Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00997

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00997

 

 

 

А.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00872 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ПД ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 30,700,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2019 оны 11 сард Х ХХК-аас талийгаач эхнэр Л.Х-той хамтран орон сууцны ипотекийн зээл авсан. Х ХХК болон ПД ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн №810 тоот хамтран ажиллах гэрээний дагуу зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 2019 оны 11 сарын 28-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд зээлдэгчийн гэнэтийн ослын улмаас нас барсны, мөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд даатгалын эрсдэл бий болсон гэж тооцож, нөхөн төлбөр олгохоор заасан. Мөн дээрх гэрээнд гэнэтийн осолд үйлдвэрлэлийн осол гэдгийг хамааруулж ойлгоно гэж заасан. Л.Х- нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр ажлаа хийж байгаад ажлын байран дээрээ гэнэт нас барсан. Х ХХК-ийн зүгээс ПД ХХК-д даатгалын тохиолдол бий болсон байна гээд албан бичиг хүргүүлсэн ч тухайн үед ямар нэгэн хариу ирүүлээгүй тул бид өөрсдөө даатгалын компанид хандахад ...даатгалын тохиолдол гэж үзэх боломжгүй учир нөхөн төлбөр олгохгүй... гэсэн хариу хэлсэн. ПД ХХК нь зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 1.7.6-д заасан даатгалын тохиолдол бий болсон учраас нөхөн төлбөр төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 30,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Л.Х- нь 2021 оны 11 сарын 04-ний өдөр нас барсан. Ингээд нэхэмжлэгч талаас манай компанид даатгалын нөхөн төлбөр болох 30,700,000 төгрөгийг гаргуулахаар хүсэлт гаргасан. Бидний хувьд тус нөхөн төлбөрийг олгох эсэхийг холбогдох журмын дагуу судлан үзэхэд даатгуулагч Л.Х- нь гэнэтийн ослын улмаас нас бараагүй, харин өвчний улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байгаа учраас манай зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 2022/15 дугаартай шинжээчийн дүгнэлтэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын судлан бүртгэсэн акт нь Засгийн газрын 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 264-р тогтоол, мөн Засгийн газрын 2009 оны 11 сарын 14-ний өдрийн 14-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай гэж зааснаар хүчингүй болсон тогтоолын хавсралт байх тул үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн актыг үндэслэлгүй... гэж дүгнэсэн тул үйлдвэрлэлийн осол гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний гол хамгаалалт бол даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд үйлчилдэг. Гэтэл талийгаачийн нас барсан шалтгаан болох Ковид-19 өвчин нь олон улсын өвчний ангиллын 91-07 кодтой Коронавирусын халдвараар үүсгэгддэг халдварт өвчин гэж тодорхойлогддог. Нэгэнт өвчний улмаас нас барсан байхад гэнэтийн осол гэж үзэх үндэслэлгүй, гэрээний 3.1.6-д заасан нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарч байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт заасныг баримтлан ПД ХХК-аас 30,700,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 311,451 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Г-ад олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

4.а. Даатгалын гэрээнд ямар үед даатгалын нөхөн төлбөр олгох, ямар нотлох баримтыг үндэслэж даатгалын нөхөн төлбөр олгох, ямар үед нөхөн төлбөр олгохгүй байх талаар маш тодорхой заасан. Уг гэрээний 3.1.6-д Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй, үүнд бүх төрлийн өвчин эмгэг, түүнээс үүдсэн бүх төрлийн эрсдэлүүд гэж заасан. Даатгуулагч нь олон улсын өвчний ангиллын 91-07 кодтой Ковид-19 өвчин туссан нь зүрхний шигдээсээр нас барахад хүргэсэн үйл баримт нь дээр заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах зохицуулалтыг хэрэглэхэд тохирч байна.

4.б. Шүүх уг гэрээний нөхцөлийг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй атлаа тухайн гэрээний зохицуулалтыг хэрэглэснийг үндэслэлгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн хэлбэрийн шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус болсон үйлдвэрлэлийн ослын актыг үндэслэж, нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.в. Шүүх даатгалын нөхөн төлбөрийн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуульд заасан даатгалын гэрээний хэм хэмжээг зөв сонгож хэрэглээгүй, хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5.а. Талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн амь насны гэрээний 1.7.6-д үйлдвэрлэлийн ослыг гэнэтийн осолд хамааруулна гэж заасан. Үйлдвэрлэлийн осол гарсан болох нь хэргийн 12-р талд авагдсан 2021 оны 11 сарын 11-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт-аар нотлогдож байна. Мөн тус гэрээний 2.16.1-д заасны дагуу баримтыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай зохицуулсан. Гэтэл хариуцагчийн зүгээс тус гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

5.б. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны акт мөн. Хэрвээ эрх нь зөрчигдсөн гэж үзвэл захиргааны хэргийн шүүхэд гомдол саналаа гаргах эрхтэй. Гэтэл хариуцагч нь энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд гомдол гаргаагүй. Хүчин төгөлдөр акт авагдсан учраас тус актыг үндэслэж маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

5.в. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолын хавсралтаар баталсан ипотекийн даатгалын үйл ажиллагаа явуулах журам журмын 4.2-т даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг хоёрдмол утгаа санаагүй, бусдад шууд ойлгогдохоор тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусдад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно гэж заасан. Гэнэтийн осол нь үйлдвэрлэлийн осолд хамаардаг. Гэтэл хариуцагч гэрээнд бүх төрлийн өвчин даатгалын нөхөн төлбөрт хамаарахгүй гэж өөрт ашигтай байдлаар оруулсан нь ипотекийн даатгалын үйл ажиллагаа явуулах журмыг зөрчсөн. Гэрээнд ямар байдлаар зааснаас үл хамааран журмаараа даатгалын нөхөн төлбөр олгогдох ёстой. Иймд хариуцагчийн гаргаж байгаа татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд нотлох баримтыг үнэн зөв үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч А.Г- нь хариуцагч ПД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 30,700,232 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Л.Х- нь гэнэтийн ослоор бус харин Ковид-19 өвчний улмаас нас барсан тул даатгалын тохиолдолд хамаарахгүй, хүчингүй болсон тогтоолын хавсралтаар үйлдвэрлэлийн ослыг тогтоосон тул үндэслэлгүй, үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /хх 1, 28/

 

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 11 сарын 28-ны өдөр 19503110202010041 тоот Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр даатгагч ПД ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагч А.Г-, Л.Х- нарт учирсан хохирлын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч А.Г-, Л.Х- нар даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх 4-6/

3.2. Даатгуулагч А.Г- нь даатгалын гэрээний хураамж болох 210,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 11 сарын 28-ны өдөр төлсөн. /хх 10/

3.2. Даатгуулагч Л.Х- нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 11 сарын 03-ны өдөр нас барсан, нас барсан шалтгааныг коронавирусын халдварын дараах зүрхний булчингийн үрэвсэл гэж оношилсон. /хх 34, 35/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

 

5.   Даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хянах эрхийг даатгалын асуудал хариуцсан Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлнэ гэж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т Санхүүгийн зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолын хавсралтаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг баталсан байна.

 

6.   Дээрх журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна гэж, 5.4.2-т Даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус зохицуулсан байна.

 

7.   Даатгагч ПД ХХК, даатгалын зуучлагч Х ХХК нь даатгалын гэрээ байгуулах үед Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй байх тул нэхэмжлэгч нь хохирлыг даатгагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй.

Зээлдүүлэгч /даатгалын зуучлагч/ Х ХХК нь даатгалын тохиолдол үүссэн өдрийн буюу 2021 оны 11 сарын 03-ны өдрийн байдлаар даатгалын тохиолдол үүсч даатгалын зүйлд 30,700,232 төгрөгийг хохирол учирсан гэж тодорхойлсон нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай тохирч байх тул хариуцагчаас уг дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх 58-59, 68/

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул талийгаач Л.Х- гэнэтийн ослын улмаас нас барсан, эсхүл өвчний улмаас нас барсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/00872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 311,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР