Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/00711

 

Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 694 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч “Асар пропертиз” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн үнэд илүү төлсөн 18 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамбын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч компани нь 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А1/204 тоот гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хансвилл хотхонд байрлах А-1 байрны 1 дүгээр орц, 204 тоот 72,4 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-г 2 500 000 төгрөгөөр тооцож, 181 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Захиалагч Б.Энхсайхан би төлбөрөө бүрэн төлж байрандаа орсон бөгөөд “Тоонто гранд” ХХК-иар талбайн хэмжилт хийлгэхэд 65.15 м.кв болж гэрээнд заасан хэмжээнээс 7.25 м.кв дутсан. Иймд талбайн үнийн зөрүү болох 18 125 000 төгрөгийг Л.Зоригтоос нэхэмжилж байна. Байрны талбайн зөрүү гарсны дараагаас хариуцагч компани гэрээ цуцлах, шинээр гэрээ байгуулахыг шахаж эхэлсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт” гэх баримтын тухайд байрны үнийн зөрүүг буцаан төлсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан.Хариуцагч компанийн талаас гарын үсгээ зурсан Л.Зоригт, Н.Баяржавхлан нар нь биднээс гэрээний дагуу мөнгийг хүлээн авч байсан, мөнгийг бүрэн төлсөн хэмээн орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгсөн байхад төлсөн баримтгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:“Хансвилл” хотхоны хөрөнгө оруулагч, уг барилгыг бариулсан компани нь “Тектоник” ХХК бөгөөд “Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ” байгуулсны үндсэн дээр “Асар пропертиз” ХХК-иар “Хансвилл” хотхоны орон сууцны борлуулалтыг гүйцэтгүүлэх, борлуулалтын орлогоос хамаарч тодорхой шимтгэлийг төлөх үүрэг хүлээсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний зүйлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206028389 дугаар гэрчилгээг нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлэн өмчлөлдөө авсан байдаг.Орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг “Тоонто гранд” ХХК-иар 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэмжилт хийлгэж мэдсэнээс хойш 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг Л.Ганзориг гэх хүний дансанд хийсэн гэх боловч баримт байдаггүй, мөн талууд 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан А1/204 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож цуцлан дахин гэрээ байгуулсан, гэрээг цуцлах тухай мэдэгдэлд төлбөр тооцоотой холбоотой маргаан байхгүй талаар дурдаж, нэхэмжлэгч гарын үсгээ зурсан.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Асар пропертиз” ХХК-иас 18 125 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 248 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 694 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 248 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан атал уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Б.Энхсайхан, “Асар пропертиз” ХХК нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр A1/204 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Гэвч уг гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоёр тал харилцан тохиролцсоны дагуу сайн дурын үндсэн дээр цуцласан. Дээрх гэрээтэй холбогдон төлбөр тооцооны ямар нэгэн маргаан байхгүй хэмээн хоёр тал гарын үсэг зурсан. Бид шинээр гэрээ байгуулсан ч энэ гэрээ нь хэрэгт авагдаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэгэнт цуцлагдсан гэрээг үндэслэн хариуцлага хүлээх ёстой хэмээн шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь хуульд нийцээгүй, хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна.Хариуцагчийн татгалзлыг нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Уг хэргийн хариуцагч “Асар пропертиз” ХХК нь маргаан бүхий орон сууцны ажлыг гүйцэтгээгүй зөвхөн худалдан борлуулах үүрэг хүлээсэн зуучлагч юм. “Тектоник” ХХК болон “Асар пропертиз” ХХК нарын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ”-гээр зуучлагч “Асар пропертиз” ХХК нь Хансвилл хотхоны борлуулалтыг гүйцэтгэх, барилгын ажлыг санхүүжүүлэх хөрөнгө оруулагчийг олох, зуучлуулагч “Тектоник” ХХК нь зуучлалын хөлсийг төлөх үүрэг хүлээн гэрээ байгуулсан. Гэтэл маргааны гол зүйл болох м.кв-ын зөрүү, доголдолтой холбоотой асуудлыг уг орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн, орон сууцны үнийг хүлээн авсан компани болох “Тектоник” ХХК-ийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...миний бие дутагдсан м.кв-ын зөрүү болох 18 125 000 төгрөгийг Л.Зоригтоос нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байдаг. Гэтэл шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ “Асар пропертиз” ХХК-ийг хариуцагчаар татсан нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх хуулийн заалтыг зөрчиж өөрийн санаачилгаар хариуцагчийг сольсон. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ талаар нэхэмжлэгчээс тодруулсан байх тул хууль зөрчөөгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.Мөн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнд “Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлцэл”-ийг хоёр шатны шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Уг нэмэлт өөрчлөлтөнд “Иргэн Б.Энхсайхан иргэн М.Баяржавлхан нарын хооронд байр захиалан худалдан авах гэрээнд гарсан м.кв-ын зөрүүг М.Баяржавхлан нь буцаан төлөхийг гэрчилж энэхүү гэрээгээр баталгаажуулж байна” хэмээн Б.Энхсайхан, М.Баяржавхлан, Л.Зоригт хэмээн гарын үсэг зурсан байдаг. Энэ баримт нь үүрэг хүлээх этгээд М.Баяржавхлан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн баримт юм. Өөрөөр хэлбэл “Асар пропертиз” ХХК, Б.Энхсайхан нарын хооронд байгуулсан гэрээний эрх, үүрэг, хариуцлага М.Баяржавланд шилжсэнийг нотлодог. Дээрх нотлох баримтуудаас үзвэл хэн нь жинхэнэ хариуцагч болох нь эргэлзээтэй байхад яагаад зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа компани м.кв-ын зөрүүг хариуцах ёстойг ойлгохгүй байна. Энэ нь өөрөө шударга ёсонд нийцэхгүй....Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, хавтас хэрэгт төлбөр төлсөн, хүлээн авсан хүлээлгэн өгсөн тухай баримт авагдаагүй, тооцоо бүрэн дууссан эсэх нь ч тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл шинээр байгуулсан гэх гэрээгээ хэрэгт хавсаргаагүй, төлбөр төлсөн баримтуудаа гаргаж өгөөгүй. Төлбөр тооцоог хүлээн авсан этгээдээс илүү өгсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй. Мөн Хансвилл хотхон дээрх м.кв-ын зөрүүтэй асуудал шүүхээр нилээдгүй шийдэгдэж байгаа бөгөөд энэ бүгдийг “Тектоник” ХХК хариуцлага хүлээхээр шийдэгдэж байхад Б.Энхсайханы нэхэмжлэлтэй хэрэгт яагаад “Асар пропертиз” ХХК-ийг хариуцлага хүлээх ёстой гэж шийдсэн нь ойлгомжгүй байна.Эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 26 дугаар зүйлийн 26.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт тус тус заасан. Тиймээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Дээрх байдлаар давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэн зөв үнэлээгүй бөгөөд гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул давж заалдах шатны шүүхийн 694 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч “Асар пропертиз” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн хэмжээний зөрүүний үнэ гаргуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “Асар пропертиз” ХХК нь тухайн орон сууцыг бариагүй, харин уг барилгыг бариулсан “Тектоник” ХХК-тай “Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ”-ний дагуу орон сууцны борлуулалтыг гүйцэтгэж байсан учир худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн талбайн хэмжээний зөрүүг хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн төлбөр төлсөн данс компанийх биш гэж маргажээ.

Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн, үндэслэлтэй зөв тодорхойлсон байх боловч худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “Асар пропертиз” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж дурдан, хариуцагчийг гэрээнд заасан хэмжээний буюу 72,4 м.кв талбай бүхий орон сууцыг бус харин 65,15 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлсэн гэж буруутган, илүү төлсөн төлбөр болох 18 125 000 төгрөгийг шаарджээ \хх-ийн 1 дүгээр тал\.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл зохигчид 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулсан боловч барилгыг 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах гэрээний нөхцөл, барилгын гүйцэтгэгч тал өөр этгээд байсан зэрэг нөхцөл, зохигчдын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн  251 дүгээр зүйлийн 251.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг ба мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1., 254 дүгээр зүйлийн 254.1.-д зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд дээрх шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болох байна.

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгагүй байх тул хуулийн эдгээр зохицуулалт нэхэмжлэлийн шаардах эрхийн эрх зүйн үндэслэл болохгүй юм.

Харин Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3., 254.4.-т зааснаар хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө шилжүүлсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй ба түүнийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн дээрх заалтад хамаарч байна гэж үзэхээр боловч дээрх зохицуулалтаар түүний шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заажээ.

Нэхэмжлэгч Б.Энхсайхан 2013 оны сүүлээр орон сууцыг хүлээн авч, өмчлөх эрхээ 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. \хх-ийн 7 дугаар тал\. Нэхэмжлэгч Б.Энхсайхан орон сууцны талбайн хэмжээг бага болохыг тухайн үед мэдсэн болохоо тайлбартаа дурдсанаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд энэ талаар тодорхой тайлбарласан \хх-ийн 159-160 дугаар тал\ байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Түүнчлэн орон сууц талбайн хэмжээний хувьд зөрүүтэй болохыг нэхэмжлэгч мэдсэнээс гадна уг зөрүүний үнийг М.Баяржавхлангаас авах талаар 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хэлцэл байгуулсан баримт хэрэгт авагдсан байна \хх-ийн 11 дүгээр тал\.

Нэхэмжлэгч орон сууцны талбайн хэмжээг орон сууцыг хүлээж авахдаа мэдсэн гэж тайлбарласан байхад шүүх энэ байдлыг эрх зүйн үүднээс дүгнэж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/00062 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 694 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 255 дугаар зүйлийн 255.1.1.-д заасныг баримтлан хариуцагч “Асар пропертиз” ХХК-иас 18 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Энхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 248 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН