Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0096

 

Б.А-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн

Газар зохион байгуулалтын албаны даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                    Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг        

Шүүгчид:                         М.Батсуурь

                                             Х.Батсүрэн                         

                                             Д.Мөнхтуяа                              

Илтгэгч шүүгч:  Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал 

Нэхэмжлэлийн шаардлага:...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх     

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0571 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0571 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг тус тус үндэслэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан Б.А-аас нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2-т тус тус заасан үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна. ...Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитын тайлан ҮАГ-НАГ-2019/07/НА болон “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан НТАГ-/2018/002-ГА-д тусгагдсан гэх зөрчлүүд нь үнэндээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Энэ талаарх буюу аудитын тайлангийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэсэгт тайлбарыг гаргаж холбогдох саналын хамт хүргүүлж байсан. Шүүхээс нийслэл дэх Төрийн аудитын газраас баримт шаардсан боловч Б.А-ын гаргаж байсан тайлбар баримтыг ирүүлээгүй байдаг.  

4. Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг дурдвал: Аудитын тайлангийн “Бүлэг 1”-ийн 1.1. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан газар эзэмшүүлэх шийдвэр, үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх” гэсэн хэсэгт:  “Сонгинохайрхан дүүрэг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд 2328 нэгж талбар, 122.7 га “газар олгосон нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4 дэх заалтыг тус тус зөрчжээ” гэжээ. Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж заасан хэдий ч хуулийн энэ заалтыг бодит байдалд хэрэгжүүлэхэд зарим хүндрэл тулгардаг. Тухайлбал, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаа иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргаснаар явагддаг тул тухайн жилд яг хэдэн этгээд газар эзэмших, ашиглах хүсэлт гаргахыг тооцоолох боломжгүй тул тухайн жилд тодорхой байршилд эзэмшүүлж, ашиглуулах газрыг нийт хэмжээгээр төлөвлөдөг.

5. Харин тухайн жилдээ төлөвлөсөн тооны иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргаагүй тохиолдолд тухайн байршилд төлөвлөсөн газрыг дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулна. Тиймээс яг тухайн жилдээ төлөвлөөгүй боловч өмнөх жилүүдэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан газрыг эзэмшүүлж, ашиглуулсан нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар эзэмшүүлж, ашиглуулсан байдалтай харагддаг. Эсрэгээрээ, төлөвлөсөн жилдээ бүгдийг нь олгоогүй үлдсэн газрыг дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар дахин тусгасан тохиолдолд өссөн дүнгээр бодитой байгаа газраас хэд дахин их хэмжээний газар төлөвлөгдөх тул тодорхой байршилд дараагийн жилүүдэд дахин төлөвлөх боломжгүй. Иймд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй эзэмшүүлж, ашиглуулсан газрын талаарх мэдээллийг 2015 оноос өмнөх төлөвлөгөөнүүдэд шалгах шаардлагатай гэж үзэж байна.

6. “Сонгинохайрхан дүүргээс 2017 онд иргэн Б.З-т хашааны 6 газар, 2018 онд иргэн н.Ч-т хашааны 5 газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр олгосон байна”, “иргэдэд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан 2 ба түүнээс дээш нэгж талбар газрыг үнэ төлбөргүйгээр олгож байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулж байна” гэжээ. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ...газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан. Харин иргэнд дээрх зориулалтаар газрыг зөвхөн 1 удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх, эсвэл иргэн дээрх зориулалтаар дахин газар эзэмших хүсэлт гаргах зэргийг хориглосон зохицуулалт хуульд байхгүй байна. Жишээ нь, гэр хороололд гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмшдэг иргэн зуслангийн зориулалттай гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд түүнийг өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшдэг гэсэн үндэслэлээр зуслангийн газар олгохгүй байх, эсвэл зуслангийн газраа дуудлага худалдаагаар авахыг шаардах хуулийн зохицуулалт байхгүй юм.

7. Иймд нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албад нь иргэний гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхдээ тухайн хүсэлт болгож буй газар нь хуульд заасан хэмжээг хэтрүүлсэн эсэхийг хянаж, Засаг даргаар шийдвэрлүүлдэг бөгөөд нэгэнт хуульд заагаагүй тул гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газар эзэмших хүсэлтийг дахин гаргасан иргэнд Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмшүүлдэг. Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний 2 ба түүнээс дээш тооны газар эзэмшүүлсэн нь “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулж байна” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар газрыг зөвхөн хүсэлт гаргасны дагуу эзэмшүүлж, ашиглуулахаар заасан бөгөөд өмнө нь өөр иргэн тухайн газрыг эзэмших хүсэлт гаргасныг татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ иргэн Б.З, н.Ч нарт эзэмшүүлсэн, эсвэл газар эзэмших хүсэлт гаргасан бусад иргэний хүсэлтийг шийдвэрлэж газар олгоогүй атлаа дээрх иргэдэд дахин дахин газар олгосон биш тул төрөөс газар эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.

8. Дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлж, ашиглуулахтай холбоотой захирамжийн төсөл бэлдэх чиг үүрэг бүхий байгууллагын хувьд захирамжуудад иргэдийн овог, нэр, регистрийн дугаарыг алдаатай бичсэн, дугаар, иргэдийн тоо зөрүүтэй зэрэг алдаа гаргахгүй байх талаар цаашид дотоодын хяналтыг сайжруулан арга хэмжээ авч ажиллах болно. “Бүлэг 1”-ийн 1.2. Гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр, үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх” гэсэн хэсэгт: “...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгогдохоор газрыг төсвийн байгууллагын нэрээр эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтаар хуульчилсан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасан “төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг” Засаг даргын захирамжаар дуудлага худалдаагүйгээр эзэмшүүлэхээр заасны дагуу төсөвт байгууллагад газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан. Хуулийн энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан журам болон бусад эрх зүйн баримт бичиг байхгүй тул нэгэнт хуульд заасан шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

9. “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2017 онд төсөл сонгон шалгаруулалт зарлаж 2018 онд газар эзэмших эрх олгосон газруудын 90 гаруй хувь нь дүүргийн Засаг даргын захирамжаар баталсан жагсаалтад тусгагдсан газрын байршил, зориулалт, олгох газрын хэмжээнээс зөрүүтэй”, “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2017 онд өдөр тутмын сонинд 1 зар хэвлүүлсэн ч “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам”-ын 7.2-т заасан газар ашиглалтын зориулалт, хэмжээ, тавигдах шаардлага зэрэг заавал тусгах мэдээллүүдийг тусгаагүй зэргээр үндсэндээ төсөл сонгон шалгаруулалтын журмыг баримтлахгүйгээр газар олгосон, журмын хэрэгжилт хангалтгүй байна” гэсэн дүгнэлтийн талаар: Газрын төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг дүүргийн Засаг даргаас томилсон дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг хэрэгжүүлж, төсөл шалгаруулалтын бэлтгэл ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас хариуцдаг, дүүргийн Газрын алба нь төсөл шалгаруулалт явагдах газрын байршил, хэмжээг харуулсан байршлын зураг болон бусад холбогдох баримтыг бүрдүүлж өгөх үүрэгтэй ажилладаг. Иймд төсөл шалгаруулалтын талаар нийтэд зарлан мэдээлээгүй, зард тусгах ёстой мэдээллийг дутуу тусгасан зэрэг зөрчлүүд нь дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хамааралтай биш байна.

10.  “Бүлэг 2”-ын 2.1. Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээнд заасан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх” гэсэн хэсэгт: “Сонгинохайрхан дүүрэг 176 иргэн, аж ахуйн нэгжид 304.2 га газар талбай нэмэгдүүлж олгосон боловч дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүй” гэх дүгнэлтийн талаар: Зарим иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн эзэмшил газартай залгаа, эсвэл өмнө эзэмшүүлсэн газраас илүү хашсан зэрэг бусдад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлээгүй газрыг нэмж эзэмшихээр хүсэлт гаргасныг газрын төлбөрийн орлого нэмэгдүүлэх, иргэдийн хүсэлтийг хуульд харшлаагүй тохиолдолд хангаж шийдвэрлэх бодлогын үүднээс шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/915 дугаар захирамжийн 1.2 дахь хэсэгт “Захирамжид “дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр дүүргийн Засаг даргын захирамжаар 2003 оноос хойш эзэмшүүлсэн газарт дуудлага худалдааны анхны үнэ ногдуулах ажлыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандан шийдвэрлүүлж” гэсэн заалтыг захирамжийн “хоёр” дугаар хэсэг болгон шинээр нэмж оруулах” гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2013 оноос хойш хуульд дуудлага худалдаагаар олгохоор заасан боловч дуудлага худалдаанаас бусад зарчмаар газар эзэмшсэн этгээдээс газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх эрх хэмжээгүй болсон байна.

11. “Бүлэг 2”-ын 2.3. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байсан газрын зориулалтыг өөрчлөх, хугацааг сунгах шийдвэр, үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх” гэсэн хэсэгт: “Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Шар хөвийн дөрвөлжид байрлах 2.1 га газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/453 дугаар захирамжаар мод үржүүлгийн зориулалтаар 2 аж ахуйн нэгж байгууллагад олгосон ч зориулалтын дагуу ашиглаагүй байхад 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар үйлдвэрлэлийн зориулалттай болгон өөрчилжээ” гэсэн дүгнэлтийн талаар: Дээрх 2 аж ахуйн нэгж нь 2014 оны А/453 дугаар захирамжаар тухайн газрыг эзэмшихдээ газрын дуудлага худалдааны ялагч болж газар эзэмших эрхийг төгрөгөөр авсан /дуудлага худалдааны анхны үнэ болох ...төгрөг төлж газар эзэмших эрхтэй болсон/ бөгөөд газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ирсэн. 2018 онд газар эзэмших зориулалт өөрчлөх хүсэлт гаргасны дагуу гэрээнд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг хянаж, газрын зориулалтыг үйлдвэрлэлийн зориулалттай болгон өөрчилсөн. Газрын тухай хуульд газар ашиглалтын зориулалтыг өөрчлөхийг хязгаарлах, хориглох зохицуулалт байхгүй тул хуулийн этгээдийн хүсэлт болгосны дагуу газар ашиглалтын зориулалтыг өөрчилсөн шийдвэр нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

12. “2018 оны ...иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг түүвэрлэн хянахад Сонгинохайрхан дүүрэг 26-363 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг хэрэгжүүлээгүй байна” гэжээ. Сонгинохайрхан дүүрэг нь 320 гаруй мянган хүн амтай нийслэлийн хамгийн том дүүрэг бөгөөд бүх өрхийн 73 хувь нь гэр хороололд амьдардаг, мөн “Баянголын ам” болон “Ар гүнтийн ам” зэрэг зуслангийн ногоон бүсэд нийслэлийн бусад дүүргээс иргэд ирж зусдаг. Өөрөөр хэлбэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаар үйлчлүүлэх иргэдийн тоо, нэг мэргэжилтэнд оногдох үйлчлүүлэгч иргэдийн тоо бусад дүүрэгтэй харьцуулахад хэд дахин их байдаг тул иргэний өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхэд хуульд заасан хугацаа хэтрүүлэх явдал буурахгүй байна. Иймд хууль зөрчсөн аудитын дүгнэлтийг засч залруулах боломжгүй байсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байсан. Давж заалдах шатны шүүхээс энэхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой.

13. ...Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/186 тоот албан шаардлага болон 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/190 тоот албан шаардлага, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Арга хэмжээ авах тухай” 02-03/2901 тоот албан бичгүүдэд “Эмээлт зах” ХХК-ийг зориулалтын дагуу газраа ашиглаагүйтэй холбоотой авах арга хэмжээний талаар заасан байсан бөгөөд албан бичгүүдийн дагуу “Эмээлт зах” ХХК-д мэдэгдэл албан бичиг явуулсан, энэ талаараа хариуг тухайн байгууллагуудад хүргүүлсэн болно. Харин ч буцаад хариу өгөөгүй алга болцгоосон.

14. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг тус тус хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4.4-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулсан тушаал болон албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасныг зөрчиж сахилгын шийтгэлд гомдол гаргаагүй гэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэнд гомдолтой.

15.  Шүүх хариуцагч байгууллагын албан тушаал бууруулах болон сахилгын шийтгэл оногдуулах тушаалуудыг хүчингүй болгохоор Төрийн албаны зөвлөл шийдвэрлэснийг яагаад биелүүлэхгүй байгаа талаар тодруулж, үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлээгүй. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс холбогдох баримтыг гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг. Хэрэв эдгээр баримтууд бүрэн ирсэн бол Төрийн албаны зөвлөлийн тушаалын үндэслэлийн талаар цуглуулсан баримтууд бүрэн цуглах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзэхэд хүргэж байна.

16. Хэзээ ажлын байраа орхисон гэж ямар цагийн бүртгэл, баримтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид дээрх зөрчлийг гаргасан гэж хэлж байгаагүй, сонсох ажиллагаа ч хийж тайлбар өгөх боломжоор хангаж байгаагүй тул мэдэхгүй байгаа, энэ талаар дахин тодруулж шийдвэрлэж өгөхийг захиргааны хэргийн шүүхээс хүссэн. Анхан шатны шүүх ч энэ талаар тодруулахаар захиргааны маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэж байсан. Ээлжийн амралтын тухайд биеэр эдлээгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байсан болно. Ээлжийн амралтын олговрыг 7 дугаар сард олгосон ба ээлжийн амралтыг дур мэдэн эдэлсэн байтугай, хуулиар олгосон хоногтоо ч биеэр эдэлж амраагүй болно.

17. Нэхэмжлэгч нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж маргаж байгаа бөгөөд Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллавал хууль бус тушаалыг зөвшөөрсөн асуудал болох тул ажиллаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

18. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

19. Анхан шатны шүүх “хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх ...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэнд нийцэхгүй, энэ утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, иймээс мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэсний дагуу давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

20. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэгч Б.А-ыг “... удирдлагаас өгсөн албан даалгаврыг биелүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан, ... гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангаар холбогдох хууль тогтоомжийг зөрчин, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсныг хууль бус гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

21. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай” 12 дугаар албан даалгаврыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт хүргүүлж, хэрэгжилтийг ханган 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тайлан гаргаж ирүүлэхийг үүрэг болгосон байхад нэхэмжлэгчээс 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17/2753 тоот албан бичгээр “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа ...” гэсэн хариуг, мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажил эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 14 дүгээр албан даалгавраар дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөрт багтаан дэлгэрэнгүй тайланг хавсралтын хамт ирүүлэхийг үүрэг болгосон байхад мөн “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа...” гэх хариуг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17/3109 тоот албан бичгээр хүргүүлсэн нь дангаараа маргаан бүхий актад заасан “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй...” буюу Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасан “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх урьдчилан нөхцөлийг бүрдүүлж байна.

22. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь холбогдох албан даалгаварт заасны дагуу ямар ажлыг ямар хугацаанд хийсэн, хийж байгаа, хийх гэж байгаа, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хэрэгжүүлэх боломжгүй бол түүний үндэслэл шалтгаан зэргийг тайлбарласан тайланг заасан хугацаанд хүргүүлэх байтал “ажлын хэсэг ажиллаж байгаа” гэсэн утгатай хариу өгснийг “албан тушаалын чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн” гэж үзэхгүй.

23. Иймд, “аудитын тайланд заасан зөрчлүүд нь зөрчил биш байсан ..., ажлын ачаалал их байдгаас хуульд заасан хугацаанд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх боломжгүй байсан, ...зарим зөрчлүүд нь газрын албанд хамаарахгүй, хууль зөрчсөн аудитын дүгнэлтийг засч залруулах боломжгүй…” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-12-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй. Зүй нь нэхэмжлэгч энэ бүх үндэслэлээ хариуцагчийн өгсөн албан даалгаврын дагуу тайландаа тусгах байжээ.

24. Харин давж заалдах шатны шүүхийн “...Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай 2019 оны Б/114, Б/144 дүгээр тушаалтай нэхэмжлэгч маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг тушаалууд хүчин төгөлдөр байна...” гэж дүгнэсэн нь буруу, учир нь нэхэмжлэгчээс эдгээр тушаалыг хууль бус гэж үзэн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба тус зөвлөлийн 2019 оны 01/1428 дугаар шийдвэрээр дээрх тушаалуудыг хүчингүй болгож, хариу өгөхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад үүрэг болгосон байна. Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын гомдол /Тодорхойлох хэсгийн 14/ үндэслэлтэй, гэвч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй; учир нь сахилгын шийтгэл оногдуулсан тушаалууд хүчинтэй, хүчингүй эсэх нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэхгүй /45 дугаар зүйлийн 45.1.1-д “үүрэг, зорилго, зорилтоо удаа дараа биелүүлээгүй” гэх нөхцөл байхгүй/, иймд “Төрийн албаны зөвлөлөөс холбогдох баримтууд бүрэн ирсэн бол тушаалын үндэслэлийн талаар холбогдох баримтууд цуглах боломжтой байсан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гэх /Тодорхойлох хэсгийн 15/ гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

25. Түүнчлэн, “нэхэмжлэгч нь Б/311 дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болсон гэж маргаж байгаа бөгөөд газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр үргэлжлүүлэн ажиллавал хууль бус тушаалыг зөвшөөрсөн асуудал болох тул ажиллаагүй болно” гэх /Тодорхойлох хэсгийн 17/ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын гомдлыг үгүйсгэхгүй, гэвч энэ нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл биш.

26. “… “Эмээлт зах” ХХК-д мэдэгдэл албан бичиг явуулсан, энэ талаараа хариуг тухайн байгууллагуудад хүргүүлсэн, хэзээ ажлын байраа орхисон гэж ямар цагийн бүртгэл, баримтыг үндэслээд байгаа нь тодорхойгүй, ээлжийн амралтын тухайд биеэр эдлээгүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байсан, ээлжийн амралтын олговрыг 7 дугаар сард олгосон ба ээлжийн амралтыг дур мэдэн эдэлсэн байтугай, хуулиар олгосон хоногтоо ч биеэр эдэлж амраагүй …” гэсэн хяналтын гомдол нь /Тодорхойлох хэсгийн 13, 16/ мөн л маргаан бүхий актыг хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй. Учир нь, уг тогтоолын Хянавал хэсгийн 21-д хийсэн дүгнэлт нь маргаан бүхий актыг зөвтгөх хангалттай үндэслэл болно.

27. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                        Ч.ТУНГАЛАГ 

                          ШҮҮГЧИД                                                               М.БАТСУУРЬ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Х.БАТСҮРЭН                                                                                                                                                                                                                                                                                                Д.МӨНХТУЯА               

                                                                                              Г.БАНЗРАГЧ