Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 213/МА2023/00014

 

 

 

*******ын  нэхэмжлэлтэй

*******т холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Т.Даваасүрэн,Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2023/00175 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******т холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 7,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.******* нь *******аас 2022 оны 9 дүгээр сарын 19 -ний өдөр Liang Shan YDA 9600XXOY маркийн 07-45 СЧ улсын дугаартай чиргүүл, Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийтдээ 46 сая төгрөгөөр худалдан авч  худалдах худалдан авах гэрээндээ чиргүүлийн үнэ  23,000,000 төгрөгийг 2022 оны 9 сарын 19-ний өдөр, тээврийн хэрэгслийн үнэ болох 23,000,000 төгрөгийг 2022 оны 9 сарын 30-ны төлөхөөр тохиролцсон байна.    

2.Худалдан авагч ******* нь дараах байдлаар чиргүүл болон тээврийн хэрэгслийн үнийг *******ын эхнэр Эрдэнэбуян овогтой Насанжаргалын ХААН банкин дахь 5090524793 дугаарын дансанд дараах байдлаар төлжээ.

Үүнд; 2022 оны 9 сарын 19-нд 3,000,000 төгрөг, 9 сарын 19-нд 15,000,000 төгрөг, 9 сарын 20-нд 7,000,000 төгрөг, 10 сарын 11 -нд 8,000,000 төгрөг, 11 сарын 18-нд 8,000,000 төгрөг, бүгд 41,000,000 /дөчин нэгэн сая / төгрөг төлжээ.

3.Одоо  үлдэгдэл 5,000,000 төгрөг болон үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн алданги 2,500,000 төгрөг бүгд 7,500,000 төгрөгийг ******* нь *******аас нэхэмжилсэн.

4.Төлбөрийг хийх сүүлийн хугацаа 2022 оны 9 сарын 30 бөгөөд гэрээний хугацаанд 19,000,000 төгрөг төлөөд 27,000,000 төгрөг үлдсэн байна. Түүнээс хойш хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцоход 27,000,000 сая төгрөг х 0.5 х =135,000 төгрөг х 48 хоног = 6,480,000 төгрөг болж байна.

Түүнээс хойших хугацааны алдангийг тооцвол үүнээс илүү мөнгө төлөхөөр байна. Тийм учраас хуульд нийцүүлэн одоо төлөөгүй байгаа 5,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцож 2,500,000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд *******аас 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэсэн нэхэмжлэл гаргасан.

5.Тээврийн хэрэгсэл нь чиргүүл, толгой гэсэн 2 тусдаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй тул 2 тусдаа худалдах худалдан авах гэрээ байгуулсан.

Хоёр гэрээний нэг гэрээнд алданги тооцохоор гэрээ хийсэн. Гэрээ дуусгавар болсон ч гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлж байсан тул алданги тооцох хугацааг хамгийн сүүлд төлбөр хийсэн хугацаанаас буюу 2022 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн тооцоход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбартай холбоотой нэмэлт тайлбар гаргасан. Уг тайлбарт төлбөрийн хэмжээг багасгасан, хойшлуулсан талаар ярилцсан зүйл огт байхгүй тухай бичсэн байгаа.

Хариуцагчийн төлөөлөгчөөс тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн доголдолтой байсан тухай ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тухай баримт нотолгоо байхгүй байна. Хэрэв доголдолтой байсан бол тээврийн хэрэгслийг авах үедээ техникийн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой байсан.

Мөн эвдрэл гэмтэл гарсан гэж байгаа бол энэ тухай засвар хийсэн, сэлбэг хэрэгсэл авч сольсон тухай баримт байх ёстой байх. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын  анхан  шатны шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.Манай нөхөр ******* бид нар өвөл өвс тэжээлийн тээвэр хийх зорилгоор Шаланз автомашин шаардлагатай байсан учир Өмнөговь аймаг Таван толгойгоос машин сонирхож байтал Орхон аймгийн харьяат ******* гэгч нь том тэрэгний зарын групп дээр ямар ч асуудалгүй, орон нутаг чиргүүлтэй Норд толгой ажилд бэлэн гэсэн зарын дагуу манай нөхөр очиж үзээд харилцан тохиролцоод 46,000,000 сая төгрөгөөр худалдан авахаар болж, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 21,000,000 төгрөгийг 09 сарын 30 нд өгөхөөр гэрээ хийж Баянхонгор аймаг руу өвс ачиж гарсан.

 2.Гэвч замдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд Норд толгойны бөгс эвдэрч арайхийн аргалж Баянхонгор аймагт ирээд Бөмбөгөр суманд өвсөө буулгаад хөдөө хээр бүрэн эвдэрч Улаанбаатар луу засуулахаас өөр аргагүй болсон.

3. би *******тай холбогдож ажилд бэлэн машин гэсэн замдаа эвдэрсэн тухайгаа ярилцан буцаах талаар ярилцсан. Улаанбаатарт засвар хийлгэх тухай ярихад 2 сая гаран төгрөг болохыг засварчинтай ярьсан тухайгаа хэлсэн. Өөр хүний сэлбэг аргалж тавиад Улаанбаатар ороход 1,5 сая төгрөгийн дизель орно гээд би мөнгөө буцааж авъя харин нэг удаа өвс татсаны тээврийн хөлсийг хасъя гэхэд буцааж авах сонирхолгүй байна үнэ дээрээ ярья гэхээр нь би 40,000,000 төгрөгөөр авна үгүй бол буцаана гэсэн.

4.Гэтэл ******* ядаж 42,000,000 төгрөгөөр аваач гээд гуйж утсаар тохирсон. Ингээд Улаанбаатарт оруулж замын түлш 1,500,000, засварын хөлс 2,200,000 болсон. Нийт 4,010,000 төгрөг орж, 14 хонож, хоног тутмын хашааны мөнгө 310,000 төгрөг болсон. Гэвч би за нэгэнт тохирсон юм чинь гээд үлдэгдэл мөнгөө 2022 оны 09 сард 12,000,000, 2022 оны 10 сард 8,000,000 төгрөг төлсөн. Одоогоор ярилцаж тохирсноороо 1,000,000 төгрөг өгөх дутуу байгаа нь үнэн. Улаанбаатар орж засуулахад бусад зардал гарсан ч түүний талаар дурдаагүй. *******тай ярихад ..би бол бөгсийг сайн мэдэхгүй жаахан дугараад байх шиг байсан гэж байсан. Эхнэртэй нь ярихад зунжингаа ноцолдож байж босгосон гэж ярьсан нь өөрийнх нь машин биш хүнээс авсан машин байсан юм байна лээ. Өөрсдөө болохоор ажилд бэлэн ямар ч асуудалгүй гээд миний машин гээд байсан нь бид хоёрыг хуурч он муу, 2005 оны машиныг залуу оны нүүр тавин будаж янзалсан нь тодорхой байгаа юм.              

5.Бид ярилцаад 42,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон тул одоо бид 1,000,000 төгрөг л өгөх ёстой гэж үзэж байна. Гэрээний хувьд манай нөхөрт архи өгч байгаад согтуу байх үед нь эхнэр нь бэлэн бичсэн гэрээний хуулбар авч ирээд зуруулсан байсан. Норд автомашины толгой, чиргүүл нь тус тусдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй тул 2 гэрээ хийсэн гэж ойлгосон. Гэрээнд автомашины үнийг нийт 46,000,000 гэж бичсэн байгаа ч бодит байдал дээр 42,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ тухай миний бие *******тай утсаар ярьж, мессеж бичсэн тэмдэглэл нь байгаа. Шүүхийн шатанд гаргаж өгч амжаагүй юм.       

Энэ тухай *******ын эхнэртэй л утсаар ярьдаг байсан. Одоо бол автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөр *******ын нэр дээр шилжүүлсэн байгаа. Алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгийн доголдолтой автомашин хуурч зарсан байх тул гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаах саналтай байна гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 6,125,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,375,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 11,200 төгрөгийг нэхэмжлэгч *******аас нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 112,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1.******* бид нар өвөл өвс тэжээлийн тээвэр хийх зорилгоор шаланз автомашин шаардлагатай байсан учраас машин сонирхож байтал том тэрэгний зарын групп дээр ямар ч асуудалгүй, орон нутаг чиргүүлтэй Норд толгой ажилд бэлэн гэсэн зарын дагуу холбогдож манай нөхөр очиж үзээд Ууганбаяртай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болсон.

2.Ийнхүү гэрээ байгуулан машинаа шилжүүлж аваад анхны тээврээ хийгээд өвс ачин Баянхонгор аймаг руу явтал замдаа Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд нордны бөгс эвдэрсэн.

3.Энэ талаар Ууганбаяртай холбогдож машин эвдэрсэн талаар хэлээд ажилд бэлэн ямар ч асуудалгүй машин гэсэн яасан бэ наймаагаа буцаая засуулахад 2 сая гаран төгрөг орох юм байна, хүний машины сэлбэг тавиад хот ороход зөвхөн түлш нь 1,5 сая төгрөг болох юм байна гэтэл худалдагч тал буцааж авах боломжгүй байна өгсөн мөнгийг чинь үрсэн тийм болохоор үнэн дээрээ ярилцъя гээд өөрөө 42.000.000 төгрөгөөр тооцоо хийхээр болж тохирсон.

Тохирсон ёсоор манайх 41.000.000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн, үлдэгдэл нь 1000.000 төгрөг байхад манайхаас авто машины үнэ гэж 5000.000 төгрөг, түүний алданги 2.500.000 төгрөгийг гаргуулж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Анхан шатны шүүх миний үгийг нотлох баримтгүй гээд үнэлдэггүй юм бол нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн тайлбар болон бидний хоорондоо бичсэн мессежийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ.

Нэхэмжлэгчээс тайлбартаа бичихдээ бид хоорондоо мессеж бичдэг байсан гэх, бичсэн мессежинд” ... Бид 2 одоо өмгөөлөгчтэй очиж уулзлаа 13 саяа нэхэмжилнэ дээр нь хоног тутам 0,5 хувийн алданги тооцуулж авна. Уул нь та 2-т итгээд машинаа явуулсан дээр нь хугацаа өгсөн машиныхаа үнийг буулгасан ингэж байхад хүнд итгэл алдаж ийм зан гаргаж байдаг үнэн арчаагүй хүмүүс юм даа та нар ямар ч байсан мэдэгдлээ гэж бичиж байсан нотлох баримтад дүгнэлт хийхэд Наранбаатар, Ууганбаяр нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна, машинд гэмтэл гарсны улмаас худалдагч гэрээгээр тохирсон 46.000.000 сая төгрөгөө буулгасан үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаар 131/ ШШ2023/175 шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан 6.125.000 төгрөгөөс 4700.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Учир нь:

 

1.Нэхэмжлэгч *******, хариуцагч  ******* нар нь 2022 оны 9 сарын 19-ний өдөр Liang Shan YDA 9600XXOY маркийн 07-45 СЧ улсын дугаартай чиргүүл, Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус бүрийг 23,000,000 төгрөг,  нийт 46,000,000 төгрөгөөр худалдаж,  худалдан авахаар харилцан тохиролцсоны дагуу  худалдагч тал тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, худалдан авагч тал   41,000,000 төгрөгийг төлсөн, 5,000,000 төгрөгийг  тохирсон хугацаанд төлөөгүйгээс алданги 2,500,000 төгрөг нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулахаар  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Тээврийн хэрэгслийг ашиглах явцад  эвдэрсэн, их хэмжээний засварын зардал гарсан тул  бид харилцан  тохирч  нийт үнээс 4 000 000 төгрөгөөр бууруулсан,  41,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлнө,  7,500,000 төгрөг төлөхийг  төлөхгүй гэж маргаан үүсгэсэн байна.                  

3. Мөн нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн  Beiben Nortn Benz ND4250 маркийн 27-68ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч *******т 23,000,000 төгрөгөөр худалдаж, тээврийн хэрэгслээ болон үнийн 23,000,000  төгрөгийг   харилцан шилжүүлсэн, энэ асуудлаар маргаангүй байна./хэргийн 9-10 дугаар тал/

4. Нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшлийн  Liang Shan YDA 9600XXOY маркийн 07-45 СЧ улсын дугаартай чиргүүлийг  хариуцагч  *******т 23,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр, гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлөх нөхцөлтэйгөөр   харилцан тохиролцож 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан   3196 дугаар гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг төлсөн энэ асуудлаар маргаангүй байна.

5. Дээрх 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр байгуулсан   3196 дугаар худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийн  гүйцэтгэлд худалдан авагч тал  тухайн тээврийн хэрэгслийг ашиглах явцад  доголдол үүссэн улмаар   нэхэмжлэгч тал үнийг нь буулгасан талаар бичсэн бичвэрийг шүүх үнэлж ингэхдээ 4 000 000 төгрөгөөр үнийг буруулсан  гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв.

6.Хариуцагч тал  гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны дотор  23 000 000 төгрөгийг төлөхөөр,  хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь алданги төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон, гэрээний хугацаанд 25 000 000төгрөгийг төлсөн, харин хугацаа хэтрүүлж  буюу 10 дугаар сарын 11-ний өдөр 8 000 000төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 8 000 000 төгрөг нийт 16 000 000төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн байх тул энэ хугацааны алдангийг болон  үлдэгдэл  1 000 000 төгрөгийг төлөөгүй хоног бүрээр тооцон нийт алдангийг тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасантай нийцүүлэн тооцох нь  үндэслэлтэй. /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/

7.2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3195, 3196 дугаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч ******* нь худалдан авагч *******т маргаан бүхий автомашин, чиргүүлийг 46,000,000 төгрөгөөр худалдаж, гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнийн зарим хэсэг 41,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж  үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй . /хавтаст хэргийн 15-16, 19 дүгэр талууд/

Харин анхан шатны шүүх  гэрээгээр тохиролцсон  хугацаанд  гүйцэтгээгүй үүргийн 5,000,000 төгрөгийг хоёр гэрээний  2,500,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн алданги тооцох хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш тооцон 2,500,000 төгрөгийн 0,5 хувь болох 12,500 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн хоног болох 90 хоногоор тооцон 1,125,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

8.  “...Бид ярилцаад 42,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон тул одоо бид 1,000,000 төгрөг л өгөх ёстой гэж үзэж байна.... Гэрээнд автомашины үнийг нийт 46,000,000 гэж бичсэн байгаа ч бодит байдал дээр 42,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ тухай миний бие *******тай утсаар ярьж, мессеж бичсэн тэмдэглэл нь байгаа...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн *******ын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар нь хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан “... Уул нь та 2-т итгээд машинаа явуулсан дээр нь хугацаа өгсөн, машиныхаа үнийг буулгасан...” гэж бичсэн гар утасны мессежээр нотлогдсон байх тул  5 000 000  төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлагаас 1.000.000 төгрөгийг гаргуулж 4.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

9.  Хариуцагч талаас  2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөг төлж хэтэрсэн хугацаа 11 хоног алданги 440.000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 8.000.000 төгрөг төлж хэтэрсэн хугацаа 49 хоног алданги 1.960.000  төгрөг үндсэн төлбөрийн үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хэтэрсэн хугацаа 238 хоног алданги 1.190.000 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үнийн буюу 1.000.000 төгрөгийн алданги 50 хувиас хэтэрсэн тул тус хуулийн заалтыг баримтлан 1.000.000 төгрөгийг 50 хувь буюу 500.000 төгрөг болж нийт 2.900.000 төгрөгийн алдангийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөхөөр байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.000.000 төгрөг, алданги 2.900.000 төгрөг, нийт 3.900.000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 3.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 11,200 төгрөгийг нэхэмжлэгч *******аас нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 77350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож тус тус өөрчлөлт оруулж тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112950 төгрөгөөс 77350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 35600 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан гаргаж хариуцагчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2023/00175 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“Хариуцагч *******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж,

2 дахь заалтад

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 11,200 төгрөгийг нэхэмжлэгч *******аас нэмж гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 77350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож” гэж  тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112950 төгрөгөөс 77350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 35600 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан гаргаж хариуцагч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН, 

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ