Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 62

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргий анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Энхсайхан /РД: т

Хариуцагч: “Асар пропертиз” ХХК

Орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 18 125 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямдулам, түүний өмгөөлөгч Б.Энхсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хариуцагч компани 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр надтай байгуулсан А1/204 тоот гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Хансвилл хотхонд байрлах А-1 байрны 1 дүгээ р орц, 204 тоот 72,4 м.кв талбайтай орон сууцыг 1 м.квын үнийг 2 500 000 төгрөгөөр тооцож 181 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон билээ. Гэтэл байр баригдаж захиалагч төлбөрөө бүрэн төлж байранда орсон бөгөөд дараа нь таобайн хэмжээ дутуу талаар оршин суугчдаас гомдол гарган мэргэжлийн хэмжилт хийдэг “Тоонто гранд” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 65.15 м.кв болж гэрээнд заасан хэмжээнээс 7.25 м.кв дутагдсан. Иймд миний бие дутагдсан талбайн үнийн зөрүү болох 18 125 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Бид байрны мөнгийг хариуцагчийн заасан дансанд төлсөн, мөн байрны үнийн зөрүүг төлж дуусгахаар тэдний уулз гэсэн хүмүүстэй л уулзаж, тохиролцож байсан болно. Байрны талбайн зөрүү гарны дараагаас хариуцагч компани гэрээ цуцлах, шинээр гэрээ байгуулахыг шахаж эхэлсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт” гэх баримтын тухайд байрны үнийн зөрүүг буцаан төлсөн тохиолдолд гэрээг цуцлахыг зөвшөөрч гарын үсгээ зурсан. Хариуцагч компанийн талаас гарын үсгээ зурсан Л.Зоригт, Н.Баяржавхлан нар нь биднээс гэрээний дагуу мөнгийг хүлээн авч байсан, мөнгийг бүрэн төлсөн хэмээн орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэн өгсөн байхад төлсөн баримтгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хансвилл” хотхоны хөрөнгө оруулагч, уг барилгыг бариулсан компани нь “Тектоник” ХХК бөгөөд тус компаниудын хооронд “Хөрөнгө оруулат зуучлах онцгой эрхийн гэрээ” байгуулсны үндсэн дээр “асар пропертиз” ХХК-иар “Хансвилл” хотхоны орон сууцны борлуулалтыг гүйцэтгүүлэх, борлуулалтын орлогоос хамаарч тодорхой шимтгэлийг төлөх үүрэг хүлээсэн. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээний зүйлийн талаар гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206028389 дугаар гэрчилгээг нэхэмжлэгч 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлэн өмчлөлдөө авсан байдаг. Орон сууцны талбайн хэмжээ дутуу байгааг “Тоонто гранд” ХХК-иар 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэмжилт хийлгэж мэдсэнээс хойш 2015 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг Л.Ганзориг гэх хүний дансанд хийсэн гэх боловч баримт байдаггүй, мөн талууд 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан А1/204 тоот гэрээг 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож цуцлан дахин гэрээ байгуулсан, гэрээг цуцлах тухай мэдэгдэлд төлбөр тооцоотой холбоотой маргаан баййхгүй талаар дурдаж, нэхэмжлэгч гарын үсгээ зурсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Энхсайхан нь хариуцагч “Асар пропертиз” ХХК-д холбогдуулан захиалсан орон сууцны талбайн дутуу 7,2 м.квын үнэ 18 125 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч компани орон сууцны талбайн хэмжээ 7,2 м.кв-аар дутуу байгаа тухайд маргахгүй, харин орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч компанид бус захирал Л.Ганзориг, Л.Зоригт, Н.Баяржавхлан нарын дансанд төлсөн, мөн талуудын хооронд байгуулсан А1/204 тоот гэрээг харилцан тохиролцож цуцласан тул гэрээний дагуу шаардах эрхгүй, “Асар пропертиз” ХХК, “Тектоник” ХХК-иудын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ”-гээр тус компанийн бариулж буй барилгад хөрөнгө оруулалтыг зуучлах үүрэгтэй байсан гэж маргаж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдөр А1/204 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй А1 дүгээр байрны 1 дүгээр орц, 204 тоот 72, 40 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ыг нь 2 500 000 төгрөг, нийт үнийг 181 000 000 төгрөг байх, орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, орон сууцны үнийг гэрээнд заасан журмаар төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч тал орон сууцны үнийг компанийн дансанд биш захирал Л.Ганзориг болон бусад хувь хүмүүсийн дансанд төлсөн гэж маргасан боловч нэхэмжлэгч  Б.Энхсайхан нь хариуцагч компанийн заасан данс, цаг хугацаанд төлж дуусгасан байх бөгөөд хариуцагч компани орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байна. 

Гэрээгээр тохиролцсон талуудын хүсэл зориг, утга агуулгаас дүгнэж үзэхэд А1/204 тоот гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх бөгөөд талуудын хооронд энэхүү гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч орон сууцыг захиалан бариулах хүсэл зоригийг илэрхийлээгүй, хариуцагч талын санал болгосон орон сууцны зориулалттай  барилгаас тухайн нэг орон сууцыг сонгон худалдан авч үнийг төлөхөөр тохиролцсон байна.

Гэрээнд /А1/204 тоот/ “Асар пропертиз” ХХК-ийг төлөөлж захирал Л.Ганзориг, борлуулалтын менежер Б.Бурмаа нар, захиалагч талыг төлөөлж Б.Энхсайхан  гарын үсгээ зурсан байх бөгөөд энэхүү гэрээгээр “Тектоник” ХХК-ийн эрх, хүлээх үүрэгтэй холбоотой асуудлаар тохиролцоогүй, зохицуулсан заалт байхгүй болно.

Хэдийгээр гэрээг 2013 оны 10 дугаар  сарын 20-ны өдөр цуцласан тухай мэдэгдэлд нэхэмжлэгч гарын үсэг зурсан байх боловч мөн өдрөө хариуцагч компанийн төлөөлж орон сууцны төлбөрийг авч байсан Н.Баяржавхлан байрны талбайн зөрүүг хариуцахаар тохиролцон талууд гарын зурсан, орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн зэргээс үзэхэд  гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 7, 11 дүгээр тал/

Өөрөөр хэлбэл 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн А1/204 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр тохиролцсон талуудын хүсэл зориг биелсэн, нэхэмжлэгч Б.Энхсайхан орон сууцыг шилжүүлэн авч, мөнгийг бүрэн төлсөн байна.

            Хариуцагч “Асар пропертиз” ХХК болон  “Тектоник” ХХК-ийн хооронд 2012 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 12/01 дугаартай “Хөрөнгө оруулалт зуучлах онцгой эрхийн гэрээ”-гээр “Асар пропертиз” ХХК-ийн бусдад худалдан борлуулсан орон сууцтай холбоотой харилцаанд зуучлагч, зуучлуулагч талын хүлээх үүрэг хариуцлагыг заагаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Эххсайхан нь гэрээ байгуулсан, төлбөрийг шилжүүлэн өгсөн хариуцагч “Асар пропертиз” ХХК-иас орон сууцны талбайн дутууг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй юм. /хх-ийн 20 дугаар тал/

Зохигчдын хоооронд байгуулсан А1/204 тоот гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028389 дугаарт бүртгэлтэй, 0283437 тоот гэрчилгээ бүхий  Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хансвилл хотхон, 101 дүгээр байр, 204 тоот орон сууц нь гэрээнд болон гэрчилгээнд бичигдсэн 74,40 м.кв талбайгаас дутуу буюу биет байдлын хувьд доголдолтой болох нь “Тоонто гранд” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 288 дугаартай дүгнэлт /65,15м.кв/, “Лэндс” ХХК-ийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн  дүгнэлт /64,77 м.кв/, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Худалдах, худалдан авах тухай гэрээгээр худалдагч нь гэрээгээр тогтоосон хэмжээ чанар бүхий эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй ба  хариуцагч “Асар пропертиз” ХХК нь энэхүү үүргээ биелүүлээгүй байх тул орон сууцны талбайн дутуу 7,25 м.кв талбайн үнэ болох 18 125 000 төгрөгийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгох нь зүйтэй гэж үзэв. .

Лэндс” ХХК-ийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн  дүгнэлтээр орон сууцны талбай хэмжээг 64,77 м.кв гэж тогтоосон нь нэхэмжлэлд дурдагдсан 65,15 м.кв хэмжээнээс 0,38 м.кв-аар дутуу байгаа боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.  

Зохигчид А1/204 тоот гэрээг цуцалж, дахин байгуулсан гэх гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний  хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Асар пропертиз” ХХК-иас 18 125 000 /арван найман сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхсайханд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 580 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 248 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.             

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ