Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00995

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00995

 

 

 

Т.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 104/ШШ2023/00121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ж-ид холбогдох, ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 09 сарын 28-ны өдөр Ц.Ж-той гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах, Феникс центр /Pheonix center/ үйлчилгээний төвийн гадна тохижилт, гадна барилгын ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож, ажлын хөлсөнд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч Ц.Ж- нь гэрээнд заасан хугацаанд ажил хүлээлгэж өгөөгүй. Нэмэлт хугацаа тогтоож, 20,000,000 төгрөг нэмж өгч, 2022 оны 05 сарын 22-ны өдөр түлхүүр гардуулах нөхцөлтэй тохиролцсон. Гэтэл ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан тул Ц.Ж-той уулзаж, гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Ц.Ж- нь ажлын хөлсөнд авсан 40,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй байна. Түүнчлэн, хийсэн ажил нь нуралт үүсч, буцаан хуулж хаясан. Иймд Ц.Ж-оос ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Т.Б-тай Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутагт байрлах Феникс центр /Pheonix center/ үйлчилгээний төвийн гадна талбайн тохижилт, зогсоолын талбайг өргөтгөх, шинэчлэх ажлыг 40,000,000 төгрөгөөр, дотор заслын ажлыг 128,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулсан. 2020 оны 09 сарын 28-ны өдрөөс өөрийн хөрөнгө, ажиллах хүч, техникийг гарган буулгах, нураах, хог хаягдлыг зайлуулах, замын далангийн материалыг татан авах зэрэг ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Т.Б- надад 2020 оны 10 сарын 06-ны өдөр гадна тохижилтын ажлын хөлс 20,000,000 төгрөгийг дансаар, 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. 533,8 м талбайг 20,000,000 төгрөгөөр асфальт бетоноор хучиж 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Үлдсэн 20,000,000 төгрөгөөр гэрээний хавсралт 1-д заасан хийгдээгүй ажлуудыг хийхээр төлөвлөж байсан. Гэтэл төлөвлөж буй ажлуудад шаардагдах фасадын будаг, авто зогсоолын хаалт, гэрэлтүүлгийн шон, хаяг байршуулахад хэрэглэгдэх төмөр, туузан гэрэл зэрэг материалыг цаг тухайд нь ирүүлээгүй хоног хугацаа алдсаар хүйтний улиралтай золгосон. Мөн Ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэм ажил зогсооход хүргэсэн. 2020 оны 09 сарын 28-ны өдрөөс үйлчилгээний төвийн дотор засал, буулгах, нураах, ажлууд хэвийн явагдаж байсан. Т.Б-тай 2021 оны 04 сарын 07-ны өдөр дахин гэрээ байгуулж, барилгын дотор заслын ажилд зарцуулж, 20,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Гэвч Т.Б- нь гэрээнд заасан ажлын хөлс төлөөгүй, элдэв шалтаг, шалтгаан тоочин өгөөгүй болно. Мөн шаардлагатай материал авч өгөхгүйгээр хоног хугацаа алдсан тул миний бие уг ажлыг үргэлжлүүлэн хийхээс татгалзаж, өөрийн биеэр 2021 оны 05 сарын 26-ны өдөр Т.Б-д мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч Ц.Ж-оос гүйцэтгэлийн төлбөрт 40,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.а. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь ажлын үр дүн бөгөөд талууд гэрээнээс татгалзсан, гэрээг дуусгавар болгосон, гэрээг цуцалсан эсэхээс үл хамааран ажлын үр дүнгээс хамаарч тооцоо нийлэх, өгсөн авсан зүйлээ буцаах, эсхүл гэрээний улмаас учирсан хохирлыг ажлын үр дүнгээс хамааруулж тооцоолох үр дагавар үүсдэг. Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүнд хүрээгүй гэж үзэж, гэрээнээс татгалзаж, төлбөрөө буцааж нэхэмжилж байгаа бол бодитоор ажил хийж гүйцэтгэгдсэн эсэх үйл баримтыг тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, маргаан бүхий үйл баримтыг шударгаар шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсанаар талуудын байгуулсан гэрээний дагуу тодорхой ажил хийж гүйцэтгэгдсэн талаар талууд маргаангүй, харин хийсэн ажил нь доголдолтой эсэх асуудлаар маргасан болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан "...хийсэн ажлын үр дүн нь чанарын шаардлага хангахгүй байсан гэх нэхэмжлэл, 6 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тэмдэглэж, гарын үсэг зурж, баталгаажуулсан №06/04 дугаартай гэрээний хавсралт, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хариуцагчид хүргүүлж байсан гэх "...ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгаагүй гэх мэдэгдлүүд, хариуцагчаас 2023 оны 02 сарын 10-ны өдөр гаргасан хариу тайлбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудад тодорхой тусгагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тодорхой ажил хийсэн талаар талууд маргадаггүй боловч ажлын чанар шаардлагаас шалтгаалж, нэхэмжлэгч нь өгсөн бүх мөнгөө буцаан авна гэж, хариуцагч нь 20,000,000 төгрөгөөр доголдолгүй ажил хийж гүйцэтгэсэн, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр Феникс центр /Pheonix center/ үйлчилгээний төвийн дотор засварын ажилд зарцуулсан гэж маргаж байгаа ба нэхэмжлэгч нь дотор заслын тодорхой ажлыг хийж гүйцэтгүүлсэн боловч энэ ажил нь тусдаа гэрээний харилцаа гэх талаар тайлбарлан тус тус маргаж байна.

4.б. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцахад хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байсан эсэх, нийт хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх ажлыг хийж гүйцэтгэсэн, хэчнээн төгрөгөөр үнэлэгдэх ажлыг хийж гүйцэтгээгүй, ямар ажлууд нь доголдолтой байсан эсэх талаар тогтоосон, тодруулсан, дүгнэсэн, нотолсон ямар ч баримтгүй, зөвхөн талуудын хэн алинаас гаргаж өгсөн хийж гүйцэтгэсэн гэх ажлын болон хийж гүйцэтгээгүй гэх ажлын зураг байхад эдгээр баримтыг шүүх хэрхэн үнэлж дүгнээд, ямар шалтгааны улмаас, ямар баримтуудад үндэслээд 40,000,000 төгрөгийг бүхэлд нь буцаан олгуулахаар шийдвэрлэсэнд гайхаж байна. Нэгэнт талуудын зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн хувьд маргаантай, тооцоо нийлсэн баримтгүй, ажил хийсэн, ажил хийгээгүй талаар нотолсон баримт байхгүй, шүүхээс дээрх үйл баримтыг тодруулахад бусад баримтууд шаардлагатай болох нь шүүх хуралдааны явцад илэрхий болж, шинээр нотлох баримтууд шаардагдсан боловч шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, үндэслэл бүхий баримт нотолгоо байхгүй байхад хариуцагчийг гэрээний дагуу ажил хийж гүйцэтгээгүй гэж үзсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн бодит үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй, нэмэлт баримт шаардлагатай, шүүх өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.

4.в. Нэхэмжлэгч Т.Б- нь өмгөөлөгч Т.М-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба Т.М-д хэргийн материал, хэргийн оролцогчийн эрх үүрэг, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүй талаарх мэдүүлгийг танилцуулаагүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна.

4.г. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М-ын зүгээс 2023 оны 03 сарын 13-ны өдөр шүүх хуралдаан давхацсан, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаандаа өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй талаар хүсэлт гаргаснаар шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн. Нэгэнт хэргийн оролцогч болох нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасан байх тул талуудын тайлбарыг сонссоны үндсэнд шүүх хуралдаан завсарлаж, өмгөөлөгчийн хүсэлтийг хангах, эсхүл хангахгүй орхих талаар шүүхээс шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамж гаргах ёстой байхад шүүх өмгөөлөгчөөс хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, шүүх хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг хянаж захирамж гаргаагүй үйл баримт тогтоогдож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

4.д. 2023 оны 03 сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч Т.Б-ы зүгээс шинээр 13 хуудас, хариуцагч Ц.Ж-оос 31 хуудас бүхий нотлох баримтыг тус тус гаргаж өгсөн ба шүүх талуудаас гаргасан нотлох баримтыг хүлээн авч, хэрэгт хавсаргасан боловч шинээр гарган өгсөн нотлох баримтуудыг талуудад танилцуулаагүй, тухайн өдөр хэргийн материалтай танилцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ажлын үр дүн чанарын шаардлага хангахгүй, доголдолтой байсан тул Ц.Ж-той уулзаж, гэрээг цуцалж буйгаа мэдэгдэхэд ...би ажлыг хийж дуусгана дахин 20,000,000 төгрөг өгчих... гэж хэлсэн. Ц.Ж-той дотоод заслын ажилд нийт 200,000,000 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулсан ба уг асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа. Хариуцагч талаас 2 гэрээг хооронд хольж тайлбарлаад байх шиг байна. Ц.Ж- нь ...гадна талын заслын ажлаа 40,000,000 төгрөгөөр хийж дуусгая, хугацаа алдсан учраас 20,000,000 төгрөг нэмж өгвөл дотоод заслын ажлуудыг хийж, чанаргүй гүйцэтгэсэн барилгыг нуурааж дахин гүйцэтгэе... гэхээр нь 20,000,000 төгрөгийг өгч, нийт 40,000,000 төгрөг авсан. Холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Барилгын гадна талын фасадыг янзалж, хуулгыг дахиж буулгахад зардал нэмэгдсэн. Уг зардлыг хариуцагчаас нэхэмжлээгүй. Хариуцагчаас тус барилгад ямар хэмжээний засварын ажил хийгдэх ёстой тухай баримтаа гаргаж өгөөгүй. Зөвхөн амаар тайлбарлан суутгуулах тухай хэлдэг. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 06 тоот гэрээний хавсралт хэсэгт хийгдсэн ажлуудыг тодруулаад, чанаргүй хийгдсэн ажлыг дахин өөрөө хийж гүйцэтгэнэ гэж заасны дагуу хийж гүйцэтгэсэн. Үүний дараа бид гэрэлтүүлэг тавьж нэг мөр тус ажлыг хийж дуусгая, иймд дахин 20,000,000 төгрөг өгчих гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн барилгын ажлын суурийг буруу хийснээс болж цемент, шохой, асфальтууд нь нуран унаж, дахин засаж янзлах асуудал үүссэн. Уг гарсан төлбөрийг нэхэмжлээгүй. Өөрсдөө түүхий эд материалаа худалдан авч, засварын ажлаа хийж гүйцэтгэсэн. Манай өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй. Өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох боломжтой гэж шүүх хуралдаанд хэлсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Ц.Ж-ид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж 40,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 21-23/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, доголдлыг арилгуулахаар гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу ажил хийгдээгүй тул гэрээг цуцлах тухай мэдэгдсэн, доголдлыг арилгахад нэмэлт зардал гарч байгаа боловч түүнийг нэхэмжлээгүй, хариуцагчид өгсөн мөнгийг буцаан нэхэмжилж байна... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг цаг тухайд нь ирүүлээгүйн улмаас ажил саатсан, бичгээр байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөө өгөөгүй тул гэрээг цуцалсан... гэсэн агуулгаар тайлбарласан байна.

 

3.   Талууд 2020 оны 09 сарын 28-ны өдөр амаар хэлцэл хийж, уг хэлцлээр Ц.Ж- нь Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай Феникс центр /Phoenix center/ үйлчилгээний төвийн гадна тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх, Т.Б- нь ажлын хөлс 40,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, Ц.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5749491252 тоот дансанд 2020 оны 10 сарын 06-ны өдөр хийгдсэн 40,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ зэргээр нотлогдож байна. /хх 32/

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

5.   Улмаар талууд 2021 оны 04 сарын 07-ны өдөр 06/04 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ц.Ж- нь 2020 оны 09 сарын 28-ны өдрийн хэлцлийн дагуу хийгдсэн 20,000,000 төгрөгийн өртөг бүхий чанарын шаардлага хангаагүй барилгын гадна засал, гадна зам талбай эвдэрч гэмтсэн хэсгийг сэргээн засварлах, нэхэмжлэгч Т.Б- нь 40,000,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

Талуудын хэн аль нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу хариуцагч Ц.Ж- нь гадна засал, зам талбайн ажлын доголдлыг арилгаагүй, нэхэмжлэгч Т.Б- нь ажлын хөлс 40,000,000 төгрөгийг шилжүүлээгүй байна.

Үүнтэй холбоотойгоор талууд ажил гүйцэтгэх гэрээний харилцааг 2021 оны 05 сард харилцан тохиролцож дуусгавар болгожээ.

 

6.   Дээр дурдсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл хариуцагч Ц.Ж- нь 2020 оны 09 сарын 28-ны өдөр хийгдсэн хэлцлийн дагуу 40,000,000 төгрөгийг хүлээн авсан боловч 20,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй, 20,000,000 төгрөгийн ажлыг доголдолтой хийж гүйцэтгэсэн, дараа нь 2021 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээгээр ажлын доголдлыг арилгах үүрэг хүлээсэн боловч арилгаагүй үйл баримт тогтоогдож байна.

 

7.   Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах зардлыг талууд 40,000,000 төгрөг гэж тохиролцсон, гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах үнийн саналыг Тахилтур ХХК-аас 62,000,000 төгрөг гэж, Мөнгөн гануу ХХК-аас 37,730,000 төгрөг гэж ирүүлсэн байх боловч нэхэмжлэгч Т.Б- нь холбогдох зардалд 20,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч нь шүүхэд гаргасан ...ажлыг технологийн дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материалыг цаг тухайд нь ирүүлээгүйн улмаас ажил саатсан... гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан татгалзлын үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

8.   Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б- нь гүйцэтгээгүй ажлын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөг, доголдолтой ажлын хөлсөнд төлсөн 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нарийвчилсан хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

9.   Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас гүйцэтгэсэн ажлын үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс хасч тооцох ёстой гэж маргаж байх боловч ямар үнийн дүнтэй ямар ажлыг хийж гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй тул шүүхийн зүгээс тодорхойгүй буюу нотлогдоогүй үнийн дүнг хасах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд ...ажил гүйцэтгэгч нь 30%-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн... гэсэн тайлбарыг гаргасан тул уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 20,000,000 х 30% = 6,000,000 төгрөгийг хасч тооцох боломжтой.

 

10.   Иймд хариуцагч Ц.Ж-оос 20,000,000 + (20,000,000 6,000,000) = 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

11.   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэх тайлбарын тухайд:

11.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн тухай гомдлыг нэхэмжлэгч тал гаргах тул энэ талаарх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

11.2. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэл зоригоо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэж, захирамж гаргах шаардлагагүй тул хүсэлтийг захирамжаар шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй. /хх 87/

11.3. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл зохигчийн хэн аль нь нотлох баримттай танилцах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй.

 

12.   Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 104/ШШ2023/00121 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж-оос 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож, үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг ...хариуцагч Ц.Ж-оос улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР