| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2023/00055/И |
| Дугаар | 210/МА2023/00865 |
| Огноо | 2023-04-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2023/00865
2023 04 24 210/МА2023/00865
Ч.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ч.А-
Хариуцагч: ШЕЗ-
Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 1991 онд шүүхэд шүүгчээр орж тасралтгүй ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн.
1.2 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж, хэрэгжсэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дахь хэсэгт зааснаар нэг удаагийн тэтгэмжийг 97,200,000 төгрөгөөр тооцож надад олгосон. Энэ тэтгэмжийг олгохдоо шүүгч миний албан тушаалын үндсэн цалин, хөлс болох 2,700,000 төгрөгөөр тооцож олгосон нь үндэслэлгүй.
1.3 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан, хэрэгжиж буй Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт ...шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаа тэтгэмж олгоно гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ...шүүгчийн цалин, хөлс нь албан тушаалын цалин, хөлс болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-д ...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэжээ.
Миний бие өөрийн байгууллагын санхүүгээс авсан тодорхойлолтоор миний сарын дундаж цалин 5,021,589 төгрөг, үүнийг 36 сараар тооцоход 180,777,204 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс надад шилжүүлж өгсөн 97,200,000 төгрөгийг хасаж тооцоход 87,577,204 төгрөгийн зөрүү гарч байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шүүгчийн эрх зүйн баталгааг тусгайлан тогтоосон хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй тул нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөгийг ШЕЗ-өөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Ч.А- нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ШЕЗ- 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар зарлигаар шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн.
2.2 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно... гэж заасан бөгөөд ШЕЗ- хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон.
Албан тушаалын цалин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин... гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм.
2.3 Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа.
Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан.
Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор шүүгчид нэмэгдэл олгох журмаар баталсан. Уг тогтоолоор шүүгчид докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан.
2.4 Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил албан тушаалын цалингаас тооцдог.
Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг ШЕЗ-өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-өөс нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,397,204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ШЕЗ-өөс 473,850 төгрөг гаргуулж улсын орлогод олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3 дахь хэсэгт зааснаар бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг ШЕЗ-ийн саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоодог. Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин. гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа болно. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.
Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог. Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...авч байсан сарын дундаж цалин... нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм.
Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг ШЕЗ-өөс хэрэгжүүлэхдээ УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талаас хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.
3. Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч ШЕЗ-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар зарлигаар Ч.А-ийг хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. /хх 4/ Улмаар ШЕЗ-өөс Ч.А-т өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой нэг удаагийн тэтгэмжийг албан тушаалын цалин болох сарын 2,700,000 төгрөгийг 36 сараар тооцон, нийт 97,200,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр олгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх 11-12/
5. Маргааны зүйл нь өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хэмжээг тооцох сарын дундаж цалинд албан тушаалын үндсэн цалингаас гадна нэмэгдэл цалин хөлс хамаарах эсэх болжээ.
6. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна. гэж, мөн зүйлийн 4.5 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна гэж заасан.
6.1 Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно.
6.2 Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 он/ 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.
6.3 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан.
7. Хуульд заасан дээрх сарын дундаж цалинд албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл орохооргүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. Харин шүүгчийн цалин-д албан тушаалын цалин хамаарах бөгөөд үүнд дээрх нэмэгдэл хамаарахааргүй байна. Анхан шатны шүүх сарын дундаж цалинг цалин хөлс гэж тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.
Түүнчлэн, Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж заасан зохицуулалт нь тус маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ.
8. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн авч байсан албан тушаалын цалин 2,700,000 төгрөгийг сарын дундаж цалин гэж үзэн, 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж 97,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч нь зөрүү гэх 87,577,204 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-д холбогдох, тэтгэмжийн зөрүү 87,577,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
М.БАЯСГАЛАН