Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0129

 

2019 оны 02 сарын 28 өдөр   

  Дугаар 221/МА2019/0129

Улаанбаатар хот

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2019/0017 дугаар шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2019/0017 дугаар шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.2.1, 22.3, 22.4, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хуульд заасан журмын дагуу ашиглах эрхтэй болсон газарт үйл ажиллагаа явуулах үед байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоох ерөнхий үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, “Г” ХХК-д танилцуулсныг тус компани хүлээн зөвшөөрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Энэхүү ерөнхий үнэлгээний дүнг үндэслэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус хийлгэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч П.Бүнчинжаваар батлуулсан болох нь баримтаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх “хуульд нийцээгүй шийдвэрийнхээ үр дагаврыг зассан” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрийн ашиглалтад байгаа газарт “Сэрүүн харш” амралт, сувиллын газар байгуулахаар төлөвлөж, уг төслийнхөө гадна инженерийн шугам, сүлжээний төлөвлөлт гэсэн хэсэгтээ “боловсон 00-ийг стандартын байгуулж, дотоод бохирын системд холбоно”, “шингэн хаягдлыг хөрсөнд шингээлгүй цооног эсвэл контейнер суурилуулах ба тогтоосон давтамжийн дагуу зориулалтын техник хэрэгслээр ТҮК-тэй гэрээлж бохирыг зайлуулах, зохих журмыг мөрдөн ажиллана” гэж тодорхой тусгасан ба энэ нь дээр дурдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд  эрх бүхий этгээдээр баталгаажигдсан болох нь тогтоогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмын 2.8.2-т заасныг зөрчсөн гэж буруутгасан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтад нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн гэх үйл баримтыг нотолж чадахгүй байгаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан шаардлагад нийцсэн баримт гэж үзэх үндэслэлгүй төдийгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан хоёр үндэслэлд нэхэмжлэгч компани хамаарахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар[1] “Г” ХХК-д Баянзүрх дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт байрлах “Залаатын ам” нэртэй газарт 0,9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг, мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2015/604 дугаартай гэрчилгээг[2] тус тус олгож, улмаар газар ашиглах 2015/288 дугаартай гэрээг[3] байгуулсан байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаалаар[4] усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч “Г” ХХК-ийн дээрх газар багтжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан 7 үндэслэл байгаа тохиолдолд захиргааны акт илт хууль бус болж, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар хуульчилсан.

“Г” ХХК-аас маргаж буй А/113 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож шийдвэрлүүлэхийг хүсэхдээ нэхэмжлэлийн үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан захиргааны актын илт хууль бус болох шинжийг агуулж байна” хэмээн тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан ба илэрхий алдаатай гэдэг нь тухайн асуудлын талаар болон эрх зүйн суурь мэдлэггүй байлаа ч тухайн захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг ойлгох бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/113 дугаар тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2-т зааснаар хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөл олгох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй ба нэхэмжлэгчийн газар нь голын хажууд, ойр орчимд нь бургас байгаа нь шүүхийн үзлэг[5], хариуцагчаас гаргаж өгсөн лавлагаа /зураг[6]/-аар  тус тус тогтоогдож байх тул хариуцагчийн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон А/113 дугаар тушаалыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч тухайн газартаа зочид буудал, аялал жуулчлалын эко төслийг боловсруулан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ болон нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулсан, тухайн газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгаа боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан хоёр үндэслэлд нэхэмжлэгч компани хамаарахгүй” гэж дурдсаныг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;”, 12 дугаар зүйлд “Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;”, 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, ...-ыг  хориглоно.”, 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.” гэж тус тус заажээ.

Хэдийгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал, эсхүл тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульчилсан ч дээрх хуулийн зохицуулалтаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүсүүдэд барилга байгууламж барихыг хориглосон тул газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.

“Г” ХХК-ийн газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүс, энгийн хамгаалалтын бүсэд тус тус байрлаж байгаа нь газрын үзлэгээр тогтоогдох бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2019/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-108 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-9 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-105 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-122 хуудас

[6] Хавтаст хэрэг 1—137 хуудас