Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01168

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/01168

 

 

 

ӨВП ХХН--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ӨВП ХХН--ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч М.А-т холбогдох,

Орон сууц чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах үндсэн,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, бие даасан шаардлага гаргаагүй Эс Си Си трейд ХХК, Ч ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.А-, түүний өмгөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай нөхөрлөлийн өмчлөлийн Ү-2201053369 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Ч ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж амаар харилцан тохиролцсон боловч тухайн гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Т ХХК-д Ч ХХК нь бүрэн гүйцэт бетон зуурмагаа нийлүүлээгүй. Хамгийн сүүлд өгсөн дээврийн бетон нь чанарын шаардлага хангаагүйгээс болж маргаан үүссэн. Үүнтэй холбоотойгоор Т ХХК-аас ӨВП ХХН--д төлбөр тооцоог нэг ч удаа хийж байгаагүй. Гэтэл Ч ХХК-ийн захирал н.Б- тухайн орон сууцыг үзэх гэсэн юм гэж анх түлхүүрийг авсан бөгөөд түлхүүр авч ирж өгөхгүй 5, 6 сар өнгөрсөн. Улмаар түлхүүрийг цааш дамжуулж М.Амарбатад шилжүүлсэн байсныг сүүлд орон сууцанд очиж мэдсэн. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан гэрээний нэг тал нь ӨВП ХХН-, нөгөө тал нь Ч ХХК байгаа. Ч ХХК нь ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Одоогийн байдлаар тус орон сууцанд М.А- амьдарч байгаа. Иймд М.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү, мөн 2019 оны 12 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл түрээсийн төлбөрийг сарын 300,000 төгрөгөөр тооцож, нийт түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

М.А- нь ЭССДТ ХХК-аас цалингийн зээл болон урамшууллаараа тус байрыг худалдаж авсан. ЭССДТ ХХК нь Ч ХХК-д бетон зуурмагийн узелийг түрээсэлсний төлбөрт энэ байрыг Ч ХХК-аас авсан. ЭССДТ ХХК нь өөрийнхөө ажилтан М.А-т шууд шилжүүлж өгсөн. Ч ХХК нь Т ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрт тус байрыг авсан. Гэрээний хувьд бетон зуурмагаа бүрэн нийлүүлж дууссан ба төлбөр мөнгөний асуудал дууссан, төлбөрт нь энэ байрыг шилжүүлж авахаар тохиролцсон. Бетон зуурмагийн гэрээ 2018 онд хийгдсэн. Байрыг шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ нь 2019 онд хийгдсэн. Товч тайлбарлавал бетон зуурмаг нийлүүлснээс хойш Ч ХХК нь Т ХХК-д төлбөр тооцоогоо авъя гэдэг шаардлагыг тавьж байсан. Үүний үр дүнд Т ХХК ӨВП ХХН--ийн байрыг шилжүүлж өгөхөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн ба үүний үр дүнд шилжүүлсэн. М.А-т тус байрыг шилжүүлж, тэрээр 2 хувийн татвар болох 720,000 төгрөгөө ӨВП ХХН--д төлсөн. 720,000 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаад 654,000 төгрөгийн ӨВП ХХН- нь татварын албанд төлсөн. Иймд гэрээний дагуу шударга эзэмшигч, тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч учраас түрээсийн төлбөрийг төлөхгүй, орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие дээрх гэрээ тохиролцооны дагуу шилжиж ирсэн байрыг ЭССДТ ХХК-аас цалингийн гэрээ хийж сар бүр 500,000 төгрөг цалингаасаа суутгуулж төлбөрийг нь төлөхөөр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус байранд нүүж орсон. ӨВП ХХН- нь эд хөрөнгө өмчлөх эрхийг Ч ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх, тайлбар, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах бүрэн эрхийг М.А- миний биед итгэмжлэл олгосон. Үүний дараа үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан татвар болох 2 хувийн 720,000 төгрөгийн татварыг би ӨВП ХХН--ийн нягтлангийн данс руу хийж Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст тушаалгахаар шилжүүлсэн. Гэтэл ӨВП ХХН- нь 720,000 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаж авч үлдэн 654,545 төгрөг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн. Би холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн татвар төлсөн баримтаа өгсөн. Хан-Уул дүүргийн үл хөдлөх дээр бүртгүүлж гэрчилгээгээ авах гээд материалаа өгсөн боловч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2 хувийн татвар дутуу шилжүүлсэн нэмж төлөөд бүртгэлд бүргүүл гэсэн. Би байрны төлбөр болох 36,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг өөрийн компани болох ЭССДТ ХХК-д төлсөн харин үлдэгдэл 18,000,000 төгрөгийг манай компаниас урамшуулал болгож надад өгсөн. Иймд одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, 39 дүгээр байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ӨВП ХХН--д даалгаж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Анх 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр худалдагч Ч ХХК болон худалдан авагч Т ХХК нар нь хоорондоо барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдагч тал нийт 27,507,000 төгрөгийн бараа материал нийлүүлэх болон худалдан авагч тал ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн 80%-ыг бартераар шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Харин гэрээний нийт үнийн 20% нь бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцож байгуулсан. 80 хувийн бартерт ӨВП ХХН--ийн өмчлөл дэх Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 дүгээр байр, 000 тоот хаягт байрлалтай 28 м.кв, нэг өрөө орон сууцыг 36,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу Ч ХХК нь Т ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх, Т ХХК нь бетон зуурмагийн төлбөрт дээрх орон сууцыг Ч ХХК-д өгөх, эргүүлээд тус орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай ӨВП ХХН--д төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл уг 1 өрөө орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай хуулийн фирмд одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учраас тус орон сууцны өмчлөлийг шилжүүлэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т ХХК-ийн тайлбарын агуулга:

Т ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ч ХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Ингэхдээ ӨВП ХХН-өөс тэдний нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 000 тоотод байрлах 28 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч Ч ХХК-д өгөх тухай яриа хэлэлцээрийг хийсэн. Гэтэл 219 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө манай компанийн зүгээс тухайн орон сууцны төлбөр болох 36,000,000 төгрөгийг ӨВП ХХН--д шилжүүлж төлбөрийг төлж чадаагүй буюу тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болсон. Өөрөөр хэлбэл, талуудын тохиролцсоноор орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид өгөөгүй учир орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг дэмжиж байна.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч ХХК-ийн тайлбарын агуулга:

Манай Ч ХХК нь ӨВП ХХН--ийн байрыг Т ХХК барилгын материал нийлүүлэх гэрээний төлбөрт авсан. Учир нь тус гэрээний төлбөрт өгнө гэж ӨВП ХХН- захирал М.АБ- ирж бидэнд итгүүлсэн учраас бид байрыг бетоны төлбөрт авна гэж гэрээ байгуулсан. Бетон зуурмаг бүрэн нийлүүлж дууссан бөгөөд уг гэрээний төлбөрт өгнө гэсэн байрыг бид авах нь хуульд нийцэж байгаа гэж ойлгож байгаа. Нэгэнт бетон нийлүүлж дууссан гэрээний төлбөрт тохирсон ёсоор байр шилжүүлэх гэрээ хийгдсэн учраас манай компани тус байрыг ЭССДТ ХХК-ийн түрээсийн төлбөрт шилжүүлж өгсөн.

Одоо уг байранд ЭССДТ ХХК-ийн ажилтан М.А- амьдарч байгаа бөгөөд тус байрыг манай компани түүний өмч гэж үзэж байна. Иймд ӨВП ХХН--ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож М.А-ын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭССДТ ХХК-ийн тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэл гаргасан М.А- нь манай компанийн ажилтан бөгөөд маргаан бүхий орон сууцыг манай компани Ч ХХК-ийн бетон зуурмагийн узелийн түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан байр юм. Бид энэхүү байрыг түрээсийн төлбөрт аваад М.А-т цалингийн зээлээр өгсөн бөгөөд М.А- нь одоог хүртэл энэхүү байранд амьдарч байгаа учраас түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу Ү-2201053369 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 000 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны өмчлөгчөөр М-ын А /РД:УЗ88123110/-ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ӨВП ХХН--д даалгаж, ӨВП ХХН--өөс М.А-т холбогдуулан гаргасан Ү-2201053369 дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ӨВП ХХН--өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч М.А-т олгож шийдвэрлэсэн байна.

 

9. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч ӨВП ХХН- болон Ч ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г анхнаасаа хүчин төгөлдөр бус байгаагүй. Харин улсын бүртгэлд 14 хоногийн дотор бүртгүүлээгүй, хугацаа өнгөрсөн учраас гэрээг хуулийн хэлбэрийн шаардлага хангаагүй учир хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан. ӨВП ХХН--ийн зүгээс Ч ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Зөвхөн М.А-ыг орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан. ӨВП ХХН-, М.А- нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй. Т ХХК-аас гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй учраас тухайн орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа хойшилсон. Өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй тул Ч ХХК эсвэл М.А-ын нэр дээр шилжүүлээгүй. М.А- тухайн орон сууцыг шударгаар эзэмшдэг гэж тайлбарладаг.

2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ч ХХК, Т ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэлд миний бие оролцсон. Энэ өдрөөс хойш Ч ХХК-ийн захирал тухайн орон сууцыг үзнэ гэж надаас түлхүүр аваад явсан. Гэвч хэдэн сарын дараа тус байранд очиход М.А- амьдарч байсан. Т ХХК орон сууцыг ЭССДТ ХХК-д, ЭССДТ ХХК, М.А-т шилжүүлэн өгсөн байсан. Т ХХК өөрийн эзэмшил, ашиглалтад хууль ёсоор шилжүүлж аваагүй орон сууцны түлхүүрийг цааш нь 2 этгээдэд дамжуулж зарсан. Иймд М.А- тус орон сууцад 2018 оноос хойш хууль бусаар оршин сууж, амьдарч байна. Анхан шатны шүүх дээрх дурдсан баримтуудад хууль зүйн буруу дүгнэлт гаргаж, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийг үндэслэн тухайн орон сууцны өмчлөгч М.А-ыг тогтоосон. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө учраас зайлшгүй улсын бүртгэлд бүртгүүлсэнээр гэрээ хүчин төгөлдөр болох нарийвчилсан зохицуулалтыг шүүх буруу дүгнэсэн. М.А- Ч ХХК-ийн өмнөөс сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй, хууль зүйн үндэслэлгүй, гэрээтэй холбоотой шаардлага гаргах боломжгүй. Гэвч шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрхийг тодорхойлдог. Тус орон сууц ӨВП ХХН--ийн өмчлөлд бүртгэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

10. Давж заалдах гомдолд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хуульд нийцсэн. Тус орон сууцны төлбөрийг буцаан авах талаар дурдаагүйг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. М.А- тус орон сууцыг ЭССДТ ХХК-аас худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн ӨВП ХХН--д очиж, татварт 750,000 төгрөг төлсөн. Гэвч ӨВП ХХН- улсын бүртгэлд тодорхой мөнгөн дүнг шилжүүлээгүй тул бүртгэлийн үйл ажиллагаа зогссон. Шүүх нэхэмжлэгчийн эс үйлдэхүйн улмаас бүртгэл хийгдээгүй болохыг зөв дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

11. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ӨВП ХХН-, хариуцагч М.А-т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053369 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол(18082), 39 байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичиг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ч ХХК, Т ХХК-уудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулж, Т ХХК нь Ч ХХК-д, уг гэрээний 4.2.1-т зааснаар гэрээний төлбөрт, бартераар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын хажууд байрлах 1 өрөө, 28 м.кв орон сууцыг 36,000,000 төгрөгт тооцон нийлүүлэхээр тохиролцсон байна./хх 42-45/

 

2.а. Нэхэмжлэгч ӨВП ХХН--өөс 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ч ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, 000 тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 36,000,000 төгрөгөөр худалдаж, үнийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төлж дуусгахаар тохиролцож, гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх 19/

 

2.б. Ч ХХК нь төлбөрийн үүрэгт шилжүүлэн авсан гэх дээрх үл хөдлөх хөрөнгийг ЭССДТ ХХК-д бетон зуурмагийн узелийн төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон болох нь Ч ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн огноотой бичгийн баримт, мөн гэрч Л.Б-ийн мэдүүлэг зэргээр нотлогджээ. /хх 32-р хуудасны ар тал, 80/

 

2.в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ЭССДТ ХХК, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр М.А-т үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр, Ч ХХК-аас бартераар авсан талуудын маргаж буй дээрх орон сууцыг 36,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байна./хх 60/

 

3. Т ХХК-ийн, Ч ХХК-д төлөх бетон зуурмагийн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий орон сууцаар гүйцэтгэхээр тохиролцож, тухайн үл хөдлөх хөрөнгийг Ч ХХК-д шилжүүлэхээр гэрээ хийсэн, Т ХХК нь нэхэмжлэгчид орон сууцны төлбөрийг төлөөгүй, Ч ХХК орон сууцыг ЭССДТ ХХК-д мөн төлбөрийн үүрэгт шилжүүлсэн, улмаар ЭССДТ ХХК-аас хариуцагч М.А-т худалдсан үйл баримтын тухайд зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч М.А- хууль бусаар эзэмшиж байгаа эсэх, тэрээр өмчлөх эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

4. Хариуцагч М.А-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь ЭССДТ ХХК нь маргаан бүхий орон сууцыг 36,000,000 төгрөгөөр хариуцагч М.А-т худалдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ӨВП ХХН- нь эд хөрөнгийн улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй байхад Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөгчийн эрхийг зөрчиж, түүний эд хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд ЭССДТ ХХК -аас, хариуцагчид худалдсан хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.

 

4.а. Иймд хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

5. Мөн дээр дурдсан нэхэмжлэгч болон Ч ХХК-уудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлэгдсэн боловч, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэгдээгүй, мөн нэхэмжлэгч болон хариуцагч М.А- нарын хооронд маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах талаар эрх зүйн харилцаа үүсээгүй, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон сууцыг өөр этгээдүүдийн хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч бүртгэлтэй байх тул мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал буюу өмчлөгч нь хариуцагч М.А-аас хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн гаргасан уг шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

5.а. Харин нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууцыг хөлслөх, түрээслэхээр тохиролцсон талаар нотлох баримтгүй байх тул түрээсийн төлбөр нэрээр 8,400,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2023/01288 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ӨВП ХХН--ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201053369 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол(18082), 39 байр, 000 тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг хариуцагч М.А-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлээс үлдэх түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч М.А-ын, нэхэмжлэгч ӨВП ХХН--д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан өөрчилж, нэхэмжлэгч ӨВП ХХН--өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч М.А-т гэснийг хариуцагч М.А-аас 219,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ӨВП ХХН--д гэж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ