Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01061

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01061

 

И У М- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01145 дугаар шийдвэртэй, И У М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М О- ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 167,098,933 төгрөг гаргуулах үндсэн, тээврийн зардал болон илүү цагийн хөлсөнд 39,190,420 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Талууд 2021 оны 3 сарын 10-ны өдөр 21/01 дугаартай Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр нэгдүгээр ээлжинд 2021 оны 3 сарын 15-ны өдөр экскэватор Хитачи 670 1 ширхэг, автосамсомол Хово 366 3 ширхэг, хоёрдугаар ээлжинд 2021 оны 3 сарын 21-ний өдөр экскаватор Хитачи-350 2 ширхэг, автосамсомол Хово-336 7 ширхэгийг тус тус гэрээнд заасан хугацаанд М О- ХХК нь И У М- ХХК-ийн уурхайн талбайд бэлэн байлгахаар тохиролцож, И У М- ХХК нь гэрээний урьдчилгаанд 145,000,000 төгрөг төлсөн. 2021 оны 4 сарын 09-ний өдөр хариуцагчийн менежер Д.Б- нь манай компанийн үйл ажиллагааг зогсоож их хэмжээний хохирол учруулсан. Талуудын хооронд байгуулсан 21/01 гэрээний 4.1.10-т зааснаар ажлын 30 хоногийн өмнө манай компанид мэдэгдэлгүйгээр ажлын талбайг орхиж явсан.

Иймд хариуцагч нь хамтран ажиллах хугацаандаа нийт 94,538,735 төгрөгийн ажлыг гүйцэтгэн гэрээг зөрчин ажлын талбайг орхиж явсан тул гэрээний урьдчилгаа болон гүйцэтгэсэн ажлын хөлсний зөрүү төлбөр 50,461,265 төгрөг, хариуцагчийн хариуцлагагүйгээс манай компанийн үйл ажиллагаа 5 хоног зогссоны 1 өдрийн уурхайн зардал 16,853,415 төгрөг, нийт төлбөр 84,267,075 төгрөг, мөн Ному оюу девелопмент ХХК-тай байгуулсан гэрээний 1 өдрийн зардал 2,884,560 төгрөг бөгөөд 5 хоног сул зогссоноос 14,422,560 төгрөг, мөн хариуцагчийн техник хэрэгсэлд хийсэн завсарт шаардлагатай сэлбэгийн үнийг манай компани төлж байсны үнэ 401,333 төгрөг, 169 литр түлшний төлбөр 317,720 төгрөг, нийт 152,098,933 төгрөг болсон. Гэрээний 4.1.12-т хууль зүйн болон бусад үйл ажиллагааны төлбөрийн талаар заасан ба өмгөөлөгч Г.Баяржаргалтай байгуулсан гэрээний үнийн дүн 15,000,000 төгрөгийг нэмж, нийт 167,098,933 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талууд түрээсийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажлын байранд очиж, ажил үүргээ гүйцэтгээд явж байсан боловч үл ойлголцлын асуудал гараад нэхэмжлэгч талтай ярилцсан. Нэхэмжлэлээс сэлбэг, засвар, шатахууны үнийг зөвшөөрнө. Зөрүү мөнгө 50,000,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Мөн сул зогсолтоос үүссэн төлбөр болон өмгөөллийн хөлс 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид нар ажлын талбар дээр ажлаа хийсэн. Нэхэмжлэгч талаас болж ажил зогссон байхад одоо мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч компани ажилласан цагийн бүртгэлийг гүйцэд бүртгэж өгөөгүй, эрсдэлтэй байдал дээр ажил хийлгэсэн. Ямар нэгэн бизнес харилцан адил ашигтай байх ёстой байтал ямар ч ашиггүй болсон учир ажил зогссон гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Манайх эхлээд 20,615,795 төгрөг нэхэмжилж, сүүлд 18,574,625 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 39,190,420 төгрөг шаардсаныг И У М- ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагчаас гаргасан баримтын хүрээнд 39,190,420 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Түрээсийн гэрээний хавсралтад заасан техник, тоног төхөөрөмжийг тээвэрлэн аваачих үүргээ нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй. Тоног төхөөрөмжтэй холбоотой талуудын хариуцах зардлыг түрээсийн гэрээний хавсралтад заасан. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй, манайх төлсөн. Энэ төлбөр нь 20,615,795 төгрөг болсон. Мөн хариуцагч талаас баримтын хүрээнд хийсэн ажлынхаа цагийг тооцож үзэхээр 18,574,625 төгрөгийн илүү цагийн ажил хийсэн гэж үздэг. Иймд 39,190,420 төгрөгийг манай тал нэхэмжлэгч талаас нэхэмжилж байна гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй. Түрээсийн гэрээгээр түрээслэгч ямар хугацаанд ажиллах, ажлын талбайг орхих бол яах, ажлын талбай дээр ямар үүрэгтэй байх талаар нарийн заасан. Түрээсийн гэрээнд Улаанбаатар хотоос ажлын талбар дээр очих замын зардлыг гаргуулахаар заасан. Гэрээний хавсралт 1-д ажлын талбар дээр очих, буцах зардлыг хэн аль хариуцна гэсэн ба хоорондоо ярилцаад буцах зардлыг төлнө гэсэн. Гэтэл ямарваа нэгэн гэрээ цуцлах албан ёсны бичиггүй, нэг өдөр машинуудаа аваад явсан. Уурхайн зориулалтын ордог, гардаг зам гаргасан байхад шууд ухсан нүхээрээ гараад явчихаад одоо зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэснийг ойлгохгүй байна. 8 цаг ажиллана гэж заасан байхад 7:30 цаг ажиллуулсан. Биднийг 30 минут ажиллуулаагүй болохоор мөнгө авах ёстой гэж хариуцагч тал ярьж байна. Гэрээнд заасан хугацаанд бүх ажилтнуудаа ажилд гаргах гэтэл машинууд нь цагтаа ирдэггүй. Ингээд өглөөд 5,10 минут хоцордог. Ирэхээр нь аюулгүй ажиллагааныхаа заавар зөвлөгөө өгөөд, гарын үсэг зуруулдаг. Гэтэл одоо цагийн бүртгэлээс болж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М О- ХХК-аас 29,958,083 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И У М- ХХК-д олгож, нэхэмжлэгч И У М- ХХК-аас 13,559,931 төгрөг гаргуулж, хариуцагч М О- ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 137,140,850 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлийн 25,630,489 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,151,400 төгрөг, хариуцагчийн төлсөн 511,855 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М О- ХХК-аас 307,740 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И У М- ХХК-д, нэхэмжлэгч И У М- ХХК-аас 225,750 төгрөг гаргуулан хариуцагч М О- ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх ажлын цагийг хасаж тооцсон нь 2021 оны 03 сарын 15-наас 04 сарын 09-ний өдрүүдэд үргэлжилсэн харилцаанд 2022 оны 01 сарын 01-нээс хүчин төгөлдөр болсон хуулийг буцаан хэрэглэж, хариуцагчийн ажиллах байсан цагийг өдрийн ажлын цаг хэд байх, түүнд тохирсон илүү цагийн хөлсийг төлөх нь хариуцагчийн дотоод асуудал. Нэхэмжлэгчээс гаргасан баримтын хүрээнд дүгнэвэл түрээслэгчийн хувьд хоногт 10.5 цаг ажлаар хангах, хангаагүй тохиолдолд түүнд тохирсон түрээсийн төлбөрийг төлөх ёстой. Энэ тухай: ажлын бүртгэл 27: Хүснэгтийн эхний багана "Төлөвлөсөн" хэсэгт ажиллах хасаж тооцоолсон цаг 10.5, ээлж солих 1. Техникийн сул зогсолт 0.5 гэжээ. 2021 оны 3 сарын 22-ны ердийн ээлжээс 2021 оны 04 сарын 09-ний өдрийн ээлж хүртэл 18,5 хоногийн хугацаанд нийт 37 удаагийн ээлж байх ба нэг ээлж нь 10.5 цаг юм бол нийт 388 5 цаг ажиллах ёстой байна. Нэхэмжлэгч нь ээлж бүрээс 0.5 цаг, нийт (37 х 0.5=18.5/2= 9.5 цаг) 9.5 цагийг хариуцагчтай тохиролцолгүйгээр дангаар шийдвэр гарган хасаж тооцсон. Хоёр талын гэрээ нь талуудын хүсэл зоригийн огтлолцол цэг байх бөгөөд нь гэрээгээр нэг ээлжид ажиллах цаг 10.5 цаг гэсэн атал түрээслэгч тал дангаар шийдвэр гарган ээлж бүрээс 0.5 цагийг хасаж тооцсон нь түрээслүүлэгчийн хүсэл зориг биш, энэ шалтгаанаар талууд маргалдаж гэрээг цуцлах болсон. Гэрээний 4.2.15-д Түрээслэгч талын буруугаас болж тоног төхөөрөмжийг сул зогсоосон тохиолдолд түрээслүүлэгч талд гэрээний Хүснэгт 1-д заасны дагуу төлбөрийг төлнө гэж заасан.

Шүүх 82 цагаар илүү тооцсон тул ажилласан цагийг дутуу тооцсон гэх татгалзлын үгүйсгэж байна гэдэг. Гэтэл дээрх жишээнээс авч үзэхэд нийт ажилласан 11 техникт бүгд ижил удирдлагын шийдвэрээр хоног тутам 1 цагийг буюу нийт 9,5 цагийг нэг талын шийдвэрээр хасаж тооцсон болох нь тодорхой бөгөөд 82 цаг илүү тооцсон биш, эсрэгээрээ 1045 цагийг дутуу тооцсон байна. Энэ хоёр тооцооны зөрүү нь 22.5 цаг дутуу тооцсон болж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн хувьд харилцан зөрүүтэй, логик алдаатай дүгнэлт болсон. Өмгөөллийн зардал нь Түрээсийн гэрээний 4.1.12-т заасан зардалд хамаарахгүйг шүүх зөв дүгнэсэн ч нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 15,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчид учирсан хохирол үзсэн нь буруу. Аливаа этгээд өмгөөлөгч авах нь түүний субъектив эрх бөгөөд өмгөөлөгчийн ажлын хөлсийг талууд чөлөөт байдлын үндсэн дээр тогтоодог. Дээрх байдлаар 15,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн гэрээнээс татгалзах зохицуулалтыг үндэслэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Өмгөөлөгчийн хөлс гэх баримт нь байгууллагын санхүүгийн тайлангаар баталгаажаагүй, бодитоор төлөгдсөн эсэх нь нотлогдохгүй байгааг анхаарна уу

Түрээсийн төлбөрт 14,239,030 төгрөг илүү төлсөн гэх дүгнэлт нь энэхүү гомдлын нэгдүгээрт дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь 14.239,030 төгрөг илүү төлөөгүй, харин дутуу төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа гүйцэтгэсэн ажлын тооцоог нэг бүрчлэн хүснэгтээр гаргаж 18,574,625 төгрөгийн ажлын хөлс дутуу төлөгдсөнийг нотолсон ба түүнийг үгүйсгэх баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн техник тоног төхөөрөмжийн буцах зардлыг тооцоолохдоо Хитачи 350 маркийн экскаваторын үнийг бүгдэд нь баримталсан. Гэтэл Хитачи 670 экскаватор нь Хитачи 350 экскаватороос 1 дахин том учир тээврийн зардлыг 4,519,977 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн баримт байхгүй гэх шалтгаанаар автосамосвалын шатахууны зардлыг хассан нь үндэслэлгүй ба гэрээнд заасан тээврийн хэрэгсэл нь шатахуунаар ажилладаг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ээлжид гарахад удирдлагын шийдвэрээр хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар өгдөг. Учир нь ил уурхайгаар жолооч шороо тээвэрлэдэг ба буруу явбал унах, нурах аюултай. Гэрээнд 11 цаг гэж тохиролцсон атлаа удирдлагын шийдвэрээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсний улмаас ээлжид 30 минут дутуу ажилласан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Гэрээ цуцлах талаар мэдэгдэл, хүсэлт зэргийг цахим болон бичгээр өгөлгүйгээр ажлын талбайг орхиж явсны улмаас маргаан гарсан. Гэрээний урьдчилгааг хариуцагч тал авсан байсан хэдий ч өөр уурхайд ашигтай санал аваад ажлаа хаяж явсан. Шүүх 5 хоногийн сул зогсолтыг нэхэмжлэгч нотолж чадаагүй гэх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 84,267,075 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлсон, нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч И У М- ХХК нь хариуцагч М О- ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 167,098,933 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээврийн зардал болон түрээсийн зүйлийн илүү цагийн төлбөрт 39,190,420 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Талууд 2021 оны 03 сарын 10-ний өдөр байгуулсан Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-ээр И У М- ХХК нь уул уурхайн зориулалтаар ашиглах тоног төхөөрөмжийг М О- ХХК-аас түрээсээр ашиглаж, хөлс төлөхөөр тохиролцсон нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэнийг шүүх зөв тодорхойлсон, хариуцагч М О- ХХК нь түрээслүүлсэн тоног төхөөрөмжийг гэрээний хугацаанаас өмнө буцаан татсан нь талуудын тохиролцсон гэрээ цуцлах журмыг зөрчсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

4. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөлд түрээсийн гэрээний 4.1.10-т зааснаар гэрээ цуцлах мэдэгдлийг нөгөө талдаа 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байхад хариуцагч энэ үүргээ зөрчиж түрээсийн тоног төхөөрөмжүүдийг буцаан авч явсны улмаас нэхэмжлэгч нь хариуцагчид илүү төлсөн 14,239,030 төгрөгийн түрээсийн төлбөрийг болон өмгөөлөгчид төлсөн зардал 15,000,000 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болох 13 ширхэг техник, тоног төхөөрөмж тус бүрийн ажилласан мото цаг, цагийн тооцооны мөнгөн дүнг гаргаж түрээсийн төлбөрт 50,461,265 төгрөгийг хариуцагчид илүү төлсөн гэж буцаан гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч тус тооцооллыг гаргаж хариуцагчид төлөх төлбөрийн дүнг тооцохдоо түрээсийн зүйлийн сул зогсолтыг гэрээний 5.2-т зааснаар суутгасан нь түрээсийн гэрээнд нийцээгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгч түрээсийн төлбөрт түрээсийн төлбөрт 50,461,265 төгрөг бус 14,239,030 төгрөгийг илүү төлсөн гэж үзсэн нь хэргийн 1-р хавтасны 218-230 дахь талд нотлох баримтаар авагдсан ажлын бүртгэл, нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн төлбөрийн баримтаар тус тус тогтоогджээ.

Мөн дээрх баримтаар нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийн мото цагийг 82 цагаар илүү тооцсоныг хариуцагч баримтаар няцаагаагүй байх тул 22.5 цагийг дутуу тооцсон гэх гомдол болон түрээсийн төлбөрөөс дутуу төлөгдсөн гэх 18,574,625 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэнэ. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага болон татгалзлаа шүүхийн өмнө нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 14,239,030 төгрөг гаргуулж, хариуцагчийн 18,574,625 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байх тул энэ тухай хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

5. Хариуцагч гэрээ цуцлах журмыг баримтлалгүй гэрээгээ цуцалсан зөрчил гаргасны улмаас зохигчийн хооронд эрхзүйн маргаан үүссэн, улмаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчид 15,000,000 төгрөгийн хөлс төлж зардал гаргасан нь хэргийн баримтаар тогтоогджээ. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч шүүхэд хандах шаардлага үүссэний улмаас хууль зүйн туслалцаа авч, хөлс төлснийг зайлшгүй зардал гэж үзнэ.

Хууль зүйн туслалцаа авах эрх нь нэхэмжлэгчийн сонголт боловч хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотой үүссэн, шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн сонголт үндэслэлтэй болохыг зөвтгөх, улмаар хариуцагчид нэмэлт үүрэг хүлээлгэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид төлсөн 15,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Хариуцагч гэрээг цуцалж тоног төхөөрөмжийг буцаан тээвэрлэхтэй холбоотой гарсан зардалд 20,615,795 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардсаныг шүүх нотлогдсон баримтын хэмжээнд буюу 13,559,931 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ. Хариуцагч түрээсийн зүйл болох 3 ширхэг экскаваторыг бусдаар тээвэрлүүлж, 10 ширхэг автосамосвалыг өөрөөр нь Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сумын нутагт орших И У М- ХХК-ийн талбайд хүргэсэн зардлаа баримтаар нотлоогүй байх тул шүүх тээвэрлэлтийн жишиг үнэ болох Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 374 тоот Ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тариф батлах тухай тушаалаар баталсан тарифаар тооцон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасныг буруутгахгүй.

Тодорхой үйл явдал бодитой бий болсон буюу Хитачи 670 экскаватор нь бусад экскаватораас том учир илүү хөлс төлсөн, 10 ширхэг автосамосвалд түлш хэрэглэсэнтэй холбоотой тухайн үйл баримтаа хариуцагч нотлох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ агуулгаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсанаар буюу шүүх таамаглалд үндэслэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхгүй тул сөрөг нэхэмжлэлээ хангуулах тухай гомдлыг хүлээн авахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 102/ШШ2023/01145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,893 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ