Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 676

 

 

 

 

 

 

 “Цүзүкү Юмэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дугаар шийдвэртэй

          Нэхэмжлэгч “Цүзүкү Юмэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 56 638 562 төгрөг гаргуулах тухай хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Батбаяр, Г.Чулуунцэцэг, О.Мягмарсүрэн, Ш.Чинхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч “Цүзүкү Юмэ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани нь 2008 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2013 оны 10 сарын 10-ны өдөр 165 дугаартай "Хог тээвэрлэх гэрээ", 2014 оны 01 сарын 10-ны өдөр 16 дугаартай "Хог тээвэрлэх гэрээ", 2015 оны 08 сарын 01-ний өдөр "Хог хаягдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ", 2016 оны 01 сарын 15-ны өдөр "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ"-г тус тус байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажилласаар байгаа болно. Дээрх гэрээнүүдээр манай компани нь тус дүүргийн 16 дугаар хорооны буюу 5 дугаар бүсийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дахь ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэж төвлөрсөн цэгт хүргэж хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг дүүргийн өмнө хүлээж энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсээр ирсэн юм. Энэхүү гэрээнүүдийг дүүрэгтэй байгуулахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр баталсан 12/45 дугаартай "Хог тээврийн тариф батлах тухай" тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн тонн хог хаягдлыг километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд уг тогтоолоор 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон. Дээрх гэрээнүүд нь энэхүү тогтоолд нийцүүлэн байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс манай компаниас үзүүлэх хог хаягдлын үйлчилгээнд хяналт тавих, дүгнэх, шалгах Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн баталсан "Хог тээврийн тариф батлах тухай" тогтоолд нийцүүлэн гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилт олгох үүргийг хүлээсэн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс 2014 онд байгуулсан "Хог тээвэрлэх гэрээ"- ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 2015 оны "Хог хаягдлын үйчилгээ үзүүлэх гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэг, 5.2.6 дахь хэсэг, 2016 оны "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилтийг тухайн cap болгонд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ зохих ёсоор, шударгаар, хугацаанд нь гүйцэтгэхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байгаа болно. Тухайлбал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс 2014 онд манай компанид олгогдох ёстой байсан 38 727 771 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс 22 933 548 төгрөгийн санхүүжилт олгож, үлдэгдэл 15 794 223 төгрөгийг өнөөдрийг хүртэл олгоогүй бөгөөд манай компанитай байгуулсан гэрээний үүргээ, цаашлаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан тогтоолыг биелүүлэхгүй өнөөдрийг хүргэж байна. Түүнчлэн 2015 онд манай компанид олгох ёстой байсан ажлын гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт болох 56 514 367 төгрөгөөс 31 884 378 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож үлдэгдэл 25 806 449 төгрөгийг өнөөдрийг xүртэл төлөөгүй шаардуулсаар байгаа болно. Мөн 2016 оны 6 сарын байдлаар манай компанид олгох ёстой байсан ажпын гүйцэтгэлийн нэмэлт санхүүжилт болох 34 826 730 төгрөгөөс 18 612 380 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгож, үлдэгдэл 16 214 350 төгрөгийг төлөхгүй чирэгдүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүрэгт 2014, 2015, 2016 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөрт нййт 56 638 562 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд энэхүү дутуу төлөлтийн улмаас өнгөрөгч 3 жилийн туршид бид санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орж ажилчдын цалин хөлс нэмэх болон парк шинэчлэлт, нийгмийн олон асуудлаа шийдэж чадахгүйн улмаас удаа дараа олгох ёстой хэмжээндээ санхүүжилт хийхийг шаардсаар ирсэн боловч хариуцагчийн зүгээс хууль зүйн хувьд илт үндэслэлгүй тайлбарыг өгч 2014, 2015, 2016 оны үлдэгдэл нэмэлт санхүүжилтийг олгохгүй өнөөдрийг хүргээд байна. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний дагуу төлөгдөх нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 56 638 562 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын тайлбарт: Тус дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014 оны 01 сарын 10-ны өдрийн Хог тээвэрлэх 16 дугаар гэрээг 6 сарын хугацаатай байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 5 дугаар бүсийн айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг хийж байсан. Тус байгууллагатай 2014 оноос 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээний хугацаанд cap болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар хэдэн төгрөг cap болгон өгөх талаар дээрх гэрээнүүдэд мөнгөн дүнг шууд заасан тохиролцсон зүйл байхгүй. Харин нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүулэгчдийн 2015 оны "Журам батлах тухай" 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасан 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй, Нийслэлийн Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Тус санхүүжилтийг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор үндсэн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд Нийслэлээс гүйцэтгэлийн хувь, хэмжээг харгалзан холбогдох санхүүжилтийг дүүргийн төрийн санд дамжуулдаг. Мөн нэхэмжлэгчтэй 2014-2016 оны хороонд байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн талаар талууд тохиролцоогүй гэрээний гүйцэтгэлийн хэмжээгээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12/45 дугаар тогтоолын дагуу 1тн тутамд 2 700 төгрөг байхаар журамлаж өгснийг баримтлан санхүүжилтийг олгосон. Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг "хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжүүлнэ" гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Дээрх НИТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтын журмаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн 2014-2016 оны 6 дугаар сарын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн нэгтгэлийн маягтаар баталгаажилт хийгдэж cap болгон холбогдох санхүүжилтийг олгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 56.6 сая төгрөг буюу нэмэлт санхүүжилтийг гэрээгээр тохиролцоогүй байхад нэхэмжилсэн тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

              Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 56 638 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-д олгож,

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Цүзүкү юмэ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 сарын 21-ний өдөр урьдчилан төлсөн 441 200 төгрөгийн 441 143 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 57 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 441 143 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын агуулгыг буруу хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй.

Тус дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хот хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Хог тээвэрлэх 16 дугаар гэрээг 6 сарын хугацаатай байгуулан хамтран ажиллахаар болсон. Гэрээний дагуу тус хорооны хог тээвэрлэлтийн 5 дугаар бүсийн 2689 айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог, хаягдал, хур хог зэргийг гэрээний дагуу ачих, тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг гэрээний дагуу гүйцэтгэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Цүзүкү юмэ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцоололд маргахгүй байх" гэж үндэслэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай. Хариуцагчийн зүгээс шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд 2014-2016 оны хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй маргахгүй харин тооцоолол буюу нэмэлт санхүүжилттэй маргаж байгааг буруу ойлгож хэт нэг талын баримталсан шийдвэр болсон. Хавтаст хэргийн 121-146 дугаар хуудаст байрлах хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн cap бүрийн гүйцэтгэлийн зүүн гар талаасаа буюу нийслэлээс санхүүжүүлэх дүн гэх баганад байршуулсан мөнгөн дүн нь тухайн хог тээвэрлэгч байгууллагад олгох нэмэлт санхүүжилтийг баталгаажуулсан хэлбэр юм.

Нэмэлт санхүүжилтийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг "Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно" 8.11 дэх хэсэг "Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтыг дүүргийн төрийн санд шилжүүлнэ", 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтад "Тухайн дүүргийн айл өрхийн xoг хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төвөөс нэмэлт санхүүжилт олгож болно” гэж зааснаас үзвэл анхан шатны шүүхийн тус заалт нь дүүргийн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд нийслэл санхүүжүүлэх, талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоогүй мэтээр тайлбарласан нь тус хэсэгт заасан журмын хэрэгжилтийг буруу ойлож шийдвэрлэсэн. Учир нь дүүрэг хог хаягдлын талаарх санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд тухайн сарын гүйцэтгэлийг баталгаажуулж, олгох санхүүжилтийг хавтаст хэргийн 121-146-р хуудсанд байршуулсан маягтаар батлагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Цүзүкү Юмэ” ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл буюу 2014, 2015, 2016 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 56 638 562 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэмэлт санхүүжилт олгохоор гэрээнд тохиролцоогүй гэж маргажээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар болон нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Хог тээвэрлэх гэрээ", 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ" тус тус байгуулагдсан, гэрээний дагуу “Цүзүкү юмэ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, оршуулгын газрын хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ачиж тээвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулж, ачиж тээвэрлэх, тухайн бүсийн нутаг дэвсгэр дэх ил задгай болон эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих, гэрээг дүгнэж үйлчилгээг санхүүжүүлэх үүрэг хүлээжээ.

 

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 130 068 868 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй байлгах үүргээ биелүүлсэн байх ба хариуцагч тал “Цүзүкү юмэ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, 73 430 306 төгрөгийн ажлын хөлс олгож, 56 638 562 төгрөгийн ажлын хөлсийг дутуу олгосон нь “Цүзүкү юмэ” ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөн 2014 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар сар хүртэл хүртэлх хугацааны хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийн баримтаар тогтоогдсон байна. Иймд хариуцагч нь гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг эрх бүхий байгууллагаас  баталсан хэмжээгээр, нэхэмжлэгчийн ажлын үр дүнд тохирсон хөлсийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй байна. 

 

            Хариуцагчийн “...шүүх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралт журмын хэрэгжилтийг буруу ойлгож шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний 3.1.8-д “Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас олгох хог тээврийн нэмэлт санхүүжилтийн гүйцэтгэлийг НИТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан журмын 8.8 дахь заалтын дагуу олгоно” гэж зааснаар нэмэлт санхүүжилтийг олгохоор тохиролцсон, уг тохиролцоог үндэслэн нэмэлт санхүүжилтийг баталгаажуулсан нь хэргийн 121-146 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

 Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6-д "тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиололд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно", мөн 8.8.2-т “Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулсан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ”, 8.8.3-т “дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь нэмэлт санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгох үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгч “Цүзүкү юмэ” ХХК  нь өөрөөсөө илүү зардал гаргаж, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэсэн нь 2014, 2015, 2016 оны ажлын гүйцэтгэл болон хог тээвэрлэлтийн тооцооны хуудас зэрэг баримтаар нотлогдсон тул хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь хэсэгт заасан гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00184 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                             

                                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                    ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 А.МӨНХЗУЛ