П.А-ийн нэхэмжлэлтэй,
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар
төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн,
Шүүгчид: Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгуулж, Н.П.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т-О-ыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах Зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 649 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О, Д.Б-А нарыг оролцуулан,
Хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэрээр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3-т заасныг баримтлан П.А-ийн нэхэмжлэлтэй, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргаснаар “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгуулах, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулж, Ц.Т-О-ыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 649 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн П.А-ийг бүртгэхээс татгалзсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдэл, Ц.Т-О-ыг шалгаруулж, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлаар томилсон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Улсын гуравдугаар төв эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтыг П.А-ийг оролцуулан явуулахыг тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
- Хариуцагчийн төлөөлөгч Г.Г хяналтын гомдолдоо: “... Нэг. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын “бодит бус агуулга, түүний үндэслэл”-д хөтлөгдөн дүгнэлт хийснээс хэрэглэх ёстой хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэж чадаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна” гээд 52.5.1-ээс 52.5.6 дахь заалтуудад захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлүүдийг хооронд нь нарийвчлан зааглаж тодорхой хуульчилж өгсөн ба нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа дараах “шаардлагууд”-ыг гаргасан. Үүнд: 1/ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох, 2/ П.А намайг “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д заасан бүрдлийг хангасан болохыг тогтоож, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, 3/ П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах. Энэ нь түүний өөрийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээр шууд нотлогдох бөгөөд нэхэмжлэгч өөрөө ч үүнийг үгүйсгэх аргагүй үнэн юм.
- Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж мэтгэлцсэн: “Миний бие тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргаж сонгон шалгаруулалтын зард заасан бүрдүүлэх материалыг бүрэн бүрдүүлэн өгсөн. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай мэдэгдэл ирүүлсэн ба тус мэдэгдэлд миний сонгон шалгаруулалтад өгсөн материал нь сонгон шалгаруулалтын журмын 3.1.9-д заасан шаардлагыг хангаагүй бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсаныг мэдэгдсэн. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3.1-д шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс бүрдүүлэх материалын жагсаалтыг зааж өгсөн. Үүний 3.1.9-д “Англи хэлний мэдлэг чадвар дүгнэдэг тоeic олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг /эх хувийн хамт/” гэж заасан.
- П.А миний бие ОХУ-ын Эрхүү хотын анагаахын их сургуулийг 1995 онд хүний их эмч мэргэжлээр боловсролын магистр зэрэгтэйгээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын анагаахын их сургуулийн диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг орос, англи хэл дээр бичигдсэн бөгөөд Канад, Скандиновийн орнууд болон Израильд их эмчээр ажиллахыг зөвшөөрдөг диплом юм. Дээрх 3.1.9-д тавьсан 3 шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой ба миний бие эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно. Миний бие дээрх Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан шаардлагыг бүрэн хангаж ба журмын 3.1.9-д заасан шаардлагыг ч хангаж байгаа болно. Ийнхүү Улсын гуравдугаар эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс дээрх журам болон журмын холбогдох заалтуудыг зөрчин миний бүрдүүлсэн материалыг бүрдэл дутуу гэж үзсэн нь хууль бус байна”.
- Нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын үндэслэлээс тодорхой харагдаж байгаатай адил буюу “зард заасан бүрдүүлэх материалыг бүрэн бүрдүүлэн өгсөн”, “3.1.9-д тавьсан 3 шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой ба миний бие эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно” гэж маргаж, мэтгэлцсэн нь эдгээр үндэслэлүүдээс хэнд ч ойлгомжтойгоор харагдаж, дүгнэгдэж байгаа болно. Дээрх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлд “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ыг бүхэлд нь болон зарим хэсгийг хүчингүй болгох, эсхүл хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсхүл англи хэлтэй холбоотой шаардлага тавигдсан 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, хүчингүй болгох шаардлага огт байхгүй байгааг эрх зүйн ангийн нэгдүгээр дамжааны оюутан ч хараад шууд ойлгох юм.
- Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулах тухай”-гаа бичгээр гаргаж, өмнөх шаардлагынхаа “мэдэгдлийг хүчингүй болгох болон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” шаардлагуудаа нэг болгож, үнэлгээ хийхийг даалгах шаардлага нь хэвээрээ байгаа байдлаар тодорхойлсон, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай”-гаа бичгээр шүүхэд гаргаж “Ц.Т-О-ыг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, захирлаар томилсон шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагуудыг нэмэгдүүлсэн ба нэхэмжлэлийн өөр шаардлага гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь дээр тайлбарласан хэвээрээ байсан.
- Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө ийнхүү тодорхойлсон бол энэ шаардлага, түүний үндэслэлийнхээ хүрээнд маргаж, мэтгэлцэх хуультай бөгөөд нэхэмжлэгчийн энэ шаардлага, үндэслэлийн хүрээнд шүүх дүгнэлт хийх ёстойг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж маш тодорхой хориглон тогтоож, хатуу хуульчлан зохицуулж өгсөн байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн ажиллагаа бүхэлдээ болон талуудын нотлох болон үгүйсгэх тайлбар, мэтгэлцээн нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд явагдаж, анхан шатны шүүх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтад захирагдаж, энэ хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.
- Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хэтэрч дүгнэлт хийсэнгүй гэж хуульд нийцэхгүй байдлаар тайлбарлан буруутгах ямар ч үндэслэлгүй байна. Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг Монгол Улсад хуулийн дагуу байгуулагдсан анхан, давж заалдах, хяналтын шатны буюу бүх шатны шүүхээс тус хуулийн 5 дугаар зүйл (Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх)-ийн 5.2-т “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах” гэж хуульчлан заасан үндсэн үзэл баримтлал, зарчмын хүрээнд хатуу дагаж мөрдөх ёстой.
- Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлд сонгон шалгаруулалтын журам, заалтыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү журмыг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, түүний үндэслэлээс хэтэрсэн дүгнэлт хийж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг шууд зөрчсөн. Улмаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
- Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэрхэн тодорхойлох нь зөвхөн түүнд олгогдсон эрх юм. Тиймээс нэхэмжлэгчийн өөрөө тодорхойлсон шаардлага, үндэслэлээс өөр асуудлын талаар анхан шатны шүүхийг дүгнэлт өгч шийдвэр гаргасангүй гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд ёсгүй. Гэтэл энэ талаар хуулиа баримтлан үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой давж заалдах шатны шүүх нь эсрэгээрээ хуульд нийцэхгүй байдлаар хуулийн агуулга, үзэл баримтлал, зарчмыг алдагдуулсан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нь өөрөө үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн асуудал болсон. Дээрх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тэдгээрийн үндэслэлүүдэд “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгох, эсхүл хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зэрэг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8 (захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох) дахь заалтад заасан шаардлага, түүний үндэслэл огт байхгүй юм.
- Нэхэмжлэгч нь шүүхийн мэтгэлцээний явцад өөрийн гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагын талаар буюу сонгон шалгаруулалтын журмын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар өгсөн ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг автоматаар өөрчлөхөд хүргэхгүй. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдүүлэх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргаагүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх мэдсээр байж энэ талаар хэрэглэх ёстой хуулийн хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй. Бодит байдал ийм байхад нэхэмжлэгч нь “зориудаар” давж заалдах шатны журмаар гаргасан гомдолдоо “шаардлага, түүний үндэслэлийн хүрээг дураараа тайлбарлан тодорхойлж, түүндээ үндэслэн шийдвэрлэх юм бол нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох, талууд энэ хүрээнд мэтгэлцэх, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрлэх, энэ талаар хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тодорхойлж өгсөн байгаагаар хуульчлан тогтоож өгөх огтхон ч шаардлагагүй бөгөөд эдгээр нь ямар ч утгагүй болох юм. Магадлал нь энэ бүх байдлыг алдагдуулж, гажуудуулсан үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
- Нэхэмжлэгч “Анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр буюу гаргаагүй шаардлагын үндэслэлийг тайлбарлан давж заалдах гомдлынхоо зарим агуулгыг тодорхойлсон нь түүний давж заалдах гомдлын ийм агуулга бүхий тодорхой хэсэг нь үндэслэлгүй болох талаар шударгаар дүгнэлт өгч бодит байдлыг тогтоох ёстой байтал” давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлын “бодит болон бодит бус” агуулгуудыг зааглан ялгаж дүгнэлт өгч чадаагүй, харин ч эсрэгээр “бодит бус буюу анхан шатны шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэл”-ийн талаар дүгнэлт өгч хуулийг зөрчсөн. Жишээлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Нэхэмжлэгч миний бие зард заасан бүрдүүлэх материалыг үрэн бүрдүүлэн өгсөн, журмын 3.1.9-д тавьсан 3 шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой ба миний бие эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно” гэж тодорхойлж, мэтгэлцсэн, ийнхүү шүүхээр шийдвэрлүүлсэн атлаа давж заалдах гомдлынхоо зарим агуулгад анх гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлд зөвтгөн тайлбарласан захиргааны хэм хэмжээний актыг бүр эсрэг утгатай агуулгаар гомдлоо бичсэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ хамааралгүй асуудлаар гомдол гаргасан байхад давахын шүүх энэ асуудлын талаар учрыг олж, хужирыг тунгаасан үнэн зөв дүгнэлт хийгээгүй.
- Түүнчлэн нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын зард заасан баримтуудыг бүрдүүлэн өгсөн, журмын 3.1.9-д тавьсан шаардлагыг хангасан гэж гол үндэслэлээ тайлбарлаж байгаа ба хэрэв журамтай маргах байсан бол энэ журмыг зөвтгөн тайлбарласан үндэслэлээ болгохгүйгээр анхнаасаа журмыг хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар үндэслэлээ тайлбарлаж түүнийг хүчингүй болгох, эсхүл хууль бус болохыг тогтоолгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг гаргаж, энэ хүрээндээ маргаж, мэтгэлцэх ёстой. Гэтэл ийм шаардлага, үндэслэл гаргаагүй. Нэхэмжлэгч энэ гол үндэслэлээ тайлбарлаж анхан шатны шүүх дээр маргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн гомдолдоо ч тайлбарлан маргаж байгаа болно. Шүүх маргаан бүхий харилцааг зөв тодорхойлохоос гадна маргааны зүйлийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд зөв олж тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой. Давж заалдах шатны шүүх нь маргааны зүйлийн талаар зөв тодорхойлж, дүгнэлт хийж чадаагүйгээс журмыг хуулийн зорилго, үйлчлэх хүрээнээс хэтэрсэн зохицуулалттай байна гэх үндэслэлгүй магадлал гаргахад хүргэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь журмыг хүчин төгөлдөр бус гэж дүгнээгүй болно.
- Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “бодит бус шаардлага, үндэслэл”-ийн талаар дурдсан байгаа нь шүүхийг хүчээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ болгоогүй зүйлийн талаар дүгнэлт хийх ёстой мэтээр тулгасантай адил зүйл бөгөөд үүгээрээ давж заалдах шатны шүүхээс хууль зөрчсөн шийдвэр гаргуулахыг шаардсан. Нэхэмжлэгчийн энэхүү хуульд нийцэхгүй хүсэл зорилгыг давж заалдах шатны шүүх гүйцэлдүүлсэн магадлал гаргаж, хуульд нийцсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонд үнэхээр гомдолтой байна. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журам хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэхийг шүүх эрх мэдлийн байгууллага өөрийн санаачлагаар хянах эрхгүй. Энэ эрхийг зөвхөн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр хэрэгжүүлж, хянадаг байтал давж заалдах шатны шүүх энэ байдлыг магадлалаараа гажуудуулсан.
- Хоёр. Анхан шатны шүүхийг хууль буруу тайлбарласан гэх тухайд: Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийг хууль буруу тайлбарласан гэжээ. Гэтэл шүүхээс Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь заалтыг нэхэмжлэгчээс шууд утгаар нь тайлбарлаж байгаатай адилаар “Энэ шаардлага нь сонгон шалгаруулалтын өмнө тавигддаг, эсхүл сонгон шалгаруулалтын хойно нь тавигддаг” зэргээр зааглан ялгаж дүгнэлт хийж буруу тайлбарласан зүйл байхгүй, мөн “ийнхүү зааглан ялгаж байгаа нь нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэх үндэслэл болж байгаа” мэтээр хуулийг буруу тайлбарласан зүйл байхгүй юм. Нэхэмжлэгч зөвхөн өөрийн ойлгож байгаа байр сууриа үндэслэлгүйгээр илэрхийлсэн байдлаар “Шүүх хуулийг буруу тайлбарласан” гэж гомдлоо тодорхойлсон, үүнийг нь давж заалдах шатны шүүх дэврээсэн байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь нэхэмжлэгчээс “зард заасан баримтуудыг бүрдүүлэн өгсөн, журмын 3.1.9-д тавьсан шаардлагыг хангасан” гэж гол үндэслэлээ тайлбарлаж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмнөөс шүүхэд гаргаагүй бөгөөд мэтгэлцээгүй шаардлага, үндэслэлийн талаар “эрх олгосон хуулийн зорилго, үйлчлэх хүрээнээс хэтэрсэн байх тул хуульд нийцэхгүй журам гэж үзэхээр байна” гэсэн тайлбарыг хийсэн, үүнийгээ анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан гэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн энэ тайлбар нь маргааны зүйл, талуудын маргаж буй өнцгийг буруу тодорхойлсноос үүдэлтэй гэж үзэхээр байна.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Энэ заалтыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам” баталж, уг журмын 3.1.9-д англи хэлний мэдлэгийг нотлох тодорхой баримт бичгийн шаардлага тавигдсан. Үүнийг давж заалдах шатны шүүх “Энэ хуулийн заалтаар Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тогтоосон журам батлах эрх олгоогүй, харин тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж явуулахтай холбоотой журмыг батлах эрх олгосон байна” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарласан. Хуулийг хийсвэрлэн тайлбарлахаас өмнө нягталбал зохих асуудал бол тухайн харилцаатай төсөө бүхий харилцааг зохицуулсан хууль байгаа эсэхийг тодруулах юм. Төсөөтэй харилцааг зохицуулсан хууль байгаа бол шүүх түүнийг хэрэглэх үүрэгтэй. Шүүхийн энэ үүрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулсан.
- Эмнэлгийн захирлын албан тушаалд англи хэлний шаардлага тавьсан харилцаа нь төрийн жинхэнэ албан тушаалд гадаад хэлний тусгай шаардлага тавьдаг харилцаатай төсөөтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн энэхүү журмын 3.5-д томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалын тусгай шаардлагыг дор дурдсан журмаар баталж боловсруулна гээд 3.6.4-т “албан тушаалын онцлогоос хамаарч гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадварыг тухайн албан тушаалын чиг үүрэгтэй уялдуулан нэмэлтээр тогтоож болно” гэж заасан байна.
- Энэхүү зохицуулалтаар өнөөгийн боловсон хүчин, хүний нөөцийн салбарт зайлшгүй шаардлагатай гэгддэг гадаад хэл, компьютерийн зэрэг нэмэлт шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалд тавьж, ажлын байрны тодорхойлолтыг хийх эрхийг төрийн байгууллагад нь олгосон байгаа юм. Энэхүү харилцаатай төсөөтэй харилцаа болох төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эмнэлгийн захиралд англи хэлний шаардлагыг Эрүүл мэндийн сайдын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журамд тусгах бүрэн үндэслэлтэй байна. Харин сонгон шалгаруулалтын хувьд Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлж явуулах үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэхээр заасантай нийцэхгүй байна.
- Магадлалын 5 дахь талд “... захирлыг томилох, чөлөөлөх, сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл нь тусгайлсан харилцааг зохицуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиас гадна төрийн албаны ерөнхий харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлж энэхүү үйл ажиллагааг явуулах үүрэгтэй” гэжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д “төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн албаны зөвлөл батална” гэж заасан байхад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг Эрүүл мэндийн сайд батлах”-аар заасан. Ийнхүү 2 хуулийн заалт зөрчилтэй байгаа тохиолдолд сонгон шалгаруулалттай холбоотой харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар илүү нарийвчилсан зохицуулалттай Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэглэгдэх ёстой байсан.
- Гурав: Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлын “бодит үндэслэл”-ийн талаар дүгнэлт огт хийлгүй орхигдуулж магадлал гаргаснаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тухайд: Нэхэмжлэгч нь шүүхийг нотлох баримтыг буруу үнэлсэн гэж давж заалдах гомдлоо гаргасан байх ба үүнийхээ үндэслэлийг “... Төлөөлөн удирдах зөвлөл нь ... журмын 3.1.9-д ... гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дээрх баримтыг шаардсаныг буруутгах боломжгүй гэжээ… Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн уг баримтуудыг журмын 3.1.9-д заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж татгалзсаныг үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, журмын 3.1.9 нь эсхүл гэсэн сонголттой зохицуулалт байхад үүнийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг огт хангаагүй” гэж гомдлоо тодорхойлжээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын энэ агуулга нь түүний анхан шатны шүүхэд хандаж гаргасан “бодит” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь юм. Талууд энэ үндэслэлийн хүрээнд мэтгэлцэж, тайлбарласан.
- Анхан шатны шүүх мөн энэ хүрээнд хуульд захирагдаж дүгнэлт өгч шийдвэрлэсэн болно. Гомдлын энэ агуулга өөрөө үндэслэлгүй учир энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Үүнийг дараах хүснэгтээр маш тодорхой тайлбарлан харуулъя.
Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ. (Журмын 3.1) |
“Англи хэлний мэдлэг чадвар дүгнэдэг “ТОЕIС” олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг /эх хувийн хамт/” (Журмын 3.1.9) |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, давж заалдах гомдолд бичигдсэн үндэслэл | Анхан шатны шүүхийн дүгнэлт |
Нэхэмжлэлийн үндэслэлд бичигдсэн байдал: - П.А миний бие ОХУ-ын Эрхүү хотын анагаахын их сургуулийг 1995 онд хүний их эмч мэргэжлээр, боловсролын магистр зэрэгтэйгээр төгссөн. ОХУ-ын Эрхүү хотын анагаахын их сургуулийн диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг орос, англи хэл дээр бичигдсэн бөгөөд Канад, Скандиновийн орнууд болон Израильд их эмчээр ажиллахыг зөвшөөрдөг диплом юм.
- Дээрх 3.1.9-д тавьсан 3 шаардлагын аль нэгийг хангасан байх ёстой ба миний бие эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх гэсэн шаардлагыг бүрэн хангаж байгаа болно.
| Тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь журмын 3.1.9-д “Англи хэлний мэдлэг чадвар дүгнэдэг “ТОЕIС” олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба мөн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг /эх хувийн хамт/” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс дээрх баримтыг шаардсаныг буруутгах боломжгүй. |
Давж заалдах гомдлын үндэслэлд бичигдсэн байдал: - Нэхэмжлэгчийн хувьд уг журмын 3.1.9-д заасан баримтыг бүрэн бүрдүүлж өгсөн. Тодруулбал, ЗСБНХУ-ын 230015 дугаар бүхий анагаах ухааны докторын диплом, англи хэлний Төгс сургалтын төв, Этүгэн дээд сургуулийн англи хэлний дамжаа дүүргэсэн баримтууд, мөн Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт хамрагдсан баримтуудаа тус тус өгсөн болно.
|
- Дээрх хүснэгтээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон давж заалдах гомдлын агуулга нь үндэслэлгүй болох нь “илэрхий ойлгомжтой” харагдаж, дүгнэгдэж байна. Нэхэмжлэгчийн энэ үндэслэлийг нарийвчлан авч үзвэл: а. “ЗСБНХУ-ын 230015 дугаар бүхий анагаах ухааны докторын диплом”-ыг өгсөн гэж тайлбарлан маргаж нэхэмжлэл, давж заалдах гомдлоо гаргаж байна. Гэтэл үндэслэлээ болгон тайлбарлаж байгаа заалт нь “Англи хэлний мэдлэг чадвар дүгнэдэг” материал болохоос “Анагаах ухааны боловсрол” эзэмшсэн эсэхийг гэрчлэх баримтыг шаардаагүй болно. Харин нэхэмжлэгчийн заан тайлбарлаад байгаа материалыг журмын 3.1.6 дахь заалтаар тусгайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийгөө зөвтгөн тайлбарлаж байгаа материал нь 3.1.9 биш 3.1.6 дахь заалтад хамаарах материал юм. Нэхэмжлэгчийн “ЗСБНХУ-ын анагаах ухааны докторын диплом”-ыг “Гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний диплом” гэж хүлээн авах боломжгүй юм. Ийм тодорхой байхад нэхэмжлэгч зөвхөн өөрийн зөв мэтээр тайлбарлаж шүүхийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
- “Англи хэлний Төгс сургалтын төв, Этүгэн дээд сургуулийн англи хэлний дамжааг дүүргэсэн баримтууд”-ыг өгсөн гэж тайлбарлан маргаж давж заалдах гомдлоо гаргасан байна. Гэтэл түүний гаргаж өгсөн гээд байгаа уг баримтуудыг “ТОЕIC” олон улсын шалгалтын гэрчилгээ, эсхүл “Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэж адилтган хүлээн авах боломжгүй. Нэхэмжлэгчийн тайлбарлаад байгаа баримтууд нь “Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэснийг хангахгүй баримт юм. Ийнхүү шаардлага хангасан баримтыг ирүүлээгүй байхад хариуцагч нь хүчээр хүлээн авч бүртгэх боломжгүй. Хэрэв ийм материалыг хүлээн авсан тохиолдолд хариуцагч нь зөвхөн нэхэмжлэгчид илт давуу байдал үүсгэсэн нөхцөл байдлыг шууд бий болгох ба шударга бус зүйл болох юм.
- “Тайваны үндэсний их сургуулийн эмнэлгийн эмнэлзүйн сургалтын хөтөлбөрт хамрагдсан баримтуудаа” өгсөн гэж тайлбарлан давж заалдах гомдлоо гарган маргаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбарлаад байгаатай адил “эсхүл” гэх үгийн ард холбогдож байгаа тодорхой нөхцөл нь өөрөө “Гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан” гадаад улсын их, дээд, сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх гэж тодорхойлон заасан нөхцөлийг хангахгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, давж заалдах гомдлын агуулга нь өөрөө үндэслэлгүй болох нь дээрх байдлаар хангалттай дүгнэгдэн тогтоогдож байгаа болно. Журмын 3.3-т “Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ журмын 3.1-д заасан баримт бичгийн бүрдлийг шалгаж, дутуу эсхүл хуурамч бүрдүүлсэн иргэнийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өөрт нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх ёстой бөгөөд ийнхүү хэрэгжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй.
- Дөрөв: Магадлал бодитоор биелэгдэх боломжгүй, эрх зүйн олон зөрчил дагуулахаар байгаа тухайд: Нэгэнт нэхэмжлэгч Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалаар баталсан сонгон шалгаруулалтын журамд англи хэлний мэдлэгийг нотлох баримт бичиг бүрдүүлэх шаардлагыг тусгасан “3.1.9” дэх заалтыг хүчингүй болгуулах, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул журам үргэлжлэн хэрэгжихээр байгаа болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 5 шаардлага дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгжих боломжгүй, дараах зөрчилтэй үр дагавар үүсгэхээр байна:
| Нэхэмжлэлийн шаардлага /бүхэлдээ хангагдсан/ | Магадлалыг биелүүлэхэд үүсэх зөрчил |
1 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах | Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалаар баталсан сонгон шалгаруулалтын журамд англи хэлний мэдлэгийг нотлох баримт бичиг бүрдүүлэх шаардлагыг тусгасан “3.1.9” дэх заалт хүчинтэй хэвээр тул тухайн заалт дахин хэрэгжинэ. Дээр дурдсанчлан журмын энэхүү заалт нь Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэл бүхий заалт. |
2 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах | Хэрвээ шүүх сонгон шалгаруулах журмын “3.1.9” дэх заалт хууль бус гэж дүгнэж байгаа юм бол сонгон шалгаруулалтын зараас тухайн шаардлагыг хасч дахин зар тавихад хүргэх үр дагавартай. Дахин зарласан тохиолдолд сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийг шууд бүртгэх ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад сонгон шалгаруулалтын журам, эсхүл 3.1.9 дэх заалттай холбоотой ямар нэг шаардлага байхгүйг энд тухайлан дахин дурдах нь зүйтэй. |
3 | П.А-ийг сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах |
4 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах | Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 2 хүнд шалгаруулалт явуулж, үнэлгээ өгсөн байгаа. Гэтэл магадлалыг биелүүлэхэд хүрвэл Ц.Т-О, П.А нарын үнэлгээг дахин хийхэд хүрнэ. Гэтэл үлдэж байгаа 1 оролцогчийн үнэлгээ хэдийнээ хийгдчихсэн, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ нь үнэлгээг харьцуулж тооцоолох шударга бус байдал үүсгэж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэнэ. |
5 | Ц.Т-О-ыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах |
- Тав. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдан тайлбарласан бусад алдааны тухайд: Давж заалдах шатны шүүх нь магадлалын “хянавал” хэсэгтээ “анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул” гэж тайлбарласан байх боловч энэ талаар дээр тайлбарласантай адил ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, “ямар нотлох баримтыг яаж буруу үнэлсэн” талаар дүгнэлт хийгээгүй байж ийнхүү тодорхойлсон байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь “нэхэмжлэгч энэ журмыг баримтлана гэдгийг сайн мэдэж материалаа өгсөн” гэж маргасан гэж хариуцагчийн хэлээгүй, тайлбарлаагүй агуулгыг өөрөө тодорхойлж ийнхүү хэлсэн, тайлбарласан мэт агуулгаар бичиж тодорхойлжээ. Хариуцагч нь “нэхэмжлэгч шаардлага, үндэслэлээ тодорхойлохдоо журмын 3.1.9-д заасан шаардлагыг хангасан баримтыг хүргүүлсэн гэж маргаж байгаа нь журамтай маргахгүй байгаагийн илэрхийлэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргах ёстой” гэсэн агуулгаар маргаж, мэтгэлцсэн ба үүнийг дээр тайлбарласан. Нэхэмжлэгч нь “хууль бус үйл ажиллагааны талаар маргаагүй” байхад давж заалдах шатны шүүх нь “хариуцагчийн дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас” гэж үндэслэлгүйгээр тодорхойлсон.
- Магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт тусгаагүй, түүнчлэн “сонгон шалгаруулалтыг П.А-ийг оролцуулан явуулахыг хариуцагчид даалгасан” шийдвэр гаргасан буюу нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө дур мэдэн өөрчилж, шийдвэр гаргасан зэрэг ноцтой алдаануудыг гаргаж хэрэгт хөндлөнгийн байр сууринаас хандаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий магадлал гаргаж чадаагүй байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 649 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
- Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О, Д.Б-А нар хяналтын гомдолдоо: “... Нэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн шийдвэр гаргасан. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна” гэж заасан нь захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг шалгаруулахад оршдог. Эрүүл мэндийн сайдад журам батлах эрхийг тусгайлан олгосон мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ.
- Энэ хуулийн заалтаар Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тогтоосон журам батлах эрх олгоогүй, харин тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж явуулахтай холбоотой журмыг батлах эрх олгосон байна гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээс харахад нэхэмжлэлийн шаардлага нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам” нь хууль зөрчсөн талаар маргасан агуулга бүхий нэхэмжлэл байхаар байх бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаал нь Төрийн албаны тухай хууль болон Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэхээр байна.
- Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлд нийт 5 шаардлага дурдсан бөгөөд түүнд “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам” эсхүл англи хэлтэй холбоотой, шаардлага тавигдсан 3.1.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох, хүчингүй болгох шаардлага огт байхгүй байгаа нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага болон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулахдаа “тус эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн баримт бичгийг холбогдох журам”-д заасан бүрдэл хангасан болохыг тогтоолгох, захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах, оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг даалгуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан дурдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэлийн агуулгын талаар 1хх-ийн 40 дүгээр талд авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн (2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 308 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай”) тогтоолд хүртэл дүгнэлт хийсэн байгаагаар нотлогдож байна.
- Ийнхүү нэхэмжлэлд сонгон шалгаруулалтын журам, заалтыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү журмыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нэхэмжлэлд дурдана гэж, түүнчлэн 52.5.6-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн төрлийг тус тус заасан.
- Гэвч нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан, хожим тодруулж, нэмэгдүүлсэн шаардлагадаа захиргааны хэм хэмжээний акттай холбоотой ямар ч шаардлага тусгаагүй байна. Тэрбээр шүүхийн мэтгэлцээний явцад сонгон шалгаруулалтын журмын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбар өгсөн байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг автоматаар өөрчлөхөд хүргэхгүй билээ. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журам хуульд нийцсэн эсэх, хүчин төгөлдөр эсэхийг шүүх эрх мэдлийн байгууллага өөрийн санаачлагаар хянах эрхгүй. Энэ эрхийг зөвхөн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндсэн дээр хэрэгжүүлж хянадаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй журмыг хянан, тухайн журмыг хууль бус гэж дүгнэн шийдвэрээ үндэслэж байгаа нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчимд харшилж байна.
- Хоёр. Эмнэлгийн захиралд тавьсан гадаад хэлний шаардлага нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаалын тусгай шаардлага тавих зохицуулалтад нийцсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Энэ заалтыг үндэслэн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалаар “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам” баталж, уг журмын 3.1.9-д англи хэлний мэдлэгийг нотлох тодорхой баримт бичгийн шаардлага тавигдсан. Үүнийг давж заалдах шатны шүүх “Энэ хуулийн заалтаар Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тогтоосон журам батлах эрх олгоогүй, харин тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж явуулахтай холбоотой журмыг батлах эрх олгосон байна” гэж дүгнэн хуулийг буруу тайлбарласан. Хуулийг хийсвэрлэн тайлбарлахаас өмнө нягталбал зохих асуудал бол тухайн харилцаатай төсөө бүхий харилцааг зохицуулсан хууль байгаа эсэхийг тодруулах явдал юм. Хэрэв төсөөтэй харилцааг зохицуулсан хууль байгаа бол шүүх түүнийг хэрэглэх үүрэгтэй. Шүүхийн энэ үүрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д шүүх төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн бол хяналтын гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулснаас үүдэн гардаг.
- Эмнэлгийн захирлын албан тушаалд англи хэлний шаардлага тавьсан харилцаа нь төрийн жинхэнэ албан тушаалд гадаад хэлний тусгай шаардлага тавьдаг харилцаатай төсөөтэй юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална” гэсний дагуу Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам” батлагдсан. Төрийн албаны зөвлөлийн энэхүү журмын 3.5-д томилох эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан тушаалын тусгай шаардлагыг дор дурдсан журмаар баталж боловсруулна гээд 3.6.4-т “албан тушаалын онцлогоос хамаарч гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадварыг тухайн албан тушаалын чиг үүрэгтэй уялдуулан нэмэлтээр тогтоож болно” гэж заасан байна.
- Энэхүү зохицуулалтаар өнөөгийн боловсон хүчин, хүний нөөцийн салбарт зайлшгүй шаардлагатай гэгддэг гадаад хэл, компьютерийн зэрэг нэмэлт шаардлагыг төрийн жинхэнэ албан тушаалд тавьж, ажлын байрны тодорхойлолтыг хийх эрхийг төрийн байгууллагад нь олгосон байгаа юм. Энэхүү харилцаатай төсөөтэй харилцаа болох төрийн үйлчилгээний удирдах албан тушаал эмнэлгийн захиралд англи хэлний шаардлагыг Эрүүл мэндийн сайдын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан журамд тусгах бүрэн үндэслэлтэй байна. Харин сонгон шалгаруулалтын хувьд Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлж явуулах үүрэгтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэхээр заасантай нийцэхгүй байна.
- Магадлалын 5 дахь талд “... захирлыг томилох, чөлөөлөх, сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий Төлөөлөн удирдах зөвлөл нь тусгайлсан харилцааг зохицуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулиас гадна төрийн албаны ерөнхий харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцүүлж энэхүү үйл ажиллагааг явуулах үүрэгтэй” гэжээ. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д “төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн албаны зөвлөл батална” гэж заасан байхад Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журмыг Эрүүл мэндийн сайд батлах”-аар заасан. Ийнхүү 2 хуулийн заалт зөрчилтэй байгаа тохиолдолд сонгон шалгаруулалттай холбоотой харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар илүү нарийвчилсан зохицуулалттай Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хэрэглэгдэх ёстой байсан.
- Гурав. Магадлал бодитоор биелэгдэх боломжгүй, эрх зүйн олон зөрчил дагуулахаар байна. Нэгэнт нэхэмжлэгч Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалаар баталсан сонгон шалгаруулалтын журамд англи хэлний мэдлэгийг нотлох баримт бичиг бүрдүүлэх шаардлагыг тусгасан “3.1.9” дэх заалтыг хүчингүй болгуулах, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул журам үргэлжлэн хэрэгжихээр байна.
- Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 5 шаардлага дурдсан бөгөөд давж заалдах шатны шүүх эдгээр шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэрэгжих боломжгүй, дараах зөрчилтэй үр дагавар үүсгэхээр байна.
| Нэхэмжлэлийн шаардлага /бүхэлдээ хангагдсан/ | Магадлалыг биелүүлэхэд үүсэх зөрчил |
1 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах | Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/454 дүгээр тушаалаар баталсан сонгон шалгаруулалтын журамд англи хэлний мэдлэгийг нотлох баримт бичиг бүрдүүлэх шаардлагыг тусгасан “3.1.9” дэх заалт хүчинтэй хэвээр тул тухайн заалт дахин хэрэгжинэ. Дээр дурдсанчлан журмын энэхүү заалт нь Төрийн албаны тухай хуулийн 23.3-т заасан үндэслэл бүхий заалт. |
2 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах | Хэрвээ шүүх сонгон шалгаруулах журмын “3.1.9” дэх заалт хууль бус гэж дүгнэж байгаа юм бол сонгон шалгаруулалтын зараас тухайн шаардлагыг хасч дахин зар тавихад хүргэх үр дагавартай. Дахин зарласан тохиолдолд сонгон шалгаруулалтад нэхэмжлэгчийг шууд бүртгэх ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагад сонгон шалгаруулалтын журам, эсхүл 3.1.9 дэх заалттай холбоотой ямар нэг шаардлага байхгүйг энд тухайлан дахин дурдах нь зүйтэй. |
3 | П.А-ийг сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгах |
4 | Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах | Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 2 хүнд шалгаруулалт явуулж, үнэлгээ өгсөн байгаа. Гэтэл магадлалыг биелүүлэхэд хүрвэл Ц.Т-О, П.А нарын үнэлгээг дахин хийхэд хүрнэ. Гэтэл үлдэж байгаа 1 оролцогчийн үнэлгээ хэдийнээ хийгдчихсэн, хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ нь үнэлгээг харьцуулж тооцоолох шударга бус байдал үүсгэж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэнэ. |
5 | Ц.Т-О-ыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгуулах |
- Шүүхийн шийдвэр заавал дагаж биелүүлэх хүчин чадалтай тул үүнтэй зэрэгцэн биелэгдэхүйц, бодитой хэрэгжихүйц байх зарчим үйлчилдэг билээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зохистой тодорхойлж гаргаагүйн улмаас давж заалдах шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар олон зөрчилтэй байдал үүсгэж, сонгон шалгаруулалтад оролцож байсан бусад хүмүүс шүүхэд дахин дахин зарга мэдүүлэх, улмаар сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явууллаа гэхэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу баталсан журам үйлчлэх эсэх талаар эргэлзээ, маргаан дагуулсан олон асуудал үүсгэх байдалд хүргэхээр байна. Энэ нь магадлал бодитоор хэрэгжих боломжгүй байдалд хүргэж байна.
- Эцэст нь “… Гэтэл хариуцагч Төлөөлөн удирдах зөвлөл нь хуульд нийцээгүй журмын заалтыг баримталж, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад бүртгэхээс татгалзсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хууль дээдлэх” зарчим болон 7.1.4-т заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчмыг тус тус зөрчсөн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ” гэжээ. Хуульд нийцээгүй журмын заалтыг баримталсан гэж үзвэл дээрх журам нь анхнаасаа хууль зөрчсөн байж нэхэмжлэгч сонгон шалгаруулалт зарласан даруй журамтай танилцаад тухайн сонгон шалгаруулалтын журам нь хууль зөрчсөн талаарх гомдлыг харьяалах газар гаргах эрх нь нээлттэй байсан бөгөөд гомдол гаргалгүйгээр хуульд нийцээгүй журмын дагуу бичиг баримт бүрдүүлж өгөөд бүртгэхээс татгалзсан гэсэн гомдлыг гаргаж байгаа нь давж заалдах шатны шүүхээс П.Аээс гаргасан нэхэмжлэлийн талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар гарган ирж үүнийгээ дүгнэж шийдвэрлээд байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаагаас гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
- Хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зөв байна.
- Нэхэмжлэгчээс шүүхэд хандаж: “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох; Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах; П.А миний сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн материалд зохих журмын дагуу үнэлгээ хийхийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгуулах; П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад Ц.Т-О-ыг шалгаруулсан тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, Ц.Т-О-ыг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлаар томилсон тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... ОХУ-ын Эрхүү хотын анагаахын их сургуулийн диплом нь олон улсад хүлээн зөвшөөрөгддөг орос, англи хэл дээр бичигдсэн бөгөөд Канад, Скандиновийн орнууд болон Израильд их эмчээр ажиллахыг зөвшөөрдөг диплом, ... Төлөөлөн удирдах зөвлөлөөс миний төгссөн сургууль болоод дипломын үнэ цэнийг ойлголгүйгээр бүрдүүлэх материалыг бүрдэл дутуу гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ... Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтыг зохих ёсоор явуулж, үнэлээгүй ...” гэж; хариуцагчаас “... сонгон шалгаруулалтад оролцож буй этгээд нь ... журмын дагуу зар дээр тавигдсан материалыг хариуцлагатайгаар бүрдүүлж ирүүлснээр үе шаттайгаар үнэлэх, дүгнэх шат явагдана, материал дутуу бүрдүүлсэн тохиолдолд дараагийн үе шатанд оролцуулахгүй, ... П.А-ийн баримт бичгийн бүрдэл нь журмын 3.1.9-д заасан шаардлагыг хангаагүй тул гишүүдийн 100 хувийн саналаар татгалзаж, мэдэгдэл хүргүүлсэн ... ” гэж; гуравдагч этгээдээс “... миний бие хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, эмнэлгийн Захирлын сонгон шалгаруулалтад оролцож 85.12 гэсэн хамгийн өндөр оноотой үнэлэгдэж, хууль журмын дагуу тус эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор дахин томилогдсон ...” гэж тус тус тайлбар гарган маргажээ.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг, харин 16.2-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан; Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” А/454 дүгээр тушаалын 1 дэх заалтаар: “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ыг нэгдүгээр, “Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх заавар”-ыг хоёрдугаар, “Сонгон шалгаруулалтын дүнгийн хуудас”-ыг гуравдугаар, “шалгалтын нэгдсэн хуудас”-ыг дөрөвдүгээр, “ТОEIC” шалгалтын оноог бусад шалгалтын оноотой харьцуулсан хүснэгт”-ийг тавдугаар, “тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдлийн хуудас”-ыг зургаадугаар хавсралтаар тус тус баталж, 2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу шалгаруулан томилохыг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна.
- Сайдын тушаалаар батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3 дахь заалтад сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс бүрдүүлэх баримт бичгийг жагсаан бичсэний дотор Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагыг нотлох баримт бичгийн зэрэгцээ 3.1.9-т англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг; 3.1.10-т Тухайн эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл зэрэг хуульд тусгагдаагүй зарим баримт шаардан тусгагджээ.
- Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 16-ны хооронд тус эмнэлгийн Захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах зарыг тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, сонгон шалгаруулалт явуулах хаягийн хамт хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан; зарын дагуу ирүүлсэн нэр дэвшигч Ц.Т-О, Ц.Энхбаяр, П.А нарын баримт бичгийн бүрдлийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар шалгаж, Ц.Т-О, Ц.Энхбаяр нарын хоёр нэр дэвшигчийг дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар, харин нэр дэвшигч П.А-ийн тухайд түүний ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй гэж үзэж дараагийн шатны шалгаруулалтад оруулахаас татгалзаж, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03 тоот албан бичгээр мэдэгдсэн; ингэхдээ П.А-ийг дурдсан журмын 3.1.9-д заасан “англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломыг үндэслэх ба олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичиг” гэсэн материал байхгүй гэх үндэслэлээр бүрдүүлэх материал дутуу учир дараагийн шатны шалгаруулалтад орох эрхгүй гэж үзсэн нь хууль зөрчөөгүй байна.
- Тодруулбал, нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтаар Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журмыг Эрүүл мэндийн сайд батлах эрхтэй; энэхүү эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтыг журамлах зорилгоор 2018 оны А/454 дүгээр тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-д сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэнээс бүрдүүлэх баримт бичгийг жагсаахдаа 3.1.9-д англи хэлний мэдлэг, чадварыг гэрчлэх албан ёсны баримт бичгийг дурдаж, мөн тушаалын 5 дугаар хавсралтаар ““TOEIC” шалгалтын оноог бусад шалгалтын оноотой харьцуулсан хүснэгт”-ийг тусгайлан баталсан; түүнчлэн “Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх заавар”-ын 1.1-д “...“Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангасан иргэний материалд 3.4-д заасан үнэлгээ хийнэ” гэж, 1.2-т “Сонгон шалгаруулах журмын 3.4 дэх хэсэгт заасан баримт бичгийн үнэлгээ хийгдсэн материалыг хоёр дахь шатны шалгаруулалтад оруулна” гэж заасан хэм хэмжээ үйлчилж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн баримт бичиг нь журамд дурдсан бүрдлийг хангаагүй байхад түүний материалыг хүлээн авч, дараагийн шатанд оруулж үнэлэх эрх хариуцагчид олгогдоогүй; иймд нэхэмжлэгчид энэ тухай мэдэгдэж, түүний баримт бичгийг үнэлэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль, журамд нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
- Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/454 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Захирлыг сонгон шалгаруулах журам”-тай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, талуудын маргаагүй асуудал болох Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхийн асуудлаар “... Эрүүл мэндийн сайдад эмнэлгийн захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг тогтоосон журам батлах эрх олгоогүй, харин тухайн албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн илүү хангасан этгээдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж явуулахтай холбоотой журмыг батлах эрх олгосон ... гэтэл уг журмаар хуульд заагаагүй шалгуурыг тогтоож, тухайн шалгуурыг нотлох баримт бичиг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтад оролцох хуульд заасан шаардлага хангасан иргэний эрхийг хязгаарласан, эрх олгосон хуулийн зорилго, үйлчлэх хүрээнээс хэтэрсэн байх тул хуульд нийцээгүй ...” гэсэн дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн; энэ талаар “... нэхэмжлэлд сонгон шалгаруулалтын журам, заалтыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэхүү журмыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан ...” гэх хариуцагчийн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захиралд тавигдах шаардлагад дурдаагүй боловч “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулах журам”-ын 3.1.10-д заасан “Тухайн эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл” гэсэн баримт бичгийн талаар нэхэмжлэгчийн хувьд маргаагүй атлаа үүнтэй адил хуульд тусгагдаагүй 3.1.9-д заасан англи хэлний мэдлэг, чадварыг гэрчлэх албан ёсны баримт бичгийг шаардах эрхгүй талаар маргаж байгааг хүлээн авах боломжгүйн зэрэгцээ анх энэхүү англи хэлтэй холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрч (тухайн үедээ маргаагүй), ирүүлсэн баримт бичгийг үзвэл анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “... Төгс сургалтын төвийн англи хэлний ахисан түвшний дамжааг 2017 онд дүүргэсэн гэсэн гэрчилгээ, Этүгэн дээд сургуулийн гадаад хэлний тэнхимийн 80 цагийн англи хэлний дунд шатны дамжааг 2006 онд дүүргэсэн гэсэн гэрчилгээ байх бөгөөд эдгээрийг англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг “TOEIC” олон улсын шалгалтын гэрчилгээ болон олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичигтэй адилтган үзэх боломжгүй, мөн Иркутск хотын Улсын анагаахын дээд сургуулийн дипломыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан иргэний дипломтой дүйцүүлэн үзэх боломжгүй ...” гэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
- Түүнчлэн, анхан шатны шүүхийн “... П.А-ийг сонгон шалгаруулалтын эхний шат болох баримт бичгийн үнэлгээний шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг буруутгаагүй тул нэхэмжлэгч тус сонгон шалгаруулалтын дараагийн шатанд оролцох болон түүнд оролцогчдын үнэлгээтэй маргах эрхгүй …” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн л зөв байх тул хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 649 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/0653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О, Д.Б-А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
М.БАТСУУРЬ