Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00862

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00862

 

 

Б.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Т-т холбогдох, 148,326,805 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 205,139,115 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Э- нь 2010 оны 06 сард хариуцагч М.Т-ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объектыг түрээсэлж, төлбөрөө төлж явж байгаад 2013 оны 10 сараас М.Т-тай харилцан тохиролцож тухайн объектыг худалдаж авахаар болсон. Ингэхдээ объектын нийт үнэ болох 500,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр болж, үлдсэн 300,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон. Ийнхүү 2013 оны 10 сарын 18-ны өдрөөс төлбөр хийж эхлээд 2019 оны байдлаар нийт 187,000,000 төгрөгийг М.Т-т шилжүүлсэн. 2019 оноос хойш Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагааны ашиг муудаж, төлбөр зогсонги байдалд орсон бөгөөд төлбөрийн урьдчилгааг гүйцээхэд 13,000,000 төгрөг дутуу байсан. Гэтэл 2021 оны 04 сарын 02-ны өдөр хариуцагч М.Т- нь наймаа буцъя, юмаа гарга, би байр саваа авъя гэхэд нь бид ажлаа зогсоож, түүнээс надад шилжүүлж өгсөн объектыг нь шинээр баригдсан 15 машины дулаан гарааш, гүний худаг, 40 тонны зоорь, З м өндөртэй блокон хашаа болгож өөрчилсөн 2,535 м.кв банзан хашаа, харуулын байр зэргийг суллаж өгсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу худалдагч гэрээнээс татгалзаж, гэрээ нэгэнт биелэгдэхгүй болох нь тодорхой болсон. М.Т-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас миний төлсөн 187,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг М.Т-т үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл зөвхөн 50,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 137,000,000 төгрөгийг огт төлөөгүй. Миний бие М.Т-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн албан татварт 2012, 2017, 2019 онуудад нийт 2,973,345 төгрөг, газрын төлбөрт 2010-2020 оны хооронд нийт 8,353,460 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх мөнгийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч М.Т-аас гэрээнээс татгалзсаны улмаас хуулийн дагуу буцаан шилжүүлбэл зохих 137,000,000 төгрөг, газрын төлбөр, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт төлсөн 11,326,805 төгрөг, нийт 148,326,805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. М.Т- нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгөө 2010 оны 06 сарын 10-ны өдрөөс 2013 оны 09 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Б.Э-д нэг сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Дээрх объектыг газрын хамт 500,000,000 төгрөгөөр худалдан авах тухай нэхэмжлэгчийн саналыг зөвшөөрч 2013 оны 09 сарын 09-ний өдөр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай объект худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Б.Э- нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөрийг 2013 оны 10 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 100 хувь бүрэн төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл Б.Э- нь тухайн үед нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд гэрээ байгуулсны дараа өөрийн нэрээр банкны зээл гаргуулах асуудал хөөцөлдөж материал өгсөн ч шийдвэрлэгдэхгүй татгалзаад байгааг хэлж, М.Т- намайг 200,000,000 төгрөгийн зээл гаргаж өгөхийг гуйж, 200,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөнд тооцуулж, тухайн зээлийг графикийн дагуу Б.Э- өөрөө төлж явахаа илэрхийлж, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг банкнаас зээл авч төлж дуусгана гэж гуйсан. Миний бие Б.Э-д итгэж түүний гуйлтыг хүлээн зөвшөөрч 2013 оны 10 сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэгт байрлах үйлчилгээний зориулалттай барилгууд болон эзэмших эрх бүхий газраа барьцаалан Төрийн банкнаас 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 2013 оны 11 сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд сарын 1,7 хувийн хүүтэйгээр авсан. Б.Э- нь графикийн дагуу хөрөнгө оруулалтын зээлийг бүрэн төлөөгүй, хугацаа хоцроох, дутуу төлөх, төлөхгүй байх асуудлыг удаа дараа гаргаж, 2015 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх зээл хаах хугацаанд нийт 149,816,000 төгрөгийг миний Төрийн банк дахь 109500000775 тоот дансанд шилжүүлэх замаар төлсөн бөгөөд Төрийн банкнаас авсан 200,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт миний бие нийт 254,155,115 төгрөгийг төлж зээлийг хаасан. Тухайн хөрөнгө оруулалтын зээлийг Б.Э- нь хугацаандаа төлөөгүйгээс М.Т- миний бие зээлийн үндсэн төлбөрт 59,726,185 төгрөг, хүүд 44,612,930 төгрөгийг төлж, нийт 104,339,115 төгрөгийн хохирол хүлээсэн. Б.Э- нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зээл хаасны дараа ч төлөөгүй. Хариуцагчид төлөх 500,000,000 төгрөгөөс нийт 7 жил, 6 сар, 28 хоногийн хугацаанд 184,876,000 төгрөгийг төлсөн. Дээрх байдал нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.3, 249 дүгээр зүйлийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт тус тус заасан нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Б.Э- нь 500,000,000 төгрөгөө бүрэн төлж чадаагүй, цементийн үйлдвэр нь Ковид-19 цар тахлын үед алдагдал хүлээж, үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй гэсэн нөхцөл байдлаас болж талууд гэрээнээс татгалзсан. Надаас худалдаж авсан тухайн үйлчилгээний зориулалттай объектод нэхэмжлэгч Б.Э- нь өөрийн З ХХК-ийн хиам, буузны үйлдвэрлэлээ бий болгон тоног төхөөрөмжөө суурилуулж, З ХХК-ийн үйл ажиллагааг явуулж, ашгаа хүртэж, бидний зөвшөөрөлгүйгээр өөрсдийн үйл ажиллагаанд зориулж дур мэдэн хашааг өөрчилж, өмнө нь байсан 2,535 м.кв банзан хашааг үрэгдүүлж, мөн барилгын сантехник, шугам сүлжээг дур мэдэн өөрчлөн бусдад ашиглуулж, нэмэлт 6 машин багтах багтаамжтай гарааш, зоорь зэргийг барьж бусдад түрээслэн дотор нь өлөнгийн цех ажиллуулж нэмэлт ашиг орлого олж, өөрийн хүү Б.Мөнх-Эрдэнэд цементийн үйлдвэр байгуулах хэмжээнд бизнес нь өргөжсөн. Б.Э- нь З ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бөгөөд 2021 оноос өөрийн З ХХК болон дагалдах /чаналгын тогоо 2 ширхэг, хиамны шиприз 1 ширхэг, өөх мах холигч 1 ширхэг, цахилгаан махны машин 1 ширхэг/ тоног төхөөрөмжийг хүргэлтийн амбаартай 4 портерын хамт 100,000,000 төгрөгөөр худалдан авахыг санал болгож байсан. 2021 оны 04 сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзах үед З ХХК-ийг худалдан авахыг санал болгосныг хүлээн авч үйлдвэрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Б.Э-гийн хүү Б.М-ийн Хаан банкны 5720381820 дансанд 2021 оны 05 сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлж, нэгэнт тухайн үйлдвэрийг худалдаж авч байгаагийн хувьд ашиглаж байсан үлдэгдэл шошго, зарим хиамны материалыг дээрх үнэлгээнээс тусад нь худалдан авахаар тохирч 2021 оны 05 сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг өөрийн бэр дүү Д.Отгонцэцэгээс мөнгө зээлэн түүний дансаар Б.Э-гийн Хаан банкны 5171002700 дансанд шилжүүлсэн. Өөрийн хүү Б.Х-д З ХХК-ийн үйл ажиллагааг хариуцуулан, Б.Э-г түүний хүсэлтийн дагуу цалинжуулан зөвлөгөө авч үйлдвэрт ажиллуулан, цаашид үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж /шарах шүүгээ, цахилгаан хэрэгсэл, жор, хиамны бүрхэвч, уураг/ болон нийт 26,159,860 төгрөгийн материалыг нэмэлт зарлага гарган худалдан авч тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч М.Э- нь З ХХК болон тоног төхөөрөмж, хүргэлтийн амбаартай 4 портероо зарахаас татгалзан, 10,000,000 төгрөгт өгөх ёстой зочин хүнсний шошго, эд зүйлсээ, мөн Зочин хүнс цехийн үйлдвэрт миний оруулсан 26,159,860 төгрөгийн хөрөнгө /шарах шүүгээ, цахилгаан хэрэгсэл, жор, хиамны бүрхэвч, уураг/ зэргийг зөвшөөрөлгүйгээр ачиж явсан, компаниа худалдаагүй намайг хуурснаас үүдэн 86,158,860 төгрөгийн хохирлыг дахин хүлээсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол миний бие зээлийн төлбөр, зээлийн хүүд 104,339,115 төгрөг, 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөөр олох ёстой байсан орлого 90,766,666 төгрөг, З ХХК болон тоног төхөөрөмж, эд материал худалдан авахаар шилжүүлсэн мөнгө болон зөвшөөрөлгүйгээр авч явсан эд зүйлсийн үнэ 86,158,860 төгрөгийн хохирол, нийт 281,324,641 төгрөгөөр хохирохгүй байсан. Гэтэл Б.Э- нь 2013 оны 09 сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу 187,000,000 төгрөг шилжүүлсэн гэж буруу тооцоолж, илүү мөнгөн дүн хэлж, гэрээнээс татгалзсаны үлдэгдэл төлбөр 137,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Э- нь газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татварт 11,326,805 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэлийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Б.Э- нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит хаягт байрлах 2,518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв объектыг нийт 7 жил, 6 сар, 28 хоногийн турш үнэ, төлбөр төлөлгүй ашиглан, үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа нь өргөжсөн. Гэтэл миний бие Б.Э-гийн буруутай үйлдэл, үр дагавраас болж 281,324,641 төгрөгөөр хохироод байна. Иймд Б.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олох ёстой байсан орлого 90,800,000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд төлж хохирсон нийт 104,339,115 төгрөг, З ХХК-ийн шошго, эд зүйлийг худалдан авахаар 2021 оны 05 сарын 23-ны өдөр шилжүүлж хохирсон 10,000,000 төгрөг, нийт 205,139,115 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 10 сарын 04-ний өдөр тус үл хөдлөх хөрөнгийн үнийг 100 хувь бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй. Тус хөрөнгийн үнийн төлөлт хийж байх хугацаанд болон хожим хойно ямар нэгэн шалтгаанаар аль нэг тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн төлбөр төлөх талаар ярилцаж тохиролцоогүй, урьдчилгаанд төлсөн төлбөрийн мөнгөн хөрөнгөд ямар нэгэн хүү тооцож авах талаар ч тохиролцоогүй. Миний бие 2016 оны 12 сарыг дуустал төлбөрөө зохих ёсоор төлж байсан ба төлсөн төлбөрийн хэмжээ 200,000,000 төгрөгт хүрмэгц үлдсэн 300,000,000 төгрөгийг банкнаас зээл авч, зээлийн мөнгөн хөрөнгөөр төлөхөөр тохиролцсон байсан. 2017-2018 онуудад миний нөхөр хүндээр өвчилж, бусдын асрамжид орсон тул энэ он жилүүдэд би нөхрөө асарч, тус үл хөдлөх эд хөрөнгийн төлөлт удааширсан боловч бүр мөсөн зогсоогүй, бага багаар төлөлт хийгдэж байсан. 2019 онд гарсан Ковид-19 цар тахлын улмаас 2020 онд үйлдвэрлэл явуулахад хүнд хэцүү цаг үетэй тулгарч, үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. 2021 оны 1-р улирлаас нөхцөл байдал дээрдэж, тулгарсан эрсдэлээс гарч байтал М.Т- нь 2021 оны 04 сарын 02-ны өдөр намайг дуудаж, наймаагаа буцааж, байр саваа авна гэсэн шаардлага тавьсан. Миний бие тус объектын хашаанд өөрийн хөрөнгөөр 40 тонны зоорь, 12 машины дулаан гарааш, харуулын байр барьж, гүний худаг гаргаж, ус татаж, мөн түүнчлэн 2,535 м.кв банзан хашааг 3 метрийн өндөртэй блокон хашаа болгон сайжруулсан. Энэ бүхнийг М.Т- сайн мэдэж байсан тул бүтээн байгуулалт хийсэн зардлын 50,000,000 төгрөгийг тус объектын үнэд төлсөн 187,000,000 төгрөгийн хамт буцааж өгнө гэж надад амлаж хэлсэн тул түүнд нь итгэж, тус объектоос гарсан болно. Түүнээс М.Т- надад 50,000,000 төгрөгийг 2021 оны 05 сард буцааж өгсөн. М.Т- нь Төрийн банкнаас өөрөө зээл авсан атлаа надад зээл авч өгсөн гэж гүтгэж, банкны хүү, алданги төл гэж дарамталдаг байсан. Миний бие Төрийн банкнаас огт зээл авч үзээгүй. Өөрийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг М.Т-т худалдахаар тохиролцсоны дагуу түүний хүү Б.Х- хариуцаж ажиллахаар болж, манай үйлдвэрийн 15,800,000 төгрөгийн шошго, бусад эд материалыг худалдан авахаар болж, 5,000,000 төгрөгийг Б.Х-ы эхнэр надад өгсөн. М.Т- надад хэзээ ч 10,000,000 төгрөгийг шилжүүлээгүй. Харин надад төлөх үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, бараа материалыг ч эргүүлэн өгөөгүй болно. Энэ асуудал М.Т-т огт хамаагүй, ажлыг хариуцан гүйцэтгэж байсан Б.Х-тай холбоотой асуудал тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Т-аас 140,650,060 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэгч Б.Э-гаас 2,233,820 төгрөг гаргуулж, хариуцагч М.Т-т олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 7,676,745 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 202,905,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 899,590 төгрөг, хариуцагчийн 1,183,645.57 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 861,200.30 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 50,691.12 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Хариуцагч М.Т- миний зүгээс нийт 7 жил, 6 сар, 28 хоногийн хугацаанд 295 удаагийн гүйлгээгээр нийт 184,876,000 төгрөгийг Б.Э- болон түүний З ХХК, бусад нэр бүхий этгээдээр төлсөнтэй маргаагүй, бидний хооронд харилцах дансаар төлбөр хийгдэж байсан тул тухайн харилцах банкны дансны лавлагааг бүрэн шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс 31,500,000 төгрөгийн баримтууд нь З ХХК болон бусад этгээдийн нэрээр төлсөн төлбөр байх тул эдгээр баримтаар нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж үзэх боломжгүй гэж үзэж байгаа бол тус мөнгөн дүнг хасаж тооцох байсан ч хасаагүй нь шүүхээс баримтыг буруу үнэлсэн, улмаар намайг үндэслэлгүй төлбөр төлөх үр дагаварт хүргэсэн гэж үзэж байна.

5.б. Шүүхээс хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт, Төрийн банканд төлсөн байгаа нь нэхэмжлэгчийг зээлийн гэрээний оролцогч буюу зээл авсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараа нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

5.в. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1-т хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг ... ашиглах, аюулгүй байдлыг хангах, 3.3.3-т хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглах нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан харилцаанд үйлчлэхгүй гэж тус тус заасан байхад 2021 оны 11 сарын 15-ны өдөр М.Т- болон Б.Э- нарын хэргийн талаар ярилцсан харилцан яриа бүхий СиДи-г Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар мэдээлэл эзэмшигчид мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй хийсэн гэж нотлох баримтаар үнэлээгүйг хүлээн зөвшөөрөхгүй.

5.г. Миний хувьд худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд олох ёстой орлогыг шаардаагүй, харин худалдах, худалдан авах гэрээний үүрэг хугацаандаа биелэгдсэн бол, худалдах, худалдан авах гэрээний үнийг Б.Э- бүрэн төлж чадаагүй буруутай үйлдэл, үр дагавраас үүдэн бидэнд хоёрдогч үүрэг буюу алдагдсан боломжийн асуудал үүссэн тул 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үл хөдлөх хөрөнгийг нийт 7 жил, 6 сар, 24 хоног Б.Э-д болон түүний З ХХК-д төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого болох 90,800,000 төгрөгийг нэхэмжилсэн. Тухайн үйл баримтыг нотлох үүднээс Б.Э-, түүний З ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлөлттэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн бусдын өмнө хүлээх үүргийг хариуцахгүй гэж үзэж хэргийг нэгтгээгүй, мөн З ХХК-ийг тухайн хэрэгт хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй, нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа хязгаарлаж миний түрээсийн үйл ажиллагаагаар зайлшгүй олох байсан орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн алдагдал, зайлшгүй олох байсан орлогод тооцоогүй нь намайг үндэслэлгүй төлбөр төлөх үр дагаварт дахин хүргэж байна. З ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд Б.Э- нь тус компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч тул Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасанд хамаарах юм.

5.д. Мөн Б.Э- нь өөрийн З ХХК-ийг тоног төхөөрөмжийн хамт худалдан авахыг хэд хэдэн удаа санал болгож байсан ба 2021 оны 04 сарын 02-ны өдөр талууд гэрээнээс татгалзах үед тухайн З ХХК-ийг худалдан авах санал тавьсныг хүлээн авч, үйлдвэрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар Б.Э-гийн хүү Б.М-ийн Хаан банкны 5720381820 тоот дансанд 2021 оны 05 сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийн урьдчилгааг шилжүүлж, нэмэлт зардал гарган тухайн үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн боловч М.Э- нь З ХХК-ийг худалдалгүйгээр намайг хуурсан. Тус 50,000,000 төгрөгийг Б.Э- нь авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ дурдсан тул, тухайн мөнгөн дүнг түүний төлсөн 156,376,000 төгрөгөөс хасч тооцох байсан.

5.е. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгч Б.Э- нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр хариуцагч М.Т-аас 2013 онд авсан Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит хаягт байрлах 2,518 м.кв газар, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгө худалдан авахаас татгалзсантай холбоотой тухайн объектыг худалдан авахаар шилжүүлсэн бэлэн мөнгөний тооцоо болон тухайн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гарааш, зоорь, хашаатай холбоотой материалын үнийн асуудлаарх хоёр нэхэмжлэлийг тус шүүхэд З ХХК-ийн нэрээр М.Т- надад холбогдуулан гаргасан ба миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар уг 2 хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Мөн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Орбит хаягт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалт бүхий 288 м.кв үл хөдлөх хөрөнгөд Б.Э- нь өөрийн З ХХК-ийн үйл ажиллагааг явуулж, давхар бусдад түрээсэлж байсан тул нийт 7 жил, 6 сар, 24 хоногт олсон ашгийг тооцож гаргахтай холбогдуулан хэд хэдэн удаа хүсэлт гаргасан ч хангаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагчийг өөрөө тодорхойлох, шүүхэд мэдүүлэх эрхтэй гэж заасан тул 2010 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөргүй ашиглуулснаас олох ёстой байсан орлого 90,800,000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 12 сарын 07-ны өдөр гаргаж, түүний З ХХК-ийг тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамтран хариуцагчаар татах нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 25-ны өдөр нэмж гаргасан боловч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг үндэслэлтэй эсэхийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэх зохицуулалт хуульд байхгүй тул З ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангаагүй нь М.Т- миний хууль ёсны эрх ашгийг хөндсөн.

5.ё. Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэж байх үед шүүхээс нотлох баримтыг шинжлэх судалсны дараа шүүх хуралдаан даргалагч зөвхөн гэрчийн мэдүүлэг, СиДи-д хийсэн үзлэгтэй холбоотой асуулт асуух боломжийг олгож, хэргийн бүхий л үйл баримтын талаар асуулт асуух боломж олгоогүй нь шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох зарим, агуулга анхан шатны шүүхэд бүрэн хэрэгжээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно гэж заасан хэдий ч тэмдэглэлийг 2023 оны 03 сарын 23-ны өдөр албажуулсан, тус өдөр танилцсан дээрх тайлбарыг зөвхөн талуудад асуулт байна уу гэж тэмдэглэлд худал тусгасан.

5.ж. З ХХК-ийн шошго, эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг Б.Э-гаас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Э-гаас 2,233,820 төгрөг гаргуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч Б.Э- нь 15,837,660 төгрөгийн бараа материалдаа 5,000,000 төгрөгийг тухайн үед эд зүйл хариуцаж байсан М.Т-ийн хүү н.Хүрэлчулууны эхнэр н.Тамираас бэлнээр, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг дансаар авсан бөгөөд М.Т-т 8,071,480 төгрөгийг буцаан өгөх боломжтой гэсэн тооцоолол бүхий хүсэлтийг Б.Э- нь 2023 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан байхад 2,233,820 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан буруу шийдвэр болсон.

5.з. Анхан шатны шүүхээс М.Т- намайг газрын төлбөр 5,774,060 төгрөгийг албан татвар болон газрын төлбөрийг өөрийн хөрөнгийг хэмнэх замаар Б.Э-гаар төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.1-т шаардлага хариуцах этгээд өөрөө хариу шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд түүнийгээ суутган авсан нь бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих заалтад хамаарахгүй гэж заасан бөгөөд тухайн төлбөрийг шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

6.а. Нэхэмжлэгч тал компанийн мэдээлэл авах гэсэн боловч шүүх хангаагүй, нэг талд үйлчилсэн гэж тайлбарладаг. З ХХК хэргийн оролцогч биш тул шүүх үндэслэлгүй шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

6.б. Б.Э- зээл авах гэсэн боловч бүтээгүй учраас М.Т- зээл авч өгсөн гэж анхан шүүхэд тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй. Хариуцагч Төрийн банк ХХК-аас 200,000,000 төгрөгийн эргэлтийн зээл авч, өөрөө төлж барагдуулсан. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Уг зээлийн гэрээний оролцогч нь Б.Э- биш учраас нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

6.в. Нийт 184,875,000 төгрөгийг 7 жилийн хугацаанд Б.Э- төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасны дагуу 200,000,000 төгрөгийг тус хугацаанд төлөхөөр шилжүүлж авсан. Хариуцагч 2020 оны 04 сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзсан. Ийнхүү хуульд заасны дагуу өгсөн, авснаа буцаасан. Хуульд заасны дагуу буцаах ажиллагаа нэгэн зэрэг явагдах байсан боловч хариуцагч биелүүлээгүй. Өөрийн өмчлөх үл хөдлөх хөрөнгө, газрыг буцааж авсан атлаа энэхүү хугацаанд төлсөн мөнгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгчээс шүүхэд хандаж, өөрийн эрх ашгийг хамгаалуулах нөхцөл байдал үүссэн.

6.г. Олох байсан 90,800,000 төгрөгийг Б.Э-гийн 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээсэлж байсан жилийн орлогоор тооцож нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг нэхэмжлэгчид байгаа боловч энэ үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр таамаглалд үндэслэхгүй, гагцхүү хуульд заасан үндэслэлээр үнэн зөв нотлох баримтад үндэслэдэг тул шүүх хуульд нийцсэн үнэн зөв дүгнэлт хийсэн.

6.д. З ХХК нь М.Т-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж тусдаа шалгагдаж байгаа. Ямар үндэслэлээр нэгтгэх талаарх хууль зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Хэрэг маргааныг хуульд заасан үндэслэлээр нэгтгэх учиртай.

6.е. Анхан шатны шүүх хуралдаанд тоног төхөөрөмж худалдан авах саналыг М.Т-, Б.Э-д тавьсны дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөх тухай ярихад компанийг шилжүүлбэл мөнгийг шилжүүлье гэж хэлсэн тул Б.Э- татгалзсан тухайгаа тайлбарласан.

6.ё. Үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийг хүртэл М.Т- хэвээр байх тул үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөрийг төлнө. Эзэмшиж байсан 7 жилийн хугацаанд Б.Э- төлсөн. Анхан шатны шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

6.ж. З ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлээс 2,000,000 гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй гэж тайлбарласан. Ойлгох эсэх нь өөрсдийнх асуудал. Шүүх тооцоолол хийж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Ойлгохгүй байгаа бол мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авах нь өөрсдийн эрхийн асуудал.

6.з. Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан асуудал нь худалдан авагчийн буруутай ажиллагаа гэж тайлбарласан. Харин үүрэг биелүүлэхийг ялимгүй зөрчсөн учраас татгалзаж болохгүй гэрээ байсан гэж үзэж байна. Үүнд Б.Э-гийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Зохих төлбөрийн асуудлыг 7 жилийн хугацаанд харилцан тохиролцож төлсөн. З ХХК нь тус хэргийн оролцогч биш учраас мэдээллийг гаргаж өгөх шаардлагагүй. Шүүхээс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангасан, СиДи-д үзлэг хийсэн, гэрчийг асуусан.

6.и. Талуудын тайлбараар 15,000,000 төгрөгт З ХХК-ийн шошго, хиамны орц, найрлагатай зүйл байсан. М.Т-ийн хүү н.Хүрэлчулуун 05, 06 сарын хугацаанд цехийг ажиллуулж, тус байранд байсан бараа бүтээгдэхүүнийг ашиглаж 3,000,000-4,000,000 төгрөг, н.Х-ы зөвшөөрлийн дагуу 10,000,000 төгрөгийг нэмж авсан. Мөнгөө бүрэн төлөөгүй учир үлдэгдэл 3,000,000-4,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авсан. Агуулахад байсан зүйлийг аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талууд 184,876,000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй. Үүнээс эхэлж шүүх тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх нотлох баримтын үнэлгээнд алдаа гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч М.Т-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 187,000,000 төгрөгийн үлдэгдэл 137,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, хариуцагчийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 2012, 2017, 2019 онуудад төлсөн нийт 2,973,345 төгрөг, газрын төлбөрт 2010-2020 онд төлсөн нийт 8,353,460 төгрөг, бүгд 148,326,805 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1 хх 1-2/

Хариуцагч М.Т- нь нэхэмжлэгч Б.Э-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулсан тул олох ёстой байсан орлого 90,800,000 төгрөг, нэхэмжлэгчийн гуйлтын дагуу Төрийн банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авч, үндсэн зээл, зээлийн хүүд төлж хохирсон нийт 104,339,115 төгрөг, З ХХК-ийн шошго, эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, бүгд 205,139,115 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх 140-146/

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргажээ. /1хх 95-98, 2хх 3-6, 61/

 

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.а. Талууд 2013 оны 09 сарын 09-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Т- нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Толгойт-1235 хаягт байршилтай 288 м.кв талбайтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э-гийн өмчлөлд шилжүүлэх, Б.Э- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөгийг 2013 оны 10 сарын 04-ний өдөр төлж барагдуулах, уг төлбөрийн 300,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 34, 151/

...2013 оны 10 сарын 04-ний өдрийн дотор төлбөрийг төлж дуусгах үүрэг хүлээгээгүй... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар дээрх гэрээний 3 дахь заалтаар үгүйсгэгдэж байна.

3.б. Мөн өдөр талууд Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэх гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Т- нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Хөдөлгөөний сувиллын ард байрлах 2,520 м.кв талбайтай газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй Б.Э-д шилжүүлэх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /1хх 35, 152/

3.в. Улмаар, Б.Э- нь гэрээний дагуу 2013 оны 10 сарын 04-ний өдрийн дотор 500,000,000 төгрөг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үндэслэлээр талууд харилцан тохиролцож 2021 оны 04 сарын 02-ны өдөр гэрээнээс татгалзсан. /1хх 1-нэхэмжлэгчийн тайлбарын дээрээсээ 4 дэх догол мөр, 1хх 96-хариуцагчийн тайлбарын доороосоо 1 дэх догол мөр/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, талууд харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан үйл баримтыг хэргийн баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ.

 

5. Талууд гэрээнээс татгалзсан үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн, авсныг харилцан буцааж шийдвэрлэх учиртай.

5.а. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Э-гаас нийт 184,876,000 төгрөгийг хариуцагч М.Т-т төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 187,000,000 /нэг зуун наяан долоон сая/ төгрөгийг хариуцагч М.Т-ийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд гэсэн баримтаар Б.Э-гаас 187,000,000 төгрөгийг М.Т-т шилжүүлэн өгсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй тул хариуцагч талын зөвшөөрсөн 184,876,000 төгрөгийг Б.Э-гаас хүлээн авсан гэсэн агуулгатай тайлбарыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

5.б. Хариуцагчаас 2021 оны 05 сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид 50,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь М.Т-ийн эзэмшлийн Хаан банк дахь дансны хуулга, нэхэмжлэгч Б.Э-гийн үйлдсэн гар бичмэл зэрэг баримтаар нотлогдож байх тул 184,876,000 50,000,000 = 134,876,000 төгрөгийг хариуцагч М.Т-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ. /1хх 227, 228/

Дээр дурдсан 50,000,000 төгрөг нь З ХХК-ийг худалдан авсны төлбөр байсан гэх хариуцагч талын тайлбар хэргийн баримтаар нотлогдоогүй болно.

5.в. Нэхэмжлэгч Б.Э- нь 2010 оны 06 сараас 2013 оны 09 сар хүртэлх хугацаанд хариуцагч М.Т-ийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг түрээслэж байсан, түрээсийн төлбөр анх сард 500,000 төгрөг байсан, улмаар 2012 оны 07 сараас сард 1,000,000 төгрөг болсон үйл баримт хэрэгт авагдсан 2010 оны 06 сарын 10-ны өдрийн 01 тоот Түрээсийн гэрээ, М.Т-ийн эзэмшлийн Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банк дахь дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон. /1хх 99, 220-221, 232-234/

Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч М.Т-ийн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг 2013 оны 09 сарын 09-ний өдрөөс 2021 оны 04 сарын 21-ний өдөр хүртэлх 91 сар гаруй хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласныг биет байдлаар нь буцааж өгөх боломжгүй учир мөнгөөр нөхөн төлөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх, эд хөрөнгийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэж байсан учир нэхэмжлэгч Б.Э-гаас 90,800,000 төгрөгийг шаардсан М.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа ... этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд ...газрыг эзэмшиж, ашиглаж байгаа ... этгээд ... газрын төлбөр төлөгч байна гэж тус тус зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Т-, газар эзэмшигч М.Т- нь холбогдох татвар, төлбөрийг төлөх үүргийг хуулиар хүлээсэн этгээд байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч М.Т-ийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт нийт 1,413,500 төгрөг, газрын төлбөрт нийт 5,799,060 төгрөг, бүгд 7,212,560 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. /1хх 5-12, 15-31/

Иймд нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч М.Т-ийн өмнөөс төлсөн холбогдох татвар, төлбөрийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч М.Т-аас албан татвар, төлбөрт нийт 5,774,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул тус шийдлийг хэвээр үлдээв.

 

7. Хариуцагч М.Т- нь 2013 оны 10 сарын 11-ний өдөр Төрийн банктай 13/157 тоот зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авч, 2015 оны 10 сарын 14-ний өдөр төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон. /1хх 105-106, 111/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг нь зээлдэгчийн хүлээх үүрэгт хамаарна.

Иймд тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 59,726,185 төгрөг, зээлийн хүүд 44,612,930 төгрөг, нийт 104,339,115 төгрөгийг төлж хохирсон гэх хариуцагч М.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй буюу уг төлбөрийг нэхэмжлэгч Б.Э-д хариуцуулах үндэслэлгүй.

 

8. Анхан шатны шүүх З ХХК-ийн шошго, эд материал худалдан авахаар шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг гаргуулах хариуцагч М.Т-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,233,820 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

10. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч М.Т-аас 134,876,000 + 5,774,060 = 140,650,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгосон шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Э-гаас 90,800,000 + 2,233,820 = 93,033,820 төгрөгийг гаргуулан хариуцагч М.Т-т олгосон өөрчлөлт болон холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/01061 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Т-аас 140,650,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэгч Б.Э-гаас 93,033,820 төгрөгийг гаргуулан хариуцагч М.Т-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,676,745 төгрөгт холбогдох хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112,105,295 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...50,691.12 төгрөг... гэснийг ...623,119 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 1,876,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР