Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1378

 

М.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00003 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.З-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.О-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 521 666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д ,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.З би 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О.О-т 25 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай. 8 хувийн хүүтэй зээлдүүлэн зээлийн гэрээ байгуулсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлд заасан хугацаа буюу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлж барагдуулах үүргийг хүлээсэн. Зээлдэгч О.О нь зээлийн хүүнд 2015 оны 7 дугаар сард 5 000 000 төгрөг, 10-11 сард 2 845 000 төгрөгийн гар утас, 2016 оны 3 дугаар сард 250 000 төгрөгийн гар утас өгсөн. Гэвч О.О нь зээлийн гэрээнд заасан үүрэг буюу үлдэгдэл мөнгөө өнөөдрийг хүртэл төлөлгүй зээлдүүлэгчийн эрх ашгийг хохироож байна. Иймд иргэн О.О аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл болох 25 000 000 төгрөг, зээлийн хүү 18 021 666 төгрөг, алданги 12 500 000 төгрөг, нийт 55 521 666 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбартаа: О.О , М.З хоёрын дунд хамгийн анх 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14/07 зээлийн гэрээ хийгдэж уг зээлийн гэрээгээр 5 000 000 төгрөг М.З аас авсан бөгөөд тухайн зээлийг төлж байх хугацаандаа нэмж зээл авсан. 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дахин зээлийн гэрээ хийж уг гэрээгээр 10 000 000 төгрөг төлөхөөр авснаа бол хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс хойш О.О нь М.З аас дахиж мөнгө зээлж аваагүй. М.З нь О.О ыг янз бүрийн дарамт шахалт үзүүлж, хууль зүйн мэдлэг дутмагийг нь далимдуулан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хүү, алданги зэргийг нэмж, cap бүр мөнгө өгсөн авсан мэтээр зээлийн гэрээ хийдэг байсан. Өмнө нь байгуулсан 2 зээлийн гэрээний хүү, алданги дээр зээлийн гэрээ хийгээд явж байсан. Энэхүү зээлийн гэрээнүүд нь дараах байдлаар хийгдсэн байгаа. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 14/26 тоот 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14/3-8 тоог 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 14/57 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 66 тоот 20 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 334 тоот 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 21-ны өдөр 516 тоот 28 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 31 140 000 төгрөгийг зээлийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 832 тоот 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. О.О нь М.З аас 10 000 000 төгрөг авсныгаа бол хүлээн зөвшөөрдөг. Мөн дараах байдлаар төлөлт хийгдсэн. 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 140 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Кор /Samsung Соr/ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 250 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс4 /Samsung S-4/ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 480 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөүт 3 /Samsung note/ маркийн гap утас нэг ширхэг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 250 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг S4 /Samsung S-4/ маркийн гap утас нэг ширхэг, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 220 000 төгрөгийн үнэ бүхий Жи 2 /G2/ маркийн гар утас нэг ширхэг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 170 000 төгрөгийн үнэ бүхий Нөүт /note/ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 250 000 төгрөгийн үнэ бүхий ТХ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 730 000 төгрөгийн Ай фоуне 5 эс /I Phone 5s/ маркийн гap утас нэг ширхэг, 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 730 000 төгрөгийн Ай фоуне 5 эс /I Phone/ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 380 000 төгрөгийн үнэ бүхий Эл-Жи /LG/ маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 292 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөт /Samsung note/ 2 гap утас нэг ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 470 000 төгрөгийн үнэ бүхий I Phone маркийн гар утас нэг ширхэг, 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 130 000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Нөт 2 маркийн гар утас нэг ширхэгийг тус тус өгсөн. М.З т нийт 5 222 000 төгрөгийн үнэ бүхий 15 төрөл, маркийн утас О.О аас авсан байгаа. Мөн О.О нь М.З т 5 000 000 төгрөг болон 2 845 000 төгрөгөөс гадна, М.З т 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дансаар 360 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дансаар 720 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 432 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бэлнээр 432 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1 080 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 150 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дансаар 870 000 төгрөг, бэлнээр 210 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 558 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 540 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 720 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дансаар 200 000 төгрөг, бэлнээр 1 300 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 720 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 40 000 төгрөг, дансаар 180 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бэлнээр 1 635 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 470 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд дансаар 2 320 000 төгрөг бэлнээр 9 297 000 төгрөг өгсөн байдаг. О.О нь нэхэмжлэгч М.З т 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 14/07 дугаар зээлийн гэрээний дагуу гар утас болон мөнгөөр нийт 24 694 000 төгрөг өгсөн байгаа. Хэрэгт холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн байгаа. О.О нь Тэди төв дээр лангуу түрээсэлдэг. М.З нь өдөр болгон очиж орлогоны мөнгөнөөс нь авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М.З аас О.О нь зээлийн гэрээ хийж авсан 10 000 000 төгрөгийг төлсөн байгаа. М.З-ын нэхэмжилсэн 55 512 666 төгрөгийг аваагүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М.З-ын нэхэмжлэлтэй О.О-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 55 521 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах хуралдаанд оролцож байсан. Гэвч анхан шатны шүүх нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Анхан шатны шүүхийн шүүгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт нотлох баримт өгөх, давж заалдах шатны шүүх хуралтай байгаа талаар туслахаасаа асууж мэдсэн байсан бөгөөд өөрийн ээлжийн амралтаа эдлэхийн тулд хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 6.6-д заасан мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шүүн таслах ажиллагааны зарчимд харшилсан үйл ажиллагаа болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хэргийг нэг шүүхээс нөгөө шүүхэд шилжүүлэх тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа өнгөрмөгц уг хэргийг шилжүүлнэ. Хэрэв гомдол гарсан бол уг гомдлыг хянан шийдвэрлэсэн тухайн шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шилжүүлнэ” гэж заасан байна.

Уг зээлийн гэрээний маргааны талаарх нэхэмжлэлийг анх 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Иргэний хэрзг үүсгэх тухай” захирамжийг тус шүүхийн шүүгч Ж.К гаргасан.

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нөгөө шүүх буюу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргааныг шилжүүлэх захирамж гараагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн захирамж гараагүй байна.

Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн /одоо байхгүй/ шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн захирамж мөн адил хууль бус байх тул хүчин төгөлдөр бус болох ёстой. Гэвч Хан-Уул дүүргийн шүүх нь Үндсэн хуулийн бус шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн хүчин төгөлдөр бус захирамжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч М.З хариуцагч О.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 55 521 666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэх үндэслэлээр түүнийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. /хэргийн 67 дугаар тал/

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заасан байна.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх болсон үндэслэл нь тодорхойгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 334 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзаж буй үндэслэлээ “уг гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, өмнө нь байгуулсан 2 удаагийн гэрээгээр авсан 15 000 000 зээлийн үлдэгдэл хүү, алдангийн дагуу хийсэн гэрээ” гэж талууд маргааны үйл баримтын талаар маргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийх байжээ. /хэргийн 21-41 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлүүдэд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Харин шүүхийн зохион байгуулалттай холбоотой хууль өөрчлөгдөж, хуулийн дагуу шүүх өөрчлөн байгуулагдсан нь шүүхэд өмнө нь үүсгэгдсэн иргэний хэргийг дахин үүсгэх үндэслэл болохгүй тул “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан тухайн шүүхийн иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байх” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх арилгаж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2016/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч М.З-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 560 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   

                                                  ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                С.ЭНХТӨР