Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/0103

 

 

   Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-ын нэхэмжлэлтэй,

 Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

           Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

          Танхимын тэргүүн, шүүгч:  Ч.Тунгалаг

           Шүүгчид:                             Б.Мөнхтуяа

                                  Д.Мөнхтуяа

                                  Ц.Цогт

           Илтгэгч шүүгч:                     Х.Батсүрэн

           Нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах: П.Энх-Амар  

     Нэхэмжлэлийн шаардлага: “Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-ийн /ЩС0000001/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний Улсын бүртгэлийн газарт даалгах”

       Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0608 дугаар шийдвэр,

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

        Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О, нэхэмжлэгчийн орчуулагч Г.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Ко.Ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулж,

        Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

     1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0608 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 19 дүгээр зүйлийн 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “ ... Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-ийн /РД: ЩС0000001/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

       Хяналтын журмаар гаргасан гомдол:     

   3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь охин А О-хаа төрсний бүртгэлийн мэдээлэлд өөрийнхөө мэдээллийг оруулахаар Улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдөлдөө гадаад паспортын, гэрлэлтийн гэрчилгээний, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудыг мөн охин А О-ын эцэг мөн болохыг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 79 дүгээр дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган өгснийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д тус тус заасантай нийцээгүй гэж үзэж, бүртгэл хийхээс татгалзах хангалттай үндэслэл болохгүй юм.

      4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх тушаалын хавсралтаар баталсан журмын 2.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн өргөдлийг Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсаныг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй, дараах байдлаар  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

    5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан баримт бичиг нь хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт бөгөөд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэртээ хуулийн дээрх заалтыг үндэслэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгчийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт нь А О-ын /ЩС18271803/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэх байсан тул хариуцагч анхан болон давж заалдах шүүхийн эшлэсэн хуулийн зохицуулалт нь хамааралгүй байна.

      6. Харин Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5 дахь хэсэгт “Гэрлэсний улсын бүртгэлд бүртгүүлээгүй эцэс, /таслал/ эхийн өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болно” хэмээн заасан. Журмын энэ заалтаар эцэг эсхүл эхийн аль нэгний өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болохоор байна. Өөрөөр хэлбэл, заавал хүүхдийн эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл бус тэдний хэн нэгнийх нь гаргасан өргөдлийг үндэслэн эцгийн мэдээллийг хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд нь нэмж оруулах боломжтой гэж үзэж байна.

      7. Нэхэмжлэгч нь А О-ыг өөрийнхөө нэрээр овоглуулах өргөдөл гаргаагүйн зэрэгцээ мөн гуравдагч этгээд Т.У-ын нэрээр овоглосныг эс зөвшөөрч маргадаггүй атал хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас болон анхан шатны шүүхээс Иргэний улсын бүртгэлийн  тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан бичиг баримт дутуу буюу охины эх Т.У-ын өргөдөлд байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өргөдлийн бүртгэхээс татгалзаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өргөдлийн бүртгэхээс татгалзаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна.

     8. Монгол Улс 1990 онд “Хүүхдийн эрхийн тухай” конвенц-д нэгдэн орсон бөгөөд тус конвенцын 2 дугаар зүйлийн 1-д “Оролцогч улсууд хүүхдийн, түүний эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин ..., эрүүл мэнд, төрсөн болон бусад байдлаас үл шалтгаалан аливаа хэлбэрээр алагчлахгүй”, 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй”, 9 дүгээр зүйлийн 3-т “Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ” гэж, 10 дугаар зүйлийн 2-т “Эцэг эх нь өөр улсад амьдарч байгаа хүүхэд онцгой шалтгаангүйгээр тохиолдолд эцэг эхтэйгээ тогтмол хувийн болон шууд харилцаатай байх эрхтэй...” гэж тус тус заасан. Иймд нэхэмжлэгчийн хүүхэдтэйгээ холбоо харилцаатай байх тэр дундаа бичиг баримтын хувьд энэ эрхийг хэн боловч хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн “Монгол Улсыг намайг охины минь эцэг нь болохыг хүлээн зөвшөөрч бүртгээсэй” гэсэн тайлбар үндэслэлтэй юм.

    9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5 дахь хэсгийг тайлбарлахдаа эцэг, эх хоёр нь өргөдлийг гаргах ёстой хэмээн тодорхойлсон байдаг. Харин шүүхээс энэхүү хууль, журмын зохицуулалтын зорилго болох хүүхдийн төрсний бүртгэлд хөндлөнгийн этгээд хүүхдийн эцэг, эхээр бүртгүүлж аливаа асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлэх буюу хүүхэд болон эцэг, эхийн эрхийг хамгаалах зорилготой зохицуулалт болохыг анхаарч үзээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу захиргааны үйл ажиллагаанд зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх шаардлага тавигддаг ба хариуцагч байгууллага тус зарчмын хүрээнд нэхэмжлэгчийг хүүхдийн төрсний бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэж үзэж байна.

    10. Нэхэмжлэгчийг түүний охин А О-ынх нь төрсний бүртгэлийн мэдээлэлд нэмж бүртгэснээр эх буюу гуравдагч этгээд Т.Ундрах этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй ба эдгээр нөхцөл байдлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарын хүрээнд зөв дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Цаашлаад гуравдагч этгээд Т.Ундрахын Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй холбоотойгоор өргөдөл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь охин А О-ын мэдээлэлд түүний эцэг болох нэхэмжлэгч К НЖ О-ыг бүртгэхгүй байх хангалттай үндэслэл болохгүй юм. Мөн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн хариуцагчаас нэхэмжлэгчийг хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд бүртгүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч болон хүүхдийн хамт гадаад улсад зорчих, өвлүүлэх эрх бодитоор хязгаарлагдах эсэх тухай асуухад хязгаарлагдана хэмээн тайлбарласан болно. Энэхүү нэхэмжлэгчийг хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд нэмж бүртгэснээр хэний ч эрх ашиг дордуулахгүй эсрэгээр дээрдэх үр дагавартай байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

      11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

      12. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

    13. Нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-оос “иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-ийн /ЩС0000001/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний Улсын бүртгэлийн газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “ ... У.А-ийн эцгийн мэдээлэлд нь нэмэлт оруулах хүсэлтээ холбогдох баримт бичгийг хуульд заасан шаардлага хангуулан өгсөн, охинтойгоо хамт гадагшаа зорчих, эд хөрөнгөө өвлүүлэх болон хүүхдийнхээ эцэг байх миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, эцэг биш гэж маргаагүй, охин У.А-г өөрийн нэрээр овоглуулах өргөдөл, хүсэлт огт гаргаагүй, зөвхөн эцгийн мэдээлэл хэсэгт нэмэлт оруулахыг хүссэн” гэж, харин хариуцагчаас “ ... Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх тогтоосны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр эцгийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ оруулахыг хүсвэл Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д заасны дагуу эцэг, эхийн өргөдлийг бүрдүүлж өгснөөр бүртгэл хөтлөх боломжтой, нэхэмжлэгчийн хувьд эхийн хамтаар өргөдлийг бүрдүүлж өгөөгүй, шинжээчийн дүгнэлт нь эцэг болохыг тогтоосон баримт болохоос биш бүртгэлд өөрчлөлт оруулах шүүхийн шийдвэр биш...” гэж тус тус маргажээ.

      14. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н ЖО нь Монгол Улсын иргэн Т.У-тай Австралийн Холбооны Улсад 2018 онд гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас Австралийн Холбооны Улсад төрсөн охин У.А-ийн төрсний гэрчилгээнд эцэг, эхийн мэдээллүүд бичигдсэн, нэхэмжлэгч нь У.А-ийн биологийн эцэг болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон үйл баримтууд тогтоогдож байна.

     15. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эцэг, эх, ... хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ: 6.1.1 “эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг”, 6.1.2 “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа”, 6.1.3 “эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ” гэж; 6.3-т “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгээс гадна хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана” гэж тус тус зааж, мөн Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.1-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан төрсний бүртгэлийг хөтлөхөд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг баримтална” гэж журамласан байна.

     16. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “... У.А-ыг төрснөөс хойш буюу 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, мөн нэхэмжлэгчээс эцгийн мэдээллийг нэмж бүртгүүлэх хүсэлт гаргахдаа Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Иргэний бүртгэл хөтлөх журмын 2.5-д заасан эх Т.У-ын өргөдөл, хүсэлтийг хавсаргаагүй, эцэг, эхийн өргөдлийг холбогдох баримтын хамт өөрсдийн биеэр хүлээлгэж өгөөгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон” хэмээн дүгнэж, маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлаж хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

    17. Нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Жс нь охин У.А-ийн төрсний бүртгэлд “эцэг”-ийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллийг нэмэлтээр оруулах хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргахдаа паспортын хуулбар, Австралийн Холбооны Улсад гэрлэлтээ батлуулсан гэрлэлтийн гэрчилгээ /хүсэлт гаргах үед хүчинтэй байсан/, мөн У.А-ийн Австралийн Холбооны Улсын төрсний гэрчилгээний хуулбар, эцэг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт баримтууд хавсаргаж өгснийг Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан баримтын шаардлага хангасан гэж үзнэ. Хуулийн уг зохицуулалтаас үзэхэд, “хүүхдийн төрсний бүртгэлд эцгийн мэдээлэлд нэмэлт оруулах” хүсэлтийг эцэг, эх заавал хамт гаргасан байхыг шаардаагүй тул тухайн тохиолдолд эхээс өргөдөл гаргаагүй нь эцгийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзах үндэслэл болохгүй юм.

     18. Түүнчлэн, Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д зааснаар гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцгийн хүсэлтийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болохоор, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн охин У.А-ийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулахад хуулиар хориглосон, татгалзах үндэслэл байхгүй гэж үзэхээр байна.

    19. Хариуцагч байгууллагаас Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ: 10.1.1 “эцэг, эхийн өргөдөл” гэж заасан шаардлагыг тус тус хангаагүй тул мэдээлэлд өөрчлөлт оруулахаас татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгчээс хүүхдийн эцгээр бүртгүүлэхээр өргөдөл гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй тухайн тохиолдолд хуулийн дээрх заалтыг хэрэглэж мэдээлэлд нэмэлт оруулахаас татгалзсан хариуцагчийн үйлдэл нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т  “Иргэний улсын бүртгэлд бүртгэхээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана” гэснийг зөрчсөн, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй юм.

    20. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “... Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4-т заасны дагуу ажлын 5 өдрийн дотор хүүхдийн төрсний бүртгэлд эцгийн мэдээллийг бүртгээгүй гэж буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн хариуцагчийг зөвтгөсөн байх боловч уг заалт нь маргааны агуулгаас өөр асуудал буюу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой асуудлыг зохицуулсан байгааг дурьдах нь зүйтэй.

   21. Иймд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хяналтын журмаар гаргасан “ ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5-д зааснаар хариуцагчаас үр  нөлөөтэй, бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргаагүй, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар эцэг, эх хоёуланг нь өргөдөл өгөхийг шаардсан гэж үзэхгүй, эцэг, эхийн өргөдөл хамтаар гэж хязгаарлаагүй, эцгийн нэмэлт, өөрчлөлт өргөдөл гаргахад эцгийн өргөдөл дангаараа байхад хуульд нийцнэ...” гэх гомдол үндэслэлтэй бөгөөд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0608 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, У.А-ийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, У.А-ийн /ЩС0000001/ 036Е1000091 дугаартай төрсний бүртгэлд эцэг Австралийн Холбооны улсын иргэн К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                    Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                                       Б.МӨНХТУЯА

                                                                             Д.МӨНХТУЯА

                                                                             Ц.ЦОГТ

 Х.БАТСҮРЭН