Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01152

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01152

 

Х б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01581 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б г- ХХК, Х.О- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй,

Зохигчид холбогдуулан 2019 оны 07 сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, Б.Ганзориг, Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Б г- ХХК, Х.О- нар нь Х б-ны Хан-Уул Бизнес төвөөс 2019 оны 06 сарын 28-ны өдөр ЗГ/201944406929 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,776,276,853 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай барилгын зээлийн зориулалтаар зээл авч тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 07 сарын 05-ны өдөр БГҮ/201944406929 дугаартай барьцааны гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Тус зээлийн гэрээнд 2020 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ/201944406929-1 тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан. Зээлдэгч нар нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ЗГ/201944406929 тоот болон 2020 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ/201944406929-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 261,329,558 төгрөг, хүүгийн төлбөрт 233,888,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,052 төгрөг, нийг 005,465,215 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй 2021 оны 04 сарын 19-ний өдөр хүртэл 660 хоног хугацаа хэтрүүлсэн.

Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2021 оны 04 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 90000,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн 22222222 дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Амгалан /13260/ цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 00б тоот хаягт байрлах 9,000 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 111111 дугаартай, мөн хаягт орших 2,475 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 18600310389818 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС-15 гудамж 0000 тоот хаягтай орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, бие даасан шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.8-д заасан зохицуулалт, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн үеийн Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ц-т цагдаагийн байгууллагыг төлөөлж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 10,436 м.кв талбай бүхий 22222дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй. Иймд Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төв /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/-ийн 10,436 м.кв талбай бүхий ажилчдын орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалсан 2019 оны 07 сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Дээрх барьцааны гэрээ нь Х б- ХХК, Б г- ХХК, Цагдаагийн ерөнхий газар нарын хооронд байгуулагдаж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр юм. Цагдаагийн ерөнхий газар дангаараа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхгүй байна. Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй, гэрээ хүчин төгөлдөр. Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б г- ХХК, Х.О- нараас 3,514,131,387 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х б- ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б г- ХХК, Х.О- нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Б г- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Амгалан /13260/ цагдаагийн академийн өргөн чөлөө гудамж, 00б тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн 22222222 дугаарт бүртгэгдсэн, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэгдсэн, 2475 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төвийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороонд байршилтай, 10436 мкв талбайтай, нэгж талбарын 1111111111 дугаартай, ажилчдын орон сууцны зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х б- ХХК, хариуцагч Б г- ХХК, Х.О- нарт холбогдуулан 2019 оны 7 сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,798,807 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б г- ХХК, Х.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 17,798,807 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х б- ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Цагдаагийн ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч "Х б-"-ны нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1 21.1.8-д зааснаар цагдаагийн ерөнхий газрын даргаас тухайн үеийн сургалтын нэгдсэн төвийн даргад өөрийн эзэмшлийн газрыг барьцаанд тавих эрх олгоогүйтэй холбоотой баримт байхгүй гэх шалтгаан дурддаг боловч, цагдаагийн төв байгууллагын даргаас өөрийн эрхээ шилжүүлсэн баримт тухайн уед, мөн одоо ч байхгүй байтал анхан шатны шүүх ойлгомжгүй дүгнэсэнд гомдолтой байна.

Харин Б.Ц- нь тухайн үед Сургалтын төвийн даргаар ажиллаж байсныг талууд маргаагүй байтал Цагдаагийн ерөнхий газрын даргыг төлөөлөн Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх мэтээр дүгнэж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий 22222дугаар гэрчилгээтэй эзэмшлийн газрыг барьцаанд тавьсан гэрээнд гарын үсэг зурсан нь зөв мэтээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар цагдаагийн байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй.

Иймд Х б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын сургалтын төв /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/-ийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 10436 м2 талбай бүхий 22222дугаартай "Ажилчдын орон сууц"-ны зориулалттай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г барьцаалсан 2019 оны 07 сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай "Барьцааны гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

8. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Гуравдагч этгээд нар тайлбараа нотлоогүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Х б- ХХК нь хариуцагч Б г- ХХК, Х.О- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2019 оны 06 сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгч Х б- ХХК, хариуцагч Б г- ХХК, Цагдаагийн Ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нарын хооронд 2019 оны 07 сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч Б г- ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд орших 9,000 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай болон 2,475 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус, мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн эзэмшлийн мөн хаягт орших 10,436 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрх бүхий газрыг барьцаалсан байна.

 

4. Гэвч нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг барьцааны гэрээний нэг тал болох барьцаа хөрөнгийн эзэмшигч Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд холбогдуулан гаргаагүйг анхан шатны шүүх анхаараагүй, шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

5. Барьцааны зүйл болох газрын эзэмшигч Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх хуулийн этгээд болох талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан, энэ талаар талууд маргахгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газар гуравдагч этгээдээр оролцсон, бие даасан шаардлага гаргасан нь барьцаа хөрөнгийн эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд Цагдаагийн ерөнхий газар нь Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийг аливаа харилцаанд бүрэн эрхтэй төлөөлөх эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Гуравдагч этгээд нь зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээний Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлага гаргасан бөгөөд энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд мөн хуульд зааснаар Цагдаагийн ерөнхий газар нь цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагааг улс, орон даяар удирдан зохион байгуулах, бодлого боловсруулах чиг үүрэгтэй байна. Хэрэгт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн удирдлагын албан тушаалын тодорхойлолт нотлох баримтаар авагдсан бөгөөд албан тушаалын зорилт, чиг үүргийн 7.4-т зааснаас үзвэл төвийн дарга нь төвийн өмч хөрөнгийг захиран зарцуулах чиг үүрэгтэй байна.

Энэ нөхцөлд дээр дурдсанаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь бие даасан хуулийн эрхтэй этгээд болохын хувьд өөрийн эзэмшлийн өмч хөрөнгийн талаар бие даасан шийдвэр гаргах эрх хэмжээтэй эсэх, цагдаагийн байгууллага нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим, цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах, нэгдмэл удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд нэгдсэн сургалтын төвийн дарга нь маргаж буй газрыг барьцаалах асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тухайлан зөвшөөрөл авсан байх ёстой эсэхэд шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай.

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэл болсон Цагдаагийн ерөнхий газрын даргаас Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргад төвийн газрыг барьцаалах эрх олгоогүй гэх байдлын талаар зохигч, гуравдагч этгээд мэтгэлцээгүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх маргааны зүйлийн талаар хэргийн оролцогчоос тодруулаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, бодит нөхцөл байдал тодорхой бус гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээнд нэрлэн заасан барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан атлаа уг шаардлагыг гэрээний нэг тал бөгөөд барьцаа хөрөнгийн эзэмшигчээс шаардаагүй, өөр этгээдэд холбогдуулан шаардлага гаргасан үндэслэл болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний үндэслэлийг шүүх тодруулж, талуудыг мэтгэлцүүлсний эцэст хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, тодорхой бус байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

7. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

8. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцаасан тул гуравдагч этгээдийн гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах гомдол гаргахад гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЭНЭБИШ