Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2019/0801/З |
Дугаар | 001/ХТ2021/0097 |
Огноо | 2021-03-29 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2021/0097
“С г к т” ХХК-ийн
нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын
тосны газрын Кадастрын хэлтсийн
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч “Х х б” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0663 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2020/0663 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд “Х х б” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр гарахаас өмнө барьцаалагч “Х х б” ХХК-д мэдэгдээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 663 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Г т-1” гэх газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан, уурхайн үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг бүхий л үйлдэл нь төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийн хүрээнд хийгдсэн болох нь тогтоогдож байгаа.
4. Гэтэл хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 405 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-017038, МV-019036 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцалж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 24 дүгээр зүйлийн 24.1-24.4, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.4-27.7-д тус тус заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4-т заасныг зөрчсөн нь тогтоогдож байна. Хариуцагч ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах тухай асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхээр хуульчилж өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу цуцалж байгаа тохиолдолд мөн хуулийн 56.2-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч болох нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар, нотлох баримт гаргах боломжийг олгох журамтай. Хариуцагч нь нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын МV-017038, МV-019036 дугаар тусгай зөвшөөрлүүдийг цуцлахдаа уг харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
5. Харин давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хууль зүйн хариуцлага хүлээлгэх үндэслэл бий болсон эсэх, хууль зөрчсөн ямар буруутай үйл ажиллагаа тогтоогдож байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр, гагцхүү Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан. “Мэдэгдэх ажиллагаа”-г зөрчсөн гэх хэлбэрийн төдий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй.
6. Учир нь захиргааны байгууллага бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Иймээс анхан шатны шүүхийн “...хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нотлох баримт, тайлбар гаргах боломжийг олгоогүй нь хуульд нийцээгүй гэж дүгнэлээ...” гэсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ. Дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хэрэгжүүлэх үүрэгтэй. Маргаан бүхий захиргааны актыг хариуцагч гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулиар хийж гүйцэтгэх ажиллагааг хийгээгүй хариуцагчийн үйлдэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байж “...“Мэдэгдэх ажиллагаа”-г зөрчсөн гэх хэлбэрийн төдий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” хэмээн анхан шатны шүүхийг буруутгаж байгаа нь хариуцагчийг хууль зөрчих, Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байх боломжийг олгосон гэж үзэхээр байна.
7. Мөн шүүх “хариуцагч талаас “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасан тул сонсох ажиллагаа болон урьдчилан мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргах эрхтэй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзлаа илэрхийлсэн байхад “нийтийн ашиг сонирхол” гэдэгт ямар нөхцөл байдлыг хамааруулж шийдвэрээ гаргасан эсэх, уг нөхцөл байдал нь тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй”, мөн маргаан бүхий захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг хариуцагч үндэслэсэн байдаг, үнэхээр нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байсан бол түүнийгээ нотолсон баримтыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй, харин гаргаж өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл болохгүй юм. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
9. Нэхэмжлэгч “С г к т” ХХК-ийн MV-017038, MV-019036 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 405 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-ын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/5540 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/01 тоот дүгнэлтэд үндэслэн гарсан, энэ тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийн зүгээс нэг бол цуврал акт тус бүрт /тус тусдаа эрх зүйн үр дагавартай бол/, эсхүл эцсийн шийдвэрт нь маргах боломжтой.
10. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс эцсийн шийдвэр болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрт маргасан ба шүүхээс тухайн акт хууль ёсны эсэхийг хянан шийдвэрлэхийн тулд маргаан бүхий актын үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэсэн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болсон эсэхийг шалгах зайлшгүй шаардлагатай.
11. Гэтэл анхан шатны шүүх “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын агуулга буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоосон төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт байгаа эсэх, уг дүгнэлт үндэслэлтэй эсэхийг шалгалгүй, зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.3-т заасан “шийдвэр гаргах ажиллагааны алдаа”-тай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
12. Өөрөөр хэлбэл, шүүхээс маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл бодит байдалд бий болсон эсэхийг шалгахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлт бодитой эсэхийг зайлшгүй шалгах шаардлагатай ба үүнийг “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн” гэж үзэхгүй.
13. Ийнхүү анхан шатны шүүх актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан /мөн дүгнэлт өгөлгүйгээр/ байхад шүүхүүдийн дүгнээгүй асуудалд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-7-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
14. Мөн анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан бусад үндэслэлийг тодруулж, дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.
15. Иймд, шүүх бүрэлдэхүүн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Х.БАТСҮРЭН
Б.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Г.БАНЗРАГЧ