Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2021/0003

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Б.А-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр:

 “...Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нар давж заалдах гомдолдоо:

 “...Шүүхээс “...Иймд дээрх дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байх тул хариуцагчаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ” гэж шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан болохоос маргаан бүхий акт заавал үндэслэл бүхий байна гэж заагаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг үндэслэлтэй гэдгээ нотолж чаддаггүй бөгөөд үндэслэлгүй болох нь шүүх хуралдааны явцад тодорхой болдог.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” 45.1.2-т “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл” гэсэн 3 үндэслэлийг зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалттай биелүүлж байсан бөгөөд, маргаан бүхий захиргааны актад чухам ямар үүрэг өгсөн, хэрхэн биелүүлээгүй нь тодорхойгүй байдаг.

Мөн шүүхээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/704, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/1477 дугаар албан бичгүүдээр хариуцагчаас, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс маргаан бүхий акт болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийнхээ хүрээнд ямар ажиллагааг хийсэн болох, Нийслэл дэх Төрийн аудитын газрын НТАГ-12018/02-ГА дугаар бүхий 2015-2017 оны “Нийслэл, дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт, төлбөр хураамжийн байдал, түүний үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тайлан, ҮАГ-НА-2019/07/НА дугаар бүхий 2015-2018 оны “иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д нийцлийн аудитыг тайланд дурдсан зөрчлүүдээс аль аль нь нэхэмжлэгч Б.А-ыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга болсноос хойш хугацаанд хамаарах хийгээд албаны даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралтай гэх нөхцөл байдлыг хэрхэн шалгаж тогтоосон болохыг тодруулсан боловч хариуцагчийн зүгээс энэ талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тухайлсан тодорхой тайлбарыг хийх боломжгүй болохоо илэрхийлсэн байдаг. Ийнхүү гаргасан тушаалынхаа үндэслэлийг холбогдох баримтаар нотолж чадахгүй байсаар байхад шүүхээс “нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулсан маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй” байна гэж үзээд байгаа нь хууль ёсны болохгүй байгаа бөгөөд хэт нэг талыг барьсан шийдвэр болсонд гомдолтой байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А-с Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Үүнд анхан шатны шүүх “...хариуцагчийн зүгээс энэ талаарх тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тухайлсан тодорхой тайлбарыг хийх боломжгүй болохоо илэрхийлсэн...” хэмээн дүгнэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь тухайн хэргийн үйл баримтыг шүүх нэмж тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү тодруулахад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд хэрэгжих зорилготой.

Гэтэл энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх хүлээсэн байхад хариуцагчаас нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх шаардлагагүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалаар Б.А-г “...удирдлагаас өгсөн албан даалгаврыг биелүүлээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан, ажлын цагийг хангалтгүй ашигласан... холбогдох тайлангаар хууль тогтоомжийг зөрчин, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй...” зэрэг үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэгт ажлаас албан тушаал бууруулан Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтэст газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч тушаал гаргасан А.Э нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд миний ажлыг дүгнэх хугацаагаар ажиллаагүй гэж маргаж байгаа боловч, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т “төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх...” гэж заасанчлан нэхэмжлэгч дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.А нь төрийн алба тасралтгүй үргэлжлэх, өмнө нь гаргасан алдаа зөрчлийг арилгах, засан сайжруулах үүднээс ажил үүргийн хуваарийн дагуу дээд шатны захиргааны байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.

Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах тухай” 12 дугаар албан даалгавраар дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт хүргүүлж хэрэгжилтийг ханган 2019 оын 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тайлан гаргаж ирүүлэхийг үүрэг болгосонд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 17/2753 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.А-аас “...иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа...” гэсэн хариу хүргүүлсэн байна.

Удаагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ажил эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 14 дүгээр албан даалгаврыг дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны дарга нарт хүргүүлж тус оны 10 дугаар сарын 04-ний өдөрт багтаан дэлгэрэнгүй тайланг хавсралтын дагуу бэлтгэж ирүүлэхийг үүрэг болгосон боловч нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17/3109 тоот албан бичгээр “...иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа...” гэсэн хариуг дахин хүргүүлж, дээд шатны байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд чиглэсэн ямар нэгэн арга хэмжээ авсан талаарх аливаа тайлбар баримтыг хүргүүлээгүй тул хариуцагчаас нэхэмжлэгч Б.А-г албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулж газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилох болсныг мэдэгдэж гомдол гаргах боломжоор хангасан байна.

Өөрөөр хэлбэл хэдийгээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/97 дугаар захирамжаар А.Э-г Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан ч Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасанчлан түүний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүргийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.А нь хүлээсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Э нь өөрийн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй үйлдэлд Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйл, Нийслэлийн газар зохин байгуулалтын албаны дүрмийн 2.3, 2.5-д тус тус заасны дагуу хариуцлага тооцох үндэслэлтэй байна.

Маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй тухайд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитын тайлан ҮАГ-НАГ-2019/07/НА болон “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан НТАГ-/2018/002-ГА-д тусгагдсан зөрчлүүд 2015-2018 онуудад гарсан бөгөөд уг зөрчлийг арилгах, зохион байгуулалтын арга хэмжээ авах нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон түүний харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албадад хуулиар ногдуулсан үүрэг мөн.

Тайланд тусгагдсан зөрчлүүд нь нэхэмжлэгч Б.А Нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар 2016 онд Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/104 дүгээр тушаалаар бүр томилогдон ажилласнаас харахад нэхэмжлэгчийг ажиллаж эхлэхээс өмнө болон ажиллаж байх хугацаанд хамаарагдаж байх тул зөрчлүүдийг арилгахад чиглэсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх үүднээс удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлээгүй гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Тодруулбал Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72 албан бичгээр “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийгдэж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1043 албан бичгээр уг тайланг эцсийн байдлаар хүргүүлсэн.

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17/2060 албан бичгээр “Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/125 албан бичигт зааснаар нийт 196 иргэн, хуулийн этгээдэд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн” талаар мэдээлсэн боловч албан бичгийн хэрэгжилтийн талаар эргэж мэдээлж тайлагнаагүй.

Харин “Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/22 тушаалаар “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан НТАГ-/2018/002-ГА-г баталгаажуулж илэрсэн зөрчлийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/32 тушаалаар “Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитын тайлан ҮАГ-НАГ-2019/07/НА-ийг баталгаажуулж илэрсэн зөрчлийг тус оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор арилгаж, хариу мэдэгдэхийг зөвлөсөн” учир тайланд тусгагдсан зөрчлүүдийг арилгах хугацаа болоогүй байхад хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга хариуцлага тооцож албан тушаалаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээж авах боломжгүй.

Учир нь Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1113 тоот албан бичгээр 13.459.2 төгрөгийн зөрчил байгааг арилгах шаардлага хүргүүлсэн ба Нийслэл дэх төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 03/186 албан шаардлагаар “Нийслэл дүүргийн хэмжээнд газар зохион байгуулалт, олголт төлбөр, хураамжийн байдал, түүний үр дүн”-д хийсэн нийцлийн аудитаар илэрсэн зөрчил, мөн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 03/190 албан шаардлагаар “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх”-д хийсэн нийцлийн аудитаар илэрсэн зөрчлийг арилгуулах даалгавруудыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.А-д тус тус өгсөн.

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Арга хэмжээ авах тухай” 02-03/2901 албан бичгээр шалгалт хийсний үр дүнд “Эмээлт зах” ХХК нь зориулалтын дагуу газар эзэмшээгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагатайг мэдэгдсэн боловч энэхүү албан даалгавар, шаардлагуудад дурдагдсан зөрчлийг арилгасан эсэх, арга хэмжээ авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасанчлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ буюу үүрэгт ажилдаа нягт нямбай хандан, үр дүнтэй ажиллаж, дээд шатны байгууллага болон хөндлөнгийн хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн албан даалгаврыг гүйцэтгэн, шаардлагуудын хариуг тухай бүр хүргүүлсэн, ажлын цаг цалгардуулаагүй, ажил үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэх тайлбаруудаа нотлох баримтуудыг тухайн дүүргийн Газрын албаны даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан хүний хувьд нотлох үүргээ биелүүлээгүй,  хангалттай нотлох боломжтой байсан гэж үзэхээр байна. 

Нөгөө талаас шүүхээс маргаан бүхий захирамжийн үндэслэлийн талаар захиргааны байгууллагаас бичгийн нотлох баримтуудыг шаардахад энэ байгаа бүх баримтаа шүүхэд өгсөн өөр нэмж өгөх баримт байхгүйгээ тайлбартаа дурьдсан байхад шүүхээс маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Үүнээс гадна Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/114 дүгээр тушаалаар “...хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй...”, 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар “...ажил таслан төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх үүргээ биелүүлээгүй...” гэх үндэслэлүүдээр сахилгын шийтгэл оногдуулсанд нэхэмжлэгчээс маргаагүй буюу тухайн тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, уг тушаалууд нь хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч Б.А нь зохих зөвшөөрөлгүйгээр ажлын байраа удаан хугацаагаар орхин явсан болон ажлын цагийг хангалтгүй ашигласан, иргэдтэй зүй бус харилцдаг болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл, гомдол хүлээн авах бүртгэл болон Нийслэл дэх Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01-04/3490 тоот албан бичигт “...байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-...-д заасныг зөрчиж, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын байраа дур мэдэн орхисон нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг үүгээр мэдэгдье” гэсэн, 2019 оны цалингийн карт, Нийслэлийн засаг даргын тамгын газарт иргэн Ц.Н, Л.Ч, Д.А, Ж.Н нарын хүргүүлсэн гомдол, хүсэлт зэргээс үзвэл хуваарийн дагуу ээлжийн амралт эдлээгүй, ажил үүргээ албан тушаалын тодорхойлолтод заасанчлан хийж гүйцэтгээгүй нь нотлогдож байх тул маргаан бүхий актын тухайд хариуцагчийг буруутгах үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хэдийгээр нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч маргаж байгаа боловч түүнийг энэхүү тушаалаар тус албаны Газрын үнэлгээ, төлбөрийн  хэлтэст Газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр томилсон байхад тухайн ажил үүргийг эрхлэлгүй орхисон нь төрийн албаны тасралтгүй үйл ажиллагаа доголдох, захиргааны байгууллагын захирах, захирагдах зарчмыг алдагдуулсан нь хариуцагчийн уг албан тушаалд одоо хүртэл хүн томилоогүй байгаа гэснээр нотлогдож, нэхэмжлэгчийг зөвтгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д заасныг баримтлан Б.А-с Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/311 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ШҮҮГЧ                                                                 Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА