Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2023/00017

 

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч О.Баатарсүх, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 138/ШШ2023/0129 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3 750 000 гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь газар тариалан, мал ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан хуваарийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдаг. Иргэн ******* нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 036 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ-г байгуулж FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхэг 5 000 000 төгрөгийн үнэ бүхий техникийг хүлээн авсан. Гэрээний дагуу FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийн үнийн дүнгийн 50 хувь 2 500 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2013-2017 онуудад төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан боловч нэг ч удаагийн төлбөр төлөгдөөгүй байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар бодож 1 250 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иргэн *******тай байгуулсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Мал хамгаалах сантай нийлж Хөдөө аж ахуйг дэмжих сан болох явцад тракторынхаа араас явалгүй цалгардаж 10 жил болж байна. Ингэж хугацаа алдсан асуудал байгаа. Хүмүүстэйгээ утсаар нь холбогдож яриад байсан болохоос биш  ингэж шүүхэд хандаж яваагүй. Хүмүүсийн ихэнх нь улсаас үүнийг чөлөөлнө гэж байсан гэсэн зүйлийг яриад байдаг. Тийм зүйл байхгүй. гэжээ.

 Хариуцагч ******* хариу тайлбартаа: Хариуцагч ******* миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх тариалан эрхлэх сангаас тракторын зээл олгож байна гэж манай сумын малчин ******* гэж хүн надаас гуйгаад та энэ гэрээг байгуулаад өгөөч, надад одоогоор 2 500 000 төгрөг байхгүй болохоор надтай гэрээ байгуулахгүй байна. Би танд мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Би тэр гэрээг нь хийж өгөөд орхисон. Гэтэл ******* нь ч надад мөнгөө төлөөгүй, мөн надаас хөдөө аж ахуйг дэмжих сан мөнгө нэхэмжилж байгаагүй. Намайг засаг төрийн ажлыг хийж байх үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлийн 50 хувийг улс тэглэнэ гэсэн яриа гарч байсан. Тэр журмаар тэглэгдсэн байх гэж бодож явсан. Иймд би энэ гэрээний өр төлбөрийн асуудлыг хариуцахгүй, энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.,

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд тайлбартаа: Гэрээнд зааснаар тухайн төлбөрийг 2013-2017 онд жил бүр 500 000 төгрөгөөр төлж явахаар хийгдсэн байна. Гэтэл энэ гэрээний үүрэг 2013 оноосоо л зөрчигдөж эхэлсэн байхад Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас араас нь явсан асуудал огт байхгүй. Энэ гэрээг байгуулснаас хойш 11 жилийн дараа шүүхэд хандсан үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч *******д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: ...Миний бие ******* нь шүүх хуралдаанд оролцохдоо Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эрх зүйн байдлын талаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоол зэрэг эрх зүйн баримтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан тухай тайлбарласан байдаг. Мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно. гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан байна.

Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна. гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно. гэсэн хуулийн хүчин төгөлдөр заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй байна.

Хариуцагч ******* нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 036 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг урьдчилгаа 2 500 000 төгрөгийг төлж авсан байдаг ба 2013-2017 оны хооронд төлөхөөр гэрээнд заасан байдаг. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэсэн нь 2013 оноос эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байгааг анхаарч үзэлгүйгээр уг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2012 онд иргэн Чулуунбаатар гэдэг хүний нэр дээр зээл авсан, би авсан зүйл байхгүй. Чулуунбаатар авсан гэж ярьсан. Өөрөө төлөхгүй гэж хэлээгүй. Гэтэл анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар манай эсрэг шийдвэр гаргасан. Гэрээг тодорхой бус хугацаагаар сунгахаар хариуцагчтай байгуулсан гэрээнд тодорхой тусгасан байгаа. Гомдлоо бүрэн дэмжиж байна. гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан хариуцагч *******д холбогдуулан Санхүүгийн түрээс-ийн гэрээний үүрэгт 3 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... Иргэн ******* нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 036 дугаартай Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл 1 ширхэг 5 000 000 төгрөгийн үнэ бүхий техникийг хүлээн авсан. Гэрээний дагуу FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийн үнийн дүнгийн 50 хувь 2 500 000 төгрөгийн урьдчилгааг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу 2013-2017 онуудад төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан боловч нэг ч удаагийн төлбөр төлөгдөөгүй байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар бодож 1250 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иргэн *******тай байгуулсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ-ний дагуу үндсэн төлбөр 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, нийт 3 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэж,

4. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ: ... гэрээг байгуулснаас хойш 11 жилийн дараа шүүхэд хандсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан. Гэтэл 11 жил өнгөрсөн байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар хариуцагч ******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас /хуучнаар/ 2012 оны 07 сарын 06-ны өдөр Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн үнэтэй FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг авахдаа үнийн 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2012 оны 07 сарын 20-ны өдөр Хадгаламж банкин дахь тус сангийн дансанд шилжүүлсэн, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг хүүгүйгээр 2013-2017 онуудад буюу 5 жилийн хугацаанд жил бүр 500 000 төгрөгийг төлөх, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн 0.05 хувиар алданги хоногт төлөхөөр тохиролцсон, 2012 оноос хойш Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай нийлж, Хөдөө аж ахуйг дэмжих сан болсон, зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 сарын 29-ний өдөр хүртэл буюу 11 жилийн хугацаанд нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

7. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь ... хөөн хэлэлцэх хугацаа хуулийн хүрээнд тасарсан ... Мөн хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Гэрээнд заасан үүрэг биелэгдэж, зээлдэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно. гэж заасныг харгалзан үзэхгүй, төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан, ... Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.4-т заасан заалтуудыг хэрэгжүүлж зохих шийдвэр гаргаагүй, ... Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэсэн нь 2013 оноос эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байгааг анхаарч үзэлгүйгээр уг хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн буруу, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, мөн зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол ... хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гэж, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно., 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ. гэж тус тус заасан.

9. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

Зохигчдын хооронд байгуулагдсан Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээнд зааснаар хариуцагч ******* нь эхний төлөлтийг 2013 онд, сүүлийн төлөлтийг 2017 онд төлөхөөр тохирсон байна. Хариуцагч 2013 оноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх ба энэ үеэс эхлэн нэхэмжлэгчийн хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нь зөрчигдсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч 2013-2017 оны хооронд, мөн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байсан байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь ... Тариалан эрхлэлтийг дэмжих сан татан буугдаж, хөрөнгийг нь балансаас балансад шилжүүлэх ажил явагдсантай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй. ... гэж хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй үндэслэлээ тайлбарлаж байх боловч энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй, түүнчлэн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл болохгүй.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.4-т заасан заалтууд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралгүй юм.

10. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******ын ... төрийн өмчийг үнэгүйдүүлэх, холбогдох этгээдийг төрийн өмч завших боломжоор хангасан шийдвэр гаргасан. ... гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан-гийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан-гийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 138/ШШ2023/00129 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сан-гийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

З.ЭНХЦЭЦЭГ