Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/01026

 

 

 

 

О банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00796 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ч-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,391,598.4 төгрөг, 16,165.08 ам.доллар, нийт 63,904,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.      Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О банк ХХК нь У.Ч-тай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр КТ/0199121002 дугаартай зээлийн гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөг, 7,000 ам.долларын эрхтэй картыг олгосон. Гэрээний 3.2-т бэлэн гүйлгээний хүүгийн талаар, 3.3-т бэлэн бус гүйлгээний талаар, 3.5-д эрх хэтрүүлсэн хүүгийн талаар, 3.6-д хугацаа хэтрүүлсэн хүүгийн талаар тус тус заасан. Мөн гэрээний 3.1-т Сар бүрийн 3-нд зээлийн эрхийн өмнөх сарын нийт зарцуулалт болон хүү, торгууль бодогдож гарах бөгөөд зээлийн эрхийн нийт зарцуулалтаас эргэн төлөх доод хэмжээгээр тухайн өдрөөс хойш 17 хоногт багтан картад тушаана гэж заасан. Дээрх хугацаанд гэрээний 2.1-т заасны дагуу эргэн төлөх доод хэмжээ болох 15 хувийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн гэж үзэх юм. Уг зээлийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлээ бүрэн төлөөгүй байна. Зээлдэгчийн КТ/0199121002 тоот зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжлэл гаргах үеийн байдлаар нийт 10,391,598.44 төгрөг, 16,165.08 ам.доллар байх тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хэрэв эвлэрэх бол нэхэмжлэлээс 1,469,211.74 төгрөг болон 2,617.30 ам.долларыг багасгаж болно гэжээ.

 

2.      Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

О банк ХХК-аас санал болгосны дагуу зээлийн картыг хүлээн авч, доллар болон төгрөгийн гүйлгээг хийж, сар бүр нэхэмжлэлийн дагуу тухай бүрд нь зээлийн эргэн төлөлтийг хийж ирсэн. Түүнчлэн, банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу батлан даагч болох Гангар-Инвест ХХК нь банкнаас хэлсний дагуу ашигласан зээлийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Гэтэл 2019 оноос эхлэн банкны ажилтан нь зээлийн үлдэгдэлд суутгал хийхгүй, У.Ч- болон батлан даагч Гангар-Инвест ХХК-аас батлан даалтын гэрээнд заасны дагуу данснаас огт суутгал хийж авахгүйгээр зээлийн нэмэгдүүлсэн хүү, ашигласан зээлийн хүү зэргийг нэмж, ийнхүү өсгөн нэмэгдүүлсэн дүнгээс зээлээ төлөхийг шаардсан. Уг асуудлаар нэхэмжлэгчид хандсан боловч ихээхэн хугацаа алдаж, байнга хөөцөлдсөний эцэст банкнаас ...суутгал хийх боломжгүй... гэсэн хариуг өгсөн. Түүнчлэн, О банк ХХК-аас олон тооны зээл авсан гэсэн хариу авсан. Ингээд банкнаас тодруулахад банк нь 2011 оноос 2017 оны хооронд нийт 78 удаа ихээхэн хэмжээний зээлийг У.Ч-ын нэрийг хууль бусаар ашиглан гаргасан байх ба тухайн лавлагаа хариу авах өдрийн байдлаар 2019-2035 онд зээлийн хугацаа нь дуусах, төлөгдөөгүй үлдэгдэлтэй нийт 67 төрлийн 57,709,917.46 төгрөгийн зээлийн үлдэгдэл тооцоо гарч ирсэн. Ийнхүү О банк ХХК нь өөрийн хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж, улмаар намайг хохироох зорилго, санаатай цаг тухайд нь суутгал гүйлгээ хийхгүйгээр, мөнгө хүүлэн, төлбөрийн дүнг нэмэгдүүлж, бусдыг хохироосон үндэслэл шаардлага гаргаж байна.

О банк ХХК-д хандаж, 4,240,010 төгрөгийг 7,718.20 ам.долларын хамт төлье гэхэд зөвшөөрөөгүй бөгөөд 2019, 2020, 2021 онуудад удаа дараа шүүхэд хандаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж буцаасан тул хариуцагчийн зүгээс өөрөө Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд үнийн дүн өссөөр байсан тул хүү өндөр байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлээс 4,240,010 төгрөг, 7,718.23 ам.долларыг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

О банкнаас американ экспресс карт санал болгосны дагуу ТУЗ-ын дарга У.Ч-, ерөнхий захирал Ж.Энхтөр нар уг картыг авч, ашиглаж эхлээд 2015 оны 06 сард картаа хаалгаж, төлбөр барагдуулсан гэсэн тодорхойлолт авсан. Дараа нь 2017 онд дахин байгууллагаас батлан даалт гаргуулаад карт аваад хугацаа дууссан гээд дахин батлан даалтын гэрээ байгуулан карт авч ашигласан бөгөөд 2019 оны 05 сарын хуулгаар 7,720.56 ам.доллар, 3,858,360.24 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнээс хойш төлөлт хийгээгүй гэсэн асуудал үүсэн. О банк ХХК-аас ирүүлсэн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэлд нийт 9,997.87 ам.доллар, 5,701,950.06 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлөх агуулгатай байсан тул ТУЗ хуралдан батлан даалтын гэрээг судлахад гэрээний 2.2, 4.5-д 3 хоногт мэдэгдэхээр заасан байсан бөгөөд хэрэв мэдэгдсэн бол барагдуулах боломж байсан. Одоо энэ дүн 16,000 ам.доллар, 10,000,000 төгрөг болчихсон байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.      Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Ч-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 48,731,251.20 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс нийт 15,173,389.74 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид 401,606.56 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5.      Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.1.  Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.11 дэх дүгнэлт үндэслэлгүй. Шүүхээс үүрэг гүйцэтгүүлэгч буюу О банк Иргэний хуулийн 223 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн байгаа тул мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан байна гэж өөрөөр хэлбэл хариуцагч төлбөр төлөх үндсэн үүргээ гүйцэтгээгүй байгаа нь банк хугацаа хэтрүүлсэн байгаатай холбоотой гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Улсын Дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик,анхаарах зарим асуудал 01 дугаартай зөвлөмжийн 2/г хэсэгт Хэрэв хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг зээлдүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг өөрийг нь хугацаа хэтрүүлсэн гэх ба энэ нөхцөлд анз авах эрхээ алдана гэж заасан. Хариуцагч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 2017.12.07-ны өдрийн КТ/0199121002 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 5.2.1-т заасны дагуу төлбөр төлөх үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй. Гэтэл шүүхээс хариуцагчийн төлсөн өр төлбөрийг банк хүлээн аваагүй мэтээр үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хамааруулж Иргэний хуулийн 224.2.3-т заасныг баримталж, нэхэмжлэгчийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан гэж дүгнэн гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

5.2.  Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.13 дахь хэсэгт дүгнэсэн тооцоолол нь бичиглэлийн алдаатай ойлгомжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч У.Ч-аас 10,391,598.4 төгрөг болон 16,165.08 ам.долларын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.      Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

О банк ХХК-аас У.Ч- кредит карт авч ашигласан ба гарсан төлбөрийг төлье гэдэг. 2018-2019 онд гадаад руу явснаас хойш төлбөр хуримтлагдсан. Энэ асуудлаар 2019 оноос хойш О банк ХХК-тай удаа дараа уулзаж, ярилцаж, шүүхэд хандахаар болсон. Хамгийн анхны шүүх хуралдаанд талууд урт хугацаанд мэтгэлцсэний үр дүнд, шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэж дүгнэсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч 2020, 2021, 2022 онуудад удаа дараа нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, татгалзсан тул цаг хугацаа их алдсан. Хариуцагч талаас цар тахлын үеэр харьяалагдах шүүхээс О банк ХХК-аас нэхэмжлэл ирсэн эсэх талаар удаа дараа тодруулж байсан ба О банк ХХК-аас шүүхэд яагаад нэхэмжлэл өгөхгүй байгаа талаар асуухад уурлаж, ...та намайг загнасан учраас хүүг нь нэмсэн... гэж хэлсэн. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах болгондоо нэхэмжлэлийн үнийн дүнгээ нэмдэг. 2019 ондоо шүүхэд хандаад хэргээ шийдвэрлэчихсэн бол өнөөдрийн мөнгөн дүн гарахгүй байсан. Хариуцагчийн зүгээс 40,000,000 төгрөгийг төлөх саналыг удаа дараа гаргасан. Гэтэл О банк ХХК нь 60,000,000 төгрөг болгож нэхэмжилж байна. Хуульд зааснаар төлбөр төлж дуустал нь төлбөрөө нэмэгдүүлэх эрхтэй ч их хэмжээний болтол хуримтлуулж, нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хариуцагч талаас О банк ХХК-д очиж байнга албан бичиг өгдөг боловч хариу өгдөггүй. Энэ талаарх нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэтэл нэхэмжлэгч тал хариу өгсөн гэж худал тайлбар гаргадаг. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

7.      Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

7.1. Хариуцагч У.Ч-ын зүгээс 2018 онд карт авч ашиглан, зээлийн төлбөрийн үүрэг үүссэнтэй маргаагүй ба гагцхүү О банк ХХК картын үлдэгдэл төлбөрийн талаар анхааруулан, төлөхийг У.Ч- болон Гангар-Инвест ХХК-аас төлбөрийг 2018-2019 онд цаг тухайд нь суутгаж аваагүй, зөвхөн зээлдэгчээс их дүнтэй төлбөр мөнгө гаргуулан авах" зорилгоор удаан хугацаанд шүүхэд хандахгүй, санаатайгаар эргэн төлөх зээлийн дүн болох 4,240,010 төгрөг болон 7,718.23 ам.долларыг бүтэн 2 жилийн дараа буюу 2022 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10,391,598.44 төгрөг, 16,165.08 ам.доллар (ханш 3,310.41 төгрөг), нийт дүн 63,904,640 төгрөг болж дунджаар 2,5 дахин өсгөн нэхэмжлэл гаргасан байгааг эс зөвшөөрч, зээлийн хүүгийн хэт өсгөсөн дүнг бууруулан шийдүүлэхээр маргаж байгаа болно. Учир нь 2018 онд тухайн үед төлбөрийг яагаад суутгаж авсангүй болох, банк өөрийн зүгээс хийх ажлаа хийгээгүй талаар У.Ч- удаа дараа гомдол гарган, банкны ажилтнуудтай олон удаа уулзаж байсан ба асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ярилцан тохирсон. Гэвч О банк ХХК хугацаа алдан удаа дараагийн өөрийнх нь алдаатай үйлдлээс болж шүүх удаа дараа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Энэ хугацаанд У.Ч-ын зүгээс төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр мөн удаа дараа О банк ХХК, Монголбанк зэрэгт хандаж байсан боловч хариу огт өгдөггүй байсан. Түүнчлэн, У.Ч-ын зүгээс О банк ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан.

7.2. Нэхэмжлэлийн шаардлагын эсрэг энэ бүх үгүйсгэх баримтыг шүүхэд тодорхой тайлбарлан, зохих баримтыг танилцуулсан боловч шүүгч би хэргийн материалаас танилцсан, битгий энэ баримтыг дахин яриад бай" гэх мэтээр хариуцагч талын тайлбарыг бүрэн хэлүүлэхгүй, үг яриаг тасалдуулан оролцогчийн эрхийг маш ноцтой хохироож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтыг тус тус зөрчсөн, түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргийг шүүх хангаагүй шийдвэр гаргасан гэж энэхүү гомдлыг гаргаж байна.

7.3. Талуудын хооронд байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд эргэн төлөх өдөр: 20 өдөр гэж тохиролцсон, энэ нь зээлийн мөнгийг ашиглаад 20 өдрийн дараагаас төлөх, хэрэв энэ хугацаанд төлөөгүй бол түүнээс хойш хугацаа хэтэрсэнд тооцох байсан. Тухайн үед зээл төлөгдсөн бол 3,732,147 төгрөг, 7,002.98 ам.долларын үлдэгдэл нь 10,91,598.44 төгрөг, 16,165.08 ам.доллар болж банкны шаардаж буй шиг 2,5 дахин өсөж бодогдохгүй байсан.

7.4. У.Ч-ын зүгээс О банк ХХК-д удаа дараа хандаж байсан, О банк ХХК-аас хариу албан тоот өгч байсан эсэх баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж, шүүх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, захирамж гаргасан. Гэвч О банк ХХК-аас холбогдох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх гаргасан захирамжийн биелэлтийг хангуулан асуудлыг шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, ноцтой алдаатай хууль бус ажиллагаа явуулсан.

7.5. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх 4.11 дэх хэсэгт дүгнэснээс үзэхэд шүүх ямар тооцоололд, хэрхэн үндэслэн төгрөгийн болон ам.долларын дүнг гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

7.6. Мөн хэргийн материал болон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг гаргахад хэрэг байхгүй, тэмдэглэл гараагүй хэмээн танилцуулдаггүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, хууль бус үйлдлийг гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, холбогдох хуулийг баримтлан үнэн зөвөөр нягтлан шийдвэрлэхийг хүсэж энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

8.      Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

8.1.  О банк ХХК-ийн зүгээс тус зээлийн өр төлбөрийн асуудлаар зээлдэгчтэй холбогдож, зээлдэгчийн төлөөлөгчтэй уулзаж байсан ба 2020 оноос хойш тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. 2020 оноос 2022 оныг хүртэл шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамжууд гарсан. Шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа нь мөн талуудын мэтгэлцээний үндсэн дээр нотлогдож эсхүл няцаагдах нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодорхойгүй гэж хэрэгсэхгүй болгосон байгаа зэрэгт банк буруугүй юм. Мөн улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байгаа нь үндэслэлгүй бөгөөд 1 хоногийн ханшийн зөрүүнээс болж улсын тэмдэгтийн хураамжийн дүн зөрсөнтэй холбоотой. Энэ талаар гомдол гаргаж явах нь хугацаа их авах тул шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсны дараа шууд дахин нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэгдсэн билээ. Эдгээр үйл баримт нь хариуцагчийн төлөөлөгчийн гомдолдоо дурдсан их дүнтэй төлбөр гаргуулахаар удаан хугацаанд шүүхэд хандаагүй гэдгийг няцаах бөгөөд банкны зүгээс зээлийн өр төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, зээлдэгчтэй холбогдсоор ирсэн.

8.2.  Зээлдэгч нь өр төлбөртэй гэдгээ мэдэж байсан ба энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар, хүсэлтээс харж болох ба тухайн өр төлбөрөө эргүүлэн төлөх үүргээ огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс У.Ч-тай зээлийн гэрээ байгуулж зээлдэгч тус өр төлбөрийг төлөх үүрэгтэй болохоос батлан даагчаас шаардах, суутгаж авах тухай асуудал энд хамааралгүй юм. Гомдолд дурдаж байгаа батлан даалтын гэрээгээр Гангар-Инвест ХХК нь нөхөх хариуцлага хүлээхээр гэрээнд заасан тул банкны зүгээс зөвхөн үндсэн зээлдэгч У.Ч-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан болно.

8.3.     О банк ХХК-ийн зүгээс анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/Ш32023/01896 тоот захирамжид заасан баримтууд болох 2017 оны О банк ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам болон зээлдэгчийн хүсэлтүүдэд бичгээр хариу өгч байгаагүй тухай албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн, эдгээр баримтууд хэрэгт авагдсан тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч О банк ХХК нь хариуцагч У.Ч-д холбогдуулж, зээлийн гэрээний үүрэгт 10,391,598.44 төгрөг болон 16,165.08 ам.долларыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлээс 4,240,010 төгрөг, 7,718.23 ам.долларыг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Зохигчдын хооронд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр КТ/0199121002 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр жилийн бэлэн гүйлгээнд 42 хувь, бэлэн бус гүйлгээнд 24 хувь, эрх хэтрүүлсний хүү 24 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 5,000,000 төгрөг, 7,000 ам.долларын эрхтэй картыг олгосон байна.

 

2. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэрээ, гэрээний дагуу зээлийн үүргийг буцаан төлөхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болохыг шүүх зөв дүгнэсэн байхаас гадна хэрэгт авагдсан баримтуудаар зээлдэгч нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нийт 6,230,763.31 төгрөгийн бэлэн, 713,500 төгрөгийн бэлэн бус, нийт 6,944,263.31 төгрөгийн зарлага хийж, 3,952,000 төгрөгийн, 701.85 ам.долларын бэлэн, 14,433.99 ам.долларын бэлэн бус, нийт 15,135.84 ам.долларын зарлага хийж, 8,378.84 ам.долларыг тус тус буцаан төлсөн үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

 

3. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн эргэн төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээний талаар, зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэх талаар маргасан.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32020/14872 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/Ш32020/20823 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32021/10569 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/Ш32022/19434 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжууд авагдсан байх бөгөөд эдгээр шүүгчийн захирамжид дурдсан нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж байгаагүй тул захирамжуудад заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан зэрэг үндэслэлүүд тогтоогдсон, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж буцаасан нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаанаас болсон гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

5. Мөн хариуцагч талаас зээлийн хүүг багасгахыг, батлан даалтын гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэхийг хүссэн хүсэлтүүдийг 2019 оны 5 дугаар сараас эхлэн удаа дараа гаргаж байсан болох нь У.Ч-ын О банк ХХК-ийн гүйцэтгэх захиралд гаргасан өргөдлүүдээр тогтоогдсон, хариуцагч энэ талаар маргаагүй байна. (хх-ийн 80-82)

 

6. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгчээс батлан даалтын гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзах буюу зээлийн хүүг зогсоох агуулгатай хүсэлт саналаа 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлдүүлэгч О банк ХХК-д мэдэгдсэн, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах хугацааг тогтоогоогүй боловч зээлийн гэрээний үүрэгт 36,256,612 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/Ш32020/20823 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч О банк ХХК-ийг ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзах эрхээ хууль, гэрээнд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2.-т заасан гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж, хариуцагчийн өргөдөл гаргасан хугацаагаар гэрээг цуцлагдсанд тооцох нь зүйтэй.

Иймээс хариуцагч У.Ч-ын дээрх өргөдөлд батлан даагч Гангар-Инвест ХХК-д 2020.06.19-ний өдрийн байдлаар хүргүүлсэн нэхэмжлэгчийн зээлийн тооцоог 7,002.98 ам.долларын үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүү 2,987.89 ам.доллар, нийт 9,990.87 ам.доллар, 3,739,480.63 төгрөгийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хүү 1,962,469.43 төгрөг, нийт 5,701,950.06 төгрөг болсон талаар дурдсан байх тул уг тооцоогоор нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Анхан шатны шүүх ...зээлдүүлэгч Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар шаардах эрхээ алдсан, гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг хувааж хариуцуулах.... талаар дүгнэсэн нь үндэслэл муутай боловч энэ нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэл болохгүй.

 

8. Мөн шүүхийн зээлдэгч У.Ч- 2019 оны 5 дугаар сараас хойш зээлийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх боломжтой байсан, уг зээлийг төлөхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болно.

 

9. Хариуцагч У.Ч-ын ам.долларын зээлийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар буюу 2,819.57 төгрөгөөр тооцон, 28,169,957 (9,990.87*2,819.57) төгрөг, үүн дээр 5,701,950.06 төгрөгийн зээлийн үүргийг нэмж, нийт 33,871,907 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00796 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 48,731,251.20 гэснийг 33,871,907 гэж, 15,173,389.74 гэснийг 30,032,733 гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...401,606.56... гэснийг ...327,310... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401,607 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 233,817 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ