Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 6

 

П.Б-, М.М- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, П.Б-, М.М- нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт П-н Б,

2. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 41 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***,

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Ж овогт М-н М.

П.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.М-ийн эзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд Дорнод аймаг Матад суманд 4 тооны үхрийг, мөн тухайн цаг хугацаанд М.М-тай бүлэглэн 10 тооны үхрийг завшиж бусдад 15,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М-ыг иргэн П.М-өөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр П.Б-т итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд бүлэглэн Дорнод аймгийн Матад суманд 10 тооны үхрийг завшиж бусдад 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Б-, М.М- нарыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бүлэглэн завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-, М.М- нарт тус бүр 6 сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар М.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж” гэсэн хэсгийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М.М-т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2,6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч М.М-т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч П.Б-с 5,700,000 төгрөг, шүүгдэгч М.М-аас 9,700,000 төгрөг нийт 15,400,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т- гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэж бусдад ял завшуулж, мал хулгайлах гэмт хэргийг хаацайлсан буруу тогтоол, магадлал гарсан гэж үзэж байна.

Монгол улс малын хулгайтай тэмцэнэ гэж эрүүгийн хуулиа өөрчилж нэг ямаа хулгайлсан ч ял шийтгэлтэй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр малчин түмэнд хүргэж байхад шүүх шүүгч нар нь малын хулгайг өөгшүүлж байгаа явдалд гомдолтой байна.

Шүүгдэгч М.М- нь Хилийн цэргийн малын ахлахаар ажиллаж, манай малчныг удаа дараа архи уулгаж, бүлэглэн олон тооны үхэр хулгайлж мөн үүндээ тээврийн хэрэгсэл ашиглаж, гэмт хэрэг үйлдэж олсон малаа бусдад зарж гэмт хэргийн улмаас олсон мөнгөөрөө машин авч унасан гэж анхан шатны шүүх хурал дээр тодорхой ярьсаар байтал М.М-ыг П.Б-той бүлэглэн бусдын малыг завшсан гэж зүйлчилж малын хулгайч нарт шүүгч нар боломж олгож байгаа явдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т- би төрийн байгууллагад 50 гаруй жил ажилласан ахмад тээвэрчин хүн юмаа. Би М.М-тай ямар ч гэрээ байгуулаагүй, гэтэл шүүх энэ хүнийг итгэмжлэсэн хариуцсан хүн гэж худал дүгнэсэн явдалд гомдолтой байна. Ямар учраас энэ хүн малчин надтай ямар ч гэрээгүй байж итгэмжлэн хариуцуулсан мал завшсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Шүүх, шүүгч нар зориуд зүйлчлэлийг хөнгөлж, ял завшуулж байгааг би гайхаад барахгүй.

Харин П.Б-той бол би мал маллах гэрээтэй, гэтэл 80 хүрч байгаа надаас дор хуулийн ажилтнууд байна гэхээр үнэхээр гомдмоор байна. Яагаад П.Б-, М.М- хоёр миний малыг итгэмжлэн хариуцсан гэж үзэж байгаа юм, миний малыг гэрээгээр хариуцан малласан мөртлөө яагаад надад хэлэхгүй нууц далд аргаар М.М- гэдэг хүнтэй хуйвалдаж, тээврийн хэрэгсэл ашиглаж, миний малыг зарсан мөнгөө хуваан авч захиран зарцуулсан байхад ямар учраас завшсан гэж үзэж байгаа нь ойлгогдохгүй байна. Гэрээтэй байсан өмчлөгчийн эд зүйлийг эзэнд нь хэлэхгүй нууц далд аргаар авч байгаа явдал нь хулгайн хэрэг биш юм уу. Харин ч би мөрдөн байцаалтын шатанд М.М-, П.Б- нартай мөрдөн байцаагч, өөрийн өмгөөлөгчийн хамт уулзаж ярилцаж байсан. Тэгээд дээрх 2 хүн миний үхрээс 14 тооны үхэр хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн, тэр үхрүүдээ тээврийн хэрэгсэл ашиглан зөөсөн гэдгээ мөрдөн байцаагч, миний өмгөөлөгч нарын дэргэд ярьсан, энэ хэргээ хүлээж байна гэж өөрсдөө мэдүүлж байсан.

Харин би П.Б-н гуйсны дагуу 19 тооны үхрийг гэрээний дагуу шүүхээр малчин П.Б түүний эхнэр Г нараас нэхэмжлэх болно гэж мэдүүлэг өгч байсан. /хх-н 16-18 тал/. Энэ дагуу би 19 тооны үхээ дээрх 2 хүнээс иргэний журмаар шийдвэрлүүлсэн. Өөрсдөө шүүх дээр эвлэрч шийдсэн. Шүүгчийн захирамж нь байгаа. Харин би П.Б-, М.М- нартай 14 үхэр дээрээ хулгайн хэргээр шийдвэрлүүлнэ гэдгээ мөрдөн байцаагч, өмгөөлөгч нарын хажууд хэлсэн. Гэтэл мөрдөгч, прокурор нар хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх дээр ч хэргийн материалтай танилцуулаагүй шууд шүүх хуралд орсон. Зүйлчлэлийг өөрчилж илт малын хулгайг завшсан гэж яллах дүгнэлт оруулж ирснийг би болон манай өмгөөлөгч мэл гайхаж шүүхэд нотлох баримттайгаар танилцуулсан.

Гэтэл шүүх бодит байдалд дүгнэлт хийгээгүй, тээврийн хэрэгсэл ашиглаж бүлэглэж хулгайлсан байхад бодит байдалд нийцээгүй шүүхийн тогтоол, магадлал гарсан явдалд гомдолтой. Түүнийг давж заалдах шатны шүүх нь залруулж чадаагүй явдалд гомдолтой. Шүүгч нар илт гэмт хэргийг хөнгөрүүлж, яллагдагч нар нь мөрдөн байцаагч, прокурор нартайгаа хуйвалдаж, малын хулгайн гэмт хэргийг өөгшүүлж байгааг би зөвшөөрөхгүй байна.

Малын хулгайтай тэмцэх төрийн бодлого хуулийг гуйвуулж буруу хэрэглэж бусдад ял завшуулж, малчдыг хохироож байгаа явдлыг Дээд шүүх таслан зогсоож өгөөч гэж би хичээнгүйлэн хүсэж байна.

Миний хувьд төр түмэндээ 50 гаруй жил зүтгэсэн, зөвхөн шударга үнэнийг тогтоохын төлөө яваа өндөр настан билээ.

Энэ хэрэгт Хууль зүйн яам, Улсын прокурор, Цагдаагийн ерөнхий газраас төлөөлөл болон хэвлэл мэдээллийн төлөөлөгч оролцуулан шүүх хурлыг илээр хийж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Сэтгүүлчийн зардлыг би гаргаж болно.

Энэ хэрэгт хууль буруу хэрэглэсэн танилцуулахгүйгээр нууц аргаар цагдаа, прокурор нар нь малын хулгайг илт хөнгөрүүлж өөр зүйл анги болгож, малчдаа хохироодог юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Иймд хууль буруу хэрэглэсэн, буруу тайлбарласан ноцтой алдааг залруулж, малын хулгайч нартай хуулийн дагуу тэмцэхийг хүсэж байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож энэ хэргийг малын хулгайн гэмт хэргээр нь зүйлчилж өгөхийг хүсэж байна.Хохирогч нар давхар хохирох ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн хэлсэн саналдаа “П.Б-, М.М- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн байтал хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэргийн шинж байсаар байтал хөрөнгө завшсан хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Учир нь мал завших гэсэн нэр томъёо байхгүй буюу хөрөнгө, амьд мал хоёр нь өөр ойлголт юм. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар зүйчлэх ёстой. Шүүгдэгч нар нь олон тооны малыг эзэнд нь хэлэхгүйгээр тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан. Хулгайлсан эд зүйлээрээ автомашин худалдаж авсан болохоо хүртэл шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Д.Т- М.М-тай ямар ч гэрээ байгуулаагүй. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн зүйчлэлийг зөвтгөж өгнө үү. М.М- нь П.Б-ын мал биш гэдгийг мэднэ. Гэтэл мэдээгүй байсан гэж гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...анхан болон давж заалдах шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гол шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар оруулж өөртөө ашиг олох зорилгоор бусдад худалдах, өөрийн хэрэгцээг хангах зэрэг үйлдлээр илэрдэг.

П .Б-н зүгээс М.М-т 10-н тооны үхэр өгч буй үйлдэл нь өөрт ямар нэгэн ашиг олох зорилгогүй, үхрийг үхрээр буцааж өгнө гэхэд нь зээлж өгч буй үйлдэл юм. П.Б- нь М.М-т өгсөн 10-н тооны үхрийн М.М-аас хариуд мөнгө бусад эд зүйл аваагүй бөгөөд мөнгө, эд зүйл авна гэж огт тохиролцоогүй. Өөрт ашиг олох санаа зорилго огт байгаагүй Хавар үхрийг үхрээр өгнө гэсэн болохоор нь М.М-т 10 тооны үхэр өгсөн. Түүний энэ үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж буй үйлдэл бус үрэгдүүлсэн, дутаасан үйлдэл юм.

М.М-ын хувьд П.Б-той нийлж П.М-ийн үхрийг завших санаа, зорилго агуулаагүй. П.Б-оос дээрх 10 тооны үхрийг гуйж, зээлж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Хэрэв П.Б-ыг “Үхэр өгөхгүй, хүний мал учраас өгч болохгүй” гэж хэлсэн бол П.Б-оос авахгүй байсан. М.М- нь П.Б-оос үхэр авахдаа “Ирэх хавар үхрийг үхрээр нь буцааж төлнө” гэж тохиролцсон байдаг.

М.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй бөгөөд иргэд хоорондын эд хөрөнгө зээлэх үйлдэл юм.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж шүүгдэгч М.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан гомдлуудыг үндэслэн П.Б-, М.М- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн П.М-ийн эзэмшлийн малыг маллахаар итгэмжлэн хариуцан авч, 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд Дорнод аймаг Матад суманд 4 тооны үхрийг, мөн тухайн цаг хугацаанд М.М-тай бүлэглэн 10 тооны үхрийг завшиж бусдад 15,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь иргэн П.М-өөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр П.Б-т итгэмжлэн хариуцуулсан үхэрнээс 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 03 дугаар сарын хооронд бүлэглэн Дорнод аймгийн Матад суманд 10 тооны үхрийг завшиж бусдад 9,700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх П.Б-, М.М- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Б-, М.М- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, тэдгээрт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч П.Б- “АйСВН” ХХК-тай хөдөлмөрийн болон мал маллуулах гэрээ байгуулж бусдын малыг маллах үүрэг хүлээсэн атлаа тухайн малыг өөрийн өмч адил захиран зарцуулж, бусдад өгсөн, түүнчлэн М.М- нь П.Б-ын өмчлөлийн мал биш, түүнийг бусдын малыг малладаг гэдгийг мэдсээр байж олон тооны малыг авч буй үйлдэл нь завших гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа болно.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд хуульд заасан тохирох зүйл, ангиар гэм буруутайд тооцох ёстой. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллагааг хийх нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглогддог.

Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн тухайд түүний үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа ...эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд энэ хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд шүүгдэгч П.Б- нь гэрээний үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох “мал”-ыг малладаг, М.М-ын хувьд үүнийг мэдсээр байж дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан өмчийг шамшигдуулах үйлдэлд хамтран оролцсон байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол болон түүний өмгөөлөгчийн хэлсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч П.Б-, М.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-гийн гаргасан “...шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож энэ хэргийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү”, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтохын гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Д.Галтогтох нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН