Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Т, С, М, Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т, С, М, Б нарт холбогдох 201719000399 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр  Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 ээжийн хамт Улаанбаатар хот Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Энгэр шандын 5-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Б.С  гэв.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аж ахуйн инженер механик мэргэжилтэй, ам бүл 2, Төв аймаг Сүмбэр сумын Жавхлант 2 дугаар багийн Баянхошуу 6-1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт С.Б  гэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Гал шар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг Сүмбэр сумын 1 дүгээр багийн Өлзийтийн 3-6 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, Бн овогт Г.Т гэв.

Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Энгэр шандын 7-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Л.М гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т, М, С, Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

               Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарын мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Т, М, С, Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булан тохой” гэх газар Б.Ганбаяр, Д.Сэргэлэнбаатар нарын 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан 19 шуудай алтны хүдэр, 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн болох нь:

         хохирогч Б.Ганбаярын: “Би 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагаан гозгор” гэх газраас өөрийн эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Сэргэлэнбаатар хамт тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа руу тээрэм оруулах гээд явж байсан юм. Тэгээд би тухайн үед тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд Сэргэлэнбаатар суугаад Төв аймгийн Сүмбэр сумаар дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байсан ба сумын засмал замаар явж байтал нөгөө урд явсан тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогссон байгаа. Тухайн үед өдрийн 11 цагийн үе байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс хүмүүс бууж ирээд нэг махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлэхэд нь би түүнд хандан “тайван тайван” гэхэд тэр залуу шууд миний фудволкноос заамдаад авахад Сэргэлэнбаатар машинаас буугаад зугатаасан ба би тэр залууд хандан “яагаад намайг заамдаад байгаа юм бэ” гэхэд хажуу талаас нь бор царайтай, махлаг биетэй залуу гараа хийгээд миний жолоодож явсан машиныг унтраах гээд машинаа унтраа гээд байсан. Тэгэхэд нь би машинаа унтраахгүй гээд түлхүүрээ базаад байж байхад гаран дээр дарсаар байгаад машиныг унтраасан байгаа. Тэгэхэд нөгөө талын хаалгаар нэг залуу орж ирэхэд машины гаднаас нэг залуу утсыг нь ав гээд байсан бөгөөд тэгэхээр нь би самсунг маркийн гар утсаа баруун гартаа атгаад байж байхад машинд орж ирсэн залуу машинд байсан ногоон өнгийн гар утсыг аваад дараа нь миний гарт байсан самсунг маркийн гар утсыг гарыг минь тэнийлгэж байгаад авсан. Тухайн үед тэд нарын унаж явсан машин миний машины хажууд ирээд зогссон байсан ба тэр гурван залууг намайг саатуулж байх үед нөгөө хоёр залуу нь машины тэвшин дээрээс чулуу ачиж эхлэсэн. Мөн надаас гар утас булааж авдаг хүн нөгөө хоёр хүнтэйгээ нийлээд чулуу ачаад эхлэсэн ба нөгөө намхан махлаг биетэй, шар царайтай залуу “чамайг ална шүү, чи муу зүгээр наана байж бай” гэж хэлээд мөн тэвшин дээр байгаа чулуунуудыг ачсан. Тэгтэл нэг хууз сахалтай махлаг дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад хэлэхдээ “чи зүгээр байж бай, чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэсэн. Тэгээд тэд нарыг чулуу ачсаны дараа би тэдэнд хандан “наад чинь олон хүний юм байгаа шүү дээ. Жоохон үлдээчих” гэхэд 4 шуудай хүдэр үлдээгээд 19 шуудай хүдрийг аваад явсан байсан. Намайг боосон гэх залууг сүүлд сонсоход Лхагвадорж гэдэг гэсэн. Мөн миний гарнаас гар утас авсан залуу хууз сахалтай махлаг, дунд зэргийн нуруутай, бор царайтай хүн надад “чи зүгээр байж бай. Чулуу чамд олдоно. Амь чинь чамд олдохгүй шүү” гэж хэлсэн хүнийг харвал танина. Тус 23 шуудай хүдэр бол “Орхонтуулын хишиг” төрийн бус байгууллага манай бригадын Даваасүрэн тэргүүнтэй ажилчдын хүдэр байгаа юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн байгаа.Тухайн үед тэр 5 залуу болон би байсан ба Сэргэлэнбаатар зугатаагаад явсан байсан. Сэргэлэнбаатар шууд зугатаагаад явсан ба түүнийг тэр хүмүүс зодож цохисон асуудал байхгүй. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Бид нарыг хохиролгүй болгож өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/

            хохирогч Г.Сэргэлэнбаатарын: “...Би 2017 оны 05 сарын 30-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутгаас Ганбаярын эзэмшлийн портер маркийн 69-67 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан ба тээврийн хэрэгслийн тэвшин дээр 23 шуудай хүдэр ачаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа тээрэмд оруулах гээд явсан юм. Тухайн үед Ганбаяр тус тээврийн хэрэгслээ жолоодоод харин жолоочийн хажуу талын суудалд би суугаад Төв аймгийн Сүмбэр сум дайраад явж байтал урд нэг цэнхэр өнгийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт зам хөндлөн зогсоод гэнэт 5 залуу буугаад ирсэн. Тухайн үед өдрийн 11 цаг өнгөрч байсан ба тэр газар Сүмбэр сумын төв харагдахгүй газар байсан. Тэгээд тус тээврийн хэрэгслээс бууж ирсэн 5 залуугаас түрүүлээд нэг муруй хамартай, махлаг биетэй, шар царайтай залуу “юу байна” гэж хэлээд ирсэн ба Ганбаярын фудволкнаас заамдаад утастай нь булаацалдаад ирсэн ба хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамц өмссөн, бор царайтай, туранхай, дунд зэргийн нуруутай залуу ирээд намайг боогоод авахаар нь би түүний гарыг нь цохиод  цагдаа дуудаад ирье гэж хэлээд зугтаасан юм. Тэгээд би замаар гүйж байхад 5 орчим минутын дараа нөгөө хүмүүс араас портертой ирээд намайг мөргөх шахсан ба ард ирээд тоормозлосон. Тэгтэл нэг нь “хөөе ална шүү машин руугаа буц пизда минь” гэж хэлээд тэд нар хажуугаар давхиад явсан ба араас нь улсын дугаарыг нь харъя гэхэд улсын дугаараа хар маслоор будсан байсан. Тэгээд би тэд нарын араас яваад орсон гудамжаар нь ороход олоогүй ба бид хоёрын араас ирж байсан приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Даваасүрэн эгч нар бид хоёрыг дээрэмдүүлсэнийг мэдээд Сүмбэр сумын цагдаад мэдэгдсэн байсан. Ганбаярыг заамдаж авсан хүнийг болон намайг боосон гэх хүнийг танина. Ганбаярыг заамдаж авсан гэх хүнийг Лхагвадорж гэдэг гэсэн нөгөө намайг боосон хүнийг М гэдэг гэсэн. Тус 23 шуудай хүдэр бол “Орхон туулын хишиг” төрийн бус байгууллагын манай бригадын Даваасүрэн тэргүүтэй ажилчдын хүдэр юм. Тэр 5 залуу 19 шуудай хүдэр, 2 гар утас, тээврийн хэрэгслийн түлхүүр зэргийг дээрэмдсэн гэсэн ба намайг цагдаа дуудъя гээд зугтаагаад явахад Ганбаяр тэр 5 залуутай үлдсэн байгаа. Би тэд нарт цохиулаагүй зугатаагаад явсан байгаа. Миний биед гэмтэл бэртэл учраагүй ба шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна. Бид нарыг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

                гэрч Н.Батболдын: “2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн портер маркийн 64-73 УНЛ улсын дугаартай цэнхэр өнгийн портер машинтай таньдаг дүү нар болох Т, С, М нарын хамт Баруун хараагаас Төв аймгийн Сүмбэр сумын нутагт очоод орой нь манай машин асахгүй байсан болохоор нь Сээгийн гэх айлд машинаа тавьсан байсан. Сээгийгийн хашаанд машинаа оруулж байхад Лхагва, Б нар ирээд Лхагва бид хоёр Ядамжавын Эрдэмээ гэх айлд очиж хоноод Т хадам ээжийндээ, М хүргэн ахындаа Сын хамт хоносон гэсэн ба Баясаа гэртээ хоносон. Ингээд маргааш нь буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Эрдэмийн гэрт Т, С, М, Баясаа нар архи уугаад Лхагва нэг хүнтэй утсаар яриад Т, С, М, Баясаа нарыг дагуулаад Баясаа нэг таньдаг хүнийхээ приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг аваад явсан. Тухайн үед Лхагва надаас миний машиныг шороо зөөмөөр байна гээд надаар асаалгаад аваад явсан. Би тэд нартай хамт яваагүй. Тэд нарыг хашаа явж байгааг би мэдээгүй надад Лхагва би шороо зөөхдөө машиныг чинь ашиглаад өгье л гэж байсан. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод нэг хүнээс авсан одоо нэрийг нь санахгүй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээрээ И.Даваадорж гэж л байдаг би солиулж амжаагүй юм” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

                гэрч Мын: “.. тэгэхээр нь тэр архийг бид 4 хуваагаад ууж байтал Лхагва гээд нэг ах машинтай давхиж ирээд бид нарт нэг мөнгөний ажил байна нэг хүнд 80000 / наян мянган төгрөг/ өгье гэж хэлсэн тэгэхээр нь би тэр машинд суугаад явсан. Төв аймгийн Сүмбэр сумаас гараад Баруун хараа явж байх замд нэг хошуу өнгөрөөд зогссон араас нэг портер маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь Түвшээ ах, Лхагваа ах хоёр буугаад ард зогссон тээврийн хэрэгслийн жолоочийг Түвшээ ах барьж аваад зууралдаад байсан тэгээд жолоочийн хажууд суугаад явж байсан хүн машинаасаа буугаад зугатахаар нь намайг тэр залууг гүйж очоод бариад ир гэсэн тэгэхээр нь би тэр зугтсан залуугийн араас хөөгөөд гүйгээд гүйцэхгүй болохоор нь орхичихоод буцаад иртэл Түвшээ ах, Лхагва ах, Баясаа, Сүхээ нь машин дээрээ шуудайтай чулуу ачаад байж байсан. Намайг машинд суу гээд машинд суулгаад Төв аймгийн Батсүмбэр сумын төв рүү явсан. Сумын төв ороод айлын хашаанд гражинд тээврийн хэрэгслээ тавиад хашаанаас нь гараад одоо гэр гэртээ харьцгаая гээд бид нар тарсан” гэх мэдүүлэг /хх-39-40 тал/,

                шинжээч Б.Анхныбаярын: “ Би 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1298 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан байгаа. Марктенг буюу нэг цэгийн үйлчилгээн дээр захиалгаар орж ирсэн шороог бутлах цех дээр бутлагдаж, хими, физик аргын задалж 30 гр шороог химийн арга зааврын дагуу задалж уусмал байдалд шилжүүлсэн байсныг тусгай аргаар хэмжин үзэхэд уг шорооны алтны агуулга нь 1 килограмм тутамдаа 298.52 килограмм алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан байгаа. Тухайн үед бутлах цех дээр 3 кг шороо захиалгаараа ирж бутлагдаад 200 гр нь хими физикийн хэмжилтэнд орсон гэсэн үг юм. Алтны хүдэр чулуулаг баяжилтын алтны агууламжтай харьцуулахад харьцангуй өндөр агууламжтай байна гэсэн үг юм. 3 кг шороог буталж  нэгэн төрлийн болгосон байснаас хэмжилт хийж 1 кг тутамд 292. 62 килограмм алтны агууламжтай байх боломжтой болохыг тодорхойлж гаргасан 19 шуудай чулуутай шорооноос тус бүр дээжийг авч ирүүлээгүй харилцан адилгүй байдаг тул 19 шуудай чулуутай шорооны 1 килограмм тутамаас хэдэн грамм алт гарахыг тодорхойлох боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх- 49 тал/, 

             -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

            -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11 тал/,

            -Төв аймгийн Сүмбэр сумын нутаг “Булган толгой” гэх газар 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 69-67 СЭҮ улсын дугаартай портер машиныг жолоодон явсан Б.Ганбаяр, Г.Сэргэлэнбаатар нарыг үл таних 5 залуу дээрэмдэх үед ашигласан гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-16 тал/,

            -“Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-25-28 тал/,

            -“Эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх-33 тал/,

            -“Геологийн төв лаборатори”-ийн шинжилгээний дүн /хх-46-47 тал/,

            -Хулгайд алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-51-53 тал/,

            -Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-54 тал/,

                -“Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай” прокурорын тогтоол /хх-120 тал/, 

    -Шүүгдэгч Т, С, М, Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүлэглэн авсан буюу дээрэмдэх гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.

 

Шүүгдэгч нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хэрэгт тогтоогдоогүй байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Бүлэглэн гүйцэтгэх гэдэгт гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгох Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бөгөөд шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг санаатай нэгдэж, илээр хууль бусаар авсан нь бүлэглэн үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Т, С, М, Б нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулах ялын саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус гаргасан байна.

 

            Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.

 

            Иймд  шүүгдэгчийг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг  Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тус тус тооцов.

         

            Харин шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             

            Шүүх шүүгдэгч Т, С, М, Б нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад тэдний ял оногдуулах зүйл анги нь ялын интервалын хувьд нийцэж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэв.

 

Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр хууль бусаар авахын тулд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2400000/хх-28 тал/ төгрөгийн үнэ бүхий 64-73 УНЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 600000 /зургаан зуу/ төгрөг тус тус гаргуулж, Улсын орлого болговол зохино.

           

           Эрүүгийн 201719000399 тоот хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б овогт С.Б, Б овогт Г.Т,  Б овогт Л.М, Б овогт Б.С нарыг бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Т, М С нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /нэг/ жилийн  хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дах хэсэгт зааснаар Б, Т, М, С нарт тэнсэнгийн хугацаанд  ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б, Т, М, С нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг тус тус сануулсугай.

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 64-73 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2400000 төгрөгийг шүүгдэгч Б-гаас 600000 төгрөг, шүүгдэгч Т-аас 600000 төгрөг, шүүгдэгч М-аас 600000 төгрөг, шүүгдэгч С-аас 600000 төгрөгийг тус тус гаргуулан Улсын орлого болгосугай.

 7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С, Б, Т, М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан таслан сэргийлэх  арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ц.ОТГОНЖАРГАЛ