Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00864

 

 

 

 

 

 

 

 

2023 04 24 210/МА2023/00864

 

 

 

БНХАУ-ын иргэн Z--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01175 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Z-

Хариуцагч: Ч.М-

Нэхэмжлэлийн шаардлага: өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний зүгээс 17 ширхэг шон, 500 метр цахилгаан кабелийг бий болоход 2,000,000 төгрөг гаргасан. Иймд намайг уг 17 ширхэг шон, 500 метр цахилгааны кабелийн 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас 8 шон, 250 метр кабель утсыг трансформатораас татаж чадахгүй байгаа талаараа тайлбарлаж байна. Тийм бол хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Трансформатораас цахилгаан татах асуудал бол Эрчим хүчний холбогдох байгууллагад хамааралтай асуудал. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БНХАУ-ийн иргэн Z--н хариуцагч Ч.М-т холбогдуулан цахилгааны 17 ширхэг шонгийн мод, цахилгааны 500 метр кабель утсыг дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2013 онд Ч.М- болон би хөрөнгө нийлүүлэн Ч.Б-ын гэрээтэй цахилгааны эх үүсвэрээс цахилгаан татахаар тохиролцон тус бүр 2,000,000 төгрөгийг Ч.М-т бэлнээр өгсөн. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гар бичмэл үйлдэж хэлцлийг байгуулсан. Бид нийлүүлсэн 4,000,000 төгрөгөөр 17 шон, 500 метр цахилгааны утас худалдан авч, суурилуулж цахилгаан ашиглаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.М-ийн нөхөр Д.М- надаас 4 жил гаран чиний тогийг хангалаа дахиад 2,000,000 төгрөг надад өг гэсэн. Тухайн үед би Д.М-ад мөнгө өгөөгүй тул тэрээр цахилгааныг тасалсан.

4.2 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/03823 дугаар шийдвэрээр намайг тухайн 2,000,000 төгрөгт ногдох шон болон цахилгааны утсыг Ч.М-аас нэхэмжлэх эрхтэйг нээлттэй дурдаж шийдвэрлэсэн. 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ч.М- нь намайг төөрөгдүүлж, хуурамч хэлцэл хийсэн бөгөөд шон суурилуулсан хашааны талбай нь Ч.М-ийн хууль ёсны эзэмшлийн газар биш байсан. Мөн Ч.М- нь цахилгаан эрчим хүчээр хангах эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээгүй бөгөөд хувиараа бусдад цахилгаан өгөх мэдэлгүй.

4.3 Анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн бичвэр буюу хэлцлийг хуурамч болохыг тогтоож байна.Ч.М- надтай хуурамч гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийг санаатай залилсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Z- нь хариуцагч Ч.М-т холбогдуулан өөрийн хөрөнгө оруулсан 2,000,000 төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйн улмаас талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой болсноор талууд маргаантай асуудлаар бүрэн мэтгэлцэн, хэргийн үйл баримт тогтоогдож, шүүх маргаанд хамааралтай, холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэх боломж бүрдэнэ.

3.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...2 сая төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утсыг өөрийн хөрөнгө болгон тогтоолгож, цахилгаан татаж ашиглах боломжоор хангуулах гэж өөрчилсөн. /1хх 159-106/ Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...нийт 17 шон, 500 метр кабелиас өөрийн хөрөнгө оруулсан 2 сая төгрөгт ногдох 8 ширхэг шон, 250 метр цахилгааны кабель утсыг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөгчөөр тогтоолгох гэж тодруулсан. /1хх 248/ 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд дээрх эд зүйлсийг ...хэлцлийн үндсэн дээр үүссэн дундын өмч гэж тодорхойлсон. /2хх-7/

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ 8 ширхэг шон, 250 метр цахилгааны утсыг дундаа хэсгээр өмчлөх эрхтэй, эсхүл хамтран өмчлөх эрхтэй, эсхүл дангаар өмчлөх эрхтэй эсэхийн алинд үндэслэж байгааг анхан шатны шүүх тодруулаагүй байна. Дээрх эрхүүд нь хэлбэрийн болон эрх зүйн зохицуулалтын хувьд харилцан адилгүй. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр ...нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...17 шон бүхий 500 метр кабель утасны хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж тодорхойлж байх тул гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

3.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан 17 ширхэг шон бүхий 500 метр урттай цахилгааны утас бодитоор хаана байрлалтай, ямар чиглэлд, аж ахуйн нэгж, иргэний газраар дамжиж байгаа эсэх, эрх бүхий байгууллагад бүртгэлтэй эсэх, мөн үүнээс 8 ширхэг шон, 250 метр урттай цахилгааны утас нь аль хэсгийг хамаарч буй зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, талууд тайлбартаа дээрх эд зүйлсийн тоо, ширхэгийн талаар маргаагүй байх боловч тухайн эд зүйлсийн бодитоор байгаа шинж, байдал тодорхойгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дээрх эд зүйлс байгаа гэх газарт үзлэг хийсэн байх боловч уг үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй байна. /1хх 49-58/

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй.

Нэхэмжлэгч нь хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...Монгол хэлээр уншиж, бичиж, ярьж чадна. Шүүх хуралдааныг монгол хэлээр явуулахад ойлгоно гэх агуулга бүхий хүсэлт гаргасан /хх 228/ байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Монгол хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлж буй эсэхийг анхаараагүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс талууд бүрэн мэтгэлцээгүй, хэргийн үйл баримт тогтоогдоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах, нөхөн гүйцэтгэх буюу хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН