Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00967

 

 

 

 

 

 

2023 05 08 210/МА2023/00967

 

 

 

Х.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/01123 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х.Н-

Хариуцагч: Ц.М-

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 5,177,582 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 24 дүгээр байр, 48 тоот орон сууцны өмчлөгч. 2022 оны 12 дугаар сарын 10-ны шөнө тус байрны 52 тоотоос их хэмжээний ус алдсаны улмаас манай байрны тааз, хана, обой, эмульс, шохой, паркетан шал хөндийрч, ховхорч хөөсөн, таазны гэрэл болон бүх өрөөний разетканууд ажиллахгүй болж, усанд автсан.

1.2 Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн тайлангаар хохирлыг нийт 5,089,582 төгрөг гэж үнэлсэн. Иймд хохирол 5,089,582 төгрөг, хохирол үнэлүүлсний төлбөр 88,000 төгрөг, нийт 5,177,582 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Босоо усны шугам нь гэрт байрлах усны хаалтаас цааш байрлах тул орон сууцны дундын өмчлөлийн зүйлд хамаарна. Хариуцагчид хамааралгүй. Бид өөрсдөө шугамын хаалтыг хаах боломжгүй, хаалт байрлах өрөө цоожтой, түлхүүр нь хэнд байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд СӨХ болон ОСНААК-т дуудлага өгсөн.

2.2 Нэхэмжлэлээс бодитоор хохирсон хохирол 1,657,788 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь даатгалаас 280,000 төгрөг авсан тул хохирлоос хасаж тооцно. Мөн хийгдээгүй инженерийн ажлын хөлс, ажилчдын хувцасны зардал, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл зэргийн нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хохирлын хэмжээ бодитой байх тул хохирлыг бүрэн барагдуулах нь зүйтэй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.М-аас 5,177,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Н-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,791 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 97,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Н-т олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Усны шугам хоолой задарч ус алдсан байдал нь 52 тоотын оршин суугчидтай хамааралгүй. Ус алдсан шугам нь гэрт байрлах усны хаалтаас цаад хэсгээр хугарсан. Энэ нь ОСНААК-ын мэдэлд байх подвалын цоожтой өрөөнд байдаг. ОСНААК /ХҮТ-15/-ыг хамтран хариуцагч болон гуравдагч этгээдээр татах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн аваагүй.

5.2 Бодит хохирлыг ижил төрлийн барааны үнэлгээг үнэлээгүй, хариуцагчаас засварыг өөрсдөө хийе, хамтраад засъя гэсэн саналыг хэлэлцэхгүй, хийгдээгүй ажлын хөлс 2,707,643 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн ажиллах хүний хувцасны зардал 288,724 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 287,594 төгрөг, нэмэгдэл цалин 511,831 төгрөг, инженерийн цалин 235,168 төгрөг зэргийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.3 Нэхэмжлэгч даатгалын байгууллагаас хохирол 268,000 төгрөг гаргуулж авсан байхад уг мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаагүй нь буруу.

5.4 Хэрэгт ач холбогдолтой дуудлага өгсөн цаг, минутыг тодорхойлсон болон ус алдалтын улмаас хүүхдийн эрүүл мэндийн байдал хохирсон, хагалгаанд орсон талаарх баримтуудыг шүүх үнэлээгүй.

Иймд үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 2,987,643 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Ус алдсан хэсэг нь дундын өмчлөл гэж байгаа боловч гал тогооны угаалтуурын хоолойноос ус алдсан. Хөрөнгийн үнэлгээний байгууллагын тайланд тусгасан хэмжээгээр нэхэмжлэл гаргасан. Засварыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх шаардлагатай. Би сар бүр орон сууцны даатгалын төлбөрийг төлдөг тул даатгалын компаниас хохирол гаргуулсан. Хариуцагчийн даатгалын төлбөрөөс ямар нэгэн байдлаар хохирол гаргуулж аваагүй. Хохирол бодитой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч Ц.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,089,581 төгрөг, үнэлгээний зардалд 88,000 төгрөг, нийт 5,177,582 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 цаг орчимд хариуцагч Ц.М-ы оршин суух Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 24 дүгээр байр, 52 тоот хаягт байрлах орон сууцанд ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн 48 тоот орон сууцанд ус нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн, 48 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч нь Х.Н-, 52 тоот хаягт байрлах орон сууцны эзэмшигч нь Ц.М- мөн эсэхэд талууд маргаагүй.

3.1 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-15-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт-ээр ...52 тоот хаягт байрлах орон сууцны гал тогооны халуун усны Ф15 солон хугарсны улмаас ус алдсан гэжээ. /хх 5/

Дээрх баримтаас үзвэл тухайн гэмтлийг далд шугамын гэмтэл гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэмтэл нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй. Түүнчлэн, хариуцагч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн гэмтлийн улмаас ус алдсан гэх татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

3.2 Анхан шатны шүүх хариуцагчийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг ус алдсан гэм буруутай, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцнэ. Хариуцагч мөн зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...далд шугам гэмтсэн, ...Сууц өмчлөгчдийн холбоо, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-15 хариуцагч болон гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4. В ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 822-267 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ус алдалтын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг 5,089,582 төгрөг гэж тодорхойлсон. /хх 8-25/ Үүнээс засварын ажлын цалингийн нэгтгэлийг нийт 2,707,643 төгрөг гэж тусгажээ. /хх 14/

4.1 Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас өөрт учирсан хохирлыг арилгуулахтай холбоотой ажлыг бусдаар гүйцэтгүүлэх эрхтэйгээс гадна үүнтэй холбоотой зардлыг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчаас засварыг өөрсдөө хийе, хамтраад засья, ...хийгдээгүй ажлын хөлс гаргуулсан, ...ажиллах хүчний хувцасны мөнгө 288,724 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 287,594 төгрөг, нэмэгдэл цалин 511,831 төгрөг, инженерийн цалин 235,168 төгрөг зэрэг нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

4.2 Түүнчлэн, ус алдсаны улмаас хариуцагчийн хүүхдийн эрүүл мэндийн байдал хохирсон, хагалгаанд орсон эсэх нь гэм хорыг арилгах үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид нийт 5,177,582 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон байх боловч анхан шатны шүүх уг үнийн дүнгээс нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууцны иж бүрэн хүртээмжтэй даатгалын гэрээ-ний дагуу даатгалын нөхөн төлбөрт авсан 268,560 төгрөгийг хасаж тооцоогүй нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцээгүй байна. /хх 65-66/ Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 268,560 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

6. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШШ2023/01123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 5,177,582 гэснийг 4,909,022 гэж, олгосугай. гэснийг олгож, нэхэмжлэлээс үлдэх 268,560 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын хураамжид 97,791 гэснийг хураамжид 80,534 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,753 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН