Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2023/00020

 

 

  Цын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2023/00206 дугаартай шийдвэртэй

 

Нэхэмжлэгч:, *** овогт Цын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “***” ОНӨ ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагчийн өмгөөлөгч О /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Цын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Ц миний бие нь тус компанид 2018 оны 09 дүгээр сарын 17-нд кассын нярваар ажилд ороод 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын байрыг жинхлэн ажиллаж ирсэн. Би ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө хийж гүйцэтгэх ажил үүргийг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж биелүүлж ирсэн. “***” ОНӨ ХХК-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. ... Захирал Э өмнө нь захиалгын хуудсаа баталгаажуулан худалдан авалтыг хийлгүүлэх зөвшөөрлийг олгосон хирнээ, шаардах хуудсаар ... цохолт хийсэн гэж захиалгын хуудас, шаардах хуудас хоёрын зөрүүтэй байдлыг үүсгэж өөрийнхөөрөө тайлбарлан дайрч дарамталж, ажлаас халах арга хайж шалгалт хийсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөө гэнэт л материалын тооллого хийж эхэлсэн. Бага үнэтэй түргэн элэгдэх материалын тооллогыг хийсэн. Тооллогоор бараа материалууд илүү болон дутуу гэж гарсан. ...Би өөрөө дур мэдээд бараа материалыг орлого, зарлага гаргадаггүй. Зөвхөн бараа материалаа алба салбарууд руу өгч явуулаад, шаардах хуудастайгаа тулгаад л тооцоогоо нийлүүлээд явдаг. ...Намайг захирал зөвхөн хувийн үзэл бодлоороо тулган шаардаж, үндэслэлгүй бараа материалын илүүдэл, дутагдлыг гарган ирж ажлаас халсан тул ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гартал хугацаагаар тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч “***” ОНӨ ХХК-ийн татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *** овогтой Цын нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, уншиж танилцаад тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн дараах тайлбарыг гаргаж байгаа болно. Уг нэхэмжлэлийн үндэс болж буй 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/37 дугаар тушаал нь хуульд заасан шаардлагыг хангаж, тушаалд дурдсан заалтуудыг үндэслэн гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтайгаар тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр сууринаас оролцох болно.” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Цыг кассын няравын ажилд эгүүлэн тогтоож, *** ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинд 14,502,180 төгрөг гаргуулж Цад олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг *** ХХК-д даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Цын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 300,661 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгийн давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг хангаагүй бөгөөд хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг илтэд ноцтой зөрчиж мэтгэлцэх боломжийг хангалгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь тухайн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, зөрчил гаргаж өмгөөлөгч оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэн. Бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой өмгөөлөгч маань хүндэтгэн үзэх шалтгаан буюу шүүх хуралдаан давхацсан энэ тухай хүсэлтийг бичгээр шүүхэд хүргүүлсэн байхад энэ асуудлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэлгүй шүүх хуралдаан хийсэн нь 2023 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл ***сэн гэж үзэж байна. Жич: Хавтас хэрэгт өмгөөлөгчийн шүүх хуралтай гэсэн хүсэлт болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас зэргийг хавсаргасан болно. ... Шүүх хэт нэг талыг баримталж шүүх хуралдаан хийсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. ... Шүүх талуудын мэтгэлцэх боломжоор бүрэн дүүрэн хангах ёстой.

 

4.2. ... Мэтгэлцэх боломжийг бүрэн хангалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх хуралдаан дээр хэрэгжүүлээгүй. ... Хэт нэг талыг баримталж шүүх хуралдаан хийсэн бөгөөд хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалгаа хийлгүйгээр нэхэмжлэгчийн талын нотлох баримтуудыг шинжилж шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

4.3. Манай зүгээс нэхэмжлэгч талыг хууль зүйн хувьд илтэд зөрчил гаргасан учир ажлаас халсан. Энэ тухай ч өмнө шийдвэрлэсэн шүүгч үндэслэлээ тайлбарлаж нотолсон шийдвэр гаргасан байдаг.

 

4.4. Миний өмгөөлөх эрхийг хангалгүйгээр шүүх хуралдаан хийсэн тул энэ удаагийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 6, 99, 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтуудыг зөрчсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх боломжийг хангаж өгнө үү.” гэв. 

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч Оийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчим алдагдсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл ***сэн гэж мэтгэлцэж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх дээр эрүүгийн хэргийн цагдан хорионы хуралд нэн яаралтай 3 хүний хэрэгт өмгөөлж оролцсон. Түүнтэй холбоотой өмгөөлөгчийн хүсэлт бичгээр болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн товыг албан ёсоор хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг өгсөн хэдий ч энийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь энэ хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж оролцуулаагүй хийсэн анхан шатны шүүх хурлын шийдвэрийг үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд энэ Наранхүү бол үндэслэлүүдээ гаргаж бичсэн байгаа. Энэ дээр хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцуулах гэсэн нөхцөл байдал ***ээгүй байгаа юм. Хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан байхад шүүх хуралдаан хийж байгаа нь энэ шийдвэр шүүхийн бүхий л шатанд энэ мэтгэлцэх зарчим үйлчлэх ёстой. Өмгөөлөгч оролцуулаагүй шүүх хурал явуулсан нь энэ зарчмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна гэж үзэж байна.” гэв. 

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Аийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан болох хэргийн товыг талуудад 14 хоногийн өмнө мэдэгдсэн байдаг. Нэг удаа мэдэгдээд болсон шүүх хурал биш өмнө нь 2, 3 удаа ингэж товлогдож орж ирсэн. Өмнө шүүх хуралдаан зарлагдсан дандаа хариуцагч талын өмгөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлийн улмаас шүүх хурал хойшлогдож байсан. Сүүлийн шүүх хуралдаанд хэргийн хугацаа дуусаж байна. Энэ удаад 14 хоногийн өмнө талуудад шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж байгаа үүднээс энэ хурлын товыг эрт мэдэгдэж байсан. Энэ шүүх хуралдаан товлогдсон өдрөө болсон. Шүүх хуралдаан болохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5 дахь хэсэгт өмгөөлөгчийн үүргийг заасан байдаг. Өмгөөлөгч ямар үүрэгтэй оролцох вэ гэхээр шүүхээс товлосон хугацаанд оролцох үүрэгтэй. Тэгэхэд хариуцагч талын өмгөөлөгч тухайн өдрийн шүүх хуралд өөрийнх нь үйлчлүүлэгчийн цагдан хорих хуралтай давхацсан гэсэн. Анх шүүх хуралдааны тов гарахад цагдан хорих шүүх хуралдааны тов гараагүй байсан. Бид түрүүлж мэдэгдсэн шүүх хуралдаа ороод явдаг. Энэ үндэслэлээр шүүх хуралдаан 2023 оны 03 дугаар сарын 27-нд товлогдсон хугацаандаа орсон. Гэтэл энэ өөрийнхөө үйлчлүүлэгчийн цагдан хорионы хуралтай давхцаж ийм хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан гэж үзэж байгаа нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5 дахь хэсэгт хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр өмгөөлөгч өөрөө хуулиар олгогдсон үүргээ биелүүлэх үүрэгтэй болохоос биш энийг өөр хуралтай байсан нь мэтгэлцэх зарчим хангаагүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байгаа учраас тухайн хариуцагч талын гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Тэгэхээр хариуцагч талын гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

7. Нэхэмжлэгч Цын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Миний хувьд ямар зөрчил гаргаж ажлаас халагдсанаа мэдээгүй тушаалаа авсан. Удирдах ажилтантайгаа үл ойлголцсоноос болоод тооллого хийсний маргааш тушаал гарсан. Одоогоор бол намайг бараа материал дутаасан гэж үзээд байгаа. Дутаасан бараа материал огт байхгүй байгаа. ... Энэ дээр дутуу гээд байгаа бараа материалууд захиалгын хуудсаар хангамжийн менежер өөрөө худалдан авалтаа хийдэг. ... Манайх шаардахаа цахимаар бичиж өгдөг. Инженер техникийн ажилчид өөрсдөө шаардах хуудсаа бичиж өгдөг. ... Дараа нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “***” ОНӨ ХХК-ийн ажилтан Ундрахын хийгээд өгсөн илтгэх хуудас байна. Энэ дээр нэг ч бараа дутаагаагүй, илүү гарсан бараа материал дээр би буруутан болоод зогсож байна. Хэрвээ би тэр барааг хэрэглэх, шамшигдуулах байсан бол тэр бараа материал илүү гарахгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.  

 

1. Нэхэмжлэгч Ц нь хариуцагч “***” ОНӨ ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсан тул ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2,137,190 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл /гомдол/ гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг нийт 6 удаа өөрчилж нэмэгдүүлсэн /1хх107, 211, 2хх21, 53, 67/,  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ тухай шаардлагыг “... ажилгүй байсан хугацаа нийт 289 хоногийн нэг өдрийн дундаж цалин 47,480 төгрөг, нийт 13,700,912 төгрөг“ гэж тодорхойлсон байх ба хариуцагч “***” ОНӨ ХХК-ийн төлөөлөгч, захирал Д.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох ... тушаал хуульд заасан шаардлагыг хангаж ... гаргасан” гэсэн агуулга бүхий тайлбарыг  /1хх41/ гаргажээ.

 

2. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж нэхэмжлэгч Цыг “***” ОНӨ ХХК-ийн кассын няравын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 14,502,180 төгрөг гаргуулж Цад олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н эс зөвшөөрч “... эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж өмгөөлөгч оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийсэн, ... мэтгэлцэх боломжийг бүрэн хангаагүй, ... өмгөөлөх эрхийг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 6, 99, 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтуудыг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэх боломжийг хангаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Энэ нь хариуцагч “***” ОНӨ ХХК-аас ерөнхий нягтлан бодогч Нг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 97 дугаартай албан бичгээр итгэмжлэл /1хх39/ олгосон боловч уг итгэмжлэлийн хугацаа дууссан байхад Нг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасан хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох журамд нийцээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч “***” ОНӨ ХХК-ийн захирал Д.Эаас ерөнхий нягтлан бодогч Нд олгосон итгэмжлэлд хугацаа заагаагүй ба Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-т зааснаар ... хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш 1 жил хүчин төгөлдөр байдаг тул энэ хугацаа 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд Нг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, бусад бичиг баримтаар тодорхойлдог.

 

Гэтэл ийнхүү хариуцагчийн төлөөлөгчөөс олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаар төлөөлөгчөөр томилогдсон Нгийн  хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон байх ба энэ нь анхан шатны шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан буюу шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болов.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын хувьд анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Учир нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Н нь хариуцагчаас эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, сонгосон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүй гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх хуралдаан өмнө нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангах, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шинээр нотлох баримт ***үүлэх хүсэлтийг хангаж энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хийхээр товлосон боловч хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж дахин шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хийхээр товлосон, энэ өдөр мөн хариуцагчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хийхээр товлосон, мөн өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хангаагүй шүүх хуралдааныг хийсэн байна.

 

Эндээс үзвэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг нийт 3 удаа хойшлуулж, ийнхүү хойшлуулах тохиолдол болгонд шалтгаан нь хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байх боловч энэ нь хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангахгүй байх үндэслэл болох учиргүй.

 

Тодруулбал шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон байснаас гадна хариуцагчийн өмгөөлүүлэх эрхийг хангаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим бүрэн дүүрэн хэрэгжээгүй, талуудын шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Харин өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.10, 34.4.5-д тус тус зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах ... асуудлаар хүсэлт гаргах эрхтэй боловч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүйн гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тодорхой хугацааны дотор явагддаг журамтай байдаг тул хүндэтгэн үзэх шалтгаантай л бол шүүх хуралдааныг хэдэн ч удаа хойшлуулж болно гэсэн үг биш юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан давхацсан нөхцөл байдал үүссэнийг үгүйсгэхгүй ч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг тухай бүр хангаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан зэргээс үзэхэд энэ тохиолдолд өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхээс илүүтэй өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ... бүрэн, тууштай хамгаалах үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх асуудалд хамааралтай гэж үзнэ.  

 

5. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон буюу зохигчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 136/ШШ2023/00206 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нгийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “***” ОНӨ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 300,661 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БОЛОРМАА

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                           Н.БАТЧИМЭГ