Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0608

 

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0608

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О.

Хаяг:

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: Т.У,

Хаяг:

Нэхэмжлэлийн шаардлага: ...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-гийн /РД:/ ... дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний улсын бүртгэлийн газарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, К.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, орчуулагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О би Монгол Улсын иргэн Т.У-тай 2016 онд танилцаж, улмаар хамтран амьдарч ирсэн. Бидний дундаас охин А нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Австралийн Холбооны Улсад төрсөн. Австралийн Холбооны Улсын Иргэний бүртгэлийн газраас эхнэр Т.У бидний гэрлэлтийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүртгэж ...... дугаартай, хүүхдийн төрснийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж ..... дугаартай гэрчилгээг тус тус олгосон байдаг. Эхнэр Т.У бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж Монгол Улсын шүүхээр 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан ба хүүхдийг минь эх Т.У-ынх нь асрамжид үлдээсэн. Гэрлэлт цуцлах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан өнгөрсөн хугацаанд миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан Монгол Улсын Иргэний Улсын бүртгэлийн газраас охин У.А-гийн төрсний бүртгэлийн мэдээллийг гаргуулан авахад охины минь төрсний бүртгэлд эцэг миний мэдээлэл огт тусгагдаагүй байсан. Тухайлбал, охин У.А-гийн минь төрсний бүртгэлийн эцэг гэсэн хэсэгт миний мэдээлэл байгаагүй, харин эх гэсэн хэсэгт л Т.У-ын мэдээлэл бүртгэгдсэнийг олж мэдсэн. Энэ талаар охины эх Т.У-д хэлж, хүүхдийнхээ төрсний бүртгэлд мэдээллээ оруулмаар байгаагаа тайлбарладаг боловч гэр бүл цуцлах асуудлаар шүүхэд шийдэгдэж байгаа хэрэгтэй холбоотойгоор нааштай хариуг надад өгөөгүй юм. Ийнхүү би охин У.А-гийн төрсний бүртгэлийн эцэг -ийн мэдээлэл хэсэгт өөрийгөө түүний эцгээр бүртгүүлэхээр Иргэний Улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргасан. Тус газраас миний өргөдөлд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр эцэг, эх тогтоосны бүртгэлд бүртгүүлж эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол хуульд заасны дагуу холбогдох бичгийг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байна гэх хариуг өгч одоо У.А-гийн төрсний бүртгэлийн эцгийн мэдээлэлд түүний эцэг намайг бүртгэхээс татгалзсан. Энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан ч мөн л дээрхтэй адил үндэслэлээр охин У.А-гийн төрсний бүртгэлд эцэг миний мэдээллийг бүртгэхээс татгалзаж, Иргэний Улсын бүртгэлийн газрын даргын дээрх өдрийн 5/3214 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн хариуг надад өгснийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гардаж авлаа. Би охин У.А-гийн төрсний бүртгэлд өөрийн мэдээллийг оруулахаар Иргэний Улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргахдаа Т.У бидний гэрлэлтийг, охин У.А-гийн төрсний бүртгэлийг тус тус бүртгэсэн Австралийн Холбооны Улсын Иргэний бүртгэлийн байгууллагын гэрчилгээний хуулбаруудыг, өөрийн гадаад паспортын хуулбарыг, мөн К Н Ж О намайг охин У.А-гийн биологийн эцэг мөн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хавсаргаж өгсөн. Гэтэл, эдгээр бичиг баримтаар охин У.А-гийн төрсний бүртгэлд түүний эцэг миний мэдээллийг оруулахаас татгалзаж, бичиг баримт дутуу гэх хариу өгч байгаад гомдолтой байна. Охин У.А-гийн төрсний бүртгэлд түүний эцэг миний мэдээлэл бүртгэгдээгүй байгаа нь охиныг минь эцэггүй хүүхэд мэт харагдуулах, цаашлаад охинтойгоо хамт аливаа байдлаар гадаад, дотоодод зорчих, өөрийн эд хөрөнгийг өвлүүлэх, захиргааны байгууллагаас охин У.А-гийн төрсний бүртгэлд эцэг миний мэдээллийг бүртгэгдэхгүй байх нь цаашид хүүхдийн эцэг миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж болзошгүй байна. Миний бие охин У.А-г өөрийнхөө нэрээр овоглуулахаар өргөдөл гаргаагүй бөгөөд энэ бүхэн өргөдөлд минь тодорхой бичигдсэн байгаа. Би зөвхөн охин У.А-гийн минь төрсний бүртгэлийн эцэг-ийн мэдээлэл хэсэгт л миний мэдээллийг оруулж өгөхийг хүссэн. Миний гаргасан өргөдлийг Иргэний Улсын бүртгэлийн газраас бичиг баримт дутуу гэж татгалзаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Охин У.А-гийн төрсний бүртгэлд эцэг К Н Ж О миний мэдээллийг бүртгэхээс татгалзсан

Би У.А-г Монгол улсад хэн гэдэг хүн өөрийнх нь аав болох талаар мэдээсэй гэж хүсч байна. Хэрвээ ээж болох Т.У-д ямар нэгэн асуудал тохиолдвол аав нь гэдэг хүн байгаа шүү гэдгийг Монгол улсад мэдэх шаардлагатай гэж бодож байгаа. Охин минь миний нэр дээр болон Т.У-ын нэр дээр төрсөн болохыг харуулсан. Түүнчлэн би охиныхоо аав нь болох цусны шинжилгээний үр дүнг харуулсан. Тийм учраас Монгол улсыг намайг охины минь эцэг нь болохыг хүлээн зөвшөөрч бүртгээсэй гэж хүсэж байна.

Иргэний Улсын бүртгэлийн газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, охин У.А-гийн (РД: ) ... дугаартай төрсний бүртгэлд түүний эцэг К Н Ж О миний мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний Улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн охин У.А-гийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн хувиар өөрийнхөө мэдээллийг оруулах тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтэд хуульд зааснаар нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар, У.А-гийн төрсний гэрчилгээ, өөрсдийн гэрлэлтийн гэрчилгээ, хүсэлт зэрэг баримтуудыг хавсаргасан. Улсын бүртгэлийн газраас 4 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэхээс татгалзсан тухай хариу ирүүлсэн. Татгалзах болсон үндэслэл нь эцэг, эхийн нэрээр овоглохоор бол Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой байхад энэ бичиг баримтыг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан. Уг татгалзсан хариуд нэхэмжлэгч 5 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан. Ингээд Улсын бүртгэлийн газраас 6 дугаар сарын 04-ний өдөр ирсэн хариу өгч өмнөх татгалзсан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Улсын бүртгэлийн газраас ирсэн хариуг яагаад хууль бус гэж үзэж байгаа вэ гэхээр нэхэмжлэгч өөрийн охин У.А-г өөрийн нэрээр овоглуулах тухай хүсэлт гаргаагүй. Түүний хүсэлт нь охины төрсний гэрчилгээний эцэг эх гэсэн мэдээллийн эцэг гэсэн хэсэгт өөрийн мэдээллийг оруулах юм. Гэтэл хариуцагчаас уг хүсэлтэд ирүүлсэн тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн тайлбараас харахад өөрийнхөө нэрээр охиноо овоглох гээд байгаа юм байна гэж ойлгоод байгаа нь буруу юм.

Улсын бүртгэлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2018 оны А/207 тушаалыг хариуцагч үндэслэдэг. Уг тушаалын 2.5-д гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхийн өргөдлийг үндэслэн хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болно гэж заасан. Бодит байдалд нэхэмжлэгч К Н Ж О болон Т.У нарын гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлтэй хэргийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхээс шийдвэрлэж, гэрлэлтийг цуцалсан. Энэ маргаан нь Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа. Тэгэхээр Т.У нь нэхэмжлэгчийн мэдээллийг хүүхдийнх нь төрсний бүртгэлд оруулъя гэх хүсэлтийг бичих боломжгүй. Учир нь гэр бүлийн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах асуудлаар шүүхэд явж байгаа тул энэ хүсэлтийг гуравдагч этгээд улсын бүртгэлийн байгууллагад өгөх боломжгүй. Уг боломжгүй нөхцөл байдлыг Улсын бүртгэлийн байгууллага хуульд нийцүүлэн хийх ёстой. Хуульд хэдийгээр эцэг эхийн зөвшөөрөл гэж байгаа боловч нэхэмжлэгчийг хүүхдийн төрсний бүртгэлд бүртгэхгүй байснаар ямар үр дагавартай юм бэ. Бүртгэснээр эхийн эрхийг яаж зөрчиж байгаа гэдэг асуудалд хандаагүй.

Монгол улс Хүүхдийн эрхийн олон улсын конвенцод нэгдэн орсон. Энэ конвенцын 20 дугаар зүйлд оролцогч улсууд хүүхдийн эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагчийг ямар ч тохиолдолд түр болон байнга салгаж үл болно гэсэн заалт байгаа. Уг заалтын дагуу нэхэмжлэгч хүүхэдтэйгээ ямар нэгэн байдлаар холбоотой байх ёстой. Австралийн Холбооны Улсад бүртгэгдсэн бүртгэл хүчин төгөлдөр байгаа. Тэр бүртгэлд нэхэмжлэгчийн мэдээлэл, гуравдагч этгээдийн мэдээлэл байдаг. Тэгвэл яагаад Монгол улсад эцгийн мэдээлэл байж болохгүй гэж. Үүнийг бүртгэснээр хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Мөн гуравдагч этгээдийн эрх ашиг ч зөрчигдөхгүй. Бүртгэхгүй байснаар ирээдүйд нэхэмжлэгч хүүхэдтэйгээ харилцаа, холбоотой байх, гадаадад зорчих асуудал зөрчигдөж болзошгүй байдал үүснэ.

Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчиж болзошгүй эрхийг хамгаалах зохицуулалтыг хуульчилсан. Хэдийгээр яг одоо бүртгэхгүй байснаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчигдөөгүй ч гэсэн ирээдүйд энэ байдал зөрчигдөж болзошгүй юм. Хариуцагчийн татгалзсан үйлдэл хуулийн үндэслэлгүй гэхээсээ илүү энэ асуудалд бодитоор хандсангүй гэж үзэж байна. Иргэний улсын бүртгэлийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан актаа олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн бүртгүүлэхийг хүсэж өргөдөлд хариу өгөх ёстой байсан гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны хэргийн шүүхэд Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-ын нэхэмжлэлтэй хянан шийдвэрлэх ажиллагаанд тус газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Иргэний бүртгэлийн газрын улсын бүртгэгч Б.О миний бие нь .... регистрийн дугаартай Тайж нар овгийн У.А-гийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн төрсний бүртгэлийн 91 дугаарт Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд бүртгүүлсэн бүртгэлийг хянахад:

Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 он/-ийн 12.14-т Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн нь хүсэлтийг үндэслэн хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэнэ. 12.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат, эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас тус улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн энэ зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ. 12.16. Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ.

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам /2015/-ын 2.8. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг эцэг, эхийн хүсэлтээр эхээр овоглож хөтлөх бол эцгийн талаарх мэдээллийг зөвхөн эцгийн мэдээлэл хэсэгт оруулна. 2.9. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцгээр овоглох тухай эцэг, эхийн хүсэлт, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэргүй бол эцгийн мэдээллийг оруулахгүй. 2.16. Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат эсхүл харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэнээр бүртгэж, төрсний бүртгэлийг хөтлөхдөө эцэг, эхийн хамтран гаргасан хүсэлт, тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон төрсөн тухай баримт бичиг, тэдгээрийн албан ёсны орчуулгыг үндэслэнэ.

Гэр бүлийн тухай хууль /1999/-ийн 21.4. Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно. 22.1. Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно. 24.1. Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхдэдээ нэр, овог өгнө. Тус тус заасны дагуу хүүхэд төрсөн тухай эмнэлгийн бичиг, эцэг, эхийн хүүхдээ эхийн нэрээр овоглон гэрчилгээ олгож өгөхийг хүссэн тухай хүсэлтийг үндэслэн бүртгэсэн байна. У.А-ыг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ хүүхдийн эцгийн мэдээллийг бүртгэлд оруулах тухай дурдаагүй байна. 2009 онд батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль 17.3-д Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Мөн Монгол Улсад Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О, Монгол Улсын иргэн Т.У нар нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй харин Австралийн Холбооны Улсад 2018 оны 8 дугаар сарын 20-нд буюу хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш 5 хоногийн дараа гэрлэлтээ Австралийн Холбооны Улсын иргэний бүртгэлд тус тус бүртгүүлсэн байна. 2020 оны 02 дугаар сарын 18-нд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газарт Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О нь У.А-гийн төрсний бүртгэлд өөрийн мэдээллээ оруулан бүртгэж өгөхийг хүсэхийн хамт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрсдийн маргаанаа шийдвэрлүүлэхээр хүсэлт өгсөн тухай баримтыг бүрдүүлж өгсөн байна . 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Улсын бүртгэлийн багц хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол эцэг, эхийн өргөдөл иргэний үнэмлэх, гадаадын иргэн харьяалалгүй хүн бол паспорт гэрлэлтийн гэрчилгээ зэргийг бүрдүүлснээр эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлэх боломжтой тухай өргөдөлд дурдсан ******* дугаарын утсаар холбогдон хэлсэн. Гэвч эхийн өргөдлийг авчирч өгөөгүй ба хүсэлтийн хариуг бичгээр авахыг хүссэн тул 2020 оны 5/3214 дугаартай албан бичгээр хариуг өгсөн. /Албан тоотын хуулбарыг хавсаргав/ Мөн У.А-ы ээж Т.У-тай ..... дугаарын утсаар холбогдон хүсэлтээ авчрах тухай хэлэхэд хүсэлт өгөхгүй, ирж уулзахгүй хуулийн дагуу шийдвэрлэнэ үү гэсэн хариуг өгсөн.

УБЕХ-д заасны дагуу улсын бүртгэгч бүртгэл хөтлөхдөө 19.4.10-д заасны дагуу улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх үүрэгтэй ба 19.4.3-т ... бүрэн бус, холбогдох заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй юм.

Иргэний улсын бүртгэлийн газраас өгсөн 2020 оны 5/3214 дугаартай албан тоотын хариуг Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О нь эс зөвшөөрч Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэж заасан. Хяналт шалгалтын газраас У.А-ны төрсний бүртгэлийг хуульд заасны дагуу хөтөлснийг тогтоож, холбогдох баримт бичгийг ирүүлбэл өөрчлөлт оруулж болох тухай албан бичгээр хариуг өгчээ. 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О, Монгол Улсын иргэн Т.У нар нь хүүхдээ эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлэх, эсхүл төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээлэл оруулах тухай хүсэлт ирүүлсэн эсэхийг шалгахад хүсэлт ирүүлээгүй байна. Иймд Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О нь хүүхдээ өөрийн овог, нэрээр овоглон эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлэхийг хүсвэл Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн өргөдөл, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, төрсний гэрчилгээний хамт, харин эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлэхгүйгээр хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээллийн эцгийн мэдээлэл хэсэгт өөрийн мэдээллээ оруулахыг хүсвэл ХЗДХ Сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар баталсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д заасны дагуу эцэг, эхийн өргөдлийг тус тус бүрдүүлж өгснөөр бүртгэл хөтлөх боломжтой байна гэв.

Гуравдагч этгээд Т.У-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Монгол Улсын иргэн Т.У миний бие Австралийн Холбооны Улсад 2007 оноос хойш ажиллаж амьдарч ирсэн ба 2016 онд К Н Ж О-той танилцсан. Бидний дундаас У.А 2018 оны 7 дугаар сард мэндэлсэн ба К Н Ж О бид хоёр тус оны 8 дугаар сард гэр бүлээ Австралийн Холбооны Улсад батлуулсан. Улмаар миний бие Австралийн Холбооны Улс дахь амьдралаа цаашид үргэлжлүүлж чадашгүй болсон тул 2019 оны 7 дугаар сард охин У.А-гийн хамт Монгол Улсад эргэн ирж суурьшсан. 2019 оны 8 дугаар сард К Н Ж О Монгол Улсад ирж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, У.А-г К Н Ж О авах хоёр зүйл нэхэмжлэлтэй өргөдөл өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эцэст 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 101/ШШ2020/01824 шийдвэрээр Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1.1-д заасны дагуу Гэрлэгчдийн аль нэг нь Монгол Улсын харьяат иргэн" тохиолдолд Монгол Улсын Шүүх иргэний гэр бүлийн холбогдолтой хэргийг өөрийн харьяалалд авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар зохицуулсны дагуу бидний Австралийн Холбооны Улсад 00032151375 дугаарын бүртгэлтэй гэрлэлтийг цуцалсан. Мөн уг шийдвэрээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь У.А-гийн үндсэн асрамжлан халамжлагчаар Т.У миний биеийг тогтоосон болно. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 1488 дугаар бүхий магадлалаараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. У.А-д Монгол Улсын төрсний гэрчилгээ олгохын өмнө Австралийн Холбооны Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам нь Т.У миний бие болон К.Н.Ж.О бид хоёрт Иргэний Улсын бүртгэлийн газрын иргэн бүртгэж авах зүйл заалтууд, тавигдах шаардлагуудыг бүрэн дүүрэн тайлбарлаж өгсөн. К Н Ж О бид хоёр тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан ч охин У.А-г Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.9-д заасны дагуу эцгээр овоглох, 2.8-д заасны дагуу эцгийн талаарх мэдээлэл бичих аль аль боломж нь нээлттэй байсан. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.14-т заасны дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгэх болон гадаад эцэг эхийн зөвхөн Олон Улсад зорчих Паспортыг бүртгэлийн шаардлага хангах бичиг баримтад тооцож баримтжуулах болохыг бидэнд тайлбарлаж өгсөн. Тухайн үед К Н Ж О-т Олон Улсад зорчих Паспорт байгаагүй, тодруулбал бүртгэлийн шаардлага хангах ямар ч бичиг баримт байхгүй байсан. Гэсэн хэдий ч Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.16, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.15; 12.16-д заасны дагуу хамтран, Т.У миний бие У.А-г өөрийн нэрээр овоглуулах нэг, К Н Ж О нь У.А-г эхийн нэрээр овоглуулах Англи, Монгол хэл дээр нэжгээд, нийт гурван өргөдлүүдийг бусад дагалдах бичиг баримтуудын хамт Австралийн Холбооны Улс дахь Монгол Улсын Элчин Сайдын Яаманд мэдүүлж У.А-д ... (РД: ....) дугаар бүхий Монгол Улсын Төрсний гэрчилгээг авсан. К Н Ж О нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт 2020 оны 02 дугаар сарын 19-нд, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж эрхэмд 2020 оны 4 дүгээр сарын 17-нд гаргасан гомдлууддаа У.А-гийн эх болох Т.У миний өргөдлийг хавсаргаагүй бөгөөд, У.А-гийн эх Т.У-ын хүсэлт байхгүй гэсэн үндэслэлээр охин У.А-гийн төрсний бүртгэлийн мэдээлэлд өөрийг нь нэмж бүртгэхээс татгалзахгүй гэж найдаж байна гэж бичсэн нь тэрээр өөрийн өргөдлүүд нь Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.9; 2.16 заалтуудыг хангаагүй гэдгийг мэдэж байсан гэж ойлгогдохоор байна. Улсын Бүртгэлийн Ерөнхий газар болон Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж эрхэм түүний гомдлуудыг хянаад Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.9; 2.16-д заасны дагуу эцэг эхийн хамтран гаргасан гомдол байхгүй учир хуулийн дагуу татгалзсан хариунууд өгснөөс гадна түүнд болон түүний хуулийн туслахуудад бичиг баримтын дутагдалтай хэмээн тайлбарласан байна. К Н Ж О чухам ямар үндэслэлээр Улсын Бүртгэлийн Ерөнхий газар болон Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга Б.Баасандорж эрхэмийг хууль бус шийдвэр гаргасан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-оос тус шүүхэд хандан ...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А /РД:/ ... дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний улсын бүртгэлийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О болон гуравдагч этгээд Монгол Улсын иргэн Т.У нарын дундаас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин У.А төрж, Т.У-аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан гаргасан төрсний гэрчилгээ олгуулах болон хүүхдээ өөрийн нэрээр овоглохийг хүссэн хүсэлт, нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан хүүхдийг эхийнх нь нэрээр овоглож өгөхийг хүссэн хүсэлтүүдийг тус тус гаргасны үндэслэн У.А-г 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсний бүртгэлийн ... дугаарт эх Т.У-аар овоглон бүртгэжээ.

2. Нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж охин У.А-ийн төрсний бүртгэлд эцгийн мэдээллийг нэмж бүртгүүлэх хүсэлт гаргасныг хариуцагчаас 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 5/3214 дүгээр албан бичгээр ...хуульд заасны дагуу холбогдох бичгийг бүрдүүлж иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байна гэсэн хариуг өгч, татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би бүртгэл буруу, хууль бус гэж маргаагүй, зөвхөн охин У.А-гийн төрсний бүртгэлийн эцэг-ийн мэдээлэл хэсэгт л өөрийн мэдээллийг оруулахыг хүссэнийг бичиг баримт дутуу гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэснийг хууль бус хэмээн үзэж байна хэмээн тодорхойлж байна.

3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 6 дугаар зүйлд зааснаар иргэний улсын бүртгэл нь төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, оршин суугаа газрын хаягийн, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллыг сэргээн тогтоосны болон хүйс өөрчлөгдсөний гэсэн төрөлтэй байхаар,

19 дүгээр зүйлийн 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах, 19.4.3-т энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах хэмээн заасан бөгөөд

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ,

10.1.1-д эцэг, эхийн өргөдөл

10.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

10.1.3.гэрлэлтийн гэрчилгээ;

10.1.4.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх хэмээн,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын[1][1] 2.5-д Гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй эцэг, эхийн өргөдлийг үндэслэн  хүүхдийн төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг оруулж болно хэмээн тус тус заажээ.

4. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч К Н Ж О болон гуравдагч этгээд Т.У нарын дундаас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин У.А төрсөн талаар хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд К Н Ж О нь У.А-гийн төрсөн эцэг болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр шинжээчийн дүгнэлт, У.А-гийн 0020037J/2018 бүртгэлийн дугаар бүхий, 00032150900 дугаар Баруун Австралийн Төрсний гэрчилгээний хуулбар холбогдох бусад баримтаар,

гуравдагч этгээд Т.У-аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан гаргасан төрсний гэрчилгээ олгуулах болон хүүхдээ өөрийн нэрээр овоглохийг хүссэн хүсэлтийг, нэхэмжлэгчээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд хандан хүүхдийг эхийнх нь нэрээр овоглож өгөхийг хүссэн хүсэлтүүдийг тус тус гаргасан хийгээд нэхэмжлэгч К Н Ж О болон гуравдагч этгээд Т.У нар нь охин У.А-г төрснөөс хойш буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Австралийн Холбооны улсын, Баруун Австрали, Хойд Перт хот, Фитзгэралд 526 гудамж, Перт хотын Гэрлэлтийн албанд /..... гэрчилгээний дугаар/ гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан Шинэ төрсөн хүүхдэд гэрчилгээ авах мэдүүлэг, Т.У, К Н Ж О нараас Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд гаргасан хүсэлт, Баруун Австралийн Хойд Перт хотын Гэрлэлтийн албаны ..... гэрлэлт бүртгэсэн гэрчилгээ холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч К Н Ж О нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж охин У.А-гийн төрсний бүртгэлд эцгийн мэдээллийг нэмж бүртгүүлэх хүсэлт гаргасан. Ингэхдээ хүсэлтдээ Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/207 дугаар тушаалаар батлагдсан Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 2.5-д заасанчлан эх Т.У-ын өргөдөл, хүсэлтийг хавсаргагдаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн эс үйлдэхүй Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Үүнтэй холбогдуулан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01824 дугаар шийдвэрээр Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О болон Т.У нарын гэрлэлтийг цуцалж, охин У.А-г эхийн асрамжид үлдээсэн,

хариуцагчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 8/4406 дугаар албан бичгээр хууль журамд заасан бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулахад татгалзах зүйгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан хийгээд гуравдагч этгээдийн зүгээс байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Австралийн Холбооны Улсын иргэн К Н Ж О-оос Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ...Иргэний төрсний бүртгэлийн мэдээлэлд эцгийн мэдээллийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, У.А-гийн /РД:/ ... дугаартай төрсний бүртгэлд эцэг К Н Ж О-ын мэдээллийг нэмж бүртгэхийг Иргэний улсын бүртгэлийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.М