Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2019/0139

 

2019 оны 03 сарын 07 өдөр   

  Дугаар 221/МА2019/0139

Улаанбаатар хот

 

 

“Х т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн захирал Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дүгээр шийдвэртэй, “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дүгээр шийдвэрээр: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан “Х т” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Х т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь 2011 оноос эхлэн аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж эхэлсэн ба тус оноос өнөөдрийг хүртэл тухайн газар дээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй болох нь хэргийн газрын үзлэг, түүнийг бэхжүүлэн авсан фото зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Орц, гарцын асуудлаар холбогдох хэд хэдэн аж ахуй нэгжүүд байнга хүсэлт гаргадаг байсан гэх боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудад зөвхөн “Х т” ХХК-ийн тамгатай бусад байгууллагын тамга, тэмдэг гарын үсэг зурагдаагүй баримтууд байдаг. Үйл ажиллагаа явуулаагүйгээ зөвхөн орц, гарцын асуудалтай холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид зөвхөн нэг удаа хандсан ба үүний дагуу ажлын хэсэг гарч ажилласан. Мөн “Х т” ХХК нь 2013 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, мөн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэх баримтад үндэслэсэн. Хариуцагчаас яамны цахим хуудаст газрын төлбөр үлдэгдэл, баримт бичгийн бүрдэл дутуу аж ахуй нэгж иргэдэд газрын төлбөрөө хугацаанд нь төлөх эсхүл гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдэж энэ тухайгаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүний дагуу газрын төлбөр төлөөгүй аж ахуй нэгжийн нэрсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас санал авч цуцалсан. Акт мэдэгдэхээс өмнө газрын төлбөрийг төлсөн нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөсөн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-328 дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч “Х т” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутагт байрлах “Зайсангийн ам” нэртэй газарт 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар, газар ашиглах эрхийн 2011/01 дугаартай гэрчилгээг[2] 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар[3] Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж шийдвэрлэсний дотор “Х т” ХХК багтжээ.

Дээрх тушаалаар нэхэмжлэгчийг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэж буруутгасан байх бөгөөд “Х т” ХХК нь 2010 оноос хойш газрын төлбөрөө төлж байсан гэдэг нь Хан-Уул дүүргийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 16/1280 дугаар албан бичиг[4], түүний хавсралт “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн харилцагчийн дансны хуулгаар[5] тус тус тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...Акт мэдэгдэхээс өмнө газрын төлбөрийг төлсөн нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үйлдлийг зөвтгөсөн үндэслэлгүй дүгнэлтийг шүүх хийсэн” гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх баримтуудаар 2010 онд 6.058.800 төгрөг, 2011 онд 11.220.000 төгрөг, 2013 онд 3.366.000 төгрөг, 2014 онд 11.732.000 төгрөг, 2015 онд 6.732.000 төгрөг, 2016 онд 3.366.000 төгрөг, 2017 онд 3.366.000 төгрөгийг тус тус төлж байсан бол 2018 оны газрын төлбөр 12.855.4000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлжээ.

Хэдийгээр маргаан бүхий акт 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гарсан ч нэхэмжлэгчид тухайн жилийн төлбөрийг төлөх боломжит хугацааг олголгүйгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх гомдлыг хүлээн авахааргүй байна.

Маргаж буй актад дурдсан “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй” гэх үндэслэлийн хувьд анхан шатны шүүх “газар ашиглах боломжоор хангах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг байх тул энэхүү үүргээ биелүүлээгүй байж нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй” хэмээн зөв дүгнэлт хийж, “Х т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар дархан цаазат газарт газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхтэй ч мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд уг эрхээ хэрэгжүүлэхээр байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;”, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ашиглаж чадаагүй шалтгаанаа “манай компани орц, гарцын асуудлаас болоод тухайн газраа ашиглаж чадахгүйд хүрсэн” хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч байгууллага нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар ашиглуулах шийдвэр гаргахдаа бусдын ашиглалтын газартай давхцуулалгүй тухайн газраа ашиглах боломжтой байдлаар олгох нь захиргааны байгууллагын үүрэг юм.

Бодит байдал дээр нэхэмжлэгчийн маргаж буй газрын орц, гарц хаагдсан гэдэг нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гэрч Ч.Батсансарын шүүхэд гаргасан мэдүүлэг, шүүхээс хийсэн газрын үзлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд тухайн асуудлаар хариуцагч маргаагүй байна.

“Х т” ХХК нь газрын орц, гарцын асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/3959 дүгээр албан бичиг[6], түүний хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ирсэн баримт бичгийн жагсаалт[7] зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 буюу түүнээс дээш ашиглаагүй гэж үзэн буруутгах боломжгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үйл ажиллагаа явуулаагүйгээ зөвхөн орц, гарцын асуудалтай холбогдуулан тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0790 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                             Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ

         ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 2-2 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-7 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-25 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-85 хуудас

[5] Хавтаст хэрэг 1-86 хуудас

[6] Хавтаст хэрэг 2-10 хуудас

[7] Хавтаст хэрэг 1—242 хуудас