Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2016/0898/З |
Дугаар | 221/МА2019/0096 |
Огноо | 2019-02-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0096
2019 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2019/0096 | Улаанбаатар хот |
Ж.Г-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Ж.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Д.О, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэртэй, Ж.Г-гийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2018/0802 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Цагдаагийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилж, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохыг хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Г давж заалдах гомдолдоо: “...Тахарын ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.Г-д төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэлгүй, эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь шилжиж буй байгууллага, албан тушаалд шилжүүлэн томилолгүй шууд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн актаар нэхэмжлэгчийг төрийн албанаас бүр чөлөөлсөн байхад шүүх зөрүүтэй дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн сэргэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтны ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нь гаргуулахгүй шийдвэрлэж байгаа нь ямар тооцооллыг үндэслэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох суутгалыг хийх нь ойлгомжгүй шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болголоо.
Иймд Тахарын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/247 дугаар тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох цалин хөлсийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д давж заалдах гомдолдоо: “...Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Үнэнбатын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1-3/58 дугаар албан бичгээр цагдаагийн байгууллагад ажилд томилуулахаар Тахарын ерөнхий газарт ажиллаж байсан зарим албан хаагчдын нэрсийн жагсаалтыг ирүүлсний дагуу цагдаагийн байгууллагад шилжин ирсэн албан хаагчдын боловсрол, мэргэжил, ажлын туршлагыг харгалзан албан тушаалд томилон ажиллуулсан. Уг албан бичигт Ж.Г-гийн нэр байгаагүй болно. Хүний нөөц, сургалтын хэлтсээс Ж.Г-тай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, цагдаагийн байгууллагын хэмжээнд одоо байгаа ажлын байрны сул орон тооны талаар мэдээлэл өгч, цагдаагийн бага цолны албан тушаалын сул орон тоонд шууд томилон ажиллуулж, цаашид шилжилт хөдөлгөөн хийх замаар тохирох ажлын байраар хангах боломжтой талаар санал тавихад Ж.Г санал болгосон албан тушаалд ажиллахаас татгалзсан байдаг.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Г-г ажилд томилохгүй ямар эс үйлдэхүй гаргасан нь тодорхойгүй байна. Ажлаас чөлөөлж, нэг удаагийн тэтгэлэг олгосон шийдвэрийн эрх залгамжлагчаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг тогтоож, хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/437 дугаар тушаалаар Эрэн сурвалжлах хэлтэст оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг байгуулсан хэдий ч нэхэмжлэгчийг тухайн ажлын байраар хангах үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гэж үзэж хариуцагчийн зүгээс үзэж байх ба хуулийн дагуу томилогдон албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчих нөхцөл бүрдэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Тахарын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/138 дугаар[1] тушаалаар тус газрын Хуяглан хүргэх хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ж.Г-г үүрэгт ажлаас чөлөөлж, Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар томилсон байна.
Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор[2] Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор[3] Тахарын ерөнхий газрыг татан буулгаж, чиг үүргийг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Тахарын ерөнхий газрын дарга мөн оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэр бүхий албан хаагчдыг Б/247 дугаар тушаалын[4] нэгдүгээр хавсралтаар Цагдаагийн байгууллагын мэдэлд, хоёрдугаар хавсралтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн бөгөөд уг тушаалын гуравдугаар хавсралтаар үлдэх албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор Ж.Г багтсан байна.
Анхан шатны шүүх Ж.Г-гийн ажиллаж байсан Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргын чиг үүрэг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд хадгалагдаж үлдсэн талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилж шийдвэрлэсэн атлаа ажлаас чөлөөлсөн маргаж буй Б/247 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
Өөрөөр хэлбэл, Ж.Г-г ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон тушаал хэвээр үйлчилж байхад түүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд томилогдох эрхтэй гэж үзэн шүүхээс уг нэхэмжлэгчийг албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх боломжгүй.
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар, төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгохоор зохицуулсан байна.
Төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар хуульчилсан бөгөөд Тахарын ерөнхий газрын даргын Б/247 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон нь дээрх хуулийг зөрчсөн байхад анхан шатны шүүх “Тахарын алба татан буугдсаны улмаас тушаалын Ж.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй, Тахарын албанаас чөлөөлсөн заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр Тахарын ерөнхий газар татан буугдсан байх боловч чиг үүргийг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан нийлүүлэн нэгтгэх замаар албан хаагчдыг ажлын байраар хангасан байх боловч тушаалын гуравдах хавсралтаар Ж.Г-г чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй, чиг үүрэг нь шилжсэн албан тушаалд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахаар шилжүүлээгүй нь хууль бус байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүргийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар руу шилжсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/437 дугаар тушаалаар[5] Тахарын ерөнхий газар татан буугдаж, хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах хэлтэст Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийг /Тасгийн дарга-1, Ахлах төлөөлөгч 3, Төлөөлөгч-6/ шинээр байгуулсны дараа мөн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/23 дугаар тушаалаар[6] зохион байгуулалтын бүтэц өөрчлөлт оруулж дээрх Б/437 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд энэ хугацаанд Оргон зайлсан яллагдагчийг эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд хэн нэгэн этгээд томилогдон ажиллаагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.
Үүнээс үзвэл, Цагдаагийн ерөнхий газар нь тухайн албан тушаалд Ж.Г-г томилон ажиллуулах боломжтой байсан бөгөөд маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүйд хүрчээ.
Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгчид шууд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд томилогдон ажиллах эрхээр нь хангаагүй, аливаа нэг ажлын байр санал болгоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар мөн нотлогдож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж заасны дагуу Ж.Г-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Тахарын албаны эрх залгамжлагчаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргыг татсан.
Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...ажлаас чөлөөлсөн шийдвэрийн эрх залгамжлагчаар Цагдаагийн ерөнхий газрын даргыг тогтоож хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна” гэж дурдсан бөгөөд хэдийгээр Тахарын ерөнхий газрын дарга Ж.Г-г чиг үүрэг нь шилжсэн Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын /шинэ бүтцийн нэр/ албан тушаалд томилоогүй ажлаас чөлөөлсөн ч Цагдаагийн ерөнхий газрын даргыг уг тушаалаас үүдэн гарсан үр дагаврыг хариуцах ёсгүй гэж үзэхгүй юм.
Учир нь Тахарын алба татан буугдаж, тус байгууллагын зарим чиг үүрэг цагдаагийн байгууллагад шилжсэн төдийгүй, ажиллаж байсан албан хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлсний дагуу тухайн албан хаагчдыг томилох, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн албан хаагчийг ажлын байраар хангах эрх, үүрэг нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргад шилжсэн тул дээрх гомдлыг хүлээн авахааргүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/591 дүгээр тушаалаар гуравдагч этгээд Б.Б Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргаар томилогдсон бөгөөд хариуцагч Ж.Г-г чиг үүрэг нь шилжсэн уг албан тушаалд томилох үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул сүүлд томилогдсон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй.
2. Нэхэмжлэгчийн гаргасан “ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаас үзвэл ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн албан тушаалтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор байна.
Ж.Г-гийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь Эрүүгийн цагдаагийн Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаалд хадгалагдаж үлдсэн, одоо тухайн албан тушаал нь байгаа гэх үндэслэлээр түүнийг уг албан тушаалд томилж шийдвэрлэсэн атлаа зөрүүтэй дүгнэлт хийж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь Тахарын ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын даргаар ажиллаж байхдаа төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээний ТТ-16 зэрэглэлийн 3 дугаар шатлал /828.923/-аар цалинжиж, удаан жилийн нэмэгдэл 207.231 төгрөг авдаг[7] байсан бол шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдож буй Эрүүгийн цагдаагийн Эрэн сурвалжлах хэлтсийн Эрэн сурвалжлах тасгийн даргын албан тушаал нь төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээний ТТ-13 зэрэглэлээр цалинждаг нь ажлын байрны тодорхойлолтоос[8] харагдаж байна.
Иймд ажилгүй байсан 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй /ТТ-13 зэрэглэл/ тэнцэх олговор, нэмэгдлүүдийг Ж.Г-д зохих журмын дагуу бодож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-85 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-48 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-135 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-25 хуудас
[5] Хавтаст хэрэг 2-38 хуудас
[6] Хавтаст хэрэг 2-78 хуудас
[7] Хавтаст хэрэг 1-86 хуудас
[8] Хавтаст хэрэг 3-202 хуудас