Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00289

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00289

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  2 дугаар хороо, Усны гудамж, Өөрийн байранд байрлах  Капитрон банк /Регистрийн дугаар:2677377/-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1-р дөчин мянгат, 62-15-15 тоот хаягт бүртгэлтэй ч, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо,  Хурд хороолол 9-28 тоотод байрлах “Эрмүүн санаа” ХХК /Регистрийн дугаар:5101115/-д холбогдох

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1,056,135,938 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

 

Нэхэмжлэгч Капитрон банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Аззаяа захиралтай, нэг гишүүнтэй “Эрмүүн санаа” ХХК нь тус банктай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,0 тэрбум төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар жуулчны баазын төслийн  санхүүжилтэд зориулан зээлсэн.  Гэрээний дагуу банк гэрээ байгуулсан өдрөө 850,0 сая төгрөгийг, 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150,0 сая төгрөгийг тус тус “Эрмүүн санаа” ХХК-ийн 3053006394 тоот дансаар шилжүүлсэн. Гэрээг мөрдөх явцад зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шинэчилж баталсан байдаг.

Зээлийн гэрээний барьцаанд: 

1.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2 дугаар байрны 5 тоотод орших, 244 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005887 дугаар бүхий  Д.Навчаагийн өмчлөлийн хувийн орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ, 

2.Баянзүрх дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596,23 мкв талбайтай зочид буудлын барилга, 258,88 мкв талбайтай рестораны барилга, 8 ханатай 3 холбоо люкс гэр Хүннү хаус-1 ширхэг, 12 ханатай 2 холбоо хагас люкс гэр Хүннү хаус-4 ширхэг, 5 ханатай дан энгийн гэр Хүннү хаус-12 ширхэгийг тус тус барьцаалж, “Ирээдүйд бий болох хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш тус компани үндсэн зээлд 100,000,000 төгрөг, хүүнд 174,456,387 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,289,755 төгрөг төлсөн.

“Эрмүүн санаа” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг эхнээс нь зөрчиж тохиролцсон хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөөгүй. Банкны зүгээс удаа дараа мэдэгдэл шаардлага тавьсан ч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 900,000,000 төгрөг, хүү 143,740,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,395,833 төгрөг нийт 1,056,135,938 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Аззаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Тус банктай 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 3053-11/165 тоот зээлийн гэрээг байгуулж 1,0 тэрбум төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан гэх боловч бодитоор дээрх хэмжээний зээл манай компанийн дансанд орж ирээгүй.  Иргэний хуулиар зээл нь зээлдэгчийн дансанд гүйлгээ хийгдэж хүлээн авснаар зээл олгосон гэж үзэхээр хуульчлагдсан.  Уг зээлийн 1,0 тэрбум төгрөгнөөс зарим хэсэг нь орж ирснийг банк өөрөө мэдсээр байж зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжилж байна.  Мөн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар тус компанид мэдэгдэж байгаагүй хэрнээ шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Капитрон банк  нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 1,056,135,938 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Эрмүүн санаа” ХХК нь Капитрон банктай харилцан тохиролцож, 1,0 тэрбум төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  3053-11/165 тоот зээлийн гэрээг байгуулж,  2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Навчаатай түүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Оргил хотхоны 2 дугаар байрны 5 тоотод орших, 244 мкв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005887 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ,  2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр  хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-тай Баянзүрх дүүрэг, Богдхан уулын ДЦГ, Төр хурахын аманд байрлах 596,23 мкв талбайтай зочид буудлын барилга, 258,88 мкв талбайтай рестораны барилга, 8 ханатай  3 холбоо люкс гэр-1 ширхэг, 12 ханатай 2 холбоо хагас люкс гэр-4 ширхэг, 5 ханатай дан энгийн гэр-12 ширхэгийг тус тус барьцаалж 3053-13/24 тоот “Ирээдүд бий болох хөрөнгийн барьцааны гэрээ”-г /хх9-17/ тус тус байгуулжээ.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

Хариуцагч зээлийн мөнгийг бүрэн хүлээн аваагүй тул зөвшөөрөхгүй гэх боловч 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 850,0 сая төгрөг, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150,0 сая төгрөгийг “Эрмүүн санаа” ХХК-ийн 3053006394 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Капитрон банкны мемориалын баримтуудаар /хх49,50/ тогтоогдож байна.

Зохигчид  2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээг 60 сарын буюу 5 жилийн хугацаатай байгуулсан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөгдөх хуваарьт заасан хугацаа, хэмжээгээр зээлийг эргүүлэн төлөөгүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Капитрон банк нь хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-д зээлийн төлбөрийг барагдуулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан /хх 27/ баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221.3, 225.2-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгэхийг сануулсан байх тул нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэн гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Зохигчид зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар гэрээгээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т зааснаар 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд “Эрмүүн санаа" ХХК-иас үндсэн зээл 900,000,000 төгрөг, хүү 143,740,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,395,833 төгрөг нийт 1,056,135,938 төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаад шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 5,438,630 төгрөг төлөхөөс 5,664,175 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 225,545 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан  “Эрмүүн санаа” ХХК-иас 1,056,135,938 /нэг тэрбум тавин зургаан сая нэг зуун гучин таван мянга есөн зуун гучин найман/ төгрөгийг гаргуулж, Капитрон банкинд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  5,664,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 225,545 төгрөгийг улсын орлогоос, 5,438,630 төгрөгийг  хариуцагч “Эрмүүн санаа” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитрон банкинд олгосугай.

 

3.“Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/16348 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг,  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               О.ОДГЭРЭЛ