Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01149

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01149

 

 

МЭИ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч МЭИ ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч К ХХК-д холбогдох,

К ХХК-ийн Ү-220201155 дугаарт бүртгэлтэй 760 м.кв агуулахын барилгын 400 м.кв бүхий Э-47 хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

МЭИ ХК нь 1993 онд өмч хувьчлалаар байгуулагдсан. Үйл ажиллагаагаа явуулж байхдаа тухайн үеийн удирдлагууд болох ТУ3-ын гишүүд 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаар тогтоолыг үйлдэж тэр үед мөрдөгдөж байсан нөхөрлөл, Компанийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1-д дүрмийн сангийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр өөрчилнө. Өөрчлөх тухай шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ мөн хуулийн 36.5 дахь хэсэгт дүрмийн санг өөрчилсөн тухай шийдвэрийг улсын бүртгэлд авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин хувьцаат компанийн онцгой ашиг бүхий дэлгүүр, захын талбай зэрэг объектуудыг муучлан өөрсдөдөө эрх мэдэл олгож хувь хувьдаа авцгааж хувьцаат компанийг дампууруулах хэмжээнд хүргэсэн. ТУЗ-ын гишүүд дотроос О.О- нь МЭИ ХК-ийн эд хөрөнгийн бүртгэлийн 15-т бүртгэгдсэн /Э-47 хашаа, байр гэх/ объектыг ТУЗ-ын гишүүнийхээ эрх мэдэл албан тушаалыг ашиглаж хувьдаа авсан. О.О- нь МЭИ ХК-ийн нийт 3396 хувьцаа эзэмшигчдийг хохироож компанийг дампууруулах, үйл ажиллагааг нь зогсоох хэмжээнд хүртэл хохироож, хөрөнгийг хууль бусаар авсныг Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо тус тус тусгасан байдаг. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 дугаартай албан тоот, Үнэт цаасны хорооны 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 164 тоотоор үндсэн хөрөнгийн худалдах эрхийг Компанийн дүрэмд ТУЗ-д тусгайлан олгоогүй байхад дээрх шийдвэрийг гаргасан гэж, мөн Нөхөрлөл, Компанийн тухай болон Хоршооны тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн заалтын дагуу аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийн өмнө компанийн үндсэн хөрөнгийг зохих үнэлгээ хийлгэж нэгж хувьцаанд ногдох хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосон байх тухай заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн.

О.О- нь уг объектыг МЭИ ХК-ийн ТУЗ-ын гишүүний эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар авч, өөрийн БГС ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Улмаар хууль бусаар авсан объектоо хууль ёсны болгохын тулд К ХХК-ийг байгуулан уг объектоо шилжүүлэн бүртгүүлсэн тул К ХХК нь хариуцагч мөн юм. Тодруулбал, О.О- нь 1996 оны 03 дугаар сарын 14-ний өдөр БГС ХХК-ийг байгуулсан. О.О- нь өөрийн эзэмшлийн уг компаниараа Э-47 барилгыг хууль бусаар худалдаж авсан байна. Мөн О.О-ын БГС ХХК-ийг татан буулгаж, 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр маргаан бүхий барилгын өмчлөх эрхийг өөрийн эзэмшлийн шинээр үүсгэн байгуулсан К ХХК руу шилжүүлсэн. Иймд маргаан бүхий объект К ХХК-ийн эзэмшилд шилжсэн байна. МЭИ ХК, түүний удирдлагыг Э-47 хашаа байранд оруулахаа больсон тул бидний зүгээс 2020 оны 03 дугаар сард зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хөрөнгөө МЭИ ХК-д буцаан авахыг мэдэгдсэн. Э-47 байр нь МЭИ ХК-ийн өмч, уг барилгад хөрөнгө оруулагчид нь хувьцаат компанийн гишүүд тул үүнээс болж хэн нь ч хохирохгүй учир Э-47 барилгыг шилжүүлэн авах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Нарантуул 2 захын баруун талд байрлах, К ХХК-ийн ямар ч хөрөнгө оруулаагүй, эзэмшлийн хөрөнгийн Ү-220201155 дугаарт бүртгэлтэй барилгын талбайгаас К ХХК-ийн өөрийн барьсан барилгын 360 м.кв талбайг хасч, үлдэх 400 м.кв талбайтай, Э-47 хашаа байрыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т ...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн этгээд өмчлөгч байна гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгийн 2202001155 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Булга газарт байршилтай, 2682 м.кв талбай бүхий газар, хуучин төв захын баруун талд 760 ам метр талбайтай агуулахын барилгуудын хууль ёсны өмчлөгч юм. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Түүнээс өмнө уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу өмч дуудлага худалдааны төлбөрийг нь төлж хууль ёсны дагуу өмчилж авсан.

Гэтэл МЭИ ХК-ийн захирал гэх Ж.Д гуай удаа дараа буюу 2011 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдаж, улмаар шүүхийн шийдвэр гарч, манай компанийн эд хөрөнгийг эвдсэн сүйтгэсэн үйлдэлдээ уучлалт гуйж улмаар шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараагаар манай компанийн газрын эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Манай компанийн газарт дайран орох увайгүй үйлдлийг удаа дараа гаргаж, манай компанийн газарт дур мэдэн авто машин оруулж, улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн. Энэ мэт үйлдлүүдээр компанийн өмчлөх эрхэд халдаж, улмаар тус эд хөрөнгийг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох шаардлагыг гаргасан нь хуулийн үндсэн зарчим, өмчлөгчийн эрхэд хууль бусаар халдаж байна.

Иймд МЭИ ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар К ХХК-д холбогдох тус компанийн Ү-2202001155 дугаарт бүртгэлтэй 760 м.кв агуулахын барилгын 400 м.кв бүхий Э-47 хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгох тухай МЭИ ХК-ийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Хариуцагч К ХХК-ийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг одоо хүртэл улсын бүртгэлд бүртгүүлээгүй, 2 тусдаа обьектыг нэг обьект мэтээр бүртгүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Шүүхээс үзлэг хийхэд уг 2 обьектыг тус тусад нь үзэж тогтоогоогүй, үзлэгийг дахин хийх шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон. Э-47 барилгыг О.О-ад шилжүүлэхээр шийдвэрлэсэн МЭИ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол нь илтэд хууль зөрчсөн, хууль бус болохыг Санхүүгийн Зохицуулах хороо, Үнэт цаасны хороо тус тус тогтоосон нотлох баримт хэрэгт авагдсан атал шүүх үүнийг илтэд буруугаар тайлбарлаж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

4.в. К ХХК-ийг байгуулсан этгээдүүд өөрсдийн барьсан агуулахын байрыг үнэлж шилжүүлсэн байхад, талууд Э-47 обьектыг хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мэтээр илтэд үндэслэлгүй, ташаа дүгнэлт хийж, хэргийн нөхцөл байдлыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

4.г. Шүүх хуралдааны явцад Э-47 хашаа байр гэж нэхэмжилснийг шүүгч тодруулж, үүнтэй холбогдох нотлох баримт дутуу болохыг хүлээн зөвшөөрч байсан нэхэмжлэгч тал шүүхээс нэмэлт нотлох баримт бүрдүүлсний дараа хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

 

1. Нэхэмжлэгч МЭИ ХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан К ХХК-ийн Ү-220201155 дугаарт бүртгэлтэй 760 м.кв агуулахын барилгын 400 м.кв бүхий Э-47 хашаа байр гэх объектыг МЭИ ХК-ийн өмч болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2180 дугаартай албан бичиг, Монгол Улсын Үнэт цаасны хорооны ажлын албаны 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 164 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн О.О-, БГС ХХК нь Э-47 барилгыг хууль бусаар авсан гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ өмчлөх эрхийн гэрчилгээг 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, түүнээс өмнө хууль ёсны дагуу дуудлага худалдааны төлбөрийг нь төлж өмчилж авсан. Манай газрын эрхийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж тус тус тайлбарлажээ.

 

3. Маргаан бүхий дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч МЭИ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар иргэн О.О-ад худалдахаар шийдвэрлэсэн, улмаар О.О- нь өөрийн үүсгэн байгуулсан БГС ХХК-ийн нэр дээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба БГС ХХК татан буугдсан үндэслэлээр К ХХК-ийн нэр дээр шилжин бүртгэгдсэн болох нь талуудын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, түүнд холбогдох баримтуудаар тогтоогдсон байна. /1хх 19-20, 186-194/

 

4. Нэхэмжлэгч нь Үнэт цаасны хорооны ажлын албаны 1197 оны 164 дугаар, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 3/2180 дугаартай албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байгаа гэх боловч хөрөнгийг нэхэмжлэгч МЭИ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар иргэн О.О-ад худалдахаар шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

4.а. Иймд МЭИ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын протокол нь илтэд хууль зөрчсөн хууль бус болохыг Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо тогтоосон байхад нэхэмжлэлийг хангасныг зөвшөөрөхгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

 

5. 2002 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэх тухай хэлцэл-ээр БГС ХХК-аас К ХХК-д шилжүүлсэн байх ба өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт нийцжээ./1хх 173, 191/

 

6. МЭИ ХК-ийн Ерөнхий захирлын 1996 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тушаалаар Э-47 барилгыг тухайн үеийн ханшаар буюу 12,300,000 төгрөгөөр БГС ХХК-д худалдаж, улмаар К ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001155 дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0051550 тоот гэрчилгээг илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай МЭИ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2021/0747 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 54 дүгээр магадлалаар үйл баримт тогтоогдсон байна. /1хх38-49/ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй./1хх 38-49/

 

6.а. Иймд хариуцагч К ХХК-ийн нэр дээр маргаан бүхий барилга нь 760 м.кв талбайтай гэж бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба, уг бүртгэлийн талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй байх тул 2 тусдаа үл хөдлөх хөрөнгөд нэг гэрчилгээ авах хууль байхгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Дгийн гаргасан ...үл хөдлөх эд хөрөнгө байрлах 1702,2 м.кв газар эзэмшихийг хүсч удаа дараа гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 1702 м.кв газрыг эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгуулахыг даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн К ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 338 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 461 дугаар магадлалаар Ж.Дгийн газар эзэмших хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, 161 м.кв газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилж шийдвэрлэсэн байна./1хх124-126/

 

8. Мөн шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн маргаан бүхий газарт очиж үзлэг хийсэн тэмдэглэлээр талуудын эзэмшиж, ашиглаж буй маргаан бүхий барилга нь нэг барилга байх бөгөөд зөвхөн ханаар тусгаарлагдсан, нийт 561 м.кв талбайтай хөрөнгийг Ж.Д /161 м.кв/, О.О- /400 м.кв/ нар тус тус эзэмшдэг болох нь тогтоогдсон байна. Шүүхээс хийсэн үзлэг нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

/1хх139-141/

 

9. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үл хөдлөх хөрөнгө нь 400 м.кв талбайтай барилга байх бөгөөд нэхэмжлэгч талаас ямар хэмжээ, байршилтай хашааны өмчлөгч болох тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2022/01045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ