Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01046

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01046

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01074 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Г-, Д.С- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 46,186,925 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ш.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Ш.Г-, Д.С- нар 2018 оны 01 сарын 23-ны өдөр 12 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийг зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ш.Г-, Д.С- нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байрны 55 тоот хаягт байршилтай 47,56 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул удаа дараа сануулсан. Иймд хариуцагч Ш.Г-, Д.С- нараас үндсэн зээл 29,557,941 төгрөг, зээлийн хүү 16,604,984 төгрөг, нийт 46,162,925 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг, бүгд 46,186,925 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргахгүй. Зээлийн тооцоолол дээр маргаж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүү тооцохгүй. Үндсэн зээл 30,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,200,000 төгрөг, нийт хүү 14,400,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,880,000 төгрөг, төлөх ёстой төлбөр 47,280,000 төгрөг болж байгаа. Зээлдэгч нар 28,880,000 төгрөгийг төлсөн байгаа. Нэхэмжлэгч талын баримт дээр энэ тоо дурдагдсан байгаа. Үлдэгдэл 18,400,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Ямар үндэслэлээр 46,000,000 төгрөг гараад байгааг зөвшөөрөхгүй. Нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 227 дугаар зүйлийн 227.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Г-, Д.С- нараас 46,186,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс биелүүлбэл №000285991 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204052964 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байрны 55 тоот хаягт байрлах 47,56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г-, Д.С- нараас 459,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч Ш.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М- давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч үндсэн зээл 29,840,000 төгрөг, хүү 39,764,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,065,693 төгрөг, нийт 74,669,693 төгрөг төлөх ёстой гэж тооцоолоод 28,880,000 төгрөг төлснийг хасч, зээлийн үлдэгдэл 45,789,693 төгрөг буюу анхан шатны шүүхийн хангаснаас 373,232 төгрөгөөр бага байх учиртай. Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 24,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь Татварын ерөнхий хуулийн 28.2, Нотариатын тухай хуулийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу дахин давтагдашгүй төлбөрийн даалгаврын дугаар бүхий баримт байх ёстой. Холбогдох баримт нь уг шаардлагыг хангаагүй баримт байсан болно. Иймд анхан шатны шүүхийн хариуцагч нараас 46,186,925 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэрийг 397,232 төгрөгөөр багасгаж 45,789,693 төгрөг гаргуулах болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт ...Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн ... бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно... гэж заажээ.

 

2.   Хариуцагч талын гаргасан ...анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч нараас 46,186,925 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг 397,232 төгрөгөөр багасгаж, 45,789,693 төгрөг гаргуулахаар өөрчилж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг нэхэмжлэгч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад хамаарч байна.

 

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.

 

3.   Иймд нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 397,232 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ш.Г-, Д.С- нар үлдэх 45,789,693 төгрөгийг төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэн гэж үзэхээр байна.

 

4.   Дээрх нөхцөлөөр зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/01074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 397,232 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ш.Г-, Д.С- нар үлдэх 45,789,693 төгрөгийг төлж барагдуулах, ийнхүү төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Ш.Г-, Д.С- нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204052964 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 53Б байрны 55 тоот хаягт байршилтай 47,56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 07-ны өдөр төлсөн 12,567 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нар энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР