Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01117

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2023/01117

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00685 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч И б т к-ХХК, Ж.Г- нарт холбогдох

 

Амины орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 30,131,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2019 оны 06 сарын 08-ны өдөр И б т к-ХХК-ийн захирал Ж.Г-тэй 70 м.кв талбайтай амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, гүйцэтгэгч нь 2019 оны 07 сарын 20-ны өдөр орон сууцыг ашиглалтад оруулахаар тохиролцсон. Ингээд 2019 оны 06 сарын 08-ны өдрөөс 2020 оны 05 сарын 09-ний өдрийн хугацаанд нийт 20,087,500 төгрөг төлсөн. Хариуцагч 2020 онд багтаан амины орон сууцыг барьж дуусгана гэсэн ч дуусгаагүй учир 2021 оны 6 сараас эхлэн байр ашиглалтад орохгүй тул мөнгөө буцаан авахаар удаа дараа ярилцсан ч утсаа авахгүй, барилгын үйл ажиллагаа зогссон. Иймээс шилжүүлсэн мөнгөө буцаан нэхэмжилж, хугацаа хэтрүүлсэн алдангийг байр ашиглалтад орох хугацаа буюу 2019 оны 07 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл 958 хоногийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул алдангийг 10,043,750 төгрөгөөр тооцон нийт 30,131,250 төгрөгийг И б т к-ХХК, Ж.Г- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Их богд таур констракшн ХХК, Ж.Г- нараас 20,087,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож, нэхэмжлэлээс үлдэх 10,043,750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 308,607 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И б т к-ХХК, Ж.Г- нараас 175,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батбаярт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийн үндэслах хэсгийн 13, 14 дэх хэсэгт гүйцэтгэгч И б т к-ХХК гэрээг зөрчсөнөөс захиалагч Б.Батбаяр гэрээг цуцалж, гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд гэрээний хариуцлага үгүй болох юм", Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан дагуу учирсан хохирлыг нэхэмжлэх боломжтой байхад гэрээний хариуцлага болох алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч гэрээ цуцлах хүртэлх хугацааны алдангийг төлөх үүрэгтэй тул захиалагч гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алданги шаардсан нь хууль зөрчөөгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн талаар тайлбар ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зуйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор зохицуулсан. Гэтэл анхан шатны шүүх хариу тайлбар тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл байхад хариуцагч талд илтэд давуу байдал үүсгэн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч И б т к-ХХК, Ж.Г- нарт холбогдуулан амины орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт шилжүүлсэн 20,087,500 төгрөг, алданги 10,043,750 төгрөг, нийт 30,131,250 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Т.Б- болон И б т к-ХХК нарын хооронд 2019 оны 06 сарын 08-ны өдөр Амины орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 81 м.кв талбай бүхий амины орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,250,000 төгрөг, нийт 101,250,000 төгрөгөөр бариулах, гүйцэтгэгч нь орон сууцыг 2019 оны 07 сарын 20-ны өдөрт багтаан ашиглалтад оруулахаар талууд тохиролцож, захиалагч урьдчилгаа төлбөрт 20,087,500 төгрөг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх 9-16/

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч И б т к-ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ тодорхой илэрхийлсэн тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ. Мөн хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаанд амины орон сууцыг ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

6. Иймд нэхэмжлэгч Т.Б- нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, учирсан хохирлоо хариуцагч И б т к-ХХК-аас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх хариуцагч И б т к-ХХК-аас 20,087,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны алданги нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч И б т к-ХХК-аас алданги 10,043,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Хариуцагч амины орон сууцыг 2019 оны 07 сарын 20-ны өдөрт багтаан ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй ч орон сууцыг 2020 онд багтаан ашиглалтад оруулахаар хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч хугацааг хойшлуулжээ. Улмаар нэхэмжлэгч 2021 оны 06 сард гэрээг цуцалж, төлбөрийг буцаан шаардсан нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байх тул гэрээг 2021 оны 06 сард цуцалсан гэж үзнэ.

 

Гэрээний 6.1-д зааснаар орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хойшлуулсан хугацааны алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул гэрээг хойшлуулсан хугацаа дуусгавар болсон 2021 оны 01 сарын 01-ны өдрөөс гэрээг цуцалсан 2021 оны 06 сар хүртэлх хугацааны 151 хоногийн (151х100,437) алданги 15,165,987 төгрөгийг хариуцагч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй (20,087,500/2=10,043,750) учир хариуцагч И б т к-ХХК-аас алданги 10,043,750 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б-т олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч И б т к-ХХК-ийн захирал Ж.Г-ийн дансанд гэрээний үнийг шилжүүлсэн үндэслэлээр хариуцагчаар тодорхойлсон нь гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна. Ж.Г-, Т.Б- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй байх тул хариуцагч Ж.Г- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй. Мөн Ж.Г- нь хариуцагч И б т к-ХХК-ийн захирлын хувьд гэрээний үнийг хувийн дансаараа хүлээн авсан нь түүнийг нэхэмжлэлийг хариуцах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Ж.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч И б т к-ХХК-аас 30,131,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгож, хариуцагч Ж.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 183/ШШ2023/00685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И б т к-ХХК-аас 30,131,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгож, хариуцагч Ж.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад 175,650 төгрөг гэснийг 308,606 төгрөг гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Э.ЭНЭБИШ