Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 213/МА2023/00015

 

 

 

*******гийн  нэхэмжлэлтэй

*******, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  ерөнхий Т.Даваасүрэн, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00225 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 20,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч хариуцагч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.2015 оны 7 дугаар сард *******, ******* нар Баянхонгор сумын Баян-Ойт сургуулийн ард 30 айлын орон сууц барьж байхдаа надаас мөнгө зээлээч гэж гуйгаад байхаар нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн.

2.Үүнээс хойш 2016 онд 10,000,000 төгрөгийг ******* бэлнээр өгсөн түүнээс хойш мөнгөө нэхэхээр өгөхгүй барилга барьж байна энэ ажлаа дуусгаад өгье, одоохондоо мөнгө алга, тэгж байгаад өгье гэх мэтээр янз бүрийн шалтаг тоочиж би мөнгөө нэхсээр өдий хүрсэн. Энэхүү асуудлаар шүүхэд өгөх гэсэн боловч Ковид гарснаар нэхэмжлэлээ өгч чадахгүй байсан. Одоо миний бие бусдад өртэй шүүхийн шийдвэр дээр байнга дуудагдаж надад хэцүү байгаа тул хариуцагч нараас мөнгөө авч бусдын өрийг дармаар байна. Эдгээр хүмүүст их хэмжээний мөнгө зээлснээр би алдагдалд орж ажил төрөл бизнес минь зогсоход нөлөөлсөөр ирсэн. Би хэрэгтэй үед нь тэдэнд тусалж мөнгө зээлсэн боловч буцаагаад өгөхгүй элдэв шалтаг хэлсээр өдий хүрсэнд гомдолтой байна. Иймд *******, ******* нараас 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү

3.2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөгийг Баян-Ойт сургуулийн ард 30 айлын орон сууц барилга барьж байхдаа мөнгө зээлүүлэхээр болж хариуцагчийн ээжийн данс руу шилжүүлсэн. Нэг жилийн дараа ******* манай нөхөрт 10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Удаа дараалан залгаж ярьж хэлсэн.

4.Манайх 12 дугаарыг барьж байхад хариуцагч нар 22, 25-ын төмөр манайхаас авсан. Бриүс, цемент гэсэн зүйлсийг ******* ажилчидтайгаа ирж авсан. Бидэнд 33,400,000 төгрөгийг өр авлага байгаа.

5. 50,000,000 төгрөгийг 53,000,000 төгрөг болгон банкны хүүтэй төлсөн. 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн гэрт 20,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүд 2,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөгийг өгч байсан.

6.Хариуцагч тал манайхаас авсан зүйлсээ үл ойшоож, ярихгүй байна. Өөрсдөө санаж байгаа байх, өмнөх тооцоо дуусаагүй байхад манайх 30,000,000 төгрөг шилжүүлэн гэж байхгүй. 30,000,000 төгрөгийг *******ын ээжийн данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт зээлүүлэв гэж бичсэн гэжээ.

Хариуцагч *******, ******* нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр *******, ******* нарт 30,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн гэсэн байна.

 Энэ нь хэний ямар дансанд шилжүүлэн өгсөн нь тодорхой бус байгаа тул банкны гүйлгээний баримтаар тодорхойлуулмаар байна. Бидний зүгээс *******д ямар нэгэн өр төлбөрийн тооцоогүй, харин *******гаас авлагатай гэсэн хувийн хар данстай болно.

... Манай 5 давхрын барилгын төмрүүдийг нэхэмжлэгчийн нөхөр ******* буулгаад авч явсан. Бидэнд олон жижиг өр авлага байгаа. Манайхаас үүнийг өмнө нь яриагүй байсан.

2.... Манай 5 давхрын барилгын төмрүүдийг буулгаад авч явсан. Үүнийг манай барилгын манаач мэдэж байгаа. 50,000,000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *******гийн данс руу шилжүүлсэн. Хэргийн материалд дансны хуулга авагдсан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн банкны дансаар 20,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. 7 дугаар сард манай ээжийн данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь 50,000,000 төгрөгийн үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн гэж үзээд бид өр авлагагүй гэж ойлгосон. Гэтэл үүнийг нэхэмжлэгч талаас тооцохгүйгээр нэхэмжлэл гаргасан. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргасан. Арматур төмрийг манай машинаас шууд буулгаад авсан. 2,84 тонн нэг боодол нь тухайн үед 1,320,000 төгрөгийн үнэтэй байсан гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

1.Иргэн ******* миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5247002397 тоот данснаасаа иргэн *******, H.Сарантуяа нарын хүсэлтээр 50,000,000 /тавин сая/ төгрөгийг иргэн *******гийн Хаан банк дахь 5225182148 тоот дансанд шилжүүлэн зээлүүлж байсан. Тус мөнгөнөөс 20,000,000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр *******ын Төрийн банкны дансаар эргүүлэн төлж үлдэгдэлд 30,000,000 төгрөгийг өдий хүртэл төлж барагдуулаагүй байгаа билээ. Мөн иргэн *******, ******* нар нь 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн Номгон сургуулийн ард, Гандангийн урд талд, төв замын хажууд 5 давхар орон сууцны барилга барьж байхдаа бидний Улаанбаатар хотоос ачиж ирсэн шланзтай арматураас 3 боодол буюу 8,4 тонн 12-ийн арматурыг ачиж ирсэн машин дээрээс нь буулгаж авсан байдаг.

2. Тухайн үед нөхөр Батбаатар бид 2 хамт Архангай аймгийн Хайрхан суманд амарч явж байсан. Тэр үед иргэн А.Пүрэв манай нөхөр ******* руу утсаар ярьж: “Манайх 12-н төмөр дутаад манай барилга зогсчихлоо. Ахдаа 3 боодол 12 арматурын төмөр зээлээч. Дараа 7 хоногт арматурын төмөр татахаараа өгье“ гэхэд нь *******: “Тэгээ, Хурдан өгөөрэй, ажлаа явуулж бай” гээд зөвшөөрч шланз машин дээрээс нь шууд буулгаж авсан байдаг.

3.Тэр 8,4 тн, 3 боодол ф12-н арматурын төмрийн үнэ тухайн үеийн худалдаж авч байсан 1,320,000 төгрөгийн ханшаар бодоход 8,4тонн*1,320,000=11,088,000 төгрөг дээр Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг хүртэл тээврийн үнэ /1 тонн ачааг 70,000 төгрөгөөр тээвэрлэсэн 588,000 /таван зуун наян найман мянга/ төгрөгийг бидэнд төлөөгүй өдий хүрсэн. Иймд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр *******д зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл болох 30,000,000 төгрөг, 2014 онд А.Пүрэв, ******* нарын зээлсэн 3 боодол ф12-н арматурын төмрийн үнэ болох 11,088,000, тээврийн үнэ болох 588,000  төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг гаргуулах гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн  тогтоох хэсэгт:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ын гаргасан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,330 төгрөгийг Баянхонгор аймаг дахь Төрийн сангийн 100030000941 тоот данснаас гаргуулж хариуцагч *******д олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1.... Бид *******д 2015.03.13-ны өдөр 50 сая төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Сарантуяа нь 2015.07.23-ны өдөр *******ын ээжийн Голомт банк дахь дансанд 30 сая төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгөө төлөөгүй, төлсөн талаараа ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх энэ талаар"... нэхэмжлэгч нь зээлийг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нар мөнгийг аваагүй талаар маргаагүй, зээлийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн төлбөрийг шаардах эрхтэй байна” гэж дүгнэсэн.

2. Мөн түүнчлэн бидний хооронд үүссэн зээлтэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргахдаа ИХ-ийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлаагүй, өөрөөр хэлбэл харилцан үүрэг бүхий талуудын хооронд үүссэн харилцааг зөв үнэлж дүгнээгүй, Facebook  чатад Сарантуяа биднээс 20 сая төгрөг шаардсан талаар нэг ч үг үсэг байхгүй, харилцан мэнд мэдэлцсэн гадаад хэлээр буюу латин галигаар бичигдсэн зүйлийг нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харилцан шаардлага гаргаж мэтгэлцэн оролцож байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү

Жич: улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,330 төгрөгийн баримтыг хавсаргав. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцоно. гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв байна. Энэ нь;

1. Нэхэмжлэгч ******* нь “...2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр *******ын ээж *******ийн Голомт банкны дансаар 30,000,000 төгрөгийг хариуцагч нарт зээлүүлсэн. 2016 онд 10,000,000 төгрөгийг ******* бэлнээр өгсөн бөгөөд үүнээс хойш мөнгөө нэхэхээр өгөхгүй барилга барьж байна, энэ ажлаа дуусгаад өгье, одоохондоо мөнгө алга, тэгж байгаад өгье гэх мэтээр янз бүрийн шалтаг тоочиж би мөнгөө нэхсээр өдий хүрсэн 20 000 000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэл гаргасан.

2. Хариуцагч *******, ******* нар нь  “...*******д ямар нэгэн өр төлбөрийг тооцоогүй,  авлагатай ..., ...2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл  30,000,000 төгрөг, 2014 онд зээлсэн 3 боодол ф12-н арматурын төмрийн үнийн 11,088,000 төгрөг, тээврийн үнэ болох 588,000 төгрөг, нийт 41,676,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах” гэж маргаан үүсгэж, сөрөг нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч *******  нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******, *******  нарт *******ын ээж *******ийн 6100000458 дугаарын Голомт банкны дансаар 30,000,000 төгрөг “Сарантуяа-с зээлүүлэв” гэх утга бичиж шилжүүлсэн болох нь Голомт банкны дансны хуулгаар нотлогдон тогтоогджээ. (хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас)

4. Хариуцагч ******* нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч *******гийн 5225182148 дугаарын дансанд 50,000,000 төгрөгийг “Баянхонгор Даваажаргал-с” гэх утга бичиж шилжүүлсэн болох нь  ХААН банкны дансны хуулгаар тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

5. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бөгөөд талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг...” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь  зөв байна.

6. Зээлдэгч, хариуцагч  *******, ******* нар нь зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөгийг зээлдүүлэгч, нэхэмжлэгч  *******д 2016 онд бэлнээр өгсөн,энэ асуудлаар талууд  маргаангүй байна.

7. Хариуцагч  *******, ******* нар нь нэхэмжлэгч *******д  зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх “...хариуцагч ******* нь *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 41,676,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасны дагуу  нэгтгэн шийдвэрлэх боломжгүй...” гэж  дүгнээд  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

9. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авмагц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1.4-т “ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт”-ыг нягтлан  үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байгааг анхаарч үзэлгүйгээр  сөрөг нэхэмжлэлийг гардуулсан нь буруу болсныг шүүх хуралдаанаараа засаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй  юм.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,330 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээж, дутуу төлсөн 157950 төгрөгийг  хариуцагч нараас гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэв.

11. Хариуцагч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө 157950 төгрөгийг  дутуу төлсөн байх тул хариуцагч нараас гаргуулж  төвлөрсөн төсвийн дансанд оруулах нь зүйтэй байна.

12.  Хариуцагч нарын өмгөөлөгч Н.Нарангуа “...хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан,  шүүх нэхэмжлэлийн хувийг *******, ******* нарт  эсвэл тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулах байтал *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаад гардуулаад *******д гардуулаагүй, хамтран хариуцагч татах ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн байна гэж  үзэж байна...” гэх гомдлын агуулгаас сөрөг нэхэмжлэлд *******, ******* нарыг хариуцагчаар заасан тохиолдолд хамтран хариуцагч татахгүй юм.

Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүйгээс  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд  хариуцагч *******д сөрөг нэхэмжлэлийг гардуулсан эсэх нь энэ хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй юм.

 Иймд анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2023/00225 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар хариуцагч Батбаатар, ******* нарын   Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466,330 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээж, дутуу төлсөн 157950 төгрөгийг   тэднээс гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ