Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0084

 

2019 оны 02 сарын 14 өдөр   

  Дугаар 221/МА2019/0084

Улаанбаатар хот

 

 

“У э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэртэй, “У э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэрээр: “...Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай “У э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Шүүх А/609 дүгээр захирамжийн агуулгыг буруу тайлбарлан ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Тодруулбал, тухайн захирамжаар 62 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан, мөн 34 аж ахуйн нэгжийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тэрнээс уг захирамжаар 96 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргаагүй. Гэтэл шүүх маргаан бүхий захирамжийг хэрхэн яаж уншиж ойлгон бүх байгууллага буюу 96 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийг заасан ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан, тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгсөн, аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан гэсэн 3 тохиолдолд л дуусгавар болно гэж заасан. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл олгохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлүүдээр тусгай зөвшөөрлийг чинь дуусгавар болно гэсэн ч өөр үндэслэл, өөр хуулиар тусгай зөвшөөрлийг нь цуцалж болно, цуцалж байна гэж дүгнэх нь эрх зүйт төрөөс ангид, дарангуйллын төрийн дэглэм шиг ойлгогдож байна. Мэргэжлийн байгууллага нь асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломжтой байтал өөрийн дураар огт хамааралгүй хууль хэрэглэж, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байхад газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй гэдэг зохицуулалт бол ашигт малтмал олборлох зориулалтаар газрын хэвлий ашиглагчид хамааралгүй Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулагдаж буй бусад зориулалтаар газрын хэвлий ашиглагчид хамааралтай зохицуулалт юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 638 дугаар[1] тушаалаар “У э” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Морин даваа” гэх нэртэй газарт 32.10 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-016862 дугаар тусгай зөвшөөрлийг олгож, улмаар Нийслэлийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр А/609 дүгээр захирамжаар[2] “тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлийг ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр 33 аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч компани хамрагджээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдаж, тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахаар заасан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:” 37.1.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох эрхтэй байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй бол газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор, мөн зүйлийн 5 дахь хэсэгт газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь актаа хүчингүй болгох замаар дуусгавар болгохоор тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газрын хамтарсан шалгалтаар[3], тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт явуулахад нэхэмжлэгч нь анх тусгай зөвшөөрөл олгосон 2011 оноос акт гарсан 2017 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хүртэл хугацаанд газрын хэвлийг ашиглаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хариуцагч хуульд заасан “газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр дуусгавар болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болгох, цуцлах аль аль үндэслэлд нь газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болсон гэсэн үндэслэл байхгүй” гэж дурдсан ба түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар хязгаарлагдсан эрх, үүргийг эдэлнэ гэж үзэх боломжгүй бөгөөд хуульд газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгох эрхтэй хариуцагч нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан тул дээрх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ хэмээн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан ба Газрын хэвлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино.” заасан тул Газрын хэвлийн тухай хуулиар зохицуулсан харилцаа түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглагчид хамаарахгүй гэж үзэхээргүй байна.

Мөн маргаж буй газарт төмөр хашаа барьж, гэр контейнер байрлуулан хэсэг газрыг цементэлснийг /шүүхээс хийсэн газрын үзлэг[4]/ түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг явуулсан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч “У э” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй, Газрын хэвлийн тухай хуульд заасан үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дуусгах үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э “...хайгуулын ажлын тайлантай холбоотой нотлох баримтыг бүрэн, гүйцэд цуглуулаагүй” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажилтай холбоотой хайгуулын ажил хийж, холбогдох тайлан, судалгааг гаргасан талаарх баримтыг цуглуулаагүй гэж үзэн шүүхийг буруутгах үндэслэлгүй  байна.

Түүнчлэн “хариуцагч акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй” хэмээн маргасан ч хариуцагч захиргааны байгууллагаас 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн үйл ажиллагааг өдөр тутам мэдээлдэг цахим хуудсаар, захиргааны байгууллагаас шалгалт хийсэнтэй холбоотойгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дуусгавар болгох талаар /олон нийтэд/ мэдээлсэн байх тул Нийслэлийн Засаг дарга А/609 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг зөрчиж сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ч холбогдох хуулийн заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0787 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 5 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасныг тус тус баримтлан “У э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-8 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-10 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-37 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-96 хуудас