Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00690

 

“Цүзүкү Юмэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч ­“Цүзүкү Юмэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 638 562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, Г.Чулуунцэцэг, Ё.Батбаяр, Ш.Чинхүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 165 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 16 дугаартай “Хог тээвэрлэх гэрээ”, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”-г тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа болно.Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр ирсэн юм.Энэхүү гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн тонн хог хаягдлыг километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд уг тогтоолоор 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон. Дээрх гэрээнүүд нь энэхүү тогтоолд нийцүүлэн байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан “Хог тээврийн тариф батлах тухай” тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс 2014 онд байгуулсан “Хог тээвэрлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 2015 оны “Хог хаягдлын үйчилгээ үзүүлэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэг, 5.2.6 дахь хэсэг, 2016 оны “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилтийг тухайн cap болгонд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь гүйцэтгэхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байгаа болно.

Тухайлбал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс 2014 онд манай компанид олгогдох ёстой байсан 38 727 771 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс 22 933 548 төгрөгийн санхүүжилт олгож, үлдэгдэл 15 794 223 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй бөгөөд манай компанитай байгуулсан гэрээний үүргээ, цаашлаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан тогтоолыг биелүүлэхгүй өнөөдрийг хүргэж байна. Түүнчлэн 2015 онд манай компанид олгох ёстой байсан ажлын гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт болох 56 514 367 төгрөгөөс 31 884 378 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож үлдэгдэл 25 806 449 төгрөгийг өнөөдрийг xүртэл төлөөгүй шаардуулсаар байгаа болно.Мөн 2016 оны 6 сарын байдлаар манай компанид олгох ёстой байсан ажлын гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт болох 34 826 730 төгрөгөөс 18 612 380 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож, үлдэгдэл 16 214 350 төгрөгийг төлөхгүй чирэгдүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүрэгт 2014, 2015, 2016 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт нийт 56 638 562 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд энэхүү дутуу төлөлтийн улмаас өнгөрөгч 3 жилийн туршид бид санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орж ажилчдын цалин хөлс нэмэх болон парк шинэчлэлт, нийгмийн олон асуудлаа шийдэж чадахгүйн улмаас удаа дараа олгох ёстой хэмжээндээ санхүүжилт хийхийг шаардсаар ирсэн боловч хариуцагчийн зүгээс хууль зүйн хувьд илт үндэслэлгүй тайлбарыг өгч 2014, 2015, 2016 оны үлдэгдэл нэмэлт санхүүжилтийг олгохгүй өнөөдрийг хүргээд байна.Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний дагуу төлөгдөх нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 56 638 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Тус дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хог тээвэрлэх 16 дугаар гэрээг 6 сарын хугацаатай байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 5 дугаар бүсийн айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Тус байгууллагатай 2014 оноос 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний хугацаанд cap болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар хэдэн төгрөг cap болгон өгөх талаар дээрх гэрээнүүдэд мөнгөн дүнг шууд заасан тохиролцсон зүйл байхгүй.Харин нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны “Журам батлах тухай” 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй, Нийслэлийн Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Тус санхүүжилтийг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор үндсэн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд Нийслэлээс гүйцэтгэлийн хувь, хэмжээг харгалзан холбогдох санхүүжилтийг дүүргийн төрийн санд дамжуулдаг. Мөн нэхэмжлэгчтэй 2014-2016 оны хороонд байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн талаар талууд тохиролцоогүй гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1тн тутамд 2 700 төгрөг байхаар журамлаж өгснийг баримтлан санхүүжилтийг олгосон.Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг “хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжүүлнэ” гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Дээрх НИТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтын журмаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн 2014-2016 оны 6 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж cap болгон холбогдох санхүүжилтийг олгож байна.Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 56.6 сая төгрөг буюу нэмэлт санхүүжилтийг гэрээгээр тохиролцоогүй байхад нэхэмжилсэн тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 56 638 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 441 200 төгрөгийн 441 143 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 57 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 441 143 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын агуулгыг буруу хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй. Тус дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хог тээвэрлэх 16 дугаар гэрээг 6 сарын хугацаатай байгуулан хамтран ажиллахаар болсон.Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 5 дугаар бүсийн 2689 айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ““Цүзүкү юмэ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг ...дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцоололд маргахгүй байх” гэж үндэслэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай. Хариуцагчийн зүгээс шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд 2014-2016 оны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй маргахгүй харин тооцоолол буюу нэмэлт санхүүжилттэй маргаж байгааг буруу ойлгож хэт нэг талын баримталсан шийдвэр болсон.Нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” 8.11 дэх хэсэг “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ”, 8 дугаар зүйлийн 8.6 дах заалтад “Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” гэж зааснаас үзвэл анхан шатны шүүх тус заалт нь дүүргийн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд нийслэл санхүүжүүлэх, талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоогүй мэтээр тайлбарласан нь тус хэсэгт заасан журмын хэрэгжилтийг буруу ойлгож шийдвэрлэсэн. Учир нь дүүрэг хог хаягдлын талаарх санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд тухайн сарын гүйцэтгэлийг баталгаажуулж, олгох санхүүжилтийг хавтаст хэрэгт авагдсан маягтаар батлагдаж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Цүзүкү Юмэ” ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2014, 2015, 2016 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 56 638 562 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нэмэлт санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Хог тээвэрлэх гэрээ”, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ”, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ” тус тус байгуулагджээ. Эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч “Цүзүкү Юмэ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүрэг хүлээсэн бол хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэж, үйлчилгээг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд 130 068 868 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч хариуцагчийн зүгээс нийт 73 430 306 төгрөгийн санхүүжилт хийсэн, 56 638 562 төгрөгийн ажлын хөлсийг дутуу олгосон гэх нэхэмжлэгчийн шаардлага болон нотолгоог хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 351 дүгээр зүйлийн 351.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Хог хаягдлыг нийлүүлэх дээрх гэрээнд зааснаар хог тээврийн нэмэлт санхүүжилтийн гүйцэтгэлийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу олгох үүргийг хариуцагч хүлээсэн байна.

Уг журамд тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулсан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлж, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заажээ.

Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.2., 8.4.3.-т зааснаар сум, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах журмын дагуу хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, сонгон шалгаруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол  үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх учиртай. Нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт орж ирээгүй, эсхүл дутуу ирсэн бол энэ талаар хариуцагч зохих журмын дагуу шаардлага гаргах эрхтэй болно. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 676 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН