Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00799

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00799

 

 

М.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/00638 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.У-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б-т холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хохирол 120,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М.У- миний бие Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 00 тоот хаягт байршилтай 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч. Хариуцагч Ц.Б- нь өөрийн хашааг кадастрын зургийн дагуу биш, зөрүүтэй, зөрчилтэй хатгасан. Энэ талаар хариуцагч Ц.Б-тай уулзаж, учир байдлаа хэлж, миний өмчлөлийн газар болох кадастрын зургийн 2-р цэгээс 3, 4-р цэг хүртэлх уртаараа 26 м, 2-р цэгээс дотогшоо 1-р цэг хүртэл 3, 4-р цэгээс дотогшоо 5-р цэг хүртэлх 10 м газрыг чөлөөлж өгөхийг хэлэхэд ...одоо нааш цааш гээд яах вэ танайх газраа зарвал би худалдаж авъя... гэж хэлсэн боловч үнээ тохиролцож чадаагүй. 2022 оны 0З сарын 30-ны өдөр газраа чөлөөлж өгөхийг гуйсан боловч хэл амаар доромжилж, сүрдүүлсэн тул кадастрын албанд хандаж, дахин төлбөр төлж, газрынхаа кадастрын зургийг гаргуулж, өөрийн хашааныхаа байх ёстой 4 цэгийг тавиулсан. Кадастрын зураг гаргуулахад 2022 оны 04 сарын 01-ний өдөр 80,000 төгрөг, 2022 оны 06 сарын 13-ны өдөр арын 2 цэгийн кадастрын зураг гаргуулахад 40,000 төгрөгийг тус тус төлсөн тул газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, кадастрын зураг гаргуулахад төлсөн нийт 120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2018 оны 05 сард Н.Н-аас худалдах, худалдан авах гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 33а тоот 0,7 га газартай, 4x4 харьцаатай өвлийн байшинтай хашаа, байшинг худалдан авсан. Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000743586 дугаартай гэрчилгээ 2018 оны 07 сарын 07-ны өдөр гарсан. Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 00 тоот хаягт байсан хуучин айл нь тогны төлбөрийн өртэй гээд манайхаас тог татаж бид энгийн харилцаатай байсан. Гэтэл иргэн М.У-, И.Б- гэх хүмүүс 2020 оноос хойш дээрх хаягт ирж амьдарсан. Энэ хугацаанд надтай ямар нэгэн газрын маргаан үүсгээгүй, ямар нэгэн асуудал яриагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан худалдах, худалдан авах тухай яриа гаргаагүй болно. 120,000 төгрөг зарцуулж кадастрын зураг хийлгэсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй. 225 м.кв газар Ц.Б-ын газар руу орсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Газрын албанаас эзэмших эрхийг Ц.Б-т шилжүүлэхдээ газрын албаны мэргэжилтэн хашаалсан газрыг кадастрын зурагтай нь тулгаж үзэхэд хашаалсан хашаатай 700 м.кв давхцалгүйгээр кадастрын зурагт тохирч байсан. Эзэмших эрхийг шилжүүлж, эрх бүхий байгууллагаас гаргасан кадастрын зураг, гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан. Уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр, ямар ч зөрчилгүй бөгөөд тухайн газрыг Ц.Б- эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.У-ын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 24-р гудамжны 00 тоот хаягт байршилтай, 1801204128 /хуучнаар 18634316898961/ нэгж талбарын дугаартай 533 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн гэрчилгээний 000563189 дугаар, өмчлөх эрхийн Ү-2201051621 дугаар бүхий газрын хойд хэсгийн 225 м.кв талбай бүхий газар, 23,77 м урттай хашааг хариуцагч Ц.Б-ын хууль бус эзэмшлээс тус тус албадан чөлөөлж, хариуцагч Ц.Б-аас хохиролд 120,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.У-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 74,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.У-од, шинжээчийн зардалд 130,000 төгрөг гаргуулан шинжээч ТУ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Шүүхээс маргаан бүхий 225 м.кв талбай бүхий газар нь нэхэмжлэгчийн хойд, хариуцагчийн урд зүгт байрлах ба энэ нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт нь ТУ ХХК-аас гаргасан дүгнэлт байсан. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөвхөн кадастрын зураг, хувийн хэрэг, газрын гэрчилгээний хуулбар ирсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд дурдсаны дагуу 225 м.кв газраар давхацсаныг нотлохгүй, шүүхийн шийдвэрээр албадан чөлөөлөх үндэслэл болохгүй.

4.б. Мөн анхан шатны шүүх шийдвэртээ ...бусдын эзэмшлийн газарт эрх бүхий байгууллага буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч хашаалсан байдалтай байгаа болох нь тогтоогдож байх тул... гэжээ. Уг хашаалсан гэх үйл баримт нь хариуцагчийн хийсэн үйлдэл биш бөгөөд анх нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь нэг хүнээс худалдаж авахад аль хэдийн бий болсон үйл баримт байсан бөгөөд шүүхээс дээрх газартай холбоотой эрх хэнд эхэлж үүссэнийг дүгнээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирүүлсэн баримт хангалтгүй, шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М.У- нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, хохирол 120,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Хэрэгт авагдсан 000563189 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зургаар нэхэмжлэгч М.У- нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 00 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634316898961 дугаартай, 533 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдсон.

Мөн хэрэгт авагдсан 000743586 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зургаар хариуцагч Ц.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 33А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18634316885977 дугаартай, 700 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч М.У-, хариуцагч Ц.Б- нар хөршүүд байна.

 

4.   Хариуцагч Ц.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээл 24 гудамж, 33А тоот хаягт байршилтай газрыг 2018 оны 05 сард Н.Н-аас худалдан авч, хууль ёсны өмчлөгчөөр 2018 оны 07 сарын 07-ны өдөр бүртгэгдсэн, нэхэмжлэгч нь 2020 оноос хойш 00 тоотод ирж амьдарсан, энэ хугацаанд газрын маргаан үүсээгүй... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

5.   Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар кадастр гэдэгт газрын байршил, хил, зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг ойлгохоор зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, газар өмчлөгч нь кадастрын зургаар тодорхойлогдсон хил, зааг, талбайнаас хэтрэхгүйгээр хашаагаа байрлуулах ёстой.

 

6.   Шүүхээс томилогдсон шинжээч ТУ ХХК-ийн гаргасан дүгнэлт, солбилцолын тогтолцооноос үзэхэд нэхэмжлэгч М.У-, хариуцагч Ц.Б- нарын хэн аль нь кадастрын зураглалд тусгагдсан хил, зааг, талбайн дагуу хашаалаагүй нөхцөл байдал тогтоогдож байх боловч нэгж талбарын 18634316898961 дугаартай, нэхэмжлэгч М.У-ын өмчлөлийн газар руу хариуцагч Ц.Б-ын хашаалсан талбай 225 м.кв талбайгаар нэвтэрч орсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.У- нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-ын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр шаардах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

 

7.   Шинжээч ТУ ХХК нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх тул ...шүүх зөвхөн ТУ ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд ...Ц.Б- нь бусдаас газар эзэмших эрхийг худалдан авсан, өмнөх газар өмчлөгчтэй маргаангүй байсан, М.У-оос өмнө газар эзэмших эрхтэй байсан... гэх нөхцөл байдал нь ач холбогдолгүй учир холбогдох давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

 

9.   Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ээс 2022 оны 04 сарын 01-ний өдөр 80,000 төгрөг, 2022 оны 06 сарын 13-ны өдөр 40,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийг Б.Лхагвацэрэнд кадастр гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт авагдсан.

Иймд анхан шатны шүүхээс холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

10.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан гэм хорыг арилгуулахтай холбоотой зохицуулалт баримталсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/00638 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 106.2, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт... гэснийг ...106.2 дахь хэсэгт... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 74,750 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР