Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/2022/0001/З |
Дугаар | 001/ХТ2022/0041 |
Огноо | 2022-06-20 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2022/0041
Н.Б-ийн гомдолтой,
Монголын Өмгөөлөгчдийн холбооны
Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолтой,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалтай,
Гомдол гаргагч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, өмгөөлөгч Б.Д-д хариуцлага хүлээлгэхийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд даалгах;
2.Хэргийн нөхцөл байдал: 2016 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Л.Б-гийн эзэмшлийн 06-32 УБЦ улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашины их гэрэл, хойд гэрэл, 2 ширхэг толь зэрэг эд зүйл хулгайлагдсан, Н.Б нь уг гэмт хэрэгт холбогдож, өмгөөлөгчөөр Б.Д-ийг сонгож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Б нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар торгох ялаар шийтгүүлсэн байна.
3.Гомдол гаргагч Н.Б нь “... намайг ямар ч хамааралгүй, нотлогдоогүй хэрэгт хурууны хээгээр шийтгүүлсэн, прокурортой тохиролцож, үгсэн хувилдан миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, прокурор 6 сарын баривчлах ял төлөвлөсөн байхад өмгөөлөгч хорих ялаар шийтгүүлсэн, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт өгсөн байхад надад хэлж мэдэгдэхгүйгээр өөрөө оролцсон, би өмгөөлж чадахгүй, илүү хөлс төл гэж дарамталсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан ...” гэж, хариуцагчаас “... өмгөөлөгч Б.Д нь хуульд заасан өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан, өмгөөллийн ур чадвартай холбоотой бол сонгож авсан гомдол гаргагчийн хариуцлага юм, Н.Б-ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй байхад оролцсон мэтээр бичсэн нь өмгөөлөгчийн ёс зүйд хамааралгүй” гэж, гуравдагч этгээдээс “... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчийн зүгээс дээд шатны шүүхэд удаа дараа гомдол гаргаж, анхан шатны шүүхэд Н.Б-ыг өмгөөлж 3 удаа, давж заалдах шатны шүүхэд 2 удаа, дээд шүүхэд 1 удаа оролцсон, хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж ажилласан, өмгөөлөгч хуульд зааснаар шийдвэр гаргах боломжгүй шүүх ял оногдуулдаг, шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, хууль зөрчөөгүй ...” гэж тус тус маргажээ.
4.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Өмгөөлөгч Б.Д нь хуульд заасан үүргээ биелүүлж үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалан ажиллаж байсан нь материалд авагдсан баримтаар тогтоогдож байна. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Н.Б нь хуралдаанд өөрийн биеэр гаргасан гомдлоо тайлбарлах шүүгчийн тавьсан асуултад хариулах байдлаар оролцсон. Шүүхээс Н.Б-ийн ялыг сольсон нь өмгөөлөгчийн үйлдэл, үйл ажиллагаатай холбогдолгүй, өмгөөлөгч Б.Д нь хууль зүйн туслалцаа үйлчилгээг үзүүлэх явцдаа мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна” гэх үндэслэлээр маргаан үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: “...гомдолд дурдсан өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн гэж үзсэнтэй холбоотой асуудал нь яагаад “зөрчилд хамаарахгүй” гэж үзсэн талаар дүгнээгүй, Н.Б нь “...энэ бичлэг дээр гарч байгаа хүн би биш, би шүүх хуралдаанд оролцоогүй, миний оронд өөр хүн шүүх хуралдаанд оруулсан байна” гэх тайлбар, Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолдоо “...уг хуралд би өөрийн биеэр оролцох хүсэлт бичгээр өгсөөр байхад надад хэлж мэдэгдэлгүй, өмгөөлөгч өөрөө оролцсон байсан” гэх асуудал болон гомдолд дурдсан өмгөөлөгчийн ёс зүйг зөрчсөн гэх гомдолтой холбоотой хянан шалгах ажиллагааг дахин явуулж, зохих журмын дагуу шийдвэрлэх шаардлагатай” гэх үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар мөн хороонд буцааж шийдвэрлэжээ.
6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
6.1.Эрүүгийн хариуцлага ногдуулах нь зөвхөн шүүхэд хадгалагдах тул өмгөөлөгчийн хувьд шийдвэр гаргах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж ажилласан.
6.2.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллгааны дүрмийн 4 дүгээр бүлгийн аль хэсэгт заасан зөрчил гаргасан талаар дурдаагүй, ойлгомжгүй байна.
6.3.2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсоноор өмгөөлөл, хууль зүйн туслалцааны харилцаа дуусгавар болсон байхад гомдол гаргагч 2021 оны 04 дүгээр сард энэ талаар гомдлыг мэдэгдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үйл баримтын талаар дүгнээгүй.
6.4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд харьяаллуулсан маргааныг өөр шүүхэд хандсан нь хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлснийг зөвтгөх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдал үүссэн байхад энэ талаар дүгнээгүй.
6.5.Нэг актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан 2 өөр үндэслэлээр хүчингүй, хууль бус тогтоолгох боломжгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх хууль зүйн ач холбогдолтой.
6.6.Нотлох баримтыг шалгаж тогтоож, үнэн бодитой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн шүүх үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх гэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлийг шалгах нь зүйтэй гэж байхгүй нотлох баримтыг таамаглаж хариуцагчид чиглэл өгсөн гэжээ.
7.Гомдол гаргагч Н.Б давж заалдах шатны шүүхийн магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Үүнд:
7.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж, асуудлыг бөөрөнхийлж, тухайн гомдолд эцсийн шийдвэр гаргаж чадсангүй гэжээ.
ХЯНАВАЛ:
8.Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдол гаргагч Н.Б болон өмгөөлөгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
9.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д “Энэ хуулийн 31.3-т заасан хариуцлага хүлээлгэхэд өмгөөлөгчийн гаргасан зөрчил, түүний шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр болон Мэргэжлийн хариуцлагын хороо ач холбогдолтой гэж үзсэн бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11.1-д “хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасан, Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдолд дурдсан асуудлыг бүрэн дүүрэн шалгаагүй, гомдлын үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй буруутай байна.
10.Тухайлбал, Мэргэжлийн хариуцлагын хороо нь гомдол гаргагч Н.Б “...хуралд би өөрийн биеэр оролцох хүсэлтээ бичгээр өгсөн байхад хэлж мэдэгдээгүй, давж заалдах гомдлыг бичиж өгөөгүй, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд миний оронд өөр хүн оруулсан байна” гэсэн гомдол гаргасан байхад шалгаж тогтоогоогүй байж, зөрчилд хамаарахгүй гэж шууд дүгнэсэн, энэ ньМонголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 40.1-д “хянан шалгагч, бүрэлдэхүүн нь тухайн маргаанд хамааралтай, хууль болон энэ журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, 88.3-т “Шийдвэрийн үндэслэл дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байна” гэж заасанд нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
11.Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-т “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах” гэж заасан, энэ тохиолдолд өмгөөлөгчөөс энэхүү үүргээ хэрхэн биелүүлсэн үйл баримтыг бүрэн дүүрэн шалган тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
12.Гомдолд холбогдох өмгөөлөгч Б.Д-оос “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсоноор өмгөөлөл, хууль зүйн туслалцааны харилцаа дуусгавар болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж маргасан, энэ үндэслэлд холбогдуулан Мэргэжлийн хариуцлагын хороо дүгнэлт хийх шаардлагатай.
13.Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 89.3.6-д “маргааныг хэрэгсэхгүй үндэслэл, түүний нотлох баримтын агуулгыг ... үндэслэх хэсэгт дэлгэрэнгүй ойлгомжтой тусгана” гэж заасан үүргийг Мэргэжлийн хариуцлагын хороо бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх үйлчлүүлэгчтэй зөвлөлдөх гэх үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлийг шалгах нь зүйтэй, зөрчилд тооцох боломжтой гэж байхгүй нотлох баримтыг таамаглаж, хариуцагчид чиглэл өгч байна” гэх гомдол болон гомдол гаргагч Н.Б-ийн “магадлал хэт нэг талыг барьж, асуудлыг бөөрөнхийлж, эцсийн шийдвэр гаргаж чадсангүй” гэх гомдлыг тус тус хангах үндэслэлгүй.
14.Дээрх үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Н.Б болон өмгөөлөгч Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ