Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00834

 

 

 

2023 04 21 210/МА2023/00834

 

ГОН ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00682 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ГОН ХХК

Хариуцагч: А ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон алдангид 20,736,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ГОН ХХК нь хариуцагч А ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах тухай 20/002-08 дугаар гэрээг байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч ГОН ХХК-аас хариуцагч нь 2020 оны 03 дугаар сараас 07 дугаар сарын хооронд нийт 654,824,450 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан. Уг төлбөрөөс 2020 оны 03 дугаар сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд нийт 641,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,824,450 төгрөгийг төлөөгүй.

1.2 Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т алданги тооцохоор заасан бөгөөд алданги 6,912,225 төгрөг болж байна.

1.3 Үлдэх төлбөрийг бартераар төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй. Уг чиргүүл нь шаардлага хангүй тул төлбөрт тооцон авах боломжгүй. Төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд буцаан өгөх боломжтой.

Иймд хариуцагчаас гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 13,824,450 төгрөг, алданги 6,912,225 төгрөг, нийт 20,736,675 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А ХХК нь ГОН ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 13,824,450 төгрөгийн үлдэгдэлтэйг зөвшөөрч байна. Гэхдээ 13,824,450 төгрөгийн үлдэгдэл төлбөртөө 2021 оны 04 дүгээр сард 10-75 ОЧ маркийн автоцистерн чиргүүл өгч, уг төлбөрийн үлдэгдлийг төлсөн гэж үзэж байна. Учир нь, би нэхэмжлэгч компанид цахилгаан станц болон чиргүүлийг өгсөн. Миний шинэ шатахуун түгээх станцыг нэхэмжлэгч байгууллагын менежер ирээд авсан ба хүү тооцохгүй гэж тохиролцсон. Намайг чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж өг гэхэд нь би НӨАТ-ын шивэлтийг хийгээд ирвэл шилжүүлж өгье гэж хэлж байсан. Гэтэл одоо нэхэмжлэгч нь хүү тооцсон гэж ярьж байна. Хэрэв хүү тооцох гэвэл бүх авсан, өгсөн зүйлсээ буцааж өгөөд төлбөрийг төлье. Нэхэмжлэгчид төлөх төлбөргүй.

2.2 Чиргүүлийг шаардлага хангахгүй гэж байгаа бол анх хүлээлгэж өгсөн байдлаар нь буцааж авна. Нэхэмжлэгч нь чиргүүлийг бүтэн жил Чойрт хэрэглэсэн. Би өгсөн зүйлээ буцаан авахгүй. 13,824,450 төгрөгийг нэхэмжлэгч гаргуулах гэж байгаа бол чиргүүл болон шатахуун түгээх станцаа буцааж аваад, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлнэ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,824,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГОН ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6,912,225 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГОН ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 227,072 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч ГОН ХХК нь нийт 654.824.450 төгрөгийн үнэтэй шатахууныг А ХХК-д нийлүүлсэн. Үүнээс 598.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 56,824,450 төгрөгт уг компанийн менежер, нягтлангууд тохиролцсоны үндсэн дээр 43.000.000 төгрөгт тооцон буулгах, ачих насостой бүрэн тоногтой, шинэ зөөврийн шатахуун түгээх станцыг, 13,824.450 төгрөгт тооцон ОЧ 10-75 улсын дугаартай автоцистернийн чиргүүлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн.

Автоцистернийн чиргүүлийг Дорноговь аймгийн Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ашиглаж байхад нь нэхэмжлэгч ирж үзэн шатахууныхаа үлдэгдэл төлбөр авч болно гэж тохиролцсоны үндсэн дээр ГОН ХХК нь өөрийн автомашинаар Улаанбаатар хот руу авч явсан. Уг чиргүүлийн гэрчилгээг манай компанид нэхэмжлэгч нь НӨАТ-ын баримт шивж тооцоо дууссаны дараа шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь НӨАТ-ын баримт шивж өгөөгүй тул чиргүүлийн бичиг баримтыг шилжүүлж өгөөгүй. Нэхэмжлэгч нь чиргүүлийг 1 жил 8 сарын хугацаанд ашиглаж, үр шимийг нь хүртсэн атлаа 13,824,450 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

4.2 Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 09 цагт зарлагдсан. Шүүх хуралд оролцохоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Эрдэнэс таван толгой ХК-д тээвэр хийж байгаад хурал болох үед өглөө 09 цагт Төв аймгийн замд явж байсан тул шүүгчийн туслах руу утсаар холбогдож шүүх хурлыг гурван цаг хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргасан боловч шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн хашаанд дээрх чиргүүл нь 1 жил гарангын хугацаанд байгаа бөгөөд чиргүүл нь албан ёсны бичиг баримтгүй, ашиглах боломжгүй. Уг чиргүүлийг гэрээний төлбөрт барьцаалсан шинжтэй манай хамаанд байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ГОН ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 13,824,450 төгрөг, алданги 6,912,225 төгрөг, нийт 20,736,675 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь уг шаардлагыг ...үлдэх төлбөр 13,824,450 төгрөгт тооцон ОЧ 10-75 улсын дугаартай автоцистерний чиргүүлийг шилжүүлсэн, ...алдангийн талаар харилцан тохиролцоогүй гэж үгүйсгэн маргасан.

3. Талууд 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 20/002-08 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр худалдагч ГОН ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагч А ХХК-д нийлүүлэх, А ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. ГОН ХХК нь гэрээний дагуу нийт 654,824,450 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг А ХХК-д нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 5-7/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

4.2 Хариуцагч нь дээрх гэрээний үүргээс үлдэх 13,824,450 төгрөгт ОЧ 10-75 улсын дугаартай автоцистерн чиргүүлийг тооцон нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэгт 13,824,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. /хх 57/ Тэрээр шүүх хуралдааныг 3 цагийн хугацаагаар хойшлуулах агуулга бүхий баримт хэрэгт авагдсан /хх 62/ байх боловч түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...шүүх хурлыг гурван цаг хойшлуулах хүсэлт гаргасан боловч миний эзгүйд шийдвэрлэсэнд гомдолтой гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6,912,225 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2023/00682 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН