Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0127

 

2019 оны 02 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2019/0127

Улаанбаатар хот

 

 

Л.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч М.М, Р.А, хариуцагчийн өмгөөлөгч С.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэртэй, Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.4, 5.7, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ө давж заалдах гомдолдоо: “...талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд хэрхэн эрх зүйн дүгнэлт өгч байгаагаа тодорхойлж чадаагүй байна. Анхан шатны шүүх төлөвлөгөөт бус хяналт шалгалт, гүйцэтгэлийн шалгалтын алийг нь хийсэн нь тодорхойгүй байх тул утга, агуулгын илэрхий алдаатай гэж дүгнэлт хийсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь заалтаар үгүйсгэгдэнэ. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хангах зорилгоор явуулдаг. Өмнөх шалгалтаар илэрсэн тухайн зөрчлийг арилгасан эсэхийг дахин шалгаж тогтоохгүйгээр хэрхэн яаж өмнөх зөрчлүүд арилсан байна, эсхүл арилаагүй байна гэж дүгнэхийг шүүх анхаарч үзсэнгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэл байхгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/197 дугаар тушаалаар[1] Насан туршийн боловсролын үндэсний төвийн санхүүгийн үйл ажиллагаанд 2016 онд хийгдсэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хийсэн танилцуулга, дүгнэлтийн хэрэгжилтийн талаар тухайн зөрчлийг дахин шалгаж тогтоох гүйцэтгэлийн аудитыг хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, хавсралтаар ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталсан байна.

Тухайн удирдамжийн дагуу хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1. 08-02/11 дүгээр актаар[2] гэрээт ажлын зардал гэж гаргасан боловч гүйцэтгэлийн баримтгүй гэх зөрчил гаргасан гэж үзэн 9299,5 мянган төгрөгийг,

2. 08-02/12 дугаар актаар[3] төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлэлгүй өөртөө 20-25 хувийн ур чадварын нэмэгдэл олгохоор тушаал гаргасан гэж үзэн 513,8 мянган төгрөгийг,

3. 08-02/13 дугаар актаар[4] төслийн мөнгийг удирдлага, нягтлан бодогч, мэргэжилтнүүд хоорондоо гэрээ байгуулан ажлын хөлс авсан гэж үзэн 68486,4 мянган төгрөгийг Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Б, нягтлан бодогч О.Бямбажав нарт хариуцуулан төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б дээрх Улсын ахлах байцаагч нарын гаргасан актуудыг эс зөвшөөрч тухайн актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн бөгөөд үндэслэлээ “хариуцагчийн актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжүүдийг агуулж байна” хэмээн тайлбарласан байна.

Анхан шатны шүүх “...төлөвлөгөөт бус хяналт шалгалт, гүйцэтгэлийн шалгалтын алийг нь хийсэн, байгууллагын ямар хугацааны, ямар үйл ажиллагаанд шалгалт хийсэн нь тодорхойгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхээр байна. ...Л.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх дүгнэлт хийн нэхэмжлэгч Л.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан бөгөөд уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан байна.

Утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгох тул маргаж буй 08-02/11, 08-02/12 08-02/13 дугаар актуудыг утга агуулгын илэрхий алдаатай илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй юм.

Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уг тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн дотоод аудит, санхүү, хяналт шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан явуулж, гүйцэтгэлийн аудитын дүгнэлтийг гаргахаар байх тул үүнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хяналт шалгалтыг хийх бөгөөд хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...”, 53 дугаар зүйлийн 53.1-д “Гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна” гэж тус тус заажээ.

Хэдийгээр өмнө тус төвийн 2015 оны эцэс, 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийж, 7 төрлийн зөрчилд 35.138.564,67 төгрөгийн зөрчлийг гаргасан гэж үзсэнийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр[5] дээрх зөрчлүүдийг гаргасан гэдэг нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн, хариуцагч нараас өмнөх шалгалтыг хяналт шалгалт хийх эрхгүй этгээд хийсэн гэж тайлбарласан[6] байхад хариуцагчаас удирдамжийн дагуу гүйцэтгэлийн шалгалтыг хийж дээрх хуулийн заалтыг зөрчсөн эсэх нь тухайн маргаж буй актыг хүчингүй болгох эсэхэд хамаарахаас утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна.” гэж заасан эрхийнхээ хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд ажлын хэсэг байгуулж, удирдамж баталсны дагуу хариуцагч нар мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх;” эрхтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн анхан шатны шүүх “...дотоод аудитын 2016 оны 9-р сарын 26-ны өдрийн дүгнэлтээр Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015, 2016 оны эхний 6 сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан байхад улсын байцаагч 08-02/13 тоот актаар 2016 оны 9 дүгээр сараас хойш буюу удирдамжид заагаагүй хугацааны 37 гэрээгээр хийж гүйцэтгэсэн 30936.5 мянган төгрөгийн зөрчлийг шалгаж тогтоосон нь... зөрчсөн” гэж дүгнэсэн нь хариуцагч нарын гаргасан актууд илт хууль бус болох шинжийг агуулж байгаа эсэхэд хамаарахгүй юм.

Маргаж буй акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн хэсэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргаагүй тул тухайн хэсэгт дүгнэлт  өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нарт холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 2-27 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-59 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-62 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-64 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-6 хуудас

[6] Хавтаст хэрэг 2-113 хуудас