Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01157

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01157

 

 

Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01621 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13333/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай 26.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнаас хариуцагч Б.П-ыг албадан гаргаж, нэхэмжлэлийг шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөрт 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 864,000 төгрөг нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Л-гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.П-т олгох, хариуцагч Б.П-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-166/19352 дугаартай Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай Б.Л-д, мөн өдрийн 4-166/19353 дугаартай Т.Д-, Д.Н- нарт тус тус хаягласан албан бичигт дээрх хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 741,905,940 төгрөгөөр үнэлснийг талаарх дурдсан, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан болно.

ХЭ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хамтран өмчлөгч Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нийт 71,905,940 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй байна гэж бид үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ГХ2022/00987 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөрт хураан авах зорилгоор битүүмжилж, хураасан Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034020 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13333/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай 26.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийг ХЭ ХХК нь 71,905,940 төгрөгөөр үнэлснийг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч Б.Л- шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Хариуцагч Б.П- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13333/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай 26.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Л-д суллаж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг Т.Д-, Б.Л-, Д.Н- нарт удаа дараа хүргүүлсэн.

Төлбөр төлөгчийн төлбөрт дээрх хаягт байрлах 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22380740/07 тогтоолоор битүүмжилж, 09 дүгээр сарын 21-ний өдрийн 223800740/166/09 тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/306 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор ХЭ ХХК-ийн томилсон ба зах зээлийн үнэ болох 71,905,940 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайланг талуудад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-166/19351, 4-166/19352, 4-166/19353 тоот мэдэгдлээр танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 71,905,940 төгрөгийн 70 хувь болох 50,334,158 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/33 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг талуудад мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Д-, Б.Л-, Д.Н- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.П-ыг орон сууцнаас албадан гаргаж, Б.Л-гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.П-т олгохоор шийдвэрлэсэн. Б.Л- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэлээр Б.П-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр оролцож хэргийн материалтай танилцахад Б.Л-гийн хүсэлтээр хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Л-д төлбөр төлөгчөөр бүртгэж, 31,000,000 төгрөг гаргуулах ажиллагаа явагдсан нь хууль зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй. Хоёр төлбөр авагчийн нэг нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу ажиллагаа явагдсан. Анхан шатны шүүх нэг гүйцэтгэх хуудас бичигдэж, шүүхийн шийдвэрийг нэг удаа гүйцэтгэх ёстой гэж дүгнэдэг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцэхгүй. Хоёр төлбөр авагчийн хүсэлт гаргасан талын ажиллагааг шийдвэр гүйцэтгэх газар явуулах ёстой. Гэтэл хүсэлт гаргаагүй талын төлбөр гаргуулах ажиллагааг энэ ажиллагаатай зэрэг явуулж төлбөр авагчийн эрхийг зөрчсөн. Иймд шийдвэр гүйцэтгэгч нь Б.П-ыг орон сууцнаас албадан гаргах ажиллагааг гүйцэтгэж, Б.Л-тэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаах ёстой. Б.П- нь 31,000,000 төгрөгийг албадан гаргуулах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж, энэ дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах ёстой. Б.Л-гийн хүсэлтээр хийгдэж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зэрэг ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн.

4.б. Хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2022.05.23-ны өдрийн 22380740 дугаартай тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь ХЭ ХХК-ийг шинжээчээр томилох, уг компаниар хөрөнгө үнэлгээний тайланг гаргуулах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байсан гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа болно.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... энэ хуулийн 187 дугаар зүйлд гүйцэтгэх хуудасны агуулгад заавал тусгагдах зүйлс тодорхойлогдсон...гэж дүгнэсэн боловч уг зүйлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоныг дурдах нь зүйтэй байна.

Иймд ХЭ ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайланг хүчингүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч Т.Д-, Б.Л-, Д.Н- нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаар шийдвэрээр Б.Л- Б.П- нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.П-аас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, /13333/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 81 дүгээр байрны 00 тоот хаягт байрлалтай 26.98 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Д-, Б.Л-, Д.Н- нарт хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 3,164,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Л-гээс 10,300,000 төгрөгийг гаргуулж Б.П-т олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 81 дүгээр байр, 00 тоот орон сууцнаас хариуцагч Б.П-ыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,00,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 864,000 төгрөг нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Л-гээс 31,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.П-т олгож шийдвэрлэсэн байна. /хх48-61/

 

3. Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр битүүмжилж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцсэн. /хх 47, 68-69, 71-72/

 

4. Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Т.Д-, Б.Л- нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөө 75,000,000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлсэн. Харин төлбөр авагч Б.П- нь 42,000,000 төгрөг үнэлсэн байх ба үнийн зөрүүтэй санал ирүүлсэн тул 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ХЭ ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

/хх73,75-78/

 

4.а. ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Б- нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /хх 80/

 

5. ХЭ ХХК-ийн үнэлгээчин Б.Б-гийн гаргасан, дээрх хаягт байрлах 26,98 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 71,905,940 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хуульд заасан арга хэрэгслэлээр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна./хх 86-104/

 

6. Нэхэмжлэгч нар нь зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 

7. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 71,905,940 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нарт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлэн, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн байна. /хх106-108/

 

7.а. Нэхэмжлэгч нар нь үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нэхэмжлэлийн ар тал дахь шүүхийн дардсаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

8. Мөн нэхэмжлэгч талаас, Б.П-ыг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаагүй байхад хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгэн зэрэг явуулсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

8.а. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол болон шийдвэр гүйцэтгэлийн дээр дурдсан бусад ажиллагаануудын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хугацаа, журмын дагуу зохих этгээдүүдэд гомдол гаргасан тухай нотлох баримтгүй байгааг дурдаж, энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж хуульчилсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/01621 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ