Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0128

 

2019 оны 02 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2019/0128

Улаанбаатар хот

 

 

“Ч в м” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нарыг оролцуулан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэртэй, “Ч в м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч в м” ХХК-ийн гаргасан “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан харьяаллын дагуу Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлснээр Засаг дарга уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн үйл баримтыг нягтлан үзэж, бусад нотлох баримттай харьцуулсан дүгнэлт хийлгүй алдаа гаргалаа. Учир нь сумын Засаг дарга төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Тусгай зөвшөөрлийн талбай малчдын өвөлжөөний газартай давхцалтай, нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэх зэрэг хууль бус тайлбарыг хэлж, төлөвлөгөөг хүлээж авахаас цааргалж, бидний ажилд хүндрэл учруулж байна. Хэрэгт цугларсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 378, 388 дугаартай албан бичгүүдийг хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлахын оронд таамаг төдий хийсвэр дүгнэлтийг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн эрхийг хэрэгжүүлэх процессын ажиллагаанд хамаарал бүхий менежментийн төлөвлөгөөг өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг “Ч в м” ХХК-д хамааруулж батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно.

Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлыг үндэслэл болгож нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн шийдвэрийг гаргасныг шүүх нягтлан үзэж эрх зүйн хамаарал бүхий харилцааг зөв тодорхойлж дүгнэлт өгөөгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч төлөвлөгөөг боловсруулж, нутгийн захиргааны байгууллагад хүргүүлсэн. Нутгийн захиргааны байгууллага бол тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, тусгай зөвшөөрөл эзэмшигч буруутай үйл ажиллагаа явуулсан тохиолдолд түүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болсон эсэх, тухайн орон нутагт хохирол учирсан эсэх талаарх нөхцөл байдал тодорхой тогтоогдсон тохиолдолд орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг бүхий этгээд юм. Гэтэл орон нутгийн иргэд эсэргүүцдэг гэх хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь учир дутагдалтай төдийгүй хуульд заасан зохих журмын дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж буй хуулийн этгээдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Үүнээс үүдэн гарах хохирлыг буруутай шийдвэр болон эс үйлдэл гаргасан албан тушаалтан, хуулийн этгээд хариуцдаг эрх зүйн зохицуулалттай болно. Тухайн асуудал хөндөгдөх үед эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг зогсоох болсон хууль зүйн үндэслэл нь асуудлын зөв буруу болохыг тогтоодог болохыг тэмдэглэж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж Засаг даргад хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг зөрчөөгүй. Дээрх үндэслэлүүдээр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Ч в м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 312[1], 313[2] дугаар шийдвэрүүдээр “Цимофон” ХХК-ийн Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг дахь “Элбэг” нэртэй газарт 5263,22, “Эрдэнэ” нэртэй газарт 528,84 гектар талбайд эзэмшиж буй ашигт малтмалын XV-018617, XV-018613 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг “Ч в м” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч “Ч в м” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах, хамтарч ажиллах саналаа Увс аймгийн Засаг даргад хүргүүлэхэд хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 44 дүгээр албан бичгээр[3] “1. “Цимофон” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг авахдаа орон нутгаас санал аваагүй, 2. Уг компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш хайгуулын ажил хийгээгүй атлаа жил бүр тайлан хамгаалж, тусгай зөвшөөрлийг сунгуулж, 2018 оны 3 дугаар сард “Ч в м” ХХК-д худалдсан, 3. “Цимофон” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирж байгаагүй бөгөөд нөхөн сэргээлтийн мөнгийг орон нутгийн дансанд байршуулж байгаагүй, 4. “Элбэг” нэртэй хайгуулын талбайд Баянгол багийн малчдын 10 өвөлжөө, “Эрдэнэ” нэртэй талбайд Даланбулаг багийн малчдын 15 өвөлжөө байдаг нь ашигт малтмал хайх, ашиглахад эсэргүүцдэг, 5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д заасныг зөрчсөн байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй бөгөөд ...Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцох боломжгүй, 6. Тусгай зөвшөөрлийг худалдан авсан компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө төлөвлөгөө батлуулахаар ирсэн нь хайгуул шинжилгээ хийх хугацаагүй ба тусгай зөвшөөрлийг дахин сунгахыг бид зөвшөөрөхгүй” гэх 6 үндэслэл заан нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч тухайн төлөвлөгөөг батлах үүрэгтэй байна.

Гэтэл XV-018617, XV-018613 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ч в м” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах талаар хуульд заасан үүргээ биелүүлэх зорилгоор менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар хүргүүлсэн байхад уг үүргээ биелүүлэхтэй нь холбоогүй шалтгаанаар хариуцагч тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчихөд хүрчээ.

Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 44 дүгээр албан бичгийн 1, 2, 3, 4, 5 дахь үндэслэл нь “Цимофон” ХХК-ийн анх тусгай зөвшөөрөл авсан захиргааны акттай холбоотой, тухайн компанийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байх үйл ажиллагаатай хамааралтай байх тул хариуцагчийн “Ч в м” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг зөвтгөх боломжгүй төдийгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг нэхэмжлэгчид хамааруулж батлахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд зааснаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоон, хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгах бөгөөд байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгасан баримт, төлөвлөгөөг ойлгох бөгөөд хариуцагч тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхийг хуулиар олгоогүй тул түүний ийнхүү батлахаас татгалзсан нь хууль бус юм.  

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор /хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө/  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн байхад анхан шатны шүүх “...өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шилжүүлэн авсан хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангүй учраас ...2018 онд гүйцэтгэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинээр боловсруулан Увс аймгийн Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагчид хүргүүлээгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэх дүгнэлтийг хийж, “Ч в м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй буруутай үйл ажиллагааны улмаас эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон нэхэмжлэгчийг шинэчлэн боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр[4] байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан тухай баримт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн дээрх 2 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн ч “Ч в м” ХХК нь тус компанийн менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын үйлдэлтэй холбогдуулан маргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан “Ч в м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах талаар зохих шийдвэр гаргахыг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Ч в м” ХХК-д тус тус олгосугай. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-10 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-11 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-32 хуудас