Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00806

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00806

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00561 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ХХК

Нэхэмжлэгч: Л.С-

Хариуцагч: ХМК ХХК

Хариуцагч: Б.Б-

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 203,772,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХМК ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч ХМК ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах, тухайн үеийн нэршлээр Вестерн вилла (Western villa) хотхоны барилгын гадна фасад, дээврийн ажил (чулуун фасад, чулуун эмульсэн фасад, гоёлын бүх хөөсөнцөр хүрээнүүд, лого, багана, хөөсөнцөр чимэглэлүүд, тагтны гоёлын төмөр хийцэн хашлага, тагтны ажил, ус тусгаарлалт, чулуу наах, дээвэр болон ашиглалттай дээвэр, террас, цэцгийн хүрээ, дээврийн бетонон хашлага, дээврийн усны хаялага, техникийн давхрын фасадны ажил, техникийн давхарын дээврийн ажил, усны хялага, үүдний террас болон хашлага, хаяавч, гражийн фантусны ажил хашлага, плитан өнгөлгөө, цонх хаалганы амлагаанууд зэрэг)-ыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд гүйцэтгэх, захиалагчаас 550,000,000 төгрөг (197,080,000 төгрөгийн эд хөрөнгө, 352,950,000 төгрөгийг эхний борлуулалтаар)-ийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

1.2 ХМК ХХК-тай гэрээ байгуулснаас хойш 3 өдрийн дараа Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 48B байр, 03 тоот хаягт байрлах, 63.6 м.кв талбай бүхий орон сууцыг 178,080,000 төгрөгт тооцож шилжүүлэн өгсөн. Гэтэл гүйцэтгэгч ХМК ХХК гэрээгээр тохирсон ажлыг зохих журмын дагуу гүйцэтгээгүй. Иймд захиалагчаас гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан албан бичгийг гүйцэтггэгчид хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй тул 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалсан.

1.3 Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлыг дүгнэж үзэхэд 42,232,000 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Үүргийн гүйцэтгэлийн зөрүү 135,848,000 төгрөгийг төлөхийг ХМК ХХК, Б.Б- нарт удаа дараа сануулж байсан боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний 5.3-т Ерѳнхий гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан хугацаанд дээвэр болон фасадны ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож авна гэж заасан.

Иймд ХМК ХХК, Б.Б- нараас гүйцэтгээгүй үүрэгт 135,848,000 төгрөг, алданги 67,924,000 төгрөг, нийт 203,772,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уг асуудлаар өмнө нь цагдаа болон шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулагдсан болон орон сууцыг 178,080,000 төгрөгт тооцон хүлээн авсанд маргахгүй. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг цуцалсан. Түүний дараа 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр талууд тооцоо нийлээд хийсэн ажлыг 91,174,500 төгрөг гэж акт үйлдсэн. Үүнээс гадна 18,294,000 төгрөгийн бараа материалыг нэхэмжлэгчид өгсөн. Тооцоо нийлсэн баримтад буцаан хүлээлгэж өгнө гэж барааны дүнг тавьсан боловч уг бараа, материалыг нэхэмжлэгч нар тооцоо хийж акт үйлдсэний дараа хүлээлгэж өгнө гэж бичиж өгсөн ч одоог болтол өгөөгүй, тооцоондоо оруулаагүй.

2.2 Нэхэмжлэгч цагдаад хандсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан гэж тайлбарласан ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан ХМК ХХК, Б.Б- нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 203.772.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А ХХК, Л.С- нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.176.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч А ХХК нь ХМК ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Талууд зохих шалтгааны улмаас 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр гэрээг цуцалсан. Гэтэл гүйцэтгэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж дуусгавар болгоогүй. Талууд гэрээг цуцалсан нь гэрээний эрх зүйн харилцаанд өөрчлөлт орж байгаа явдал болохоос эрх зөрчигдсөн хугацаа гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, хариуцагч нь уг төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн эсхүл нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, тухайн асуудлыг шийдвэрлүүлбэл зохих хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлсэн гэдгийг нотлоогүй байхад анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан гэх өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.2 Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлбөл зохих хариуцагчийн үүрэг дуусгавар болоогүй. Энэ асуудалтай холбоотой хуульд заасан 6 жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн хариуцагч Б.Б- нь үл хөдлөх эд хөрөнгө олж авсны хувьд үүргийг хариуцвал зохих этгээд байхад хариуцагч биш гэх үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК, Л.С- нар нь хариуцагч ХМК ХХК, Б.Б- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 203,772,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

3. А ХХК болон ХМК ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2016/06-15 ГФ дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр гүйцэтгэгч ХМК ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах Western villa хотхоны барилгын гадна фасад болон дээврийн ажлыг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр, захиалагч А ХХК нь ажлын нийт үнийн дүн 550,000,000 төгрөгийн 178,080,000 төгрөгт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 48В дугаар байр, 3 тоот хаягт байрлах, 63.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, 19,000,000 төгрөгт Toyota Prius 30 маркийн, 8534 УБЕ улсын дугаартай автомашиныг тус тус ажлын хөлсөнд тооцон хариуцагч ХМК ХХК-д шилжүүлэх, үлдэх 352,920,000 төгрөгийг эхний борлуулалтаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. /хх 15-13/

 

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Л.С- болон Б.Б- нар нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Л.С- нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо үйлдвэр /17041/ гудамж, 48В дугаар байр, 3 тоот хаягт байрлах, 63.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дээрх ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 178,080,000 төгрөг тооцон Б.Б-т шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 20, 57, 74-80/ Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК нь ажлын хөлсөнд нэхэмжлэгч Л.С-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг хариуцагч Б.Б-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

 

5. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2016/06-15 ГФ дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цуцлагдсан талаар зохигч маргаагүй. А ХХК болон ХМК ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар хариуцагч ХМК ХХК нь 91,174,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар талууд харилцан тооцоо нийлж, баталгаажуулсан байна. /хх 99/

 

Түүнчлэн, хэргийн 94-97 дугаар талд авагдсан зарлагын баримт-аас 2017 оны 05 дугаар сарын 01-ний, 05-ны, 10-ны өдрийн баримтад заасан нийт 7,605,000 төгрөгийн бараа, материалыг дээрх тооцоо нийлсэн актад ороогүй, мөн хариуцагч ХМК ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 98,779,500 төгрөг /91,174,500+7,605,000/-ийн ажил хийж гүйцэтгэсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч 98,779,500 төгрөгийг ажлын хөлсөнд илүү авсан гэж дүгнэхдээ тооцооллын алдаа гаргасан байна. Учир нь, ажлын хөлс 178,080,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн орон сууцны үнээс дээрх 98,779,500 төгрөгийг хасвал 79,300,500 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч ХМК ХХК-ийг ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 98,779,500 төгрөгийн ажил гүйцэтгэж, 79,300,500 төгрөгийг ажлын хөлсөнд илүү авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилнө.

 

6. Талууд ажил гүйцэтгэх гэрээний 5.3-т алдангийн талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

7. Дээрх тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойш нэхэмжлэгч А ХХК гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

7.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Иймд нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дууссан байх тул хариуцагч нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлаас илүү олгосон мөнгөн төлбөрийг буцаан төлөх болон алданги төлөх үүргээс татгалзах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, талууд ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цуцалж, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тооцоо нийлсэн акт-ыг үйлдсэнээр мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн байх бөгөөд мөн зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс тоолно. Түүнчлэн, шаардах эрхэд гэрээг цуцалсанаас үүссэн үр дагаврыг шаардах эрх нэгэн адил хамаарна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Л.С- болон Б.Б- нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт тооцон орон сууцыг шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэх гомдлыг хангахгүй.

 

9. Анхан шатны шүүх Л.С-, Б.Б- нарыг ажил гүйцэтгэх гэрээний оролцогч биш гэсэн үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00561 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,177,810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН