Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/01001

 

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01129 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн хариуцагч Э.Н-д холбогдуулан гаргасан 24,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Э.Н- нь 2021 оны 10 дугаар сард Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Засаг даргын захирамжтай 10 айлын газрын эрхийг нэг айлын 3,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгөөр Б.О-гийн нэр дээр гаргаж өгнө гэж нийт 45,335,000 төгрөг авсан. Э.Н- үүнээс 19,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын гаргасан 34,250,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэх тайлбартай санал нийлж байна. Б.О- үүнээс дансаар 900,000 төгрөг, бэлнээр өгсөн 1,185,000 төгрөг өгсөн гэх тайлбараа нотолж чадахгүй байна. Иймд Э.Н-гаас 24,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.О- нь Э.Н-гийн дансанд 34,250,000 төгрөг шилжүүлсэн. Бэлнээр мөнгөн хөрөнгө аваагүй. Э.Н- Б.О-д 29,500,000 төгрөг буцааж төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,750,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э.Н-гаас 18,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгож, үлдэх 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Б.О- Э.Н-гаас 24,250,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Б.О- Э.Н-гийн данс руу 34,250,000 төгрөг шилжүүлснээс 29,500,000 төгрөгийг буцаан төлсөн нь баримтаар нотлогдсон. Б.О- 3 удаагийн үйлдлээр 9,000,000 төгрөг шилжүүлсэн талаар баримтгүй. Мөн гэрч Д.Цэрэнбямба нь Б.О-гийн нөхөр тул мөнгө авсан гэх мэдүүлэг эргэлзээтэй. Э.Н-гийн хүү 2022 оны 01 дүгээр сард нас барахад мөнгө өгсөн гэх баримт зөрүүтэй. Иймд Э.Н-гаас 12,750,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдол тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1.Нэхэмжлэгч Б.О- хариуцагч Б.О-д холбогдуулж 24,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдох 10 айлын газрын эрхийг нийт 30,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэх, Налайх дүүргийн Тэрэлжид байрлалтай 4 га газрын эрхийг 16,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэх талуудын тохиролцоо Газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй, төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар тохиролцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Тийм учраас талуудын хооронд үүрэг үүсгэсэн хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

3. Анхан шатны шүүх Б.О- нь Э.Н-д бэлэн бусаар буюу дансаар 34,250,000 төгрөг шилжүүлсэн хариуцагч Э.Н- нь нэхэмжлэгч Б.О-д нийт 21,500,000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр зөв тогтоосон байна.

 

4. Гэрч Д.Цэрэнбямбын ...Б.О- нь 2022 оны 01 дүгээр сард Э.Н-гийн хүү нас бараад ажил явдал болж байхад 4,000,000 төгрөг, мөн буяны ажилд зориулж 200,000 төгрөгийг дугтуйлан өгөхөөр ороход би гэрийн гадаа нь хүлээж байсан. Дараа нь үүнээс хойш 14 хоногийн дотор 2,000,000 төгрөгийг Э.Н-д өгөхөд би хажууд нь байсан... гэсэн мэдүүлгийг хэргийн бусад нотлох баримт, нөхцөл байдалтай харьцуулан дүгнэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.

 

5. Тийм учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Э.Н-д дансаар 34,250,000 төгрөг, бэлнээр 6,000,000 төгрөг, нийт 40,250,000 төгрөг өгснөөс хариуцагч дансаар 21,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байх тул хариуцагчаас 18,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6.Харин шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч Э.Н- оролцсон гэж буруу бичсэн болон тогтоох хэсгийн 2 дахь заалтын 7.1.2 гэснийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/01129 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн нэхэмжлэгч Э.Н- гэснийг нэхэмжлэгч Б.О- гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1, гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ