Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00679

 

“Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д холбогдох,

Үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, А.Уртнасан, хариуцагчийн төлөөлөгч Б.Аззаяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрмүүн санаа” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3053-11/165 тоот Зээлийн гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7.0 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг жуулчны баазын төслийн санхүүжилтэд зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2-5 тоотод орших, 244 м.кв талбайтай хувийн орон сууц (улсын бүртгэлийн № Ү-2206005887, гэрчилгээний № 000113140)-ыг барьцаалж 3053-11/165 тоот зээлийн барьцааны гэрээ, Баянзүрх дүүргийн нутаг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596.23 м.кв талбайтай зочид буудлын барилга, 258.88 м.кв талбайтай рестораны барилга, 8 ханатай 3 холбоо люкс гэр Хүннү хаус 1 ш, 12 ханатай 2 холбоо хагас люкс гэр Хүннү хаус 4 ш, 5 ханатай дан энгийн гэр Хүннү хаус 12 ширхэгийг барьцаалж 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3053-13/24 тоот Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулсан.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралтаар зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч гэрээг мөрдөх явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээл, хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тохирсон. Гэтэл зээлдэгч “Эрмүүн санаа” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд банкны зүгээс 277 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, шаардлагыг өнөөг хүртэл биелүүлэхгүй байгаа нь Зээлийн гэрээний 2.1.10, 4.4, 10.2.2 дахь зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлээд байна. Нэхэмжпэгч Капитрон банк нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн хаягаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2914 тоотоор нэхэмжлэл гаргасан боловч тус компанийн захирал, үүсгэн байгуулагч Б.Аззаяа нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 101/Ш32015/039156 тоот захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар банк мөн шүүхэд хандан хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр “Эрмүүн санаа” ХХК болон үүсгэн байгуулагч Б.Аззаяаг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Тахарын Ерөнхий газраас эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэн Б.Аззаяаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 9 дүгээр байрны 28 тоотод оршин суугаа болохыг тогтоосон болно.Иймд Иргэний хуулийн 225, 284, 451 дүгээр зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт өнөөдрийн байдлаар үндсэн зээл 900 000 000 төгрөг, зээлийн хүү 143 740 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12 395 833 төгрөг, нийт 1 056 135 938 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 349 701 төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж, зээлдэгчээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбарыг төлөөлөгчөөр дамжуулж өгсөн. Анхнаасаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байдаг. 3ахирлын үүрэг гүйцэтгэгч Ариунаа нэхэмжпэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэхээ нотлоогүй. Учир нь гэрчилгээнд бичилт хийгдээгүй. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт зааснаар Монгол банкны ерөнхийлөгчтэй зөвшилцөж томилсон байх ёстой. Гэтэл ингэж томилоогүй байдаг тул эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан. Мөн татгалзсан захирамж дээр байгаа үндэслэлээр анх хураамж төлөхдөө “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас төлсөн. Нэхэмжлэгч нь уг дансыг банкны данс авлага бүртгэдэг гэсэн боловч энийг нотолсон баримт байхгүй. Энэ данс нь банк эзэмшдэг данс гэсэн баримт байхгүй. Нэхэмжлэгч үүнийгээ нотлоогүй. Зохигчид зээлийн гэрээг 5 жилээр байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 06-нд нэхэмжлэл гаргасан. Гэтэл гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сард дуусах ёстой байсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ гэдэг. Гэрээг нэг талын санаачлагаар цуцлахдаа хариуцагчид мэдэгдээгүй. Гэтэл Иргэний хуульд зааснаар гэрээг нэг талаас цуцалж байгаа бол санал гаргасан нь биш хүргүүлсэн тал нь цуцлах хугацааг тогтоодог.Иргэний хуулийн 208 дугаар зүйлд хууль ба гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэнэ гэдэг. Хуваарь зөрчигдсөн нь гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэхгүй. Гэрээний үндсэн хугацаа нь өөр байгаа. Гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 06-нд цуцалж байгаа бол хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэх эрхгүй. Гэрээг цуцалсанаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхээ алдаж байна. Тэмдэгтийн хураамж төлсөн гэх дансаа манай данс гэж байгаа боловч гэрчилгээн дээрээ алга байна. Шинээр өгсөн гэрчилгээний хуулбараар нэхэмжлэл гаргах үед Ариунаа нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан байна. Зээлийн гэрээний дагуу зээл олгосон бөгөөд эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байсан талаар маргаангүй гэжээ. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас 1 038 218 856 94 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 917 081 06 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс  247 535 төгрөг, хариуцагчаас 5 349 044 төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 тоот дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “...1 038 218 856,94 төгрөг...” гэснийг “...1 056 135 938 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...5 349 044 төгрөг...” гэснийг “...5 438 630 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437 848 төгрөгийг буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дутуу тодорхойлсноор шүүхийн шийдвэр, магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Капитрон банк нь анх 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон нэхэмжлэгчийн эрхийн дагуу шүүх хурал товлогдох бүрийд буюу нийт дөрвөн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 1 094 198 438 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг анхан шатны шүүхийн шүүгч “улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд тушаасан нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзан шүүх хуралдааныг 2 хоногоор хойшлуулсан юм.Улмаар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дахин нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дансанд бүрэн тушаасан баримтын хамт шүүхэд ирүүлсэн боловч “Капитрон банк” ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаар уг хураамжийг хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн нэрээр авлага үүсгэж тушаасан байх тул нэхэмжлэгчийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм гэсэн үндэслэлээр мөн л хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр захирамж гаргасан. Гэтэл 02-ны өдрийн шүүх хуралдаанаар гаргасан 101/Ш32016/00448 тоот захирамжид дээр дурдсан 2 үндэслэлийг хоёуланг нь дурдсан байсан ба 04-ний өдрийн захирамжийг өнөөг болтол бичигдэж гараагүй, хуулийн ямар зүйл заалтыг баримтлан гомдол гаргах эрхгүй захирамж гаргаснаа тайлбарлаагүй болно. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данс руу 5 349 701 төгрөгийг “Капитрон банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид шилжүүсэн байх ба н.Мөнх-Од гарын үсэг зурж, Капитрон банкны ажилтны тэмдэг дарагдсан байгаа нь “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.” гэж зөв дүгнэсэн атлаа мөн тухайн хэсэгтээ “Анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр, мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн хоорондоо зөрүүтэй дүгнэлтийг хийжээ. Ингэснээр улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн зохих дансанд шилжүүлсэн баримтыг анхан шатны шүүх буруугаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний улмаас нэхэмжлэлийн шаардлага буруу буюу дутуу тодорхойлогдож шүүхийн шийдвэр, магадлалууд үндэслэл бүхий гараагүй байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 094 198 438 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэнгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлүүдийг хуульд заасан үндэслэлээс огт өөрөөр, буруу тайлбарлаж хэрэглэлээ.Нэхэмжлэгч Капитрон банк нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Эрмүүн санаа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т “...нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт...хавсаргана” гэсэн заалтыг зөрчин “Эрмүүн санаа” ХХК-ийн ВА3053001557010019 тоот данснаас 5 349 701 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд шилжүүлсэн. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтанд гүйлгээний утга, төлбөрийн хэмжээ, төлсөн хүний нэр, төлбөр хийсэн хугацаа зэрэг мэдээлэл тодорхой тусгагдсан байхыг шаарддаг бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мемориалын баримтаас үзэхэд Капитрон банкны данснаас улсын тэмдэг хураамж төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан заалтыг анхан шатны шүүх зөрчсөн. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 5 дугаар сарын 06, 7 дугаар сарын 04-ний өдрүүдэд нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг мөн л дээрх маягаар шилжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх өрөөсгөл дүгнэлт өгч, нотлох баримтыг үнэн эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй.Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасныг зөрчин шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй болно. Энэ нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан заалтыг ноцтой зөрчиж, зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх болон мэтгэлцэх зарчмыг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлгүй....Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 тоот Гэрээний эрх: маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцпах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд талаар гаргасан зөвлөмжид гэрээ цуцлахыг “хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ” гэсэн байгаа ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлт шаардсанаар цуцлах хүртэлх зээлийн хүүг, үлдэгдэл зээлийн төлбөрийн хамт төлөх үүрэг зээлдэгчид үүснэ. Гэрээг цуцалснаар зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох тул зээлдэгч нь цуцлах хүртэлх үүргийг гүйцэтгэж, цуцалснаас хойшхи нэхэмжлэлээр шаардсан үүргээс татгалзах эрхтэй юм.Гэтэл давж заалдах шатны шүүх нь Капитрон банкийг анх шүүхэд нэхэмжлэлээ хэдийд гаргасан гэдгийг харгалзан үзэж, гэрээ хүчин төгөлдөр үргэлжилсэн хугацаагаар хүүний тооцоололд дүгнэлт хийх шаардлагатай байхад зээлийн гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул гэрээ цуцлах талаар шийдвэрлэх шаардлагагүй хэмээн үр дагаврыг тооцохгүйгээр өрөөсгөл дүгнэлт хийсэн нь гэрээг цуцлах талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг харуулж байна.Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь “Эрмүүн санаа” ХХК-ийг зээлийн гэрээний үүрэг зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлдээ гэрээг цуцалсан талаар дурдаагүй байсан ч гэрээний хугацаа дуусахаас өмнө үүргийн биелэлтийг буцаан шаардаж байгаа тул энэ өдрөөр гэрээг цуцалж, зээлээ эргүүлэн төлүүлэхээр шаардсан гэж үзнэ. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэл зоригоо нэхэмжлэлийн шаардлага болгон гаргасныг шүүх хангаснаар гэрээ цуцлагддаг юм биш, тухайн гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хэрэгждэг үйл явц бөгөөд гэрээ цуцлагдсанаар уг үйл явдал хүртэлх гэрээний үүрэг хэвээр үлдэж, үүнээс цааш үүрэг биелүүлэх асуудал яригдахгүй. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан зээлийн гэрээ нь 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил 10 cap 8 хоног үргэлжилсэн байна. Гэрээ байгуулсан өдрөөс хойш хүүг тооцоход 3 жил 210 000 000 төгрөг, 10 сард 58 333 000 төгрөг, 8 хоногт 1 536 000 төгрөг, нийт 269 866 000 төгрөгний хүүг тооцох ёстой байхад анхан шатны шүүх “Капитрон банк” ХХК-ийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцлагдсан гэж үзэн 313 965 000 төгрөгний хүү тооцож хэргийг шийдвэрлэсэн нь хуульд үл нийцэх ба давж заалдах шатны шүүх энэ алдааг зөвтгөлгүй гэрээний хугацаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дууссан гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.“Эрмүүн санаа” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 1 269 866 000 төгрөг төлөх ёстойгоос 275 746 143 төгрөгийг төлсөн тул анхан шатны шүүх үндэслэлгүйгээр 44 099 000 төгрөгийг, давж заалдах шатны шүүх нэмэгдүүлсэн хүү болох 17 917 082 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 62 016 082 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим, зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолд “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх “зээлийн гэрээний 4.9 дэх хэсэгт зээлийн эргэн төлөгдөх хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг 20 хувь байхаар тусгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн” хэмээн огт үндэслэлгүй дүгнэлт хийж, уг зүйл, заалтын үзэл баримтлалыг зөв оновчтой ойлгоогүйгээр нэмэгдүүлсэн хүүг гаргуулан шийдвэрлэлээ.Зохигчдын гэрээгээр тохиролцсон графикт хугацаа нь авсан зээлээ cap бүр хуваан төлж, төлүүлэх тухай тохиролцоо болохоос зээлийн гэрээний хугацаа биш юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4.9 дэх хэсэг нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх гэрээний заалт хуульд нийцсэн хэмээн эсрэг дүгнэлт хийж байгаад гомдолтой байна.Иргэний хуулийн 452 дугаар зүйлд заасан нэмэгдүүлсэн хүү нь анзын нэгэн адил банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлд тооцогддог хариуцлагын нэг хэлбэр бөгөөд үүнийг гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсэн этгээд төлнө гэдэг нь хэнд ч илэрхий юм. Гэтэл нэхэмжлэгч графикт хугацаа зөрчсөнийг гэрээний хугацаа гэж ойлгож, нэмэгдүүлсэн хүү тооцон нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх хангаж, хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас гаргуулан шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалт, УДШ-ийн тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна.Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй” гэж дүгнэсэн мөртлөө Тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, шүүхэд анх нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 4 удаа нэмэгдүүлжээ. Нийт 5 удаа гаргасан нэхэмжлэлээс эхний 3 нэхэмжлэл болон шаардлагын хэмжээнд тохируулан улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд хэрэгт авагджээ. Сүүлийн 2 удаа шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувь болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдаагүй, харин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн хоёр захирамж хэрэгт авагдсан байна.

Анхны нэхэмжлэлийн шаардлага нь 1 038 350 105 төгрөг байх ба нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 5 349 701 төгрөг төлсөн гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан боловч энэхүү баримт нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн “Капитрон банк” дахь данснаас гарсан байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийг уг хураамжийг төлсөн гэж үзэх нь эргэлзээтэй байгааг шүүх анхаараагүй байна \хх-ийн 1-5 дугаар тал\.

Нэхэмжлэгч 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн үнийн дүнг 1 044 895 105 төгрөг болгон нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 670 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шаардлагаа 1 056 135 938 төгрөг болгон нэмэгдүүлэхдээ төлсөн 194 804 төгрөгийг мөн хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн данснаас гаргасан байна \хх-ийн 46-47, 80-81 дүгээр тал\.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 37 642 500 төгрөгөөр, мөн 38 062 500 төгрөгөөр тус тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн өргөдлүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд хэрэгт авагдаагүй, шүүх шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 101\Ш32016\00448, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101\Ш32017\0076 дугаар захирамжаар нэхэмжлэлүүдийг хүлээн авахаас татгалзжээ \хх-ийн 166-167, 177-178 дугаар тал\.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгааныг тодорхойлохдоо шүүх улсын тэмдэгтийн хураамжийг буруу дансанд тушаасан байдлыг зааснаас гадна хураамжийг хариуцагчийн данснаас түүний нэрээр авлага үүсгэж тушаасныг нэхэмжлэгч хураамж төлсөн гэж үзэхгүй гэж үзжээ.

Шүүхийн зүгээс хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага бүхий дээрх хоёр нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт хэрэгт авагдаагүй тул шүүхийн дүгнэлтийн талаар эрх зүйн үнэлгээ өгөх боломжгүй байна. Харин шүүх нэхэмжлэгчийн шаардлагаа нэмэгдүүлсэн дээрх хоёр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шалтгаан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн болон хожим шаардлагаа нэмэгдүүлсэн хоёр нэхэмжлэлд төлсөн хураамжид адил байгааг анхаараагүй нь буруу болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа мөн дээрх байдлаар улсын тэмдэгтийн хураамж төлснийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Энэ нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг хэрхэн тодорхойлох, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан гэж үзэх эсэх асуудлыг анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2017/00076 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 348 263 төгрөг, хариуцагчаас төлсөн 468 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН