Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00681

 

С.Батбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 474 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч С.Батбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Нарантуяад холбогдох,

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие С.Батжаргалын өмчийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36И байрны 27 тоотод байх Ү-2205002243 улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв хэмжээтэй, 1 өрөө орон сууцыг өмчлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 3 жилийн хугацаатай орон сууцыг хөлслүүлэх, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, төлбөрийг хүлээн авахаар олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Б.Нарантуяад 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 12 сарын хугацаанд, нэг сард 500 000 төгрөгийн хөлстэй амьдрах зориулалтаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Хөлслөгч Б.Нарантуяа нь уг орон сууцанд амьдарч байх хугацаандаа 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш буюу 2015 оны 8 дугаар сарын 25-наас 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй 4 500 000 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Нарантуяагаас 4 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Батбилэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Нарантуяагаас 86 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Батбилэгт олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 474 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг буцаан олгохыг дурджээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Хариуцагч Б.Нарантуяа нь шүүхээс удаа дараа дуудахад хүрэлцэн ирдэггүй, түүнийг шүүх албадан ирүүлсэн бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирж хэргийн материалтай танилцсан байдаг, хэрэв төлөөлөгч нь итгэмжлэлийн хугацаа дууссан байсан юм бол төлөөлүүлэгчдээ мэдэгдэж шүүх хуралдааны товыг хэлэх ёстой байсан.Шүүх нэгэнт хуульд зааснаар шуудангаар шүүх хурлын товыг хариуцагчид хүргэсэн байхад хариуцагч өөрөө хуралдаа хүрэлцэн ирж, хэргийн материалтай танилцах эрхээ эдлээгүй нь нэхэмжлэгч болон шүүхийн буруу биш. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хурлын тов мэдэгдсэн мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан шуудангийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа нь огт ойлгомжгүй, өөрөөр хэлбэл шүүхийн байгууллага шуудангийн байгууллагатай дотоод сүлжээгээр дамжуулан харилцдаг харилцаагаа огт үгүйсгэж, үнэлэхгүй байна гэж үзэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гомдол гаргаж байна гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ.

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад анхан шатны шүүх түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэнийг хариуцагчид тов мэдэгдсэн гэж үзэхгүй гэж магадлалдаа заажээ.

Хариуцагч Б.Нарантуяа нь 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн итгэмжлэлээр Г.Баттогтоход өөрийгөө төлөөлж, иргэн С.Батбилэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийг шүүхэд төлөөлөх, хүсэлт, гомдол, тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, хуулбарлан авах, нотлох баримт гаргаж өгөх, бүх шатны шүүх хуралд оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийн шийдвэрлэх үйл ажиллагаанд хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгожээ. Итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд хүчинтэй гэж заагдсан байна.

Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуралдах шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх үед түүнд олгогдсон итгэмжлэлийн хугацаа дууссан байжээ.

Шүүх хугацаа нь дууссан итгэмжлэл бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Дээрх итгэмжлэлийн хугацаа 1 сар байх боловч уг итгэмжлэлээр олгогдож буй төлөөлөгчийн бүрэн эрх 1 сарын хугацаанд хэрэгжих боломжгүй болох нь тодорхой байна. Жишээлбэл, бүх шатны шүүх хуралдаанд оролцох эрхийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй юм.

Энэ утгаар итгэмжлэлд тусгагдсан хугацаа, төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит боломжтой нийцэхгүй байгаа тохиолдолд итгэмжлэлийн хугацааг төлөөлүүлэгчээс сунгах, эсхүл сунгахаас татгалзсан талаар шүүхэд мэдэгдэх хүртэл шүүх төлөөлөгчийг хэргийн оролцогч гэж үзнэ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4.-т зааснаар төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр  мэдэгдэх үүрэгтэй ба ийм мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болдог байна. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх ёстой байна.

Хариуцагч өөрийгөө төлөөлөх этгээдийг сонгож, түүнд хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон итгэмжлэлээр бүрэн эрх олгосноор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд өөрийн биеэр оролцох эрхээсээ татгалзаж, төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрхээ хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзнэ.

Ийнхүү итгэмжлэлээр олгосон төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон талаар шүүхэд бичгээр мэдэгдэх хүртэл хариуцагч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй болно.

Төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан байх нь төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үйлдэл хийж оролцох эрхийг хязгаарлах үндэслэл болохоос бус шүүхийн зүгээс хэргийн оролцогчоор тодорхойлогдсон этгээдэд шүүх хуралдааны товыг мэдэгдэх ажиллагаанд нөлөөлөхгүй болно. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2.-т зааснаар шүүх хуралдаанд төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, итгэмжлэлийн хугацаа нь дууссан төлөөлөгчийг оролцуулах эсэхийг хянан шийдвэрлэх учиртай.

Иймд итгэмжлэлийн хугацаа дууссан хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэлгүй болно. Харин шүүх ийнхүү тов мэдэгдэхдээ итгэмжлэлийн хугацаа дууссан талаар анхааруулах үүрэгтэй болно.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир хариуцагчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэж үзэхгүй.

2.Хариуцагч Б.Нарантуяад шүүх хуралдааны товыг түүний оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар мэдэгдсэн тухай баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 44.4.-т заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлагын талаарх зохицуулалт нь хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг шүүхэд гаргаж өгөхөд баримтлах журам юм. Хэргийн 22, 26 дугаар талд авагдсан шүүхийн мэдэгдэх хуудас болон мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримт нь хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгч буй баримт биш юм.   

Нөгөө талаар компьютерээс хэвлэж авсан баримтыг хуулбар гэж үзэх, улмаар түүнд “Монгол шуудан” ТӨХК-ийн архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах үндэслэлгүй болно.

3.Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаснаас хойш хариуцагчид хэргийн материал танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасныг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх үзжээ.

Анхан шатны шүүх шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101\Ш32016\30968 дугаартай захирамжаар иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 30 минутаас шүүх хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.

Ийнхүү шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн оролцогчдын хэн алинаас ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаагүй байна. Шүүгчийн захирамж гарснаас хойш хэрэгт авагдсан “хариуцагчид хүргүүлсэн шүүхийн мэдэгдэх хуудас”, “хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримт”, “шүүх хуралдаан даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж”, “хэргийн оролцогчид хэргийн материал танилцуулсан баримт”, “мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай шуудангийн баримт” зэрэгтэй хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхдээ танилцах боломжтойгоос гадна эдгээр баримт нь хариуцагчийн мэдэхгүй, хэргийн үйл баримттай холбоотой нөхцөл байдлыг тодорхойлоогүй, тэдгээртэй танилцаагүй байх нь маргааны талаар мэтгэлцэх эрхийг нь хязгаарлах, зөрчих үндэслэл болохгүй юм.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ямар нэг шалтгааны талаар шүүхэд мэдэгдээгүй тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцох эрхээс гадна хэргийн материалтай танилцах эрхээс татгалзсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2., 77 дугаар зүйлийн 77.1., 77.3.-т зааснаар шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй, улмаар хэргийн оролцогчийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д заасан эрхийг зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийн талаар тайлбар, нотолгоо гаргах хуульд заасан хугацаа олгосон, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бол энэ талаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй хариуцагчийн маргааны зүйлийн талаар мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчдын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн асуудлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий дүгнэжээ. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжтой байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 474 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/06735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 86 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН