дагуу 2022 оны 05 сарын 02-ны өдрийн эд хөрөнгө барьцаалах тухай тогтоолоор Д- ХХК-ийн энгийн хувьцааны 33 хувийн эзэмшигч Д.Ц-гийн өмчлөлийн эд хөрөнгө болох АЛОХА брэндийн /Arieta 360/ ЭХО аппаратыг хураан авч, хөрөнгө үнэлэх ажиллагаагаар Хөрөнгө эстимэйт ХХК тус аппаратыг 170,000,000 төгрөгөөр үнэлжээ.

 

4. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр хариуцагч Д- ХХК-аас 86,893,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью яармаг хаусинг прожект ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болж, тус шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 05 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

4.1. Хариуцагч нь 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 4-180/23119 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч Д- ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн 111111дугаартай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ гудамж, 0001А тоот хаягт байх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

 

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0000 болон 560 дугаар шийдвэрүүдээр Д.Ц-гоос төлбөр гаргуулан С- ББСБ ХХК болон Нью яармаг хаусинг прожект ХХК нарт олгохоор шүүх шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон дээрх төлбөрийг хариуцах үүрэг бүхий этгээд биш байна. Иймд хариуцагч НШШГГ- нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх хоёр хуулийн этгээдийн өрийг төлүүлэхээр нэхэмжлэгч Д.Ц-гийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа явуулсан нь хуульд нийцэхгүй.

6. Нэхэмжлэгч Д.Ц- нь төлбөр төлөгч Д- ХХК-ийн энгийн хувьцааны 33 хувийг эзэмшигч болох нь бүртгэх байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон нь компанийн хүлээх үүргийг шууд хариуцах ойлголт биш юм. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь Д- ХХК-ийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцахгүй бөгөөд энэ нь хязгаарлагдмал хариуцагчийн үндсэн зарчим юм.

 

7. Хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр хязгаарлагдмал хариуцлага хүлээх энэхүү тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаар төлбөр төлөгч хуулийн этгээдийн эд хөрөнгө нь бусдын өмнө хүлээсэн үүргийг хангахад хүрэлцэхгүй болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон байх учиртай ба энэ талаархи ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага бүрэн хийсэн байх шаардлагатай.

Ийнхүү урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй нөхцөлд төлбөр төлөгч Д- ХХК-ийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигчээс шаардах эрх зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар дээрх ажиллагааг хангалттай тодорхой явуулсан гэх татгалзлаа шүүхийн өмнө нотлоогүй байна.

 

8. Хариуцагч төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхэд халдсан нь хуульд нийцээгүй талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх Компанийн тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

9. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/00582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ