Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00969

 

 

 

 

 

 

2023 05 08 210/МА2023/00969

 

 

С.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00736 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Э-

Хариуцагч: МУК ХХК,

Хариуцагч: ХК ХХК,

Хариуцагч: Г.Г-

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нью гарден хотхон 12 дугаар блок барилгын 1 дүгээр давхар, 00 тоот хаягт байрлах, 201,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч нараас уг үйлчилгээний талбайг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах, С.Э-ыг үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглахад нь саад учруулахгүй байхыг хариуцагч МУК ХХК-д даалгах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: С.Э-аас захиалагчийн үүргээ биелүүлж, үйлчилгээний барилгын төлбөрийн үлдэгдэл 381,938,000 төгрөг гаргуулах тухай МУК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч МУК ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагч МУК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 МУК ХХК-ийн барьсан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок, 1 дүгээр давхрын 14 тоот хаягт байрлах 201,2 м.кв талбайтай үйлчилгээний талбайг Г.Г- нь МУК ХХК-аас 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу захиалан бариулахаар тохиролцсон. Төлбөрийг МУК ХХК болон ХК ХХК-ийн хооронд хийгдсэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21/06 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх бетон зуурмаг нийлүүлснээр төлсөнд тооцох байсан.

Үүний дагуу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ХК ХХК нь Г.Г-ыг төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан учир Г.Г- үйлчилгээний талбайг эзэмших эрх болон худалдан борлуулах эрхтэй талаар албан бичиг хийж өгсөн. уг баримтуудыг үндэслэн миний бие Г.Г-ас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай 0938 дугаартай гэрээний дагуу 723,672,000 төгрөгийг Г.Г-д бүрэн төлж барагдуулан, захиалгын гэрээг шилжүүлж авсан.

1.2 Гэрээнд заасан барилга 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орж, улсын комисс хүлээж авсан. Барилгын гүйцэтгэгч МУК ХХК нь байрлал солих санал тавьсны дагуу Нью гарден хотхоны 12 дугаар блок барилгын 1 давхрын 14 тоот хаягт байрлах 201,2 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 00 тоот хаягт мөн адил 201,2 м.кв талбайгаар солихоор болсон. Уг талбайн цэвэр бохир усны шугамыг МУК ХХК болон ХК ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын А-17 дугаар гэрээг үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ХК ХХК-аас Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх тухай 0370 дугаартай гэрээний дагуу захиалагч болж, уг талбайг эзэмших ашиглах эрхтэй болсон. Талбайг тохиролцооны дагуу хүлээж авсны дараа 2022 оны 06 дугаар сард засвар үйлчилгээний баг оруулж ажил гүйцэтгүүлж байсан ба 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр МУК ХХК-аас үндэслэлгүйгээр үйлчилгээний талбайг битүүмжилж ажил гүйцэтгүүлэх боломжгүй болгосон.

Миний бие маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр тооцоог бүрэн барагдуулсан байтал хариуцагч нараас шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй байгаа.

Иймд хариуцагч нарт Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок, 1 давхрын 00 тоот хаягт байрлах, 201,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхийг даалгаж, дээрх үйлчилгээний талбайн өмчлөгч нь С.Э- болохыг тогтоож өгнө үү.

1.3 Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээг Г.Г-тай байгуулж, гэрээний үнэд 723,672,000 төгрөг төлж 201,2 м.кв үйлчилгээний талбайг худалдаж авсан. Энэ гэрээний 4.3-т эрх шилжүүлэгч тал нь тухайн эрхтэй холбогдсон бүх баримт бичиг, тэдгээр эрхийг ашиглахад шаардагдах аливаа мэдээллийг худалдан авагч талд өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Г.Г- нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг өмчлөхөд холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхгүй байна. Иймд С.Э-ыг 00 тоот 201,2 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч МУК ХХК болон ХК ХХК, Г.Г- нарт даалгаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд С.Э-ыг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч МУК ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч МУК ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 МУК ХХК нь ХК ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 21/06 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороонд баригдсан Нью гарден хотхоны 213 дугаар блокийн 1 дүгээр давхрын 106.1 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 265,250,000 төгрөгт, 7 дугаар давхарт байрлах, 81,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 212,160,000 төгрөгт, Нью гарден үйлчилгээний төвд байрлах 201,02 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөлдөх эд хөрөнгийг 1,105,610,000 төгрөгт тус тус тооцон барьж өгөхөөр тохирч, тус байруудыг ашиглалтад оруулсан.

Гэвч ХК ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй бетон зуурмагийн нийлүүлэлтийг хоцроож, өнөөдрийн байдлаар 664,159,000 төгрөгийн бетон зуурмагийг тасалдуулаад байна. Үйлчилгээний талбайн төлбөр тооцоо бүрэн дуусаагүй байхад манай компанитай зөвшилцөлгүйгээр иргэн С.Э-д үйлчилгээний талбайг худалдан борлуулсан. Цаашид ХК ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан нөхцөлд тус үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг С.Э-д олгоход татгалзах зүйлгүй.

2.2 Нэхэмжлэгч С.Э- нь Г.Г-, ХК ХХК-аас захиалагчийн эрхийг шилжүүлэн авсан тул захиалагчийн үүрэг бас давхар шилжих ёстой. Тэрээр захиалагчийн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бусдын хөрөнгийг хоорондоо ярилцаад үнийг нь багасгаж болохгүй. Манай компанийн албан бичиг бол зөвхөн байрлал солино гэсэн утгатай. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч ХК ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Хариуцагч ХК ХХК нь МУК ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу нийт үнийн дүнгийн 85 хувьтай тэнцэх хэмжээний бетон зуурмагийг МУК ХХК-д нийлүүлсэн. МУК ХХК нь биднээс 1,105,610,000 төгрөгийн бетон зуурмаг авсан. Үлдэгдэл бетон зуурмагийг ХК ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бус хүндэтгэн үзэх шалтгаанаар нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар талууд зөвшилцөлд эвлэрэн хэлэлцэх боломжтой.

3.2 ХК ХХК нь захиалагчийн эрхийг Г.Г-д шилжүүлж, түүнээс 552,000,000 төгрөг хүлээн авсан. Г.Г- нь захиалагчийн эрхийг С.Э-д шилжүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримт бичгийг МУК ХХК нь гаргаж өгөх үүрэгтэй. ХК ХХК нь туслан гүйцэтгэгчээр буюу бартераар бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ хийсэн тул гэрчилгээ гаргуулах баримтыг гаргаж өгөх эрхгүй. МУК ХХК гаргах үүрэгтэй тул ХК ХХК-д холбогдох нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Г.Г-ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Миний бие МУК ХХК, ХК ХХК-ийн хооронд байгуулагдсан 21/06 дугаартай гэрээний төлбөрийн тооцоонд Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж, Нью гарден хотхоны 201,2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 552,805,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХК ХХК-д төлсөн.

4.2 ХК ХХК-ийн зөвшөөрлийн дагуу МУК ХХК-тай 2021 оны 04 сарын 07-ны өдөр үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын А-19 дугаартай гэрээ байгуулсан. ХК ХХК-д төлбөр төлсөн тул 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр С.Э-тай 0938 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж 723,672,000 төгрөгөөр худалдаж, шилжүүлэхээр болсон.

Миний бие С.Э-ын өмчлөгчөөр тогтоолгоход шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөх эрх бүхий этгээд биш. МУК ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад заасан үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

5. Хариуцагч МУК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

5.1 МУК ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХК ХХК болон Г.Г-тай үйлчилгээний талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын А/19 дугаартай гэрээг байгуулсан. Гэрээнд зааснаар Нью гарден хотхоны 12 дугаар блокийн 1 давхрын 201,02 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 1,105,610,000 төгрөгөөр үнэлж барихаар тохирч, барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн.

5.2 Г.Г- нь С.Э-тай 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 0938 дугаартай Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаагүй. С.Э- нь гэрээний дагуу эрхийг шилжүүлж авсан тул гэрээний захиалагчийн үүрэгт үйлчилгээний барилгын төлбөрийн үлдэгдэл 381,938,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд С.Э-аас гэрээний үүрэгт үлдэх 381,938,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1 МУК ХХК нь маргаан бүхий талбайг ХК ХХК-тай байгуулсан Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу тус компани руу шилжүүлэхээр болсон. Тэдний хооронд байгуулсан гэрээг ХК ХХК-ийн тодорхойлолтын дагуу МУК ХХК-ийн зөвшөөрлөөр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г.Г- руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний хавсралт 1-д талуудын хооронд тохиролцсоны дагуу бетон зуурмаг нийлүүлэх 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06 тоот гэрээний дагуу орон сууцны нийт үнийн дүнтэй тэнцэх /1,105,610,000 төгрөг/ бетон зуурмаг нийлүүлснээр төлбөр тооцоо дууссан гэж үзнэ гэж заасан.

МУК ХХК нь ХК ХХК, Г.Г-тай байгуулсан гэрээнүүдийн дагуу үлдэгдэл төлбөрөө авах боломжтой. Нэхэмжлэгчийн хувьд Г.Г-, ХК ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. МУК ХХК нь нэхэмжлэгчээс 381,938,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд МУК ХХК-д төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй.

6.2 Хариуцагч МУК ХХК нь ХК ХХК-ийг бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тайлбарласан бөгөөд энэ тайлбараараа шүүхэд гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байна. Хоёр компанийн хооронд хийсэн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр. Тус гэрээний үүрэг 90 хувь биелэгдсэн гэдэг ба уг гэрээний үүргийг С.Э-аас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок 00 тоот дахь 201,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Э-ыг тогтоож, уг хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч МУК ХХК, ХК ХХК, Г.Г- нарт даалгаж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэлх хугацаанд С.Э-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок 00 тоот дахь 201,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч МУК ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Э-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 381,938,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч МУК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч МУК ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,067,640 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

8. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

8.1 Г.Г- болон ХК ХХК-ийн хооронд байгуулагдсан А/19 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ХК ХХК, МУК ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу Г.Г- үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг шилжүүлж авч, С.Э-д худалдсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

10. Хариуцагч Г.Г-ын өмгөөлөгч Б.Ж-ы хариу тайлбарын агуулга:

10.1 Хариуцагч Г.Г- давж даалдах гомдол гаргаагүй хэдий ч хариуцагч Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй. Нэг хариуцагчийн үүргийг бусад хариуцагч нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь буруу гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч МУК ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч Г.Г-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ-г үндэслэн шаардах эрхээ тодорхойлжээ.

Уг гэрээгээр Г.Г- нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах. Нью Гарден хотхоны 12 дугаар блок, 1 дүгээр давхрын 14 тоот хаягт байршилтай, 201,02 м.кв талбайг МУК ХХК-аас шаардах эрхээ С.Э-д шилжүүлэх, С.Э- нь Г.Г-д шаардах эрх шилжүүлсний хариу төлбөрт 763,672,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байхаас гадна талуудын уг тохиролцоо Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

3. Г.Г- нь С.Э-д шилжүүлж буй шаардах эрхээ МУК ХХК-тай байгуулагдсан 2021 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн А-19 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний үндсэн дээр олж авсан, энэ нь МУК ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 204/22 дугаар албан бичгээр баталгаажсан байна. /хх 6-7, 15/

4. Хэрэгт авагдсан МУК ХХК болон ХК ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 21/06 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, А-19 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалах бариулах хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг нь хариуцагч нарын асуудал буюу нэхэмжлэгч С.Э-ын шаардах эрхийг үгүйсгэхгүй.

5. МУК ХХК болон ХК ХХК-ийн хооронд байгуулагдсан А-19 дугаар, мөн Г.Г- болон МУК ХХК-ийн хооронд байгуулагдсан А-19 дугаар гэрээний 4.7-д захиалагч тал нь орон сууцыг ашиглалтад орохоос өмнө гүйцэтгэгч талын зөвшөөрөлгүйгээр гэрээний эрх, үүргээ бусдад шилжүүлэх, орон сууцаа бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах, бэлэглэх, барьцаалах эрхгүй гэж тус тус заасан. Уг заалтаас үзвэл захиалагч тал нь гүйцэтгэгчийн зөвшөөрлийн дагуу гэрээний эрхийг бусдад шилжүүлж болохоор тохиролцсон байна.

5.1 МУК ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 204/22 дугаартай албан бичигт дурдагдсан агуулгаас үзвэл гүйцэтгэгч буюу МУК ХХК нь захиалагч ХК ХХК-ийг захиалагчийн эрхээ нэхэмжлэгч С.Э-д шилжүүлснийг мэдсэн /хх 15/, шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүх захиалагчийн шаардах эрх С.Э-д шилжсэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч гэж үзнэ.

5.2 Харин хариуцагч МУК ХХК болон хариуцагч ХК ХХК-ийн хооронд байгуулагдсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэг нэхэмжлэгч С.Э-д шилжсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагч МУК ХХК-ийн ...үүрэг мөн адил шилжинэ гэх татгалзал үндэслэлгүй. Улмаар, хариуцагч МУК ХХК нь Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг нэхэмжлэгч С.Э-аас шаардах эрхгүй.

6. Нэхэмжлэгч С.Э- нь хариуцагч Г.Г-д захиалагчийн шаардах эрхийн үнийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид тухайн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүснэ. Иймд анхан шатны шүүх маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6.1 Анхан шатны шүүх хариуцагч нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэхэмжлэгчид шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэсэнд болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч нар давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

7. Хариуцагч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох нь тус маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Мөн нэхэмжлэгчээс гэрээний үнэ 723,672,000 төгрөгийг хариуцагч Г.Г-д шилжүүлснээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар гэрээний шаардах эрх нэхэмжлэгчид шилжих бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болно. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэснийг хассан өөрчлөлт оруулна.

8. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг дээрх 201,02 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглахад хариуцагч МУК ХХК нь саад учруулж байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг зааснаар холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

9. Хариуцагч МУК ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХК ХХК болон хариуцагч Г.Г- нарын хооронд байгуулагдсан гэх захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний талаар маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч МУК ХХК-ийн ...Г.Г- болон ХК ХХК-тай хийгдсэн А/19 дугаартай Үйлчилгээний зориулалттай талбай захиалах бариулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч МУК ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00736 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок, 00 тоот дахь 201,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Э-ыг тогтоож, уг хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч МУК ХХК, ХК ХХК, Г.Г- нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч МУК ХХК-д холбогдох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах хүртэлх хугацаанд С.Э-ыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нью гарден хотхон, 12 дугаар блок 00 тоот дахь 201,2 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж ашиглахад саад учруулахгүй байхыг хариуцагч МУК ХХК-д даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч МУК ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,968 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

М.БАЯСГАЛАН