Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0126

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2019/0126

Улаанбаатар хот

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, Л.М, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.П-гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А-ийг тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.А-ийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох 9.021.025,00 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж Б.А-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П давж заалдах гомдолдоо: “...шүүх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, зөрчлийн шинж байдлыг харгалзаагүй, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэж буруу дүгнэж нотлох баримтуудыг буруу, бүхэлд нь үнэлэлгүй нэг талыг барьж хууль буруу хэрэглэн шийдвэр гаргасан. Ёс зүйн хороо Б.А-ийг ажилд орохоосоо өмнө болон орсны дараа худал хэлж ажил цалгардуулж явдаг, худал хэлж ажил цалгардуулдаг нь илэрмэгц гадуур ажлын дэвтэрт бичсэнийг урж устгаж агуулгыг өөрчилж бичсэн асуудалтай нь холбогдуулж хуралдаж ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргасан байдаг.

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.А нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт очоогүй байх ба Засаг дарга болон түүний орлогчтой огт уулзаагүй нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдож байдаг. Засаг даргатай уулзсан гэж бичээд уулзаагүй нь мэдэгдмэгц худал бичсэн зүйлийн агуулгыг өөрчилсөн байдаг. Түүнчлэн ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд Засаг даргатай ажилд орохоосоо өмнө уулзаж байсан талаар тэмдэглэсэн байдаг нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж утга агуулга өөрчлөгдөөгүй мэтээр дүгнэсэн. Шийдвэрээс харахад ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, хууль, байгууллагын дотоод дүрэм, журам зөрчиж байх нь хэвийн үзэгдэл, ноцтой зөрчил биш гэж дүгнэсэнтэй адил байна. Б/09 дүгээр тушаалын үндэслэлийн нэг хэсэг болох ёс зүйн хорооны дүгнэлт хүчин төгөлдөр байгаа бөгөөд Б.А нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан нийтлэг үүргээ зөрчиж биелүүлээгүй, өргөсөн тангаргаасаа няцсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн нь шалгаж тогтоогдсон байх бөгөөд хуулийн хүрээнд Б/09 дүгээр тушаал нь гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг баримтлан нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэж үзэж тушаалыг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 357 дугаар тогтоолоор[1] нэхэмжлэгч Б.А-ийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсний дагуу хариуцагч Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б/04 дүгээр тушаалаар[2] түүнийг дээрх албан тушаалд эгүүлэн томилсон байна.

Тус хэлтсийн ёс зүйн хороо 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, Б.А-ийг Хөдөлмөрийн дотоод журмын 2.9, 3.2.14 дэх заалтуудыг зөрчин ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дүгнэлт бичсэнийг үндэслэн хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар[3] нэхэмжлэгчийг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хариуцагчийн 2016 оны А/05 дугаар[4] тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 2.9-д “Хэлтсийн даргын эзгүй байх үед Захиргаа, хяналтын албаны дарга хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч “нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилохтой холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уулзалт[5] зохион байгуулж, мөн оны 12 дугаар сарын 13-ны өдөр уг асуудлыг шийдвэрлэхээр болсон боловч тухайн өдөр Б.А ирээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахин уулзалт[6] зохион байгуулсан. Б.А- 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ажилд орохоор тус хэлтэс дээр ирээгүй байж ирсэн гэж худал хэлсэн. Тухайн үед хэлтсийн даргын эзгүй үед Захиргаа, хяналтын албаны дарга хэлтсийн даргатай уулзах байсан” гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг “хариуцагч нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажилд нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эгүүлэн томилж шийдвэрлэсэн атлаа уг шийдвэрийг гаргахаас өмнөх цаг хугацааны үйл явдлыг зөрчилд тооцсон, уг гаргасан гэх зөрчлийг шалган тогтоогоогүй” гэж зөв дүгнэсэн төдийгүй тухайн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.14-т “Ажлаас хоцрох, таслах, ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрөөх” гэж заасан бөгөөд тухайн заалтыг “...Гадуур ажлын дэвтрийн 14 дүгээр хуудсыг урсан, дахин шинэчилж бичихдээ өмнөх бичсэнээс 2018 оны 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдийн тэмдэглэгээг өөрчилж бичсэн, 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргатай уулзаагүй байж уулзсан гэж тэмдэглэсэн, 12-ны өдөр мөн Засаг даргатай уулзахаар яваагүй хувийн ажлаар гадуур явсан байх бөгөөд энэ үед чөлөө аваагүй” гэх үйлдлүүдээр зөрчсөн гэж үзсэн байна.

Хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дүгээр тушаалаар “Гадуур ажлын дэвтэр ашиглах тухай” зааварчилгааг баталсан ба уг дэвтрийн 14 дүгээр хуудсыг урсан үндэслэлээ нэхэмжлэгч “эмх замбараагүй болсон тул засаж бичих зорилгоор хуудсыг урж, нөхөн бичсэн” гэж тайлбарласан бол хариуцагч “Б.А дүүргийн Засаг даргатай уулзаагүй болох нь тогтоогдоод ирэнгүүт худал бичсэн зүйлийг арилгах зорилгоор дэвтрийн хуудсыг урж ноцтой зөрчил гаргасан” гэж үгүйсгэн маргажээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан гадуур ажлын бүртгэлийн дэвтэр, урсан гэх 14 дүгээр хуудас, дүүргийн Засаг даргын туслахын бичсэн протокол[7], ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл зэргээс үзвэл анхан шатны шүүхийн “...гэрчээр дүүргийн Засаг даргыг асуугаагүй, зарим нэхэмжлэгчийн тэмдэглэсэн тэмдэглэл нь баримтаар тогтоогдож байхад хариуцагч шийдвэр гаргахдаа түүнийг анхаараагүй” гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

          Мөн хариуцагч дээрх А/21 дүгээр тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ Хөдөлмөрийн дотоод журмын 5.8-д “Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах хэлбэрийн зөрчлүүдийг хамааруулна”, 5.8.6-д “Хуурамч бичиг баримт үйлдсэн буюу засварласан, ашигласан, байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн, гадуур ажлын, манлайллын, санал хүсэлтийн дэвтэр болон бусад асуудлуудад ашиглагдаж байгаа зүйлсийг устгах, засварлах, өөрчлөх” гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлээр төрийн захиргааны албан хаагчийг Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэлгүй  байна.

          Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаас үзвэл томилж, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийг хуулиар заасан нийтлэг үүрэг, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сануулах, цалингийн хэмжээг бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн аль нэгийг нь ногдуулахаар хуульчилжээ.

          Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа / ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримталсан/ Б.А-ийг зөрчил гаргасан эсэхийг нягтлан шалгаж, зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчид төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх буруу дүгнэлт хийж, нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэн шийдвэр гаргасанд гомдолтой байна” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авахааргүй байна.

          Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байхдаа сейф сольсон, өөрийн хүүхдийн нэр дээр зээл авсан, нөтбүүк аваад өгөөгүй гэх мэт зөрчлүүдийг гаргаж байсан учраас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан” гэж тайлбарласан бөгөөд хариуцагч маргаж буй актыг гаргахдаа дээрх зөрчлүүдийг дурдаагүй ба тухайн зөрчлийг гаргасан гэдгийг шалган тогтоогоогүй тул тухайн үндэслэлүүдэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

          Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-5 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-45 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-68 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-29 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-47 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-50 хуудас

[7] Хавтаст хэрэг 1-55 хуудас