Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01058

 

 

 

ОГ ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/01362 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ОГ ХК-ийн хариуцагч О.Т-д холбогдуулан гаргасан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжин, түүний өмгөөлөгч Г.Мөнхсайхан, хариуцагч О.Т-, түүний өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ОГ ХК Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ амгалан хорооллын 8а байр, 3 дугаар блок, 32 тоот орон сууцны өмчлөгч юм. Гэтэл О.Т- манай компанитай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй атлаа дээрх орон сууцыг эзэмшиж байна. Манай компани энэхүү орон сууцыг Од ХХК-аас худалдан авсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй боловч худалдагч компани өмчлөх эрхийн шилжүүлэн өгсөн. ОГ ХК нь Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл ТББ-тай хамтран ажиллах гэрээний дагуу багш нарыг орон сууцжуулах зорилготой. О.Т- ОГ ХК-ийн хувьцаа эзэмшигч мөн боловч багш мэргэжилтэй биш учир тухайн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах эрхгүй. О.Т- ОГ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Алтансүхтэй орон сууц сонголтын гэрээ байгуулсныг зөвшөөрөхгүй. Энэхүү гэрээнээс гадна орон сууцжуулах хамтран ажиллах гэрээг байгуулах ёстой. Өмнө нь захирлаар ажиллаж байсан Н.Алтансүх ашиг сонирхлын зөрчил гаргаж О.Т-тай гэрээ байгуулсан. О.Т-ыг орон сууцыг чөлөөлөх эсхүл 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр тооцож худалдах гэрээ байгуулах санал гаргасныг тэрээр зөвшөөрөхгүй орон сууц сонголтын гэрээний дагуу сар бүр 500,000 төгрөг төлнө гэх хариу өгсөн. Иймд О.Т-ын эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

О.Т- ОГ ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн Багш-5,000 төсөл болох орон сууцжуулах төслийг дэмжсэн. ОГ ХК-аас орон сууцжуулах төсөлд багш нар хамрагдахаар болсон ба эхний ээлжийн багш нарыг орон сууцад оруулахаар захиалга авсан. Үндсэн хувьцаа эзэмшигч нар дугаар харгалзахгүйгээр орон сууцад хамрагдахыг мэдэгдсэн. Гэвч орон сууц нь О.Т-ын ажил, сургуулиас хол байсан тул түр хугацаанд хойшлуулсан. 2020 оны 10 дугаар сард тухайн орон сууцад нүүж орж холбогдох гэрээг байгуулж, батламжийг авсан. ОГ ХК 2022 оны 03 дугаар сараас эхлэн орон сууцыг чөлөөлөх, эсхүл зах зээлийн үнээр худалдаж авах мэдэгдэл хүргүүлсэн. Орон сууцыг 1 м.кв-ыг 2,200,000 төгрөгөөр худалдаж авах саналыг зөвшөөрөхгүй. Орон сууц сонголтын гэрээнд 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 79,704,000 төгрөг, сар бүр 500,000 төгрөгийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар заасан. О.Т- дээрх орон сууцыг гэрээний дагуу шударгаар эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ОГ ХК-ийн гаргасан хариуцагч О.Т-д холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ-Амгалан хороолол 8а байр, 3 дугаар блок, 32 тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхсайханы нэрийг бичилгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. О.Т-ын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ амгалан хороолол, 8а, 3 дугаар блок бүх орон сууц бүхэлдээ улсын комисс хүлээж аваагүйгээс тухайн барилга нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд анхны бүртгэл үүсээгүй байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас лавлагаа хэрэгт авагдсан. Улсын комисс хүлээн аваагүйгээс өмчлөх эрхийн бүртгэл үүсээгүй тохиолдолд тухайн эд хөрөнгөд хэн ч хууль бус эзэмшил тогтоож, түүний хууль бус эзэмшлийн талаар шаардлага гаргах эрхгүй мэт Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-т заасныг буруу тайлбарласан. ОГ ХК нь Од ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ амгалан хороолол, 8а, 3 дугаар блок, 32 тоот орон сууцыг хууль ёсоор эзэмших эрх үүссэн. Шүүх ОГ ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Алтансүх болон О.Т- нарын хооронд байгуулагдсан Орон сууц сонголтын гэрээг үндэслэн хариуцагчийг хууль ёсны эзэмшигч тул албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа ОГ ХК тус орон сууцны өмчлөгч, эзэмшигч болох нь тогтоогдохгүй байна гэсэн нь буруу болсон. ОГ ХК-ийн өмчлөгч биш бол О.Т- уг орон сууцыг гэрээний дагуу эзэмших эрхгүй. ОГ ХК Шинэ зуун зөвлөлдөх ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичийг байгуулсан. Уг хөтөлбөрт хамрагдах шалгуур нь багш байх юм. О.Т- ОГ ХК болон Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл ТББ-тай орон сууцжуулах хамтын гэрээ байгуулаагүй атлаа хувьцаа эзэмшигч гэж орон сууцанд орж төлбөрийг 150 сарын хугацаанд, сарын 500,000 төгрөг төлөх нь төслийн үйл ажиллагаанд санхүүгийн эрсдэл үүсгэнэ. Багш-5,000 төсөл хөтөлбөрт хамрагдахын тулд Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээг Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл ТББ болон ОГ ХК-тай байгуулах ёстой талаар гэрч Н.Алтансүх, Г.Нарангарвуу нар мэдүүлсэн. Шүүх эдгээр мэдүүлгийг үнэлээгүй. Орон сууц сонголтын гэрээг иргэний эрх зүйн ямар төрлийн гэрээ болохыг шийдвэрт заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж ОГ ХК-ийг орон сууцны өмчлөгч биш гэж дүгнэсэн. Орон сууцад хамрагдах 40 хүний нэрсийн жагсаалтад О.Т-ын нэр байсан. Шүүх О.Т-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар шаардлага гаргаагүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч шаардлагаа гэрээ хүчин төгөлдөр бус тооцуулахаар тодорхойлоогүй. О.Т- орон сууцны шударга эзэмшигч юм. Орон сууцны урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөг төлж, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Компанийн удирдлага солигдсонтой холбоотой бусдын эрх ашгийг хөндсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянахад шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, удиртгал болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

1. Нэхэмжлэгч ОГ ХК хариуцагч О.Т-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ амгалан хороолол, 8а байр, 3 дугаар блок, 32 тоот хаягт байрлах орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Монголын багш нарын Шинэ зуун зөвлөлдөх зөвлөл ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулж, уг хөтөлбөрт хамрагдсан багш нарт дээрх орон сууцыг зээлээр олгохоор болсон. Гэвч О.Т- багш мэргэжилгүй атлаа уг хөтөлбөрт хамрагдаж орон сууцанд орсон гэж тайлбарлажээ.

 1.1. Нэхэмжлэгч ОГ ХК Од ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороонд байрлах Од ХХК-ийн барьж буй 70 айлын 2 орц бүхий 5 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна. (хх-ийн 4-9)

1.2. ОГ ХК болон О.Т- нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ байгуулагдаж, О.Т-д Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Шинэ амгалан хорооллын А3 байрны 32 тоот, 44,28 м.кв талбай орон сууцны эзэмшигч болсныг батламжлан батламж олгожээ. (хх-ийн 68-70)

Хариуцагч О.Т- нь дээрх гэрээнд зааснаар орон сууцны үнийг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож 79,704,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон байна. Иймд хариуцагч О.Т- нь маргааны зүйл болсон орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар түүнийг шударга эзэмшигч гэж үзнэ.

1.3. Зохигчдын хооронд хийгдсэн Хувьцаа эзэмшигчийн орон сууц сонголтын гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээр хүчин төгөлдөр болоогүй боловч нэхэмжлэгч ОГ ХК Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 8а (303) дугаар байрны 32 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5/А66 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар дүгнэвэл, нэхэмжлэгчийн эзэмшил хууль ёсны байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. Гэтэл хариуцагч О.Т- нь орон сууцны гэрээний дагуу эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 2.Харин шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхсайханы нэрийг бичилгүй орхигдуулсан мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1 гэж залруулах нь өөрчлөх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/01362 дугаар шийдвэрийн удиртгал хэсэг Г.Энхжин гэсний дараа түүний өмгөөлөгч Г.Мөнхсайхан гэж нэмж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1, гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ОГ ХК-ийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.БАТЗОРИГ