Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/00499

 

М.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2255 дугаар магадлалтай,

М.З-ын нэхэмжлэлтэй,

О.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч О.О-ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч М.З-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: О.О-тай 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээлцсэн баримтыг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн. Мөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанаар тооцогдож байгаа. Талууд хоорондоо зээлийн хүү тогтоосон учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасны дагуу зээлийн гэрээ болон мөнгө төлсөн 2 хувь баримт үйлдэж, гэрээгээ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нотариатаар батлуулсан. Зээлдэгч үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний 1 сарын хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч буюу зээлдэгч зээлийн гэрээний хугацааг тухайн үед мөнгөө төлөхгүй болохоор 25.000.000 төгрөг дээр төлөх ёстой хүүгээ тооцож 2 удаа зээлийн гэрээг байгуулсан. 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнээс хойш зээлдэгч ямар нэгэн мөнгө шилжүүлж өгөөгүй. Ингээд өмнөх зээлийн гэрээн дээр нэмээд дараагийн зээлийн гэрээ хийгээд явж байгаа. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 219.3 дахь хэсэгт заасны дагуу 25 000 000 төгрөгийн зээлийг эргэн төлөх нэмэлт хугацаа тогтоосон. Үүнийг хариуцагч тал ч хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч тал 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан, дараа нь нотариатаар батлуулсан гэдгийг өөрөө зөвшөөрсөн. Энэ бодит үйл явдал нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээг талууд эрх тэгш, харилцан сайн дурын үндсэн дээр хүсэл зорилгоо илэрхийлэн байгуулсан.

Хариуцагч О.О-ын Хаан банкны 5012684089 дугаартай төгрөгийн данснаас нэхэмжлэгч М.З-ын Хаан банкны дансанд 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нотариатын үйлчилгээний зардал болох 51.000 төгрөгийг шилжүүлсэн. Орлого дээр нь нотариатын мөнгө гэсэн агуулгатай шилжүүлсэн. Энэ нөхцөл байдлаас харахад зээлдэгч хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ хийсэн болох нь харагдаж байна. Талуудын хооронд олон гэрээ байгуулагдсан. 14/07 дугаартай гэрээний эргэн төлөлтийн хэмжээ нь 180.000 төгрөг байсан. 14/15 дугаар гэрээнийх 360.000 төгрөг, 14/26 дугаар гэрээнийх 432.000 төгрөг, 14/38 дугаар гэрээнийх 540.000 төгрөг, 14/54 дугаар гэрээнийх 720.000 төгрөг нийтдээ 5 гэрээний зээлийн хэмжээ нь өөр өөр дүнтэй тохиролцсон. Хариуцагч нэхэмжлэгчийн Хаан банкны дансанд нийт 5 эргэн төлөлтийн мөнгийг шилжүүлж байсан хуулгаас үзэхэд гэрээ бодитой хийгдсэн гэж үзэж байна. Ингээд талууд зээлийн гэрээнд эд хөрөнгө оролцуулаад нийт 12 төрлийн ширхэг гар утсыг авсан байдаг. Энэ хэрэгт авагдсан цэнхэр дэвтэр дээр бичигдсэн байдаг. Ингээд нийтдээ 3.882.000 төгрөгийн 12 ширхэг гар утас авсан. Үүнийг дэвтэр дээр янз бүрээр бичсэн байдаг. Гар утасны цэнхэр дэвтэрт хэний дэвтэр, хэн бичсэн гэдэг нь тодорхойгүй, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна. 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 66 дугаар зээлийг гэрээг нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо байгуулж, 20.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээнд хариуцагч О.О- бэлнээр 11.000.000 төгрөгийг төлсөн. Мөн 334 дугаар зээлийн гэрээг байгуулахаас өмнө 9.000.000 гаруй төгрөгийг авчирч энэхүү зээлийг төлсөн. Энэ нь бодит байдал дээр бичгийн хэлбэрээр нотлогдохгүй байгаа ч гэрчийн мэдүүлгээр нотлох боломж байгаа. Тухайн зээлийн гэрээг байгуулах өдөр М.З-т 9.000.000 төгрөгийг бэлнээр өгчихөөд 16.000.000 төгрөгийг нэмээд нийт 25 000 000 төгрөг болгож зээлж авсан акт үйлдсэн. Энэ 2 хүний хооронд 10-аад удаа зээлийн эрх зүйн харилцаа үүссэн байна. Тухайн үедээ хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, эргэн төлөлтөө хийгээд явж байсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Манай талаас хариуцагчийн эдийн засгийн байдлыг дордуулахгүйгээр үндсэн зээл болон түүний хүүг авъя, цаашид хугацаа сунгасан зээлийн гэрээгээр нэхэмжлэхгүй гэдэг саналаа илэрхийлж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч талаас 25.000.000 төгрөгийг алдангийн хамт нийт 37.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүүгийн шүүхэд гаргасан тайлбарт: Талуудын хооронд нийт 5 удаагийн зээлийн гэрээ хийгдсэн. Хамгийн анх 5.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн, энэ мөнгийг зээлж авсаныг хүлээн зөвшөөрч байгаа. Зээлийг хугацаанд төлөөд явж байхдаа нэмж 5.000.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 10.000.000 төгрөгийг зээлж авсан, хугацаагаа тохирсон графикийн дагуу төлөөд заримыг нь хугацаа хэтрээд алданги, хүү бодогдоод байсан. Хариуцагч нь өдрийн орлого орж ирэнгүүт зээлийн хүүгээ өгдөг байсан. М.З- нь Тэди төв болон бусад худалдаа эрхэлдэг хүмүүст зээл тарааж, өдөр болгон зээлийнхээ хүүг хурааж авдаг, тэр хүмүүсийг янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг байсан. О.О- нь 10.000.000 төгрөгийн зээл авсан, 12.000.000 төгрөг болоход нь зээлийг төлсөн. Үүний дараа 12.000.000 төгрөгийн төлөөгүй зээлийн үлдэгдэл төлбөр, хугацаа хэтэрсэн нэмэгдэл хүү гэж тооцоод нэмээд 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийсэн. Дараагийн сард нь 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ, үүний дараа дахиад 2015 оны 01 сард 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн байдаг. Үндэслэл болгоод байгаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн гэрээ нь өмнөх гэрээнүүдээр уламжлагдан хийгдсэн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Дараа нь төлж чадахгүй байгаа гээд 28.000.000 төгрөг болгосон, үүний дараа 31.140.000 төгрөг гэж нэхэж байсан. Хариуцагч нь ...мөнгө хүлээлцсэн баримтаас хойш 2 хоногийн дараа 2015 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн гэрээ байгуулагдсан, тэр өдөр мөнгө хүлээж аваагүй гэсэн агуулгаар хэлсэн. Сүүлийн гэрээнүүдийг бодитоор мөнгө өгөөгүй, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл дээр нэмээд гэрээ байгуулсан талаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Одоо бол зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр байхгүй. Зээлийг удаан хугацаагаар ашигласан тул 10.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар О.О-аас 10.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.З-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 174.950 төгрөг гаргуулж М.З-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435.560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2255 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагчаас 10.000.000 төгрөг” гэснийг “хариуцагч О.О-аас 35.618.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.З-т олгож, үлдэх 1.882.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагчаас 174.950 төгрөгийг гаргуулж... гэснийг 336.040 төгрөг гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 295.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч О.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анх М.З-аас 5.000.000 төгрөгийг зээлэн авч, өдрөөр төлж байгаад бүрэн төлж дуусаагүй байхдаа нэмж 5.000.000 төгрөгийг зээлэн авч нийт 10.000.000 төгрөгийг авсан нь үнэн. Үүнээс хойш зээлсэн мөнгийг өдөр бүр төлж чадахгүй болсон тул нэхэмжлэгч мөнгөө авахыг удаа дараа шаардан өдрийн хүү алдангийг бодон нэг сарын хугацаатай гэрээнүүдийг хийхийг тулган, зөвхөн өөртөө байдаг баримтад гарын үсэг зурахыг шаардаж, зуруулан авдаг байсан ба зарим баримтыг нөхөж, нэхэмжлэгч өөрөө үйлдсэн байсан ба нэхэмжлэгчээс баримтыг эх хувийг шаардсан боловч гаргаж өгөхгүй, эх баримт байхгүй тул шинжээ ч томилуулах боломжгүй, нөхцөл байдал үүссэн ба нийт 10 удаагийн зээлийн гэрээ байгуулан авч, түүнийхээ дагуу баримтыг үйлдэн үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжлэн өр, төлбөрт оруулсан явдалд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь үйлчилгээний газруудаар өдрийн зээл гэж нэрлэн мөнгө зээлүүлж, өдөр болгон зээлүүлсэн мөнгөө, хүүтэй нь хураан авдаг байсан. Энэ хэрэгт 4 удаагийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч байсан бөгөөд уг шийдвэрүүд нь үндэслэлтэй гарч байсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга нь хариуцагч 10.000.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа учраас гэж үзсэн ба нэхэмжлэл нотлогдохгүй байна гэж үзсэн, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шүүхийн гаргасан шийдвэрийг өөрчлөхдөө, шийдвэрлэсэн агуулгын буруу тайлбарлан шийдсэн.

Иймд энэ маргааныг өргөн утгаар нь харж холбогдох хууль тогтоомжийн дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч О.О-ын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

М.З- О.О-аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 55.521.666 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээл 25.000.000 төгрөг, алданги 12.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгож, зохигчийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлж, зээлийг хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож бичгэн хэлбэрээр байгуулсан гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн мөнгө хүлээлцсэн баримтыг заасныг, хариуцагч үгүйсгэж, 2014 онд 2 удаагийн зээлээр нийт 10.000.000 төгрөг авсан, өмнөх зээлийн хүү, алдангийг тооцож, удаа дараа зээлийн гэрээ байгуулж байсан, 25.000.000 төгрөг зээлээгүй, бодитоор авсан мөнгөө хүү, алдангитай буцаан төлсөн гэж маргасан боловч хожим нь зээлийг удаан хугацаагаар  ашиглаж ашиг олж байсан тул 10.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрнө гэсэн хариу тайлбарыг гаргажээ.

Анхан шатны шүүх “...талууд 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч мөнгийг бодитоор шилжүүлсэн нөхцөл хэргийн бусад баримтаар үгүйсгэгдсэн...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгч О.О-ын нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээгээр зээлийн үүргийг шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

Харин тус шүүх хариуцагчийн зөвшөөрснөөр 10.000.000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангасан нь диспозитив зарчмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх 25.000.000 төгрөгийн бичгийн гэрээ, мөнгө хүлээлцсэн гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хэрхэн үгүйсгэснээ тодорхой заагаагүй тус шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2255 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01909 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 286.040 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ